Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01452

 

М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэр,

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2018/00014 дүгээр магадлалтай,

                                                                       

            М гийн нэхэмжлэлтэй,

            Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид холбогдох

       2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, агуулах, мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нөхөн олговор болох 4,193,952.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

         Байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлын үлдэгдэл төлбөр 371,872.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч М гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Төмөр замын 4 дүгээр ангид агуулах, мөнгөний няравын ажилд 2012 оны 05 сарын 08-ны өдөр орсон. Гэтэл 2017 оны 11 сарын 30-ны өдөр 524 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халагдсан. Энэ хугацаанд ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно. Уг тушаалд дурдсан материалын үнийг дур мэдэн нэмсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь 2017 оны 09 сарын 28-ны өдөр байгууллагын захиалгын хуудсаар ОО-ын өрөөнд хогийн савыг 28,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж худалдаж авахад манай байгууллагын үйлчлэгч ажилтай П.Баттуяа хамт явж өөрөө хэмжээ, өнгө загварыг сонгож авсан. Удирдлагын заалт, зөвшөөрөлгүй бараа материал худалдан авсан зүйл байхгүй болно. Мөн худалдан авсан бараа материалын үнийн талаар би санал хэлэх, нэмэх боломж байхгүй. Худалдагчийн бичсэн үнийн дагуу материалаа бүрдүүлж нягтлан бодогчид өгдөг. Мөн бичээчийн өрөөнд 1,3 м дрож, 1,3 м хулдаас зэргийг нийт 115,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг авахад бичээч Б.Одонтуяа хамт явж авсан. Эдгээр зүйлүүдийг би албан байгууллагадаа авсан, хувьдаа авсан зүйл байхгүй тул зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нөхөн олговор болох 4,193,952 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М  нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын 4 дүгээр ангид 2012 оны 05 сарын 08-ны өдрийн 211 дугаар тушаалаар агуулах, мөнгөний няравын ажилд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 28 дугаар тушаалаар ажлын хариуцлага болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба хариуцлагатай ажиллах тухай тодорхойлолтоо өөрийн гараар бичиж өгсөн байдаг. 2017 оны 06 сарын 07-ны өдөр Замын 4 дүгээр ангийн даргаар удирдуулсан Засварын газрын механик тайлангийн үлдэгдэл дээрх компрессорын талаар хэлэлцсэн хуралд нярав М  өөрөө оролцсон ба Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 235 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл ногдуулсан байна. Улмаар 2017 оны 11 сарын 29-ний өдрийн Замын 4 дүгээр ангийн хурлаар аж ахуйн нярав Ш.Баярмаа, агуулах мөнгөний нярав М  нартай холбоотой асуудлыг авч хэлэлцээд санхүүгийн сахилга бат алдсан агуулах мөнгөний нярав М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсны дагуу 2017 оны 11 сарын 30-ны өдрийн Замын 4 дүгээр ангийн даргын 525 дугаар тушаалаар худалдан авсан материалын үнийг нэмсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил давтан гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тэрээр Хөдөлмөрийн гэрээний 4.8 болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтын 3, 4, 5, 6, 11, 35-д заасан үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12 болон 10.2.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7-т заасан зөрчлүүдийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн нэхэмжлэгч М  нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. М г ажилд авах, ажлаас халах шийдвэрийг Замын 4 дүгээр ангийн дарга А.Оргодол гаргасан боловч Замын 4 дүгээр анги нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын салбар нэгж бөгөөд УБТЗ ХНН-ийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн Замын 4 дүгээр анги нь бие даасан хуулийн этгээд биш гэдгийг нотолсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн захиргаа нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг тул хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: М  нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын 4 дүгээр ангид 2012 оны 05 сарын 08-ны өдрийн 211 дүгээр тушаалаар агуулах, мөнгөний няравын ажилд томилогдсон. Ажил олгогч нь М тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа, дутагдлыг байнга давтан гаргаж байсан. Үүнд: 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Замын 4 дүгээр ангийн даргын 28 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах, мөн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн Замын 4 дүгээр ангийн даргын 235 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн байдаг. Улмаар 2017 оны 11 сарын 30-ны өдрийн Замын 4 дүгээр ангийн даргын 525 дугаар тушаалаар М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. М гийн ажлыг хүлээлцэхэд 1,210,010 төгрөгийн бараа, сэлбэг, материалын дутагдал гарсан ба дээрх дутагдлыг түүний 12, 01, 02 дугаар сарын цалингаас суутган тооцсоноор үлдэгдэл 371,872 төгрөг болсон. Иймд Хөдөлмөрийн гэрээний 4.7, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний гэрээний 3.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасан үндэслэлээр байгууллагад учруулсан хохирол болох 371,872 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь Замын 4 дүгээр ангид агуулах, мөнгөний няраваар ажиллаж байгаад ажил хүлээлцэх үед 1,210,000 төгрөгийн материал дутагдаж 12 сарын цалингаараа төлсөн. Үлдэгдэл 371,872 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.                                                          

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М г Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн агуулах, мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар буруу халсан үеийн олговорт 4,193,952 төгрөгийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангиас гаргуулан нэхэмжлэгч М д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар М гаас 371,872 төгрөгийг гаргуулж Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангиас 152,253 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,800 төгрөгийг гаргуулан хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2018/00014 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтын “... 4,193,952 ...” гэснийг “3,883,264” гэж, “...олгосугай” гэснийг “олгож” гэж өөрчилж, “ажлаас буруу халсан үеийн олговор гаргуулах тухай нэхэмжлэлээс 310,688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 5 дугаар заалтын “...152,253 ...” гэснийг “147,282” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/МА2018/00014 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны магадлал нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагатай нийцэхгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

Нэг. М гийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод зааснаар мөнгө эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтын субьект мөн юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ажилтан худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авсан материалын нэгжийн үнийг нэмсэн гэх зөрчлийн тухайд: М  нь энэ үйлдэлд буруугүй болох нь тогтоогдож байна хэмээн гэрч Л.Жаалмаам /хх-151-155 дугаар тал/, Төмөр замын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2017 оны 12 сарын 11-ний өдрийн ЗМ 1711 дугаар тогтоол зэрэгт үндэслэн дүгнэсэн байх бөгөөд Цагдаагийн дүгнэлтэд ... “М гийн хөрөнгө завшсан үйлдэл нь зөрчлийн шинжгүй байна...” гээд гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан болохоос гэм буруугүй гэсэн дүгнэлт биш юм.

Байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд: Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 556 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бараа материал, сэлбэг худалдан авалтын журмын 2.1-т байгууллагын хэсэг, цехийн мастер, эд хариуцагч нар агуулахад байхгүй, зам засварын ажилд шаардлагатай материал сэлбэгийг маягтын дагуу захиалгын хуудас бичиж, холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулж, аж ахуйн няравт хүлээлгэн өгнө гэж заасан байх ба М  нь захиалгын хуудсанд бичигдээгүй өнгөгүй хулдаасыг худалдан авч, үнийг дрожны үнэнд шингээж бичүүлсэн үйлдэл нь гэрч Б.Одонтуяагийн мэдүүлэг, шаардлагатай материал захиалгын хуудас, нэхэмжлэх, зарлагын баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-145,150 дугаар тал/ гэж зөрчил гарсан тухай дүгнэлтийг гаргасан байдаг бөгөөд энэ тухайгаа М  шүүх хурал дээр өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Захиалгын хуудсаар 1,3 м дрож худалдан авах байсан атлаа үүн дээр дур мэдэн өнгөгүй хулдаасыг нэмсэн үнийг тооцон нийт үнэнд шингээн бичүүлж, Санхүүгийн ажилтны хувьд анхан шатны санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн. Үүний улмаас байгууллага худалдан авсан өнгөгүй хулдаасыг хөрөнгө гэж бүртгэж авах санхүүгийн анхан шатны баримт байхгүй тул эзэнгүй бүртгэлгүй хөрөнгө бий болж өмч хөрөнгийг дур мэдэн ашиглан шамшигдуулах нөхцөл боломжийг нээж өгсөн. Нөгөө талаар 1,3 м дрожийг 72,200 төгрөгөөр худалдан авах ёстой байтал 1,3 м хулдаасны үнэ 21,671 төгрөгийг нэмж бичүүлснээр байгууллагад мөн хэмжээний хохирол учирсан гэж үзэх ба зөрчил тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... байгууллагад худалдан авсан 2 барааг санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад нэг нэрээр бичсэн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй...” гэж дүгнэжээ. Санхүүгийн анхан шатны баримтыг үнэн зөв бүрдүүлэх нь ялангуяа санхүүгийн ажилтны хувьд Ажлын байрны тодорхойлолтын 5 дугаарт заагдсан заавал гүйцэтгэх ажил үүрэг юм. Иймд зөрчил тогтоогдсон боловч ажлаас халах үндэслэл болохгүй гэж дүгнэж байгаа нь хууль бус. Хэрэгт байгаа захиалгын хуудас, нэхэмжлэх, зарлагын баримт мөн М гийн өөрийн мэдүүлэг, гэрч н.Оюунтунгалагийн мэдүүлэг зэргээр эдгээр нь нотлогдоно. Гэтэл М гийн зөрчил нь тогтоогдсон талаар шүүх дүгнэсэн атлаа “ноцтой зөрчил” хэмээн үзэж, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан байх шаардлага тавьж шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж болохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгосон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан бөгөөд ажилтны захиалгын хуудсанд бичигдээгүй бараа материал худалдан авсан үйлдлийг сахилгын шийтгэлд тооцох талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан зааж өгөөгүй байх тул М гийн дээрх үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан тухай биш харин сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэл юм. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх,... Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.” гэсэн байдаг ба М д 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 28 дугаар тушаал, 2017 оны 06 сарын 13- ны өдрийн 235 дугаар тушаалуудаар сахилгын арга хэмжээ авч байсан тухай баримт хэргийн 65, 68 дугаар хуудсанд байх бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 сарын 30-ны өдөр цуцалсан.

Хоёр. УБТЗ-ын Замын 4 дүгээр анги нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам”-ын салбар нэгж юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах дээд байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно", 26.5-д “Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно” гэж тус тус заасан байдаг. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 “к”-д “шүүхэд хэрэг нэхэмжлэх ба хариуцагчаар оролцох эрхийг зөвхөн Замын дарга эдэлнэ” гэж заасан. Иргэний хуулийн дээрх заалтууд болон нийгэмлэгийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт заасны дагуу Замын 4 дүгээр анги нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч болох эрх зүйн чадваргүй юм. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Замын 4 дүгээр ангийг хариуцагчаар татан түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын харъяаллын дагуу хэргийг Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байдаг тул Замын 4 дүгээр анги нь хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн харъяаллыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/МА2018/00014 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М  нь ажил олгогч Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангид холбогдуулан түүнийг ажлаас халсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, агуулах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4,193,952.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, М  нь сахилгын зөрчил давтан гаргасан, мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ажил олгогч Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр анги нь нэхэмжлэгч М д холбогдуулан дутагдуулсан эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл 371,872.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэгч М г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж, тооцооны алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М г ажилд авсан тушаал гаргасан, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч нь Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангийн дарга байна. Түүнчлэн Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар баталсан Замын 4 дүгээр ангийн дүрмийн 2.3-т “Замын 4 дүгээр ангийн орлогч дарга, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, орлогч нягтлан бодогч, инженер-эдийн засагч, хүний нөөцийн тасгийн дарга, хүний нөөцийн менежер нарыг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар, ангийн даргын мэдлийн инженер, техникийн ажилтнуудыг Хүний нөөцийн албанаас зөвшөөрөл авсны дараа ангийн даргын тушаалаар, бусад ажилтнуудыг Замын 4 дүгээр ангийн даргын тушаалаар тус тус томилж, чөлөөлнө” гэж заасан байх тул Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр анги нь М гийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны хариуцагч мөн, шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т зөрчсөн гэж үзэхгүй. 

Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр анги нь М гийн ажил олгогч мөн гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д нийцсэн гэж үзэх тул “...харьяалал зөрчсөн” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.   

Нэхэмжлэгч М г Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авсан материалын нэгжийн үнийг нэмсэн, байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, мөн сахилгын давтан зөрчил гаргасан гэж “Агуулах, мөнгөний нярав”-ын ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Нэхэмжлэгч М д Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар тушаалаар мөн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд хэрэгт баримтаар авагдсан, нэхэмжлэгч гомдол гаргаагүй, түүний үндэслэлийн талаар маргаагүй.

Харин ажилтныг ажлаас халсан тушаалд заасан худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авсан материалын нэгжийн үнийг нэмсэн, байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, удирдлагын заалт, зөвшөөрөлгүй бараа материал авсан зүйлгүй, үнийг нэмээгүй, энэ зөрчлийг гаргаагүй гэсэн нь ажилтны гаргасан гомдлынх нь үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгч М  нь агуулах, мөнгөний няравын ажил эрхэлдэг боловч аж ахуйн няравын түр эзгүйд түүний ажил үүргийг орлон гүйцэтгэж, байгууллагын хэрэгцээнд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 28,000 төгрөгийн үнэ бүхий хогийн сав, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийт 115,700 төгрөгийн үнэ бүхий дрож болон хулдаас худалдан авахдаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг худалдан авалтын журам зэргийг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй, ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрт заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12-т заасан ... эд хөрөнгө дутаасан, ашиглан шамшигдуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчлийн шинжийг агуулаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Иймээс ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэх тул нэхэмжлэгчийг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар тушаал, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл хүлээснээс хойш дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Ажил олгогчийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажил хүлээлцэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 08 гэсэн, тэрээр энэ өдрөөр тасалбар болгон цалин хөлсөө авсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцсон нь буруу, түүнчлэн ажил олгогчоос үзүүлж байгаа хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж, ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь буруу юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43, 47 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2018/00014 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН