Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             08                31                                                    2020/ШЦТ/                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Б С-д холбогдох эрүүгийн 2034005260488 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1980 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо Сонгинохайрхан дүүрэгт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 1-60-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, М овгийн Б С

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.С нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Мөөрс гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хонины бэлчээр дээрээс хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж  иргэн С.Энхбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.С:

...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034005260488 дугаартай хэрэгт хохирогч С.Энхбаатар /хх-ийн 7-8, 9-11 дүгээр хуудас/, гэрч Б.Энхбаяр /хх-ийн 12, 13-14 дугаар хуудас/, гэрч Б.Саруултуяа /хх-ийн 15 дугаар хуудас/, холбогдогч Б.Саруултуяа /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шинжээч Б.Батчимэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, яллагдагч Б.Саруултуяа /хх-ийн 29-30 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч С.Энхбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Саруултуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36, 38-41, 44 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Саруултуяа нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Мөөрс” гэх газарт хонь бэлчээр дээрээс хөөлөө гэх шалтгааны улмаас иргэн С.Энхбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч С.Энхбаатарын ...гэрээс гараад зогсож байтал бага хүү Б.Энхбаяр нь хонины бэлчээр дээрээсээ мотоцикльтой гэрийнхээ гадаа ирээд шууд намайг баруун талын бөөр хэсэгт 2 удаа өшиглөсөн, тэгээд байж байсан чинь ах нь болох Б.Саруултуяа гарч ирээд шууд хоолой боогоод байхаар нь та нар чинь яагаад байгаа юм би та нарыг яасан юм бэ гэж хэлсэн чинь баруун талын нүдрүү нэг удаа гараараа цохисон тэгээд буцаж ээжийнхээ гэрлүү гүйгээд гарч ирэхдээ хутга барьж гарч ирээд машины чинь дөрвөн дугуйг нэвт шаагаад дараа нь өөрийг нь бүлээд хаячий гээд хэлэхэд нь ээж эхнэр нь хорьсон бага хүү Б.Энхбаяр нь миний бүснээс баричаад чи муу цагаач удахгүй үхэх гэж байж үхээч гэж хэлээд нааш цааш сэгсрээд байсан тэгэхээр нь яваад өгсөн... ...Б.Энхбаяр, Б.Саруултуяа нар нь намайг өвөлжөөн дээрээс хонь хөөсөн гэж цохиж зодсон байх, өөр зүйл байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 07-08 цагийн үед байх тус суманд оршин суудаг Базарваань овогтой Саруултуяа, Базарваань овогтой Энхбаяр нар намайг зодож цохисон мөн хэл үгээр доромжилсон... ...Энхбаяр ирээд мотоцикльтой ирсэн би Энхбаяраа манай тугалтай үхэр танай үхэрт байна уу гэж асуухад чи битгий хуц чи манай хонийг хөөдөг хэн бэ муу цагаач байж гэж хэлээд над дээр ирээд миний нурууруу өшиглөсөн бөөр хавьд, тэгтэл байшингаас том ах Саруултуяа нь гарч ирээд намайг боож аваад миний баруун талын нүдрүү цохисон тухайн үед гартаа чулуутай байсан байх гэж би бодсон тэгээд миний нүдний хавиас цус гараад байсан Саруултуяа нь иргэж гүйгээд ээжийнхээ гэрлүү ороод том хутга бариад гараад ирсэн тэгээд намайг ална гээд дайраад чиний дөрвөн дугуйг нь бүлж хагалаад ална гээд надруу дайраад байсан ээж Хорол, Саруултуяагийн эхнэр нар нь хориод Саруултуяаг бариад авсан тухайн үед дүү Энхбаяр нь миний бүснээс барьцан чи хурдан зайлаач гэж хэлээд бөгс рүү өшиглөөд цусаа гойжуулаад гэрлүүгээ явсан дээрх хүмүүст би хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагат хандаж байна... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Энхбаярын ...би та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гэж асуусан тэгтэл яадаг юм ахиад хөөнө гэж хэлсэн тэгсэн манай ах Б.Саруултуяа хоёр гэрийн голд байх байшингаас гарч ирээд яагаад хонь хөөгөөд байгаа юм гэж хэлээд С.Энхбаатар ахтай хоорондоо барилцаад авсан тэгэхлээр нь би тэр хоёрыг боль гээд салгаж С.Энхбаатар ахыг яв зайл битгий хүнд гай болоод бай гэж хэлээд би С.Энхбаатар ахын дээлний бүснээс татаад сэгсрээд байсан харин Б.Саруултуяа ахыг ээж Ц.Хоролоо ахын эхнэр С.Дариймаа нар гэрлүү аваад орсон. Харин С.Энхбаатар ахыг би поробокс маркийн тээврийн хэрэгсэл рүү нь аваад явтал өөрөө машиндаа суугаад яваад өгсөн... /хх-ийн 12 дугаар хуудас/,

...тэгтэл Энхбаатар ах надаас үхрээ асуусан би яаж мэддэг юм өчигдөр та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гэж хэлэхэд Энхбаатар ах яадаг юм ахиад хөөнө гэж хэлсэн тэгтэл манай ах Саруултуяа гэрээс гарч ирээд та яагаад хонь хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд өмнөөс яадаг юм гэж хэлсэн тэгтэл манай ах Энхбаатар ахын хацар дээр нь алгадсан тэгээд баруун нүдний дээхэн хавиас бага зэрэг цус гарсан тэгээд би Энхбаатар ахыг барьж аваад машин руу аваад та яв битгий хүнд гай болох гээд бай хурдан яв гэж хэлсэн тэр хооронд манай ах хутга бариад Энхбаатар ах руу хонь хөөдөг машины дугуйг нь хагалаад хаячихна шүү гэж хэлсэн тэгээд Энхбаатар ах яваад өгсөн.../хх- ийн 13-14 дүгээр хуудас/,

шинжээч Б.Батчимэгийн ...С.Энхбаатарын биед учирсан баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун хөмсөгний зулгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Саруултуяагийн ...С.Энхбаатарын толгой нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй... /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаартай ...хохирогч С.Энхбаатарын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаар дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч С.Энхбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Саруултуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36, 38-41, 44 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Саруултуяа нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлаж шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Саруултуяаг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.С нь иргэн С.Энхбаатарын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.С гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.С-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Энхбаатарын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

  

Шүүгдэгч Б.С хохирогч С.Энхбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг, бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдон нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.С энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Б.С хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Б.С оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С нь оногдуулсан дөрвөн зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар   

Эрүүгийн 2034005260488 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Энхбаатарт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлснийг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

    

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                          36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Б С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М овгийн Б С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Б С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

            4. Шүүгдэгч М овгийн Б С шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  

            5. Эрүүгийн 2034005260488 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Энхбаатар  нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүйг, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн Б С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

            7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн Б С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН