| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00772/И |
| Дугаар | 765 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 8-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Эбо холдинг” ХХК-ийн хүсэлттэй,
“Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Тэгшбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Эбо холдинг” ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Их наран 14-9 тоот, 88058044, 99007408 утасны дугаартай, РД:6006957 дугаартай “Баялаг хүнс трейд” ХХК-иас 1,059,300 төгрөгийг гаргуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч “Баялаг хүнс трейд” ХХК-ийн оршин суугаа хаяг тодорхойгүй, удирдлагын мэдээлэл байхгүй байгаагаас үүдэн нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, манай байгууллагад учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй болоод байна. Иймд хариуцагч “Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК нь “Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,059,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
“Баялаг хүнс трейд” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба “Баялаг хүнс трейд” ХХК нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 14-9 тоот хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2017/01489 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Баялаг хүнс трейд” ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК-ийн “Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Эбо холдинг” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. “Баялаг хүнс трейд” ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА