Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 18

 

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүгч Н.Балжмаа, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Б-ын Ш-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: БСУГазарт холбогдуулан гаргасан, 

       Нэхэмжлэлийн шаардлага: “БСУГ.аас  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг,  “Төрийн үйлчилгээний албаны удирдах  албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулсан шалгалтын тайлангийн  ...Ц.Б-ийг  шалгаруулсан хэсгийг”  тус тус хүчингүй болгуулах  нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат,  хариуцагч Боловсрол соёл, урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Ц.Б-, түүний өмгөөлөгч В.Давааням, иргэдийн төлөөлөгч Б.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.          

                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар аймгийн  Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тоот захирамжаар томилогдон 13 дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл 12 жилийн дараа гэнэт сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсныг мэдсэн. Миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах тогтоосон хугацаа нь /ТАЗ-ийн 2003 оны 13 дугаар тогтоол, 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан холбогдох журамд заасан/ өнгөрөөд даруй 12 жил болсон байхад сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулсан энэхүү үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Нөгөө талаар миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах захиалга ирсэн эсэх, ямар шаардлага хангасан этгээд сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэх, сонгон шалгаруулалтыг нь хэзээ зарласан, бүртгэл болон шалгалт нь хэзээ болох гэх зэрэг холбогдох мэдээллийн талаар надад аймгийн БСУГ.аас болон Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдээгүй. Энэ нь  Захиргааны ерөнхий хуулийн 32, 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүргийг захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэж байна.

         Хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа надад ажлын байрны тодорхойлолтыг одоог хүртэл баталж өгөөгүй байж сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

       Төрийн эрх бүхий албан тушаалтан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчин, надад мэдэгдэлгүй, миний ажлын байрыг тогтоосон журмыг зөрчин сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулан, хууль бус сонгон шалгаруулалтын дүнг томилох эрх бүхий этгээдэд илгээж, миний ажлын байрыг хөндөх нөхцлийг үүсгээд байна.  Иймээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

       Нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлага: ...“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар”-ын ...5 дахь заалт нь “Ажлын байранд тавигдсан шаардлага” гэх бөгөөд “туршлага” гэсэн дотор “Ерөнхий боловсролын сургуульд багшаар 8-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг тусгажээ. Гэтэл Ц.Б нь “Монгол мэдлэгийн их сургууль”-ийн Зүүн бүсийн салбар сургуульд 7 жил багш, сургалтын албаны дарга, “Ш Х” цогцолбор сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд ерөнхий боловсролын сургуульд “багш”-аар огт ажиллаж байгаагүй хүн юм. Хэрэв их сургуульд  ажилласан хугацааг “Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан хугацаа”-нд оруулан тооцох гэж байгаа бол  Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, багш нарт тавигдах шаардлага зэргээрээ хол ялгаатай. Сургалтын менежерээр ажилласан хугацааг багшаар ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй үндэслэл нь багшлах, сургалтын албаны ажил хариуцах хоёр нь өөр өөр чиг үүрэгтэй. Тиймдээ ч “туршлага” гэдэгт багшаар ажилласан хугацаа, сургалтын менежерээр ажилласан хугацааг тусад нь зааж өгсөн байна. Сонгон шалгаруулалтын комисс нь Ерөнхий боловсролын сургуульд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй хүнийг шалгаруулалтад оруулж тэнцүүлсэн явдал нь “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар”-ын 2 дахь заалтад “Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага/-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна” гэснийг зөрчсөн байна.

          Үүний хариуд үндэслэл бүхий тайлбар өгөлгүйгээр ...18 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн мэтээр хариулсан. Нэгдүгээрт, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа. Хоёрдугаарт, тус шийдвэр ...шаардлага хангаагүй иргэнийг бүртгэж шалгаруулсан тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй. Хэрэв сонгон шалгаруулалтын шаардлагыг бүрэн хангаагүй иргэн бүртгүүлж уг сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан юм бол сүүлийн 13 жил энэ байгууллагыг удирдаж яваа, хөдөлмөрлөх эрх хөндөгдөж байгаа миний бие ч оролцох боломжтой байсан юм байна гэж би үзэж байна.

         Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр явуулсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын тайлан”-ийн “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд Ц.Б-ийг  шалгаруулсан хэгсийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ш-ийн хувьд 13 жилийн турш төсөв захиран зарцуулж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан учраас энэ ажлын байрыг сул орон тоо гэж үзэхгүй байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар энэ нь байнгын ажлын байр. сул орон тоо гарсан байхыг юу гэж ойлгох талаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Б.Ш нь ойлгохдоо  Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, тухайн ажлын байранд хүн ажиллаагүй байхыг ойлгоно гэж үзсэн. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлөх гэх зэрэг ямар нэгэн санал санаачилга, эрхийн акт огт гаргаж байгаагүй. Нөгөө талаар Б.Ш-ийг түр томилсон аймгийн Засаг даргын  2006 оны 12 дугаар захирамж нь алдаатай гарсан. Анх томилогдож байгаа ажилтанд туршилтын хугацааг хэрэглэх боломжтой, энэ хугацаа нь 6 сараас хэтрэхгүй байдаг. Гэтэл Б.Ш-ийн хувьд энэ 6 сарын хугацаа аль хэдийн өнгөрсөн байхад хөдөлмөрийн гэрээ болон ажилд томилсон шийдвэрт өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, түр томилсон шийдвэрээр 12 жил ажилласан байгаа.

        Мөн сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Хариуцагч тайлбарлахдаа “...Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт ирээд, тайлан тогтоол гаргаж, биднийг сонгон шалгаруулалт зарла гэж үүрэг өгсөн...” гэж ярьдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоол дээр “...түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажлын байранд сонгон шалгаруулалт зарла...” гэсэн үүрэг өгсөн байдаг. Нэхэмжлэгч Б.Ш-ийг томилсон захирамжинд “түр орлон гүйцэтгэгч” гэсэн үг байхгүй. Харин “...түр томилсугай...” гэсэн байгаа.  Тиймээс Б.Ш-ийн хувьд түр орлон гүйцэтгэгч биш. Энэ хүн ажлаасаа чөлөөлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаагүй, дуусгавар болоогүй байсан. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд сая үндэслэлүүдийг ярьсан учир нэмж ярих зүйл байхгүй гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Ш нь 2006 оны 01 дүгээр сарын   06-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын 12 дугаар захирамжаар “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон.  Б.Ш-ийн ажлын байрыг хариуцагч тал “сул орон тоо” гэж үзэн сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргасны дагуу,  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, иргэн Ц.Б шалгарсан байна. Дорнод аймгийн Засаг дарга 2006 оны 12 дугаар захирамжаар Б.Ш-ийг томилохдоо “...захирлаар мөн өдрөөс эхлэн түр томилсугай...” гэж томъёолсон байна. Б.Ш-ийг захирлаар томилогдож байх үед  2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг мөрдөж байсан. Энэ хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтныг түр томилох тухай зохицуулалт байгаагүй. Харин ч тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус заасан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн захирлын  ажлын байр бол  байнгын ажлын байр гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байна. Учир нь энэ ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан бүхий л шинжийг агуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж практикт үздэг. Байнгын ажлын байрыг хууль тогтоогч  Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж хатуу хамгаалсан байдаг.

          Дорнод аймагт 2017 онд явагдсан Төрийн албаны зөвлөлийн шалгалтын үндсэн дээр 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан 178 дугаар тогтоолын 2 дахь заалтад “...түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах албан тушаалын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж...” гэж заасан байдаг. “Түр орлон гүйцэтгэх” гэдэг нь эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай ойлголт юм. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар захирамжаар “Ш Х” цогцолбор сургуулийг шинээр байгуулж, анхны захирлаар нь Б.Ш-ийг түр томилсон байдаг.  Харин шинээр бий болсон бүтцийн шинэ ажлын байранд томилогдсон тул дээрх 178 дугаар тогтоолын заалтыг   албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар”-ын зорилго нь “...Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино” гэсэн байдаг. Бидний зүгээс дээр дурдсан үндэслэлээр “сул орон” тоо гараагүй гэдэг хатуу байр суурьтай байгаа тул сонгон шалгаруулалт явуулах нөхцөл байдал үүсээгүй байхад сонгон шалгаруулалт явуулж, Б.Ш-ийн Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхэд халдсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогддог.

        Мөн хэрэг хянан хэлэлцэх явцад харьяаллын асуудал яригдсан. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул харьяалал нь Захиргааны хэргийн шүүх мөн. Өнөөдрийн маргааны хувьд бид тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хууль болон өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  Хөдөлмөрийн тухай хуулиудын үйлчлэлийн тухай ярихаас өөр аргагүй юм. ...сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, Дорнод аймгийн Засаг дарга захирамж гарган Б.Ш-ийг ажлаас чөлөөлсөн учир түүний хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа юм. Тиймээс Б.Ш-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үүднээс бид шүүхэд хандсан.

         Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр түүнийг хэлэлцэх шаардлагагүй болох байх гэж бодож байна. Учир нь Ц.Б ерөнхий боловсролын сургуульд 8 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа нь хариуцагчийн хариулсан хариулт,  бусад тайлбар,  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд Ц.Б буруугүй, түүнийг сонгон шалгаруулалтад оруулсан хүмүүсийн буруу байгаа юм. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

         Хариуцагч БСУГазар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгон шалгаруулалтын хууль эрх зүйн үндэслэл ба зохион байгуулалтын талаар: Монгол Улсын боловсролын тухай хуулийн 28¹ дугаар зүйлийн 28¹.1.1-д “Аймаг нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28¹.1.7-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна”, Хоёрдугаар бүлгийн /Захиалга ирүүлэх/ 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ”, 2.2-т “Удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байх бөгөөд тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг хүлээх хариуцлага болон дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна” гэж тус тус заасан байна.

         Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар Б-ын Ш-ийг “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар мөн өдрөөс эхлэн түр томилсугай” гэсэн байдаг.

        Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус зөвлөлийн референт Н.Э, референт Н.Н нар 2017 оны 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болон тус газрын төрийн захиргааны албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцаж, түр томилгоотой “Ш Х” цогцолбор сургууль, Халхгол сумын “Ялалт” багийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаагүй зөрчил байгаа тухай, аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийсэн дүнгийн хуралд танилцуулан 2017 оны 12 дугаар сард багтаан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, дүгнэлт гаргах, шалгалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн.  Төрийн албаны зөвлөлөөс хийсэн энэхүү шалгалтын дараа аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд “Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар тогтоол ирснээр, аймгийн Засаг дарга М.Б-гээс хууль журмын дагуу тус газарт  Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургууль, Баян-уул, Матад сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлах тухай  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай албан бичгийг тус газарт ирүүлсэн.

         “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тооны захиалга”-ын дагуу, ..2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирал,  Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулсан...  Б.Ш нь Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар  2006 онд түр  томилогдсоноо мэдэж байсан. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолын 10, 26 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2.1-д тус тус заасан заалтууд зөрчил илрүүлэх хүртэлх хугацаанд ямар үндэслэл, шалтгаанаар хэрэгжээгүй нь тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамааралтай.

         Иймд  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн үед БСУГ.ын дарга байсан О.Б-гаас 2015  оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 282 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад  Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ш-ийг ажлаас нь чөлөөлөх санал, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.А  2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.Ш-т “таны ажлын байрыг ...зарлах болж байгааг мэдэгдэж байна” гэж утсаар мэдэгдсэн зэрэг нь энэхүү ажлын байрны томилгоог хууль ёсны дагуу зохион байгуулах зайлшгүй шаардлагатайг нотолж байна.

         “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу зарлагдах болсон талаар эрх, хууль ёсын ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй  Б.Ш-т удаа дараа мэдэгдсэн. Үүнд:  тус газрын дарга А.Н миний бие ажлын байрандаа Б.Ш-ийг дуудаж, 2017 оны 12 сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүгнэлт гарсан тухай танилцуулж, ажлын байранд нь сонгон шалгаруулалт зарлахаар болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар албан ёсоор мэдэгдсэн,  Б.Ш нь би орохгүй гэж хэлж байсан.  2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  буюу “Тогтвортой хөгжил - ерөнхий боловсрол” зүүн бүсийн зөвлөгөөний үед БСШУЯамны  сайд болон  аймгийн Засаг дарга нарын ажил хэргийн уулзалтаар энэ асуудал хөндөгдөж, Уг ажлын байрны сонгон шалгаруулалт нь  2018 оны 01 дүгэр сарын 22-ны өдрөөс эхлэн зарлагдсанаас хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А.Н миний бие БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хамт “Ш Х” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцах үед тус сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан тул шалгалтад бэлтгэж орох тухай асуудал дахин яригдсан, энэ тухай Б.Ш нь мэдэж байгаа болно.

      - Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 16.30 цагт, мөн БСУГ.ын www.dornodedu.mn цахим хуудсанд 2018 оны 01 сарын 25-ны өдөр тус тус байрлуулж төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу нийтэд ил тод нээлттэй мэдэгдсэн болно. Мэдээлэлд тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, комиссын хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа зэрэг нь тодорхой заагдсан.

         Энэ бүхнээс Б.Ш нь Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах болсон болон хэзээ зарлагдсан зэргийг мэдэж байсан. Харин өөрөө орохгүй гэдэг шалтгаанаар уг шалгалтад санаатайгаар ороогүй гэж ойлгож байна гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын  2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  12 тоот захирамжаар  “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар Б.Ш-ийг түр томилсугай” гэсэн байдаг.

         Төрийн албаны зөвлөлийн удаа дараагийн хяналт шалгалт болон аудитын дүгнэлтээр Б.Ш-ийн  хувьд зөрчил байна гэж үзээд  “...түр ажлын байрыг бүр болгох ёстой гэж үзээд  2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар шийдвэрүүд гарч байсны  ...дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт хууль бус болоогүй тул хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж  байна.

       Аймгийн хэмжээнд 2006 оноос одоог хүртэлх хугацаанд захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад нийт 21 сургуулийн захирал сонгон шалгаруулалтад орж томилогдмон байдаг. Халх гол сумын “Ялалт” багийн сургуулийн захирал О., “Шинэ зуун” сургуулийн захирал Б.Ш  нар түр томилгоотой байсан. Энэ асудал дээр нэг нь сонгон шалгаруулалтад орохгүй байхад бусад нь сонгон шалгаруулалтад орж  шалгалт өгч томилогдоод байгаа нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим зөрчигдөж байгаа юм.

        Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд “...тайлангийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” гэсэн байгаа. Аймгийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “...Төрийн албаны зөвлөлийн 60-р тогтоолоор батлагдсан, “төрийн үйлчилгээний удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, саналаа ирүүлнэ үү...” гэсэн албан бичгийг тус  байгууллагад ирүүлсэн. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж сонгон шалгаруулалтын зарыг нийтэд нээлттэй зарласан. Дээрх журмын 7.2 дахь хэсэгт “Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг зохих журмын дагуу албажуулж, 24 цагийн дотор Төрийн албаны албар зөвлөлд шилжүүлнэ” гэсэн байгаа. Энэ хүртэлх үйл ажиллагаа нь БСУГазар дээр хийгддэг. ... 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, 02 дугаар сарын 24-ний өдөр тайлан, дүнг   Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд уламжилсан. Тайлан нь акт биш гэж үзэж байгаа учир хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

          Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн  2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу тус зөвлөлийн референт Н.Э, Н.Н нар нь  2017 оны 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болон БСУГ.ын төрийн захиргааны албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцаж, түр томилгоотой “Ш Х” цогцолбор сургууль, Халх гол сумын “Ялалт” багийн захирлын ажлын байрыг зарлаагүй зөрчил байгаа тухай аймгийн Засаг даргын хурлын танхимд хийсэн дүнгийн хуралд танилцуулан, 2017 оны 12 дугаар сард багтаан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, дүгнэлт гаргах, шалгалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх чиглэл өгсөн байсан.

         Ингээд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар тогтоол ирсэнээр аймгийн Засаг дарга М.Б-гээс хууль журмын дагуу, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургууль, Баян-Уул, Матад сумын сургуулийн захирал, эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тухай албан бичгийг БСУГазарт  ирүүлсэн байдаг.  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаар албан бичигт “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тооны захиалга”-ын дагуу,  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дээрх сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу зохион байгуулагдаж, миний бие хамгийн өндөр оноо буюу 80.1 хувийн оноо авч шалгарсан болно.

       Нэхэмжлэгч Б.Ш-ийн  нэхэмжлэлийн хувьд ...” Ерөнхий боловсролын сургуульд багшаар 8-аас доошгүй жил ажилласан байх, ...тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан  дөрвөн  ерөнхий шаардлагыг бүрэн хангаагүй иргэнийг... ажлын хэсэг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна” гэснийг зөрчсөн байна гэжээ.

       “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны референт ...нар оролцож тус сонгон шалгаруулалтын үйл явцыг хянаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж оролцсон байдаг. Шалгалт эхлэх үед дээрх албаны хүмүүс болон сонгон шалгаруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцсан ба Комиссын дарга Б.Э танилцуулахдаа “сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажлыг холбогдох журмын дагуу хийсэн бөгөөд, ...нэр бүхий иргэдийг шалгалтад оролцох боломжтой, ...нэр бүхий иргэдийг шаардлага хангаагүй тул шалгалтад оролцуулах боломжгүй тухай  шийдвэр гаргасан  гэж байсан нь “Баримт бичгийн шалгалт”-д тэнцсэн, тэнцээгүй гэсэн үнэлгээ өгсөн гэж үзэх үндэслэл болж байна.  

        Сургалтын менежерээр ажилласан хугацааг багшаар ажилласан гэж үзэх боломжгүй” гэжээ. Гэтэл сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод: Багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, бага дунд боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрүүдийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, тайлагнах, багшийн оролцоо, хөгжлийг дэмжих, манлайлах, сургуулийн мэргэжил арга зүйн нэгдлүүдийн үйл ажиллагааг зохицуулах, сургалтын явцад хяналт тавих, сургалтын хөтөлбөр, багшийн хичээл, суралцагчдын гүйцэтгэл ба сургалтын амжилтад анализ хийх, сургуулийн болон хичээлийн сургалтын хөтөлбөрийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, тэдгээрийн залгамж холбоог хангах..., зэрэг үүрэг чиглэл бүхий албан тушаалтан гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл:  багшийн ажлыг мэдэхгүй хүн сургалтын менежер хийх боломжгүй бөгөөд “Багшийн багш” гэж ойлгож болно. Иймд намайг багшаар ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй.  Миний бие БСШУЯамны харъяа  боловсролын хүрээлэнд бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд  ажиллаж байсан... боловсролын шинэчлэлийн талаар онол, арга зүйд суралцаж, бага суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн чиглэлээр сургалт хэрэгжилт, туршилт, мониторинг хийхэд мэргэжлийн болон бусад байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, зөвлөн туслах ажил хийж байсан туршлагатай.

          Миний бие сонгон шалгаруулалтад орж тэнцэх хүртэл Төрийн албаны төв зөвлөлийн ажлын албаны дарга Д.Б.ы гарын үсэг бүхий томилгоо түдгэлзүүлэх болон бусад албан бичгүүд  Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлж байсан.  Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1021 тоот албан бичигт “Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.1.3-т сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлага хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх” гэж заасан тул хууль журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.  Дээрх маргаантай холбоотой Төрийн албаны зөвлөлөөс түдгэлзүүлсэн тогтоол, шийдвэр гаргаагүй бөгөөд “...асуудлыг хянан шалгаж ...журмын дагуу эцэслэн шийдвэрлэх...” үүрэг чиглэлийг  Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өгсний дагуу хууль, журмын хүрээнд уг албан тушаалд томилогдсон болно.

         Иргэн Б.Ш-ийн  гаргасан гомдлын улмаас миний бие бүтэн нэг жил Авилгатай тэмцэх газар, шүүх, цагдаа зэрэг хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаагаараа миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, санхүү болон сэтгэл санааны хувьд хохирч байна.

        Б.Ш нь нэхэмжлэлдээ “...цаашид энэ байгууллагыг хэний гарт залгамжлан үлдээх эсэх асуудалд санаа чилээж явах нь миний үүрэг...” гэжээ. “Ш Х” цогцолбор сургууль нь төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль бөгөөд хувийн өмч биш. Түүнчлэн сургуулийн захирал томилох асуудлыг гагцхүү хуулийн дагуу шийдвэрлэдэг болохоос хэн нэгэн хүнд үе залгамжлан үлдээдэггүй. Захирал нь хэн байх нь Б.Ш-ийн  санаа чилээх үүрэг биш юм. Тус сургуулийн удирдлага хэн байхаас үл хамаарч төрийн ажил, алба тасралтгүй, доголдолгүй үргэлжлэх ёстой.

         Мөн тэрээр нэхэмжлэлдээ “...Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын тайлангийн “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд Ц.Б-ийг  шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах...” гэжээ. “Тайлан”  гэдэг нь аливаа нэг эрх зүйн үр дагавар бий болгосон шийдвэр биш,  зөвхөн үйл ажиллагааны явц, эцсийн үр дүнг танилцуулан илтгэж албан ёсоор бичсэн бичиг баримтын нэг хэлбэр юм.

          Иймд дээрхи  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний нэхэмжлэлийн шаардлага нь “...сонгон шалгаруулалтыг...” гэж бүхэлд  нь аваад, хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь “...сонгон шалгаруулалтын тайлангийн Ц.Б-д холбогдох хэсэг...” гээд эхний шаардлага дотроо багтаж байна гэж хараад энэ талаар тодруулах бодолтойбайсан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тодруулж хэллээ. Нэхэмжлэгч нь давхардуулан хоёр нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс хоёр нэхэмжлэлийн шаардлага дээр хамтад нь тайлбар хэлье. “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох” гэсэн нь Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн сонгон шалгаруулалтыг зарласнаас эхлээд зохион байгуулах хүртэлх төрийн байгууллагуудын бүхий л цогцолбор үйл ажиллагааг хэлж байгаа юм болов уу. Тэгэхлээр яг юуг нь хүчингүй болгох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал “сул орон тоо гараагүй” гэж Хөдөлмөрийн хуулийг иш татаж байх шиг байна. Гэхдээ яг энэ сонгон шалгаруулалтын хувьд ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн гэдэгт тодорхой тайлбар өгсөнгүй. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн сонгон шалгаруулалт болсоноор нэхэмжлэгчийн эрх, үүрэгт огт өөрчлөлт ороогүй. Сонгон шалгаруулалтын дараа гаргасан бие даасан өөр захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг дөнгөж хөндөгдөж эхэлсэн. Тэр хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлээд явж байсан. Тиймээс нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гол захиргааны акт нь сонгон шалгаруулалт  биш гэж үзэж байна. Ялангуяа Ц.Б-ийг  шалгаруулсан дээр нэхэмжлэгч гомдол гаргаж байна. Б.Ш нь дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байгаа. Учир нь, үүний улмаас Б.Ш-ийн  эрх ашиг хөндөгдөөгүй. Харин ч тухайн сонгон шалгаруулалтад А.С., Ц.Б хоёр өрсөлдөөд  Ц.Б шалгарсан дүн гарсан учир А.С.гийн эрх ашиг хөндөгдөх асуудал яригдана. Гэтэл сонгон шалгаруулалтад огт ороогүй хүн нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэх үндэслэл болно. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Энэ зүйл заалтаар захиргааны акт мөн үү гэдэг асуудал яригдана. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж маш ойлгомжтой тодорхойлж өгсөн. Гэтэл уг шаардлагыг тайлан гэдэг нь хангахгүй байна. Тэгээд захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж байгаа юм. Маргаан бүхий сонгон шалгаруулалтын хувьд захирамжилсан зүйл байхгүй, шууд үр дагавар үүсгээгүй. Захиалагч буюу  Засаг даргаас өгсөн албан бичгийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан талаарх танилцуулгыг л хүргүүлсэн. Хариуцагч буюу БСУГазар үүнийг сул орон тоо гэж тогтоож гаргаж ирээгүй. Журмын дагуу “...сул орон тоо байгаа тул энэ ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуул...” гэдэг үүргийг аймгийн Засаг дарга өгсөн. Эндээс эхэлж эрх ашиг нь хөндөгдсөн юм бишүү гэдэг асуудал яригдана.

         Гэтэл энэ асуудал дээр ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны Салбар зөвлөл хүлээж аваад нэр дэвшүүлсэн байх. Тэгвэл энэ асуудалд ямар гомдол гаргасан юм бэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Миний хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Хугацааны хувьд гомдлыг 30 хоногийн дотор захиргааны байгууллагад гаргана. хариугаа 30 хоног хүлээгээд, 60 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Эдгээр хугацаа алдагдсан байна. Шүүхэд гаргасан өргөдөл, гомдол нь хэргийн материалд байхгүй байсан учраас мэтгэлцээний явцад тодруулахаар асуухад “мэдэхгүй” гэдэг байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулж чадахгүй байсан. Мөн гомдол гаргах харьяаллыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гэдэг нь Төрийн албаны зөвлөлд, эсхүл маргаан хянан шалгах комисст гаргана гэдэг ч юм уу хууль тогтоомжоор тусгайлан харъяаллыг тогтоосон байхыг хэлж байгаа гэж ойлгодог. Мэтгэлцээний явцад “төрийн үйлчилгээ” байсан байна, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчтай хамааралтай зохицуулалтыг хэрэглэхгүй гэдэг нь тогтоогдсон. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч, эсхүл уг албанд нэр дэвшигч болон захиргаа хоорондын маргааныг л хянан шийдвэрлэнэ. Түүнээс биш төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааны хувьд Хөдөлмөрийн тухай хууль, Маргаан таслах комисс  зэрэг өөр харьяалалтай байх ёстой гэж бодож байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан харъяалалд хамаарахгүй байхад Төрийн албаны зөвлөлд баахан гомдол гаргаж явсныгаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэж байгаа бол энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1.3-т заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа. Ядаж яагаад БСУГ.ын дээд шатны байгууллагад нь хандаж болоогүй юм бэ гэж асуумаар байна. Зөвхөн Төрийн албаны зөвлөлд л хандсан боловч хугацааны хувьд 30 хоногтоо хандсан эсэх нь тогтоогдоогүй. Тиймээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх бүрэн боломжтой.

         Нэхэмжлэгч энэ сонгон шалгаруулалтад ороогүй. Тиймээс эрх ашиг нь хөндөгдөөгүй, эрх зүйн үр дагавар бий болоогүй учир Б.Ш нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацаа удаа дараа зөрчигдөөд, хэтрээд явчихсан,  хугацаа сэргээлгээгүй.  

         Нэхэмжлэгч талаас “сул орон тоо” гэдэгт маргаан үүсгэж байгаа. “Сул орон тоо” байна гэдэг дүгнэлтийг хариуцагч БСУГазар дур мэдэн гаргаагүй. Энэ бол тухайн эрх бүхий этгээдээс ирсэн захиалга. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээ буюу тус хууль тогтоомжоор маргаж байгаа бол иргэний хэргийн шүүх дээр яригдах байх гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх. Маргааны харъяаллыг тогтоохдоо яг эрхийг нь хөндчихөөд байгаа, үр дагавар үүсгэсэн акт нь юу вэ гэдгийг харахаас эхэлнэ гэж бодож байна. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр бүхэн захиргааны акт биш. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор гаргаж байгаа шийдвэрүүд хувийн эрх зүйгээр зохицуулагддаг. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж чөлөөлсөн учир Б.Ш-ийн  эрх ашиг хөндөгдсөн гэж байна. Үүн дээр Б.Ш-ийг чөлөөлсөн Засаг даргын захирамж гарахад л эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг тайлбараа дахин хэлэх нь зүйтэй байна. Сонгон шалгаруулалт хууль бус гэдэг дээр тодорхой тайлбар хэлээгүй. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол гээд хэм хэмжээ тогтоосон акт байгаа. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль аль алинаас нь харахад төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тиймээс дээрх  60 дугаар тогтоолыг  улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлээд явж байгаа нь хууль бус биш юм. Энэ 60 дугаар тогтоолын талаар Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх дээр гомдол гаргасан зүйл байхгүй. хүчин төгөлдөр, заавал дагаж мөрдөх шинжтэй хэм хэмжээний акт учир энэ тогтоолын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан захиргааны байгууллагыг буруутах учиргүй. Зөвхөн ...сонгон шалгаруулалт дээр маргаж байгаа бол энэхүү захиргааны актын үйлчлэл нь дуусаагүй байх урьдчилсан нөхцлийг шаарддаг. Гэтэл сонгон шалгаруулалтын үйлчлэл аль эрт дуусчихсан байсан. Дараагийн харилцаа үүсээд, өөр этгээд шийдвэр гаргаад явсан байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Хуульд тодорхой заасан байхад өөр байгууллагад гомдол гаргаж явсаар байгаад хугацаа алдсан нь хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж бодож байна гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Ш-ийн, БСУГ-аас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион явуулсан, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, захиргааны хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр[1] шийдвэрлэсэн  анхан шатны   шүүхийн  шийдвэр,  Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0029 дүгээр магадлалыг[2], Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаар тогтоолоор[3]  тус тус хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр буцаан ирүүлсэн захиргааны хэрэгт, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалтын тайлан”-гийн, “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд Ц.Б-ийг  шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах”[4] шаардлага бүхий нэхэмжлэлийг, Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан байх тул  эдгээр хэргүүдийг  тус шүүхийн  2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар захирамжаар[5] нэгтгэсэн болно.

           Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

         1. Нэхэмжлэгч нь БСУГ-аас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион явуулсан, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын[6] үндэслэлээ, “2006 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж 12 жил болсон байхад сонгон шалгаруулалт зарлаж, зохион явуулсан нь хууль бус, сул орон тоо гараагүй байсан, ...сонгон шалгаруулалтын талаар надад мэдэгдээгүй гэсэн бол хариуцагч нь “Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон аймгийн Засаг даргын албан бичиг зэргийг үндэслэн сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулсан” гэж маргаж байна.

          Нэхэмжлэгч Б.Ш-ийг  Дорнод аймгийн Засаг дарга  2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар[7], Хэрлэн суманд шинээр байгуулагдсан “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар түр томилсон байна. Ийнхүү томилохдоо тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай[8] /2002 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.10 дахь хэсгийг үндэслэжээ. Уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т   аймаг, нийслэлийн Засаг даргын “орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэх” бүрэн эрх, 30.1.10-т  аймаг, нийслэлийн Засаг даргын “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх” бүрэн эрхийг хуульчилжээ.

        Нэхэмжлэгч Б.Ш “Ш Х”сургуулийн захирлаар түр томилогдох тухайн үед, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан, Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам мөрдөгдөж байсан байна. Уг журмын 5 дугаарт “Төсвийн байгууллагын дарга, /захирал, эрхлэгч/-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ”, журмын 26 дугаарт “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төсвийн байгууллагын дарга /захирал, эрхлэгч/-ын албан тушаалд томилохгүй”  тус тус заасан.

            Иймд Дорнод аймгийн Засаг дарга нь Хэрлэн суманд шинээр байгуулагдсан “Ш Х” цогцолбор сургуулийн захирлыг томилохдоо дээрх журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн иргэнийг томилох ёстой байжээ.

        Нэхэмжлэгч Б.Ш-ийг 2006 онд “Ш Х”сургуулийн захирлаар түр томилсон боловч түүнээс хойшхи 12 жилийн хугацаанд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт явагдаагүй байна. Үүнд нэхэмжлэгчийн буруу байхгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэдий ч энэ хугацаанд сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагааг дараах хууль тогтоомжоор зохицуулж байсан байна.

           Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсгийг өөрчлөн найруулсан байна[9]. Уг өөрчлөн найруулалтын дагуу сум, дүүргийн Засаг дарга “аймаг, нийслэлийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, мөн газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхтэй болсон.

        Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар[10] Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг нэмсэн. Уг 30.1.15 дахь заалтаар аймаг, нийслэлийн Засаг дарга “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхтэй болсон. 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн дээрх хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

         Мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолыг[11] хүчингүй болсонд тооцсон.

           Дээр дурдсан хууль, журмын дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирлаар зохих сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн иргэнийг томилох зохицуулалттай байна.

         Иймээс “Ш Х”сургуулийн захирлаар  түр томилгоотой  ажилласаар, тухайн албан тушаал, ажлын байранд сонгон шалгаруулалт явагдалгүй 12 жилийн хугацаанд ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байсан бөгөөд, ...дээрхи албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулаагүй нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой алдааг засаж, ...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс сонгон шалгаруулалт зарлаж[12],  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... тухайн албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсныг хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.

      Хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон Засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явуулсан гэж тайлбарласан.

          Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд  Дорнод аймагт Төрийн албаны хяналт шалгалт явагдсан ба уг шалгалтаар, “Ш Х”сургуулийн захирал нь түр томилсон шийдвэрээр олон жил ажиллаж байгаа зөрчлийг илрүүлж, сонгон шалгаруулалт явуулах шаардлагатайг холбогдох байгууллагуудад даалгасан[13] болох нь хариуцагчийн тайлбар, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар тогтоол[14], аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 тоот албан бичиг[15] зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нар нь шүүх хуралдаан дээр, “сургуулийн захирал нь төрийн жинхэнэ албан хаагч биш, нэхэмжлэгч Б.Ш нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана, нэхэмжлэгч нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу байнгын ажлын байранд ажиллаж байсан, иймд сул орон тоо гарсан гэж үзэхгүй” гэж тайлбарлаж байна.

        Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг тул   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан нь зөв.  Харин Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг дурдаж,  нэхэмжлэгч хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр, байнгын ажлын байранд ажиллаж байсан,  сул орон тоо гараагүй, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулагдахгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

          Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтаас үзэхэд, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор заасан. /2002 оны/ Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих  ерөнхий шаардлагыг заасан бөгөөд уг шаардлага нь төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний зэрэг төрийн  албан тушаалд бүгдэд нь тавигдах шаардлага юм.  

        “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар нэхэмжлэгч Б.Ш-ийг 2006 онд түр томилсон, түүнээс хойш тухайн албан тушаал/ ажлын байр/-ны сонгон шалгаруулалт явагдаагүй тул нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг болон тухайн  албан тушаал /ажлын байр/-ын шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Тэрээр Монгол Улсын Дээд шүүхийн  2010 оны 08 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт: Төрийн албаны тухай  хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулна гэжээ. Иймд дээрх нөхцөл байдлыг “сул орон” тоо гарсан гэдэгт хамааруулж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэж байна.

           Гэтэл нэхэмжлэгч Б.Ш нь  2006 онд  ...захирлын албан тушаалд түр томилогдсоноос хойшхи он жилүүдэд  аймгийн Засаг даргатай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”[16],  2014 - 2018 онуудад “Үр дүнгийн гэрээ”-гээ  дүгнүүлж байсан[17] зэрэг нь энэхүү  албан тушаалын түр томилгоог өөрчлөх үндэслэл болохгүй юм. Энэ хугацаанд тус аймгийн хэмжээнд  ерөнхий боловсролын сургуулийн ...захирлын удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийт 21 удаа зохион байгуулж[18], шалгалтын дүнг  үндэслэн, томилж байсныг дурьдах нь зүйтэй.

           Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д “Салбар зөвлөл болон аймаг, нийслэлийн Боловсролын газар нь сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаал (ажлын байр)-ын сул орон тоог хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд заавал байрлуулна” гэж заасан.

       Хариуцагч нь “Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16.30 цагт, мөн БСУГ.ын www.dornodedu.mn[19] цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус байрлуулж, нийтэд мэдээллэсэн” гэсэн тайлбар. БСУГ.ын дарга болон Төрийн захиргаа удирдлагын  хэлтсийн  дарга   нар  нь   2017  оны 12 дугаар  сарын 15,  2018 оны 02 дугаар сарын 04, 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрүүүдэд нэхэмжлэгчид “...захирлын сонгон шалгаруулалт зарлахаар болсныг удаа дараа  мэдэгдэхэд  “би орохгүй” ... зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн гэх” тайлбар[20] зэргээс үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэжээ. Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудсаар орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэхийг ойлгоно” гэж заасныг зөрчөөгүй байгаа  байгаа бөгөөд хариуцагч сонгон шалгаруулалтын зарыг хууль, журмын дагуу мэдээллэсэн гэж үзэх үндэстэй бөгөөд “холбогдох мэдээллийг өөрт нь өгөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 32, 43 дугаар зүйлийг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

          Хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу  “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэж, энэ  тухай зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, Боловсрол, соёл, урлагийн газрын цахим хуудсанд  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус байрлуулж,  Боловсролын тухай хуулийн 28¹ дүгээр зүйлийн 28¹.1 “Аймаг нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28¹.1.7-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу, Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/02 тоот тушаалаар[21], сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна.

           Үүний дагуу уг комисс нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион явуулж, шалгалтын тайлан, дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан ба хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газрын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот албан бичгээр[22], “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоонд, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр  /80.1 хувь/ оноо  авсан Ц.Б-ий нэрийг дэвшүүлж байгаагаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон аймгийн Засаг даргад уламжилжээ. Улмаар ...сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, нэхэмжлэгч Б.Ш-ийг ажлаас чөлөөлөх, гуравдагч этгээд Ц.Б-ийг  ажилд томилох тухай,  Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39[23], Б/40[24] дүгээр захирамжууд тус тус гарсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр тогтоогдож байна. 

           Иймд нэхэмжлэгч Б.Ш-ийн, “Боловсрол, соёл, урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион явуулсан, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

             2. Нэхэмжлэгч нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалтын тайлан”-гийн,  “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд Ц.Б-ийг  шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэлээ, ... сонгон шалгаруулах комисс нь сургуулийн захирлын ажлын байранд тавигдах “ерөнхий боловсролын сургуульд багшаар 8-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй хүнийг бүртгэж, шалгаруулалтад оруулсан гэжээ.

            2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт нь  холбогдох хууль, журмыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн. Харин нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох ...сонгон шалгаруулах комиссын “тайлан” нь захиргааны актын шинжийг агуулаагүй байгаа бөгөөд,  нэхэмжлэлийн  шаардлага нь эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд багтаж байгаа учир дүгнэлт өгөх шаардлагагүй, ...энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэлийн шаардлага нь эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна[25] гэж илэрхийлсэн болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1  дэх  хэсэгт  зааснаар  шүүхээр  хүчингүй  болгуулахыг  хүсч  буй   захиргааны

актын хууль зүйн үйлчлэл бүрэн дуусаагүй байх урьдчилсан нөхцөлтэй байдаг. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн “сонгон шалгаруулалт, түүнээс гарсан шийдвэр”-ийн хууль зүйн үйлчлэлийг шүүх дараах үндэслэлээр дууссан гэж үзэж байна:  “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоонд, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр /80.1 оноо/ авсан Ц.Б-ий нэрийг дэвшүүлсний дагуу,  Дорнод аймгийн Засаг дарга нь  сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар “Ш Х” цогцолбор сургуулийн захирлаар Ц.Б нь  томилогдон ажиллаж байгаа болно.

          Иймд нэхэмжлэгч Б.Ш-ийн, “Боловсрол, соёл, урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион явуулсан, Хэрлэн сумын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалтын тайлан”-гийн  Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад:  Хариуцагч болон гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Б.Ш-ийг захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байхад өөрөө ороогүй тул түүний эрх зөрчигдөөгүй  учир сонгон шалгаруулах шалгалтын тайлангийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн сонгон шалгаруулах комиссын тайлан нь захиргааны акт биш гэх, нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт ирүүлсэн хугацааны талаар..., гуравдагч этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн”[26] тайлбарлаж байгаагийн тухайд:

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хувьд нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн байхаас гадна хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.Ш нь нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоогүй[27] хэдий ч ...ажлын байрны албан тушаалын хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.

           Мөн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтын талаар,  нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд  2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргаж, /Төрийн албаны зөвлөлийн 3 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар албан бичгийн хариуг хүргүүлэхийг Төрийн албаны салбар зөвлөлд даалгасан/, тус шүүхэд 2018 оны  04 дүгээр сарын 05-ны өдөр “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг ирүүлж,  ...үргэлжилсэн байдлаар явагдаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзсэн.

        Дорнод аймгийн Засаг дарга нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр сул орон тооны захиалгыг ажлын байрны тодорхойлолтын  хамт ирүүлээгүй, ...уг тодорхойлолтыг  2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталж ирүүлсэн нь  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлагдахаас өмнө  хүргэгдсэн байх тул   уг сонгон шалгаруулалтыг хууль бус болсон гэж үзэхгүй.

       Нэхэмжлэлийн шаардлага бүхий хоёр хэргийг нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж байгаатай холбогдуулан тухайн хэргийн тооноос хамаарахгүйгээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгнөөс тооцож, илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

              1. Боловсролын тухай хуулийн 28¹ дугаар зүйлийн 28¹.1, 28¹.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-ын Ш-ийн нэхэмжлэлтэй, БСУГазарт холбогдуулан гаргасан, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Төрийн үйлчилгээний ажилтны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Ш Х” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг, ... сонгон шалгаруулах шалгалтын “тайлан”-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг” тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ш-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгнөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, /нэгтгэсэн хэргийн/ улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ш-т  буцаан олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                     

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ОЮУН

                                                                                    Н.БАЛЖМАА                                                     

                                                                                    Г.БАЯСГАЛАН

 

 

    

 

 

 

 

 

 

 


[1] /1 дүгээр хавтас/ хх-ийн 172-186

[2] /1 дүгээр хавтас/ хх-ийн 221-226

[3] /1 дүгээр хавтас/ хх-ийн 255-258

[4] /2 дугаар хавтас/ хх-ийн 1-3

[5] /2 дугаар хавтас/ хх-ийн 93-94

[6] /1 дүгээр хавтас/ хх-ийн 1-2

[7] /2 дугаар хавтас/ хх-ийн 5

[8] Төрийн мэдээлэл 2002 оны №12

[9] Төрийн мэдээлэл 2007 оны №3

[10] Төрийн мэдээлэл 2012 оны №21

[11] /2 дугаар хавтас/ хх-ийн 195-198

[12] /2 дугаар хавтас/ хх-ийн 6-8

[13] /1 дүгээр хавтас/ хх-ийн 80-86

[14] /1 дүгээр хавтас/ хх-ийн 48-49

[15] /1 дүгээр хавтас /хх-ийн 40

[16] /1 дүгээр хавтас/ хх-ийн 139-140

[17] /1 дүгээр хавтас/ хх-ийн 141-159

[18] /2 дугаар хавтас/ хх-ийн 208

[19] /1 дүгээр хавтас/ хх-ийн 36

[20] /1 дүгээр хавтас/ хх-ийн 32

[21] /1 дүгээр хавтас/ хх-ийн 46

[22] /2 дугаар хавтас/ хх-ийн 161

[23] /2 дугаар хавтас/ хх-ийн 26

[24] /2 дугаар хавтас/ хх-ийн 185

[25] /2 дугаар хавтас/ хх-ийн 207

[26] /2 дугаар хавтас/ хх-ийн 227-229

[27] /2 дугаар хавтас/ хх-ийн 166-167