| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00519/И |
| Дугаар | 693 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Пума 12/5 дугаар байрны 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “МОНТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 17 тоотод оршин суух, Аргалчин овогт Бадарчийн Амартүвшин /РД:ДМ76091235/-д холбогдох,
689,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МОНТС” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МОНТС” ХХК нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 37 дугаар байрыг ус, дулаанаар хангах ажлыг хариуцан ажилладаг бөгөөд тус байрны 17 тоотын оршин суугч иргэн Б.Амартүвшин нь 2016 оны 5 сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний төлбөрт нийт 542,520 төгрөгийг төлөөгүй байна. Манай байгууллагын зүгээс иргэн Б.Амартүвшинд дээрх төлбөрөө төлөхийг удаа дараалан сануулж, шаардсан боловч төлөөгүй учир нийт 9 сарын байрны төлбөр болох 542,520 төгрөг, түүний алданги болох 146,902 төгрөг, нийт 689,411 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МОНТС” ХХК нь хариуцагч Б.Амартүвшинд холбогдуулан 689,411 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 болон 72.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх тайлбараа ирүүлэх үүрэгтэй. Энэ хугацаанд тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Б.Амартүвшинд шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр мэдэгдэх хуудсаар болон түүний 99116493 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Шүүхээс хариуцагч Б.Амартүвшинд нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хянан шийдвэрлэж болох боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Монтс” ХХК нь орон сууцны барилга байгууламжийн цэвэр ус, бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.
Хариуцагч Б.Амартүвшин нь нэхэмжлэгч компаниас орон сууцны ус дулаанаар хангах үйлчилгээг авсаны төлбөрт 542,520 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан тооцооны хуудас, мэдэгдэх хуудас гэх баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 146,902 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн бичгээр байгуулагдсан гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй байх тул түүнийг алданги шаардах эрхгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Амартүвшингээс 542,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монтс” ХХК-д олгож, үлдэх 146,902 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.Амартүвшингээс үйлчилгээний төлбөрт 542,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монтс” ХХК-д олгож, үлдэх 146,902 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 16,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монтс” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА