| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0211/Э |
| Дугаар | 342 |
| Огноо | 2020-09-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 342
2020 09 01 2020/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг., мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц Г-д холбогдох эрүүгийн 1934003700125 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэгт 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед Тавантолгой ХХК-д том тэрэгний жолооч ажилтай байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Сэрвэнгийн 10-189 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ц Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.553.600 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Г нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 3 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан Ш.Бат-Эрдэнийн эзэмшлийн 07-30 ТӨА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээс 2020 оны 05 дугаар сарын 08-аас 2020 оны 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө эд зүйл хулгайлж 417.390 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Г нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 2 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо 40 дүгээр байрны гадна талд Ц.Тунгаагийн хар өнгийн савхин цүнхтэй, самсунг галакси жи 7 маркийн гар утас, төрсний гэрчилгээ 2 ширхэг, Хаан, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авч 245050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Г:
... 2019 оны 05 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс компьютерийн дэлгэц 2 ширхэг, 1 процессор, 1 принтер гэх зүйлсийг хулгайлж авч гараад, даахгүй заримыг нь үлдээгээд 2 дэлгэцийг нь авч гарсан. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн Налайх дүүрэгт 05 дугаар сарын 20-ны шөнө Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирээд н.Тунгаа гэдэг хүнтэй танилцаад, цуг алхаж явж байгаад цүнхийг нь булаасан. Мөн 05 дугаар сарын 08-ны өдөр прокурорт бүртгүүлчихээд 09-нд буцах гээд явж байсан чинь хоёр хүнтэй таараад, үүнийг зараад өгчих гэж гуйсан. Тэрийг нь зарах гэж явж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934003700125 дугаартай хэрэгт хохирогч О.Одгэрэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хохирогч Д.Байгалмаа /хх-ийн 19-20, 21 дүгээр хуудас/, хохирогч Ш.Бат-Эрдэнэ /хх-ийн 150 дугаар хуудас/, хохирогч Ц.Тунгаа /хх-ийн 215-217, 218-219 дүгээр хуудас/, гэрч Д.Отгонбаяр /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч О.Одгэрэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Н.Атаржав /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Ц.Ганзаяа /хх-ийн 29-30, 31 дүгээр хуудас/, гэрч Ш.Бат-Эрдэнэ /хх-ийн 151 дүгээр хуудас/, гэрч Р.Дугар /хх-ийн 152 дугаар хуудас/, гэрч Ц.Ганзаяа /хх-ийн 153-154 дүгээр хуудас/, гэрч Ч.Эрхэмбаяр /хх-ийн 155-156 дугаар хуудас/, гэрч Ч.Энхсувд /хх-ийн 157 дугаар хуудас/, гэрч Д.Баярцогт /хх-ийн 158 дугаар хуудас/, гэрч Ц.Тунгаа /хх-ийн 220-221 дүгээр хуудас/, гэрч Г.Билгүүн /хх-ийн 222-223 дугаар хуудас/, гэрч У.Уранхишиг /хх-ийн 224-225, 226 дугаар хуудас/, гэрч Б.Батдорж /хх-ийн 227 дугаар хуудас/, гэрч Ц.Гайтав /хх-ийн 228-230, 231-232, 233-234 дүгээр хуудас/, гэрч П.Бат-Амгалан /хх-ийн 235 дугаар хуудас/, гэрч Ц.Ганзаяа /хх-ийн 236-238 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Гайтав /2-р хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч С.Саранцэцэг /2-р хх-ийн 41 дүгээр хуудас/, сэжигтэн Ц.Ганзаяа /хх-ийн 188, 247-249 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Ганзаяа /хх-ийн 57-58, 195-197, 2-р хх-ийн 7-9, 2-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-53 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07/178 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 170-187 дугаар хуудас/,
“DAMNO”-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 240-241 дүгээр хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 148, 219 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дугаар хуудас/, ул мөр, эд мөрийн баримт /хх-ийн 40 дүгээр хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 212 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ганзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59, 61-62, 71-79, 163-67, 199-205 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1553600 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Г нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 3 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан Ш.Бат-Эрдэнийн эзэмшлийн 07-30 ТӨА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээс 2020 оны 05 дугаар сарын 08-аас 2020 оны 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө эд зүйл хулгайлж 417390 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Г нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 2 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо 40 дүгээр байрны гадна талд Ц.Тунгаагийн хар өнгийн савхин цүнхтэй, самсунг галакси жи 7 маркийн гар утас, төрсний гэрчилгээ 2 ширхэг, Хаан, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авч 245050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч О.Одгэрэлийн ...2019 оны 05 сарын 13-ны өглөө 07 цаг 45 минутанд Бүүвэйбаатар багш над руу залгаад танайд хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд ангийнхаа цонхоор харахад миний компьютерийн дэлгэц спикер алга болсон байсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
хохирогч Д.Байгалмаагийн ...2019 оны 05 дугаар сарын 13-нд өглөө манач Отгонбаяр утсаар залгаад өрөөнд чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд 07 цаг 30 минутанд сургууль дээр ирсэн. Өрөөндөө орох гэтэл манаач гада азогсоод өрөө рүү орж блохгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаж орсон. Миний албаны компьютер иж бүрэн принтер алга болсон байсан. Тэгээд сургуулийн баруун хашааны гадаа принтер процессор хоёрыг хаясан байсан. Дэлгэцийн суурь тэнд байсан... ...МСҮТ-ээс дуу өсгөгч, Делл маркийн компьютерийн дэлгэц 2 ширхэг, өрөөний өлгүүр дээр байсан улаан өнгийн куртка, дуу өсгөгч, принтер, процессор, цахилгааны хэмжүүр гэх зүйлс алдагдсан юм... ...Би хэрэг болох үед ойр хавьд байсан цахилгааны хэмжүүр, принтер, процессор куртка гэх зүйлсийг тэр өдрөө зүйлсийг тэр өөрөө хүлээн авсан юм... /хх-ийн 19-20, 21 дүгээр хуудас/,
хохирогч Ш.Бат-Эрдэнийн ...Өмнө нь мэдүүлэг өгсөн одоо нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 150 дугаар хуудас/,
хохирогч Ц.Тунгаагийн ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим Энгэршандаас ээжийнхээ гэрээс гараад алхаад явж байтал Буян Налайхын тэндээс 1 үл таних залуу дагаад байсан. 02 цагийн орчим 40 дүгээр байр руу орох гэж байтал ардаас үл таних хар өнгийн савхин куртка, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар пүүзтэй, 175см орчим өндөртэй, бор царайтай эрэгтэй хүн миний цүнхийг булаагаад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй... ...хойноос эрэгтэй хүн “Хөөе” гээд чанга дуугарахаар нь эргээд хартал “Нааш ир дээ, би Төв аймгийнх шүү дээ, энд таних айл байхгүй байна” гээд миний барьж явсан хар өнгийн эмэгтэй хүний гар цүнхнээс зуураад татсан би цүнхээ өгөхгүй гэж цүнхнээсээ зулгааж явсаар байтал байрны булан хүрсэн, тэгтэл нөгөө эрэгтэй миний гараас хүчтэй угзарч татаад л зугтаагаад л харанхуй руу ороод гүйчихсэн, би царай хувцас зэргийг нь тухайн үед цүнхээ булаацалдаж явж байхдаа сайн харж чадсан. Би тухайн үед “Туслаарай” гээд орилоход нэг залуу ойролцоо явж таараад миний цүнхийг булаасан хүний хойноос гүйсэн боловч алдчихлаа эгчээ гээд хүрээд ирсэн, би тэр залууг барьж чадаагүй тул тэр даруйдаа цагдаа ойрхон тул цагдаагийн хэлтэс дээр ирж болсон явдлыг хэлсэн. Ингээд цагдаад мэдүүлэг өгчихөөд маргааш нь цагдаагийн алба хаагч намайг дагуулаад нөгөө хүнийг хайгаад явж байтал Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордны урд талын замын эсрэг талд нөгөө залуу өчигдөр нь өмсөж явсан хувцастайгаа дүрээрээ мөн байсан, нэг танихгүй эмэгтэйн хамтаар явж байсан, би тэрийг нь харчихаад цагдаатай хамт явж байсан тул “Хөөш чи нааш ир дээ” гээд орилчихсон чинь нөгөө залуу хараад цаашаа зугтаачихсан, цагдаа араас нь хөөсөн боловч гүйцэлгүй ирсэн, тэгээд хамт явж байсан эмэгтэйг нь дагуулаад цагдаа дээр ирсэн, тэр эмэгтэй уг залуу нөхрийнх нь найз гэж ярьж байсан, өөр зүйл яриагүй. Ингээд цагдаа намайг явж бай гэсэн тул гэртээ очоод 2-3 хоносны дараа нэг эрэгтэй хүн залгаад та Тунгаа гэж мөн үү гэтэл мөн гэтэл “манай хашааны ойролцоо бичиг баримт, хар цүнхтэй эд зүйлс байна, таны утасны дугаарын үүр нь байна, тэгэхээр нь залгаж байна” гээд яриад очиж авсан, тэгэхэд миний алдсан эд зүйлсээс гар утаснаас бусад бүх зүйлс нь байж байсан юм. Ингээд би тэр хүнд баярласан талархсанаа илэрхийлээд юмаа аваад явсан. Ингээд ганц хоёр хоногоос цагдаагаас залгаад хүнийг барьсан, утсыг чинь олсон ирж ав гэсний дагуу очиж авахад надаас юм булааж авсан залууг барьчихсан, миний гар утсыг надад эргүүлж өгсөн юм... /хх-ийн 215-217, 218-219, 220-221 дүгээр хуудас/,
гэрч Д.Отгонбаярын ...2019 оны 05 сарын 12-с 13-ны орой 00 цагийн үед МСҮТ-ийн хичээлийн 1-р байр 2 –р байр барилгын анги соёлын төв сүүний анги складыг эргэн хараад манаачийн байранд ирсэн. Өглөө 06 цаг 10 минутад хичээлийн 2-р байрны хаалгаар орсон чинь Байгалмаагийн анги, Одгэрэлийн анги онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч О.Одгэрэлийн ...2019 оны 05 сарын 13-ны өглөө 07 цаг 45 минутад Бүүвэйбаатар багш над руу утсаар танай ангид хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд ангийнхаа цонхоор харахад миний компьютерийн дэлгэц спикер алга болсон байсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Н.Атаржавын ...2019 оны 05 сарын 12-нд өглөө гараатай байсан. Би Эрдэнэбулганаас ажил хүлээж аваад галаа түлээд байж байсан... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
гэрч Ц.Ганзаяагийн ...Тэндээс салаад 23 цагийн үед хойшоо гэртээ харих замдаа МСҮТ-ийн хичээлийн зүүн талын байр луу ороод урд хойшоо харсан дотроо давхар өрөөтэй тийм өрөөнд ороод иж бүрэн компьютер, принтер, спикер аваад өрөөнд байсан курткаар боогоод гараад баруун тийшээ төмөр хашаа давж гарахдаа принтер, процессор нарыг унагааж үлдсэн хоёр дэлгэц нэг спикер нарыг аваад гэр лүүгээ харьсан. Маргааш нь хот яваад нэг дэлгэц спикер нарыг Налайх дүүрэгт Мустанг гэдэг буудалд 25000 төгрөгийн барьцаанд тавьсан. Нэг дэлгэц нь манай гэрт байгаа... /хх-ийн 29-30, 31 дүгээр хуудас/,
гэрч Ш.Бат-Эрдэнийн ...2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн орой 18 цагт 3дугаар байрны машины зогсоол дээр машинаа тавиад маргааш өглөө 06 цагт хөлөө явах гээд машиндаа суухад аккумлятор, урд запас дугуй 1 ком, хойд запас дугуй 1 ком, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, өөр нэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины цэнэглэгч USB, 200.000 төгрөгийн үнэ бүхий машины түлхүүр багажнууд алга болсон байсан.... /хх-ийн 151 дүгээр хуудас/,
гэрч Р.Дугарын ...Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Зуунмод 1 дүгээр баг Болор хүнсний дэлгүүрт сууж байхад хоёр залуу орж ирээд амны хаалт авъя би утсаа үлдээгээд эгчээсээ мөнгө аваад буцаж ирээд утсаа авна эгчийн ажил маскгүй болохоор оруулахгүй байна гэж хэлээд хоёр маск аваад гарсан.... /хх-ийн 152 дугаар хуудас/,
гэрч Ц.Ганзаяагийн ...Зуунмод сумын 5 дугаар багийн зам дагаад явж байгаад Од хүнсний дэлгүүрийн үүдэнд хоёр хүнтэй танилцаад тэр хоёр хүн намайг захын хажууд очиж нэг шил архи ууя тэгээд чи ахдаа нэг юм зараад өгчих би чамд унааны мөнгө өгье гээд намайг дагуулж алхаад таксины зогсоолын хойно хоёр цагаан байрны голд 0.5 литрийн 1 шил Хараа архи уугаад тэгээд хойшоо хэддүгээр байр гэдгийг нь сайн мэдэхгүй байна шар өнгөтэй 5 давхар байрны шатан дээр очиход жижиг том автомашины хоёр дугуй ууттай багаж түүн дотор машины гэрчилгээ, 1 аккумлятор зэрэг зүйлс байсан тэгээд намайг дэнжийн дугуй засвар дээр очоод зарчих тэнд асуудалгүй авна гээд би такси авах гээд таксины зогсоол ороод нэг залуугаас дугуй авах хүн байна уу гэхэд надад таньдаг хүн байгаа гээд бид хоёр цуг буцаж очиж юмнуудаа аваад, дэнжийн дугуй засвар ороод зарах гэсэн чинь дугуй засварын хүн наад юмнууд чинь хулгайнх манай дүүгийн хулгайд алдсан зүйлс байна гээд тэр юмнуудыг аваад тэгэхээр нь би юу ч мэдэхгүй намайг хүн зараад өг гэсэн юм энэ доор байгаа би цуг очоод заагаад өгье гээд доошоо такситайгаа буцаж яваад бид хоёр төмөр авдаг газар очоод надтай хамт явж байсан залуу мөнгө олно гээд зогсож байтал араас хоёр залуу ирээд нааш ир гээд байхаар нь зугтчихсан ... /хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
гэрч Ч.Эрхэмбаярын ...Скай худалдааны төвийн урд автобусны буудал дээр Ганзаяа гэх залуугаас майхан авах уу гэж асуугаад танилцтал Ганзаяа надад портерын хоёр дугуй, 1 аккумлятор байгаа миний өчигдөр орой үлдээсэн газарт очиж үзээд байвал хоёулаа тэрийг цуг зарж архи ууя гээд намайг хойд таксины зогсоолын ард талын давхар шар байр луу дагуулж явсан. Уг газар очиход том жижиг портерийн обудтай хоёр дугуй, цайвар өнгийн цаасан хайрцагтай хуучны хэрэглэж байсан шороонд дарагдсан аккумлятор, хар цүнхтэй машины багаж зэргийг аваад зүүн аймгууд руу явдаг зам руу яваад замдаа портертой мод зардаг хүмүүсээс дугуй авах уу гэж асуусан авахгүй гээд цааш яваад Одот дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад дугуй авах уу гээд хүмүүсээс асуугаад байсан тэгээд дээшээ яваад дугуй засвар дээр очоод Ганзаяа очиж уулзаж байгаад надад юмнуудаа буулгаад аваад ир гэхээр чи буулгасан тэгтэл дугуй засварын хүн манай таньдаг хүний юм байна надад юмнуудаа алдсан танид ирж магадгүй гээд захиж хэлээд явсан би таньж байна гээд аваад үлдсэн тэгээд Ганзаяа намайг явъя гээд бид хоёр таксиндаа суугаад буцаж яваад түүхий эд зардаг очоод намайг чи энэ эгчийг таньдаг бол энэ бичиг баримтыг тавиад нэг шил архины мөнгө авчих гээд улаан хавтастай машины гэрчилгээ гаргаад ирсэн. Би түүхий эд авдаг эгчээс асуухад манай бичиг баримт авдаг газар биш гээд аваагүй байж байтал араас дугуй засварчин нэг залуугийн хамт ирээд Ганзаяаг дуудаад энэ юмнуудаа хаанаас авсан авсан хүнээ зааж өг эсвэл хамт цагдаа дээр очъё гэтэл Ганзаяа зугтаагаад нөгөө хоёр залуу машинтайгаа хөөгөөд барьж чадаагүй алдчихсан тэгээд над руу ирээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваад намайг машиндаа суулгаад би цуг цагдаагийн газар ирсэн.... /хх-ийн 155-156 дугаар хуудас/,
гэрч Ч.Энхсувдын ...Би 2020 оны 05-р сарын 09-ны өдрийн 12 цагийн үед Төв Зуунмод 2-р баг 1 тоотод байрлах “Угтаал төв” түүхий эд авах цэгийн гадаа юм хийж байтал хоёр залуу ирээд бичиг баримт авах уу гэхээр нь би манайх бичиг баримт авдаг газар биш гэсэн тэгээд араас нь цагаан машинтай Цогоо гэдэг дугуй засварын залуу өөр нэг залуутай хамт ирээд энэ хүн сая танид юм өгсөн үү гэж асуухаар нь би юм өгөөгүй харин наад хоёр чинь бичиг баримт авах уу гэж асуугаад байсан гэж хэлэхэд Цогоо гэдэг залуу нэгнийх нь халаасыг ухаад байх шиг байсан тэгээд бичиг баримт гаргаж ирэхээр нь би буцаад хашаа руугаа орсон... /хх-ийн 157 дугаар хуудас/,
гэрч Д.Баярцогтын ...2020 оны 05-р сарын 09-ны өдөр 09 цагийн үед манай дүү байрны зогсоол дээр байсан машинаасаа юм алдчихлаа гэж хэлж байсан тэгээд 11 цаг 40 минутын үед Зуунмод сум 5-р баг 6-р гудамжинд байрлах автомашин угаалгын газарт байхад манай дүүгийн алдсан аккумлятор, запас дугуй, багажтай цүнх барьцан хоёр залуу зарах гээд ирэхээр нь би таниад бусад юмнууд нь хаана байна гэхэд одоо яваад аваад ирье гээд таксинд суугаад түүхий эд авах цэг рүү явчихсан тэгээд зугтчихаж магадгүй гэж бодоод Жанчивыг шавар асгачихаад ирэхээр нь хоёулаа араас нь явъя гээд бид хоёр Мон суль шатахуун түгээх газрын хажууд байрлах түүхий эд авах газар очиход хоёр залуу байсан тэгээд хаанаас юм авсан машиных нь гэрчилгээ хаана байна гэхэд Түүхий эд авах цэгийн хүнд барьцаанд тавих гэж байсан гэхээр нь нэг залуугийнх нь халааснаас нь гэрчилгээг гаргаж аваад, нөгөө хоёр залууг хамт цагдаа руу явъя гэхэд нэг залуу нь хашаа даваад зугтчихаар нь үлдсэн нэг залууг нь барьж аваад цагдаагийн газар ирж хүлээлгэж өгсөн.... /хх-ийн 158 дугаар хуудас/,
гэрч Г.Билгүүний ...2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн орчимд гэрээсээ гараад Налайх дүүргийн 1-р хороо орчихоод буцаад гэртээ ирж байтал нэг эгч Налайх дүүргийн 2-р хороо Нисэхийн байрны ардуур гэрч ирээд цүнхээ шүүрүүлчихлээ бариад аваарай гэхээр нь хартал нөгөө хүн нь нисэхийн байрны голоор орж байхаар нь ардаас нь гүйгээд очтол алга болчихсон байхаар нь Нисэхийн 40-р байрны хоёр орцыг шалгачихаад цагдаад хандсан... /хх-ийн 222-223 дугаар хуудас/,
гэрч У.Уранхишигийн ...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай нөрийн багын найз болох Ганзаяа нь манай нөхөр лүү залгаад дэлгүүрт барьцаанд гар утас тавьчихсан байгаа 20.000 төгрөг өгөөд авчих гэж байна гэхээр нь манай нөхөр намайг уулзаад авчих гээд дугаарыг нь өгөөд явуулсан. Тэгээд би 11 цагийн орчимд Ганзаяатай уулзчихаад Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уурхайчдын ордны урд Ганзаяагийн хамт явж байтал Ганзаяа зам гараад явчихаар нь ардаас нь гарах гээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн... ... Гэтэл удалгүй нэг танихгүй эмэгтэй хүн ирээд “Чи саяны хүнийг таних уу” гэж асуутал “Танина” гэтэл хаачсаныг нь асуухаар мэдэхгүй болохоор мэдэхгүй ээ гээд хэлтэл нэг залуу ирээд цагдаа байна гээд намайг дагуулж яваад мэдүүлэг авсан... /хх-ийн 224-225, 226 дугаар хуудас/,
гэрч Б.Батдоржийн ...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед нэг танихгүй дугаараас залгахаар нь автал Ганзаяа байсан, тэгээд намайг гар утас авах уу ЭС-5 гээд утас асуудалгүй 20.000 төгрөгөөр авах уу, хүүхэд дээ авч өгөөч би дэлгүүрт 20.000 төгрөгөөр тавьчихсан байгаа мөнгийг нь өгөөд авчих гэхээр нь би ямар учиртай утас вэ гэтэл асуудалгүй утас, миний утас байгаа юм гэхээр нь би хотод явж байсан тул эхнэр Уранхишигийг Ганзаяа утас авах уу гээд байна утасны хэрэгтэй байгаа биз дээ очоод авчихаач гээд хэлчихсэн биш сүүлд бөөн цагдаа сэргийлэх болчихсон байсан... /хх-ийн 227 дугаар хуудас/,
гэрч Ц.Гайтавын ...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11, 12 цагийн үед Өвөршандаас дээшээ Энгэршанд зүг рүү явж байхад зүс таних Ганзаяа залуу надтай дайралдаад сайн байна уу ахаа та миний гар утсыг дэлгүүрээс 2000 төгрөгөөр аваад өгөөч тэгэх үү танид мөнгө байвал гэж хэлэхээр нь би за гээд дэлгүүр рүү нь ороход надад цэнхэр өнгийн гар утас өгсөн. Тэгээд би өөрөөсөө 2000 төгрөг гаргаад саарал өнгийн дэлгүүр рүү ороод нэг эмэгтэй байхаар нь ахын дүү нэг залуу 2000 төгрөг өгөөд гар утас байгаа аваад ир гэж хэллээ гээд 5000 төгрөг гаргаж ирээд өгөхөд надад нэг хар өнгийн гар утас өгөөд 3000 төгрөг хариулж өгсөн. Тэгээд би гараад тухайн авсан гар утсаа тэр танил залуудаа өгөхөд миний машинд суугаад жаахан явж байгаад 7 дугаар хорооны ойролцоо буусан... ...бид хоёр юм яриж байгаад надад Ганзаяа 1 дүгээр хорооны хуучин аврахын хажуугийн дэлгүүрт би нэг утас барьцаанд тавьсан та 40000 төгрөг өгөөд ав гэхээр нь би хулгайн утас биш биз дээ гэсэн чинь биш миний өөрийн утас гэхээр нь би 40000 төгрөг өгөөд тухайн дэлгүүрт нь очиж авсан юм... /хх-ийн 228-230, 231-232, 233-234 дүгээр хуудас/,
гэрч П.Бат-Амгалангийн ...2020 оны 05 дугаар сарын 20-ны өглөөгүүр хэдэн цагийн орчимд болохыг сайн мэдэхгүй байна Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 7-441 тоотод байрлах “Гурван өтөг” ХХК-ний 8 нэрийн өөрийн хүнсний дэлгүүртээ зогсож байтал энэ Ганзаяа гэх залуу орж ирээд надад хандан “Ахаа утсаараа яриулаач би утасны чинь мөнгийг өгөөд утсаар ярьтлаа энэ гар утсаа түр тавьчихая би орж ирээд авна” гэж гуйхаар нь миний утас зүгээр л энгийн утас, үнэгүй ярьдаг утас байсан тул зөвшөөрөөд утсаараа яриулсан, тэгтэл тэр залуу удахгүй гэчихээд гадаа утсаар зөндөө яриад л байгаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад нөгөө залуу алга болчихоор нь би утас руугаа залгатал би хүнээр өгөөд оруулчихая утасны чинь мөнгийг өгөөд оруулчихна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Гайтав гуай миний утсыг бариад орж ирээд 2000 төгрөгтэй өгөхөөр нь би надад үлдээсэн утсыг нь тавьсан байсан газраас нь тэр чигээр нь Гайтавт өгөөд л гаргасан өөр янз бүрийн юм яриагүй.. /хх-ийн 235 дугаар хуудас/,
гэрч Ц.Ганзаяагийн ...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү замын унаанд суугаад Налайх дүүрэг такси зогсдог газар буугаад явж байтал Буян Налайхын тэндээс 1 үл таних эмэгтэй гарч ирээд алхаж байхаар нь очоод танилцах гээд юм ярьтал тэр хүүхэн ажлынхантайгаа төрсөн өдрөө тэмдэглээд гарч ирж байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй бид хочр нэг ширхэг шар айраг уухаар болоод миний мөнгө хүрэхгүй байсан. Тэгээд тэр үл таних эмэгтэй би орлоо гэхээр нь би цүнхийг нь булаагаад цаашаа гүйсэн тэгээд цүнхэн дотроос нь гар утсыг нь аваад цүнхийг нь Нисэхийн байрны ард талын бетон хашаа давуулаад хаячихсан... /хх-ийн 236-238 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Ц.Гайтавын ....2020 оны 05 дугаар сарын үеэр би Улаанбаатар хот Налайх дүүрэгт машинтайгаа явж байтал жинсэн өмд ноосон цамцтай залуу ирээд ахаа та утас авах уу гэж асуусан тэгээд хулгайн эд зүйл биш биз дээ гээд асуухад биш гэж хэлж байсан тэгээд утас чинь хаана байгаа юм бэ гэж асуухад утас дэлгүүрт байгаа би 2000 төгрөгөөр дэлгүүрт тавьчихсан тэгээд дэлгүүрт 2000 төгрөг өгөөд үлдсэн 38000 төгрөгийг өөрт нь өгөөд би нэг хар утас авсан юм. Тэгээд утсыг нь аваад авдран дотроо хийгээд хадгалаад байж байтал цагдаа хоёр хоногийн дараа билүүдээ дуудсан тэгээд утсыг нь хүлээлгэж өгсөн юм ... /2-р хх-ийн 39 дүгээр хуудас/,
гэрч С.Саранцэцэгийн ...Би Ганзаяагийн төрсөн ээж нь байгаа юм. Ганзаяа нв 1988 онд Төв аймгийн Эрдэнэ суманд манай 3 дахь хүүхэд болж мэндэлсэн бөгөөд бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж байсан бөгөөд Төв аймаг Эрдэнэ суманд 10 жилийн сургуулиа төгсөж Их засаг их сургуульд 2006 онд ороод 2 дугаар курсэд байхад нь аав Цэнд нь нас барж төлбөрийн чадваргүй гэх шалтгаанаар сургуулиасаа гараад 1 жил цэрэгт явсан. Цэргээс халагдаад Стимо гурилын боовны үйлдвэрт 2 жил ажилласан бөгөөд дараа нь Тавантолгойд том тэрэг барьж байсан санагдаад байна... /2-р хх-ийн 41 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Ганзаяагийн ... Төв аймгийн нутаг Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 3 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан Ш.Бат-Эрдэнийн эзэмшлийн 07-30 ТӨА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээс 2020 оны 05 дугаар сарын 08-наас 2020 оны 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө эд зүйлс хулгайд алдагдсан гэх зэргийг үйлдсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна би уг гэмт хэргийг үйлдээгүй... /хх-ийн 57-58, 195-197, 2-р хх-ийн 7-9, 2-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ...“нийт 641.800 төгрөг “... гэсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 7 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр MN000810008121 дугаараар Нармандахын Алтансүх нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар дарагдаж үүссэн байна. 3. Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN00041000068838, MN000410004781, MN000210005196, MN000410007978, MN000410002612, MN000410004643 дугаараар Цэндийн Ганзаяа нэрээр 6 удаа, MN000410007911 дугаараар Цэндийн Ганхуяг нэрээр 1 удаа бүртгэгдсэн, нийт 7 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хуруугаар дарагдаж үүссэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 42-53 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07/178 дугаартай ...Нийт дүн 417.390 төгрөг ... гэх үнэлгээний тайлан /хх-ийн 170-187 дугаар хуудас/,
“DAMNO”-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ...Зах зээлийн үнэлгээгээр нийт 245.050 төгрөг... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 240-241 дүгээр хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 148, 219 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дугаар хуудас/, ул мөр, эд мөрийн баримт /хх-ийн 40 дүгээр хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 212 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ганзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59, 61-62, 71-79, 163-67, 199-205 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1553600 төгрөгийн хохирол,
Иргэн Ш.Бат-Эрдэнийн эзэмшлийн 07-30 ТӨА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлж 417390 төгрөгийн хохирол,
Иргэн Ц.Тунгаагийн хар өнгийн савхин цүнхтэй, самсунг галакси жи 7 маркийн гар утас, төрсний гэрчилгээ 2 ширхэг, Хаан, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авч 245050 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Г нь хулгайлах гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэргийг нь үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж,
Мөн дээрэмдэх гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзлээ.
Тэрээр энэхүү өөрийн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
мөн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эзэмшлийн эд зүйлсийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч захиран зарцуулах боломжийг буй болгосон, уг хууль бус үйлдлээ мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Г өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь шүүх хуралдаан дээр гэм буруу дээрээ маргаагүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсний дагуу шүүгдэгч Ц.Ганзаяа нь хэд хэдэн гэмт хэрэг буюу хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
Ийм учраас Эрүүгийн хуулийн үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Г үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Одгэрэл, Д.Байгалмаа нарт 1.553.600 төгрөгийн, Ш.Бат-Эрдэнэд 417.390 төгрөгийн, Ц.Тунгаад 245.050 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Гайтавд 40.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч тус бүрд учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Ц.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалт тус тус тооцлоо.
Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хулгайлах гэмт хэрэгт нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар, дээрэмдэх гэмт хэрэгт нь 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хулгайлах гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ялыг дээрэмдэх гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ялтай дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1934003700125 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
Шүүгдэгч Ц.Г 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус
тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц Г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Ц Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц Г-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц Г-н 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1934003700125 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч О.Одгэрэл, Д.Байгалмаа, Ш.Бат-Эрдэнэ, Ц.Тунгаа, иргэний нэхэмжлэгч Ц.Гайтав нь шүүгдэгч Ц.Ганзаяад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ц Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН