Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

   2020             09               02                                                  2020/ШЦТ/347                                      

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх, 

улсын яллагч  Э.Билгүүн,

шүүгдэгч, хохирогч К.А, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б М,

мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн К А нарт холбогдох эрүүгийн 2034000000394 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ барилгын цахилгаанчин ажилтай байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ж овгийн К Ам

  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг,эхийн хамт Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Б овгийн Б М

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Яллагдагч К.А нь бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Харзтай” гэх газар иргэн Б.М цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Харзтай” гэх газар иргэн К.А цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч К.А:

... 2020 оны 06 сарын 09-ний орой 10-11 цагийн үед Б.Мөнхбуянтай Төв аймгийн Эрдэнэ сумын “Харзтай” гэх газар зодолдсон нь үнэн. Б.Мөнхбуянтай нутгийн найз гэж явдаг байсан. Харьцаагүй жил гаруй явсан. 5 сарын эхээр Мөөжгий гээд банди байдаг. Энэ хоёр чатны цаанаас том дугараад хүрээд ир ална гэж дуудсан би тухайн үед очоогүй. 6 сарын үед хөдөө гэрээ нүүлгэхээр очсон. Тухайн үед голын эрэг дээр энэ хоёртой таарсан. Манай ах аав байсан. Энэ хоёр хоёулаа морьтой ирсэн. Аав ах хоёр холдоод 2 найзтайгаа юм ярихгүй гэсэн. Энэ хоёр дуудахаар ирсэнгүй гэж дарамталсан. Тэрнээс хойш би юм бодож эхэлсэн. Надад өс санасан юм уу. Тэгээд манайх урагшаа нүүгээд 4, 5 хонож байхад цэргийн амралтын дэлгүүрт Б.Мөнхбуянтай таарсан. Тухайн үед Б.Мөнхбуян ганцаараа байсан. Бид хоёр гар бариад эвлэрсэн. Тэр өдөр 6 цагийн орчим найзтайгаа сагс тоглосон. Тараад оройхон гэртээ уйдаад Б.Мөнхбуянгийнд очсон. Тухайн үед Б.Мөнхбуян завгүй гэж байсан. Явж байгаад найзтайгаа таарсан. Найзтайгаа хамт зогсож байсан чинь Б.Мөнхбуян араас хоёр хүүхэдтэй цуг ирсэн. Эсэнбол, Жолжарга, бас нэг хүүхэд энэ 3 байсан. Тухайн үед Б.Мөнхбуян араас мотоциклтой 2 хүүхэд дагуулж ирсэн. Ирээд эхэндээ гайгүй байсан. Сүүлдээ маргалдах гээд үгээр идээд байсан. Маргалдаж байгаад намайг цохиод авсан би цохилцсон. Бид хоёр тухайн үед зодолдсон нь үнэн. Эхэндээ түрүүлж намайг 2 цохингуут би зөрүүлж цохисон. 4, 5 удаа цохилцоод, миний үснээс зулгааж хамар луу өвдөглөсөн. Жолжарга, Эсэнбол хоёр ирж салгасан. Жолжарга эхэлж ирээд боль гээд салгасан. Би хамраа бариад зогссон. Тэгсэн чинь энэ хоёр цохилцоод эхэлсэн. Ганц, хоёр цохилцоод салгасан. Б.Мөнхбуянг би одоо боль гээд явуулсан. Тухайн үед цамцаа тайлж ирээд нэг нэгээрээ үзье гээд над руу дайрсан. Ахиад Б.Мөнхбуянтай барилцаж авч зодолдсон. Эсэнбол салгаад тэгээд тарсан. Зодоон болохоос 7, 8 хоногийн өмнө Б.Мөнхбуян манай тэндхийн дүү нарт томорч байгаад ах нарт нь зодуулсан сураг байсан. Зодоон болсны маргааш өглөө нь Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газарт дуудагдсан. Зодоон юунаас болсон бэ гэвэл 2019 оны зун Б.Мөнхбуян Чимгээ гээд охинтой үерхдэг байсан. 9 сард хардаж байсан би Чимгээтэй нь ямар ч холбоогүй. Тэр охиноос болж зодолдсон байх.... гэж,

 

Шүүгдэгч Б.М:

... Манай ах нар дээр очиж юм ярья гэсэн. Өмнө нь Аманбектэй чатаар маргалддаг байсан. Өдөр нь дэлгүүрт таараад нэг нэгнээсээ уучлалт гуйгаад, тэгсэн болохоор би юм санаагүй яваад очсон... ... Өвөл намайг МСҮТ-ийн ангийн групп нэмсэн тэгээд ангийн охидуудтай нийлээд доош нь хийгээд хөдөөний тэнэг гээд муулсан байсан. Тэгээд би уурлаад хувь чатаар муухай үг хэлсэн... ... Би очиход эд нар бүгд пиво уусан байсан. Жолжарга гэх хүүхэд энэ хавийн атаман байна чи хэний шээс юм гээд доромжлоод намайг цохиод авсан. Би Жолжаргатай зууралдаад байж байхад А орж ирээд энэ хоёр нийлж зодсон. Тэгээд сүүлд нь Эсэнбол орж ирсэн... гэж,

 

Хохирогч К.А:

... 2020 оны 06 сарын 09-ний орой зодоон болсон. Зодоон болсны маргааш Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газар дуудагдсан. Тэнд би 2, 3 хоног байцаагдаж байгаад Жолжарга, Эсэнбол бид гурвыг авч үлдээд албадан ажил хийлгүүлсэн. Албадан ажил хийж байх явцад миний хамар битүүрч, чихнээс бага зэрэг цус гараад байсан. Цагдаад нь хэлээд аавыгаа дуудаа эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд хамар хугаралтай, чихний хэнгэрэг хагарсан гэсэн. 2020 оны 06 сарын 09-ний орой зодоон болсон. Б.Мөнхбуяны яриад байгаагаар чатаар маргалдаан гарсан. Би ангийнхаа охидуудтай нийлж доошоо хийсэн юм байхгүй. Манай ангийн охидуудтай маргалдаад байсан би Б.Мөнхбуянг боль гэж хэлсэн. Б.Мөнхбуян болиогүй, тэгээд намайг доромжлохоор нь би зөрүүлээд доромжилсон. Тэгээд Б.Мөнхбуян группээс гарсан. Би тэрнээс өс санасныг мэдээгүй. 5 сарын эхээс чатаар маргалдаж эхэлсэн. Мөөжий энэ хоёр янз бүрийн юм явуулаад маргалддаг байсан. 6 сарын эхээр хөдөө гэрээ нүүлгэхээр очсон. Хашаа янзалж байгаад энэ хоёртой таарсан. Энэ хоёр морьтой явж байсан. Аав дээр ирээд энэ хоёр дэглэх гэж оролдсон. Урд ирэхээр уулзнаа гээд энэ хоёр явсан. Урд очоод дэлгүүрт таараад бие биенээсээ уучлалт гуйсан. Гэр гэрлүүгээ очоод би орой сагс тоглочихоод буцаж хариад доошилсон. Дэлгүүрт таарахдаа орой тоглох ухааны юм ярьж байсан. Би тоглох юм байх гэж бодоод гэр лүү нь явж очсон. Б.Мөнхбуян хонио хашиж байсан. Би хонийг нь хашилцчихаад гарах юм уу гээд юм ярьж байсан. Завгүй гэхээр нь би яваад өгсөн. Явж байгаад Жолжарга эд нартай замдаа таарсан. Тэгээд торон хашаанд юм ярьж байхад араас Мөнхбуян 2 хүүхэдтэй ирсэн. Ирээд над руу дөхөж ирээд юм ярьж байгаад шууд цохиод авсан. Намайг 2 цохингуут нь би зөрүүлээд цохилцсон. Жолжарга, Эсэнбол хоёр болно гээд салгасан. Жолжарга намайг татах үед Мөнхбуян Жолжаргыг цохисон гэж Эсэнбол яриад байгаа. Энэ хоёр нэлээн хэд цохилцсон. Би хамраас цус гараад Мөнхбуянд очоод одоо болио хөгшөөн гэсэн. Мотоцикл руу нь түлхэж аваачсан. Тэгээд холдоход араас цамцаа тайлаад нэг нэгээрээ үзье гээд араас хүрээд ирсэн. Тэгээд ахиад цохилцож эхэлсэн. Хулан, Эсэнбол хоёр салгасан. Гомдол санал гэвэл хамраа эмчлүүлмээр байна. Хагалгааны зардал нэхэмжилсэн тодорхой мөнгө байхгүй... гэж,  

 

Хохирогч Б.М:

... 2020 оны 06 сарын 09-ний өдөр найзтайгаа үхэр хураачихаад буцаж явахад Хулан, Жолжарга хоёр пиво уусан сууж байсан. Тэр хоёртой уулзаад сууж байсан чинь Жолжарга пиво аваад өгчих гэхэд нь би чадахгүй гээд бид хоёр шууд найзындаа очоод 10-20 минут юм ярьж байгаад би найзыгаа гэрийнх нь гадаа буулгачихаад буцаад явж байсан. Манай гэрийн урд талын хашааны булангаас цэнхэр гэрэл, шүгэлдээд сигналдаад байсан. Тэгээд би гэрийнхээ гадаа очоод хонио хаших гээд байж байтал Аманбек араас ирээд буу халъя, манай ах нар буу халъя гэнээ гээд тэгээд би хонио хашчихаад гэр лүү ороод найзынх руугаа явсан. Найз, найзынхаа дүүг аваад 3-уулаа энэ 4 дээр очсон. Очиход Жолжарга гэх хүүхэд өөрөө над руу эхэлж томорсон. Намайг янз бүрээр хэлээд цохиж эхэлсэн. Аманбек гэж хүүхэд орж ирээд энэ хоёр намайг нийлж цохисон. Эсэнбол гэх хүүхэд салгасан. Салгаад байж байтал Эсэнбол гэх хүүхэд дахиад намайг цохиод эхэлсэн. Би Аманбекийг тэгж их зодсон юм байхгүй. Би гурвуулаа дайраад байсан болохоор харанхуйд биеэ хамгаалаад цохисон, хэнийг нь цохисноо сайн санахгүй байгаа. Тэгээд хамар хугараад идээ гарсан, тархинд хүчилтөрөгч дутагдана. Даруйхан хагалгаанд орох шаардлагатай гээд тэгэхэд эд нар өөрсдөө мөнгөө авчраад хагалгаанд оруулж өгсөн. 3 700 000 төгрөг авсан. Жолжарга, Эсэнбол, Аманбек нийлж байгаад 3 700 000 төгрөг өгсөн. Аманбекд гомддог, нэг нутгийн найз байж өөр хүүхдүүдтэй нийлж намайг зодно гэж бодоогүй. Гомдож явдаг. Ангийн группт нэмчихээд охидуудтай нийлж муулсан, зураг явуулсан юм байхгүй, манай найз явуулсан байх. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000394 дугаартай хэрэгт хохирогч Б.Мөнхбуян /хх-ийн 10-11, 85 дугаар хуудас/, хохирогч К.Аманбек /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч К.Аманбек /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч А.Эсэнбол /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Х.Жолжарга /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Х.Жолжарга /хх-ийн 18 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 84-85 дугаар хуудас/, яллагдагч К.Аманбек /хх-ийн 40-42 дугаар хуудас/, яллагдагч К.Жолжарга /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, яллагдагч Б.Мөнхбуян /хх-ийн 54-55 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №330 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №362 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон хохирогч Б.Мөнхбуянгийн Төв аймгийн Эрдэнэ сумын  цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч К.Аманбекийн Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, шүүгдэгч К.Аманбекийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-63 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнхбуянгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 80-83 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:       

Шүүгдэгч К.А нь бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Харзтай” гэх газар иргэн Б.М цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Харзтай” гэх газар иргэн К.А цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Б.Мөнхбуянгийн ...Жолжарга гэх хүн намайг чи яагаад Аманбекийг дээрэлхээд байгаа юм бэ гэхээр нь би хэзээ дээрэлхсэн юм бэ гэхэл Жолжарга эхлээд намайг зүүн шанаанд гараараа нэг удаа цохихоор нь би та нар яагаад байгаа юм бэ зодолдох гээд байгаа бол ганц ганцаараа зодолдчих  гэж хэлэхэд намайг Жолжарга хэл амаар доромжлоод байхаар нь би Жолжаргатай барилцаж зууралдаад байж байхад Аманбек миний нүүрний баруун хэсэгт 2 удаа өшиглөөд тэгэхээр нь би Аманбекийг барьж аваад зууралдаад цохилцсон чинь араас Жолжарга, Эсэнбол нар араас бас цохиод өшиглөөд байсан. Тэгээд Хулан Мягмардорж нар бид нарыг салгасан юм... /хх-ийн 10-11, 85 дугаар хуудас/,

хохирогч К.Аманбекийн ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Одоогоор миний биед хоёр битүүрэлтэй, хамар яс хөндүүрлэж байгаа бөгөөд Мөнхбуянгийн хагалгаатай адил хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Харин хагалгаанд орох буюу 2.800.000 төгрөгөө нэхэмжилж байна... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч К.Аманбекийн ...Тэгээд 2020 оны 05 дугаар сарын эхээр Мөнхбуян намайг Фэйсбүүкээр хэл амаар доромжлоод уулзахаар дарамтлаад байдаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Мөнхбуянгийн гадаа мотоцикльтой яваад очтол Мөнхбуян намайг чи явж бай гэхээр нь хөдлөөд явж байтал Жолжарга, Эсэнбол, Хулан энэ 3-тай замдаа таараад юм яриад байж байтал араас Мөнхбуян, Мягмардорж нар ирээд юм ярьцгааж байгаад Мөнхбуян уурлаад сонин ааш гаргаад байхаар нь би Мөнхбуянтай хэрэлдээд байж байтал Мөнхбуян намайг 2 удаа зүүн чихрүү цохихоор нь би тэсэхгүй Мөнхбуянгийн нүүр лүү 1 удаа цохиод тэгээд би гэдэс хэсэг рүү нь нилээн их цохисон. Тэгээд Жолжарга бид 2-г салгатал Мөнхбуян нь Жолжаргатай цохилцоод эхлэхээр нь салгаад Мөнхбуянг би мотоцикль руу нь аваачтал Мөнхбуян цамцаа тайлаад нэг нэгээрээ зодолдчихоё гэж ирээд надтай ахиад зодолдоод би газар унаад Мөнхбуян өөдөөс яваад ирэхээр нь нүүр нь тус газар нь нэг удаа хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөөд босож ирээд гараараа Мөнхбуянг 2-3 удаа нүүр чих хэсэгт нь цохитол Хулан гэх ах намайг салгаад автал Мөнхбуян, Жолжарга 2 зодолдоод эхэлсэн. Би тэр 2-г зодолдох үед хамраас цус гоожсон цусаа арилгаад байж байсан болохоор хэн нь яаж зодсоныг мэдэхгүй байна...  /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч А.Эсэнболын ...Тэгээд Аманбек, Мөнхбуян 2 хоорондоо юм ярьж байгаад маргалдаад хоорондоо зодолдоод Аманбек Мөнхбуянгийн доор нь орчихсон чинь Жолжарга Мөнхбуянгийн араас нь очоод хамт зодолдсон. Тэгээд Хулан бид 2 тэр 3-г салгаад байж байтал Мөнхбуян нь цамцаа тайлаад нэг нэгээрээ зодолдчихоё гээд Жолжарга, Аманбек 2-той цохилцоод тэгээд Хулан бид 2 ахиж салгаад 2 тийш нь явуулсан. Тухайн үед 23 цаг болж байсан... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Х.Жолжаргын ...Удалгүй Аманбек Мөнхбуянг дагуулж ирээд бид хэдтэй юм яриж байгаад Мөнхбуян Аманбек 2 хоорондоо хэрэлдээд зодолдоод эхэлсэн. Тэгээд Аманбек зодуулаад байхаар нь би өмөөрч ороод Мөнхбуянг нүүр хэсэгт 2 удаа цохисон тэгээд Мөнхбуян Аманбек бид 3 Эсэнбол, Хулан 2 салгаад 2 тийшээ болгоход Мөнхбуян цамцаа тайлаад бид хэд рүү дайраад ална шүү лалруудаа зодолдъё гээд дайраад орилоод байсан. Тэгээд Эсэнбол намайг аваад явсан. Нөгөө хэд гэр гэрлүүгээ явсан... /хх-ийн 17, 18 дугаар хуудас/,

шинжээч Э.Эрхэмбаярын ...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ахлах дэслэгч Цэрэнпилийн тогтоолтой Мөнхбуянгийн биед үзлэг хийсэн. Тухайн үед баруун нүдний эвэрлэгт цус хурсан, дээд доод зоюхинд хүрэн өнгийн цус хуралттай. Мөн Мөнхбуян нь Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн компьютер томографийн хариутай байсан ба 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн өвчний түүхийг тус тус үндэслэн Мөнхбуянд хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус хурал баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэж үзсэн. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн... /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

яллагдагч К.Аманбекийн .:.Би Мөнхбуян дээр яваад очтол намайг 2 удаа цохисон тэгэхээр нь би босч ирээд зөрүүлж цохиод хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгэх үед Жолжарга ирээд бид хоёрыг салгах үед Мөнхбуян Жолжаргыг 2-3 удаа эрүүн тус газар цохиход Жолжарга зөрүүлээд 2 удаа гар хэсэгт нь цохисон. Тухайн үед Бор гэж дууддаг нэг найз надтай юм яриад зогсож байхад Мөнхбуян дахиж орж ирээд намайг цохисон би тонгойход нүүр лүү өвдгөөрөө 2 удаа цохисон. Тухайн зодоон болохоос өмнө Мөнхбуян, Мөөжий гэх найзтай намайг ахынхаа хашааг янзалж байхад ирээд намайг алнаа, дуудаад байхад ирэхгүй юм чамайг урагшаа нүүж очихоор чинь уулзанаа морины цулбуураараа 2 удаа ороолгочихоод яваад өгсөн... ...Мөнхбуян нь намайг найз охинтойгоо юу ч болоогүй байхад хардаж намайг зодож гэмтэл учруулсанд гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

яллагдагч К.Ж ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь манай найз Аманбектэй Мөнхбуян нь хэрэлдэж маргалдаж улмаар зодолдсон. Мөнхбуян нь Аманбекийг доороо хийгээд зодож эхлэхээр нь би салгах гэж Аманбекийг араас нь татаж байх үед Мөнхбуян нь намайг 2-3 удаа цохисон би тэгэхээр нь зодооныг болиулах гэж Мөнхбуяны гар хэсэгт 2 удаа цохисон өөр зүйл болоогүй учраас би зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнхбуян нь Аманбектэй маргалдаж хэрэлдэж зодолдоогүй байсан бол би тэр хоёрыг салгах гэж байгаад ийм асуудалд орооцолдсондоо гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй байж чадна... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

яллагдагч Б.М ...Миний танилцсан зүйл анги болон тогтоолоо би хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл болсонд гэмшиж байна. Дахин ийм зүйл болохгүй... ...Би 2020 оны 06 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод хамрын хагалгаанд орсон ба хагалгааны төлбөр болон 3.000.000 гаран төгрөгөө Аманбек, Жолжарга, Эсэнбол нараас авсан. Хурдан хагалгаанд орохгүй бол болохгүй байсан гэж эмч хэлсний дагуу орсон... /хх-ийн 54-55 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №330 дугаартай ...Б.Мөнхбуянгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүрхийн хөнгөн хохирол учирсан.... талаарх дүгнэлт /хх-ийн 21-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №362 дугаартай ...К.Аманбекийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон хохирогч Б.Мөнхбуянгийн Төв аймгийн Эрдэнэ сумын  цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч К.Аманбекийн Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, шүүгдэгч К.Аманбекийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-63 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнхбуянгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 80-83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч К.А нь бусадтай бүлэглэн иргэн Б.Мөнхбуянг цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь иргэн К.Амарбекийг цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг гар, хөлөөрөө эсхүл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйл болох зэвсгээр цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, шүүгдэгч нар нь өөрсдөө энэ үйлдлээ хүсэж үйлдсэн, дээрх хөнгөн гэмтэлд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч нарын зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

 

Харин шүүгдэгч К.А бусадтай буюу 14 насанд хүрээгүй этгээдтэй бүлэглэн бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Мөн шүүгдэгч Б.М, К.А нар болон тэдний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Баярмагнай нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч К.А бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.А биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол ,

 

шүүгдэгч К.А гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүрхийн хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болох хагалгаа, хэвтэн эмчлүүлсний зардал болох 3.000.000 /гурван сая/ төгрөг шүүгдэгч К.Аманбекээс авсан болох нь түүний хавтас хэргийн 54-55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Харин хохирогч К.Аманбек нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд мөн цаашид гарах эмчилгээ, хагалгааны зардал нэхэмжилнэ гэсэн тул энэ талаарх баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Батбуянгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.М, К.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М, К.А нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Б.Мөнхбуянгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

шүүгдэгч К.А хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ.

 

Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Б.Мөнхбуянд таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял,

шүүгдэгч К.А найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.М, К.А нарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг,

шүүхээс тэдэнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн 2034000000394 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М, К.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М, К.А нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

         шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

   36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

          зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

    удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж овгийн К А бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

2. Шүүгдэгч Б овгийн Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Ж овгийн К А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М, К.А нарт тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч Б.М, К.А нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.      

  

5. Эрүүгийн 2034000000394 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М, К.А нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  

            6. Хохирогч УД01302913 дугаарын регистртэй, Ж овгийн К А нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б овгийн Б М  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М, К.А нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.        

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, К.А нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН