Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            08               19                                                2020/ШЦТ/                      

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дондовням,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн А Б-т холбогдох эрүүгийн 1834000000392 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

          

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Жаргалант суманд 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, У овгийн А Б

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мэндийн үзүүр” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 2-3 цагийн орчимд иргэн П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хулгайлж 10100000 төгрөгийн хохирол учруулсан,

Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Тээл” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5000000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны буюу нийт 22 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч А.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834000000392 дугаартай хэрэгт хохирогч П.Сумхүү /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Ж.Золбоо /хх-ийн 92-93 дугаар хуудас/, хохирогч О.Эрдэнэтуяа /хх-ийн 189-192 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Бөхбаяр /хх-ийн 96-97 дугаар хуудас/, гэрч М.Энхбаяр /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Ч.Энхдалай /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч П.Мөнхсум /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.Батсайхан /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Ц.Алтанхуяг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, гэрч А.Батбаяр /хх-ийн 100-102 дугаар хуудас/, гэрч Д.Пүрэвдарь /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрч Д.Отгонбаяр /хх-ийн 105 дугаар хуудас/, гэрч Б.Хишиг-Од /хх-ийн 107-108 дугаар хуудас/, гэрч О.Эрдэнэтуяа /хх-ийн 193-195 дугаар хуудас/, гэря А.Батбаяр /хх-ийн 196-197 дугаар хуудас/, сэжигтэн Ц.Батсайхан /хх-ийн 22-23 дугаар хуудас/, сэжигтэн А.Батбаяр /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч А.Батбаяр /хх-ийн 32-35, 134-136, 211-214, 250 2 хх-ийн 1-6, 41-42 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

Хулгайлагдсан малд хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээ /хх-ийн 19 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 09/106 дугаартай дүгнэлт /хх-ийн 110-116 дугаар хуудас/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 073 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 120-122 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13103 дугаартай дүгнэлт /хх-ийн 199 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 06/298 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 62-67 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 81, 171 дугаар хуудас/, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-86 дугаар хуудас/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-176 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 87-90 дүгээр хуудас/, хохирогч О.Эрдэнэтуяагийн гаргасан өргөдөл /хх-ийн 172 дугаар хуудас/, хохирогч О.Эрдэнэтуяагийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2 хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч О.Эрдэнэтуяагийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гаргасан өргөдөл /2 хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч А.Батбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 46-50, 148-154, 216-223 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:   

Шүүгдэгч А.Батбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 2-3 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мэндийн үзүүр” гэх газраас иргэн П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хулгайлж 10.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Тээл” гэх газраас иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны буюу нийт 22 тооны адууг хулгайлсан үйл баримт болсон байна.

Төв аймгийн прокурорын газраас дээрх үйл баримтыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн шүүгдэгч А.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох эрүүгийн 1834000000392 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх эрүүгийн 1834000000392 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь мөн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь тус тус хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар эх сурвалжийг магадлаж шалгалаа.

 

Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

 

Энэ бүгдээс дүгнэхэд хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зурцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зурцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Тухайлбал шүүгдэгч А.Батбаярын хувьд хэдийгээр хохирогч П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хашсан үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх 21 тооны адууг буюу олон тооны адууг анхнаасаа хулгайлах сэдэлт санаа зорилго агуулаагүй, зөвхөн 3-4 тооны адууг авах сэдэлт санаа зорилго байсан болох нь 1 дүгээр хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан гэрч Ц.Батсайханы ...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед Баагий /А.Батбаяр/ өөрийнхөө 89921771 дугаараас миний 99405159 дугаар руу залгаж “миний суудлын машин эвдэрчихсэн, адуу зармаар байна” гэхээр нь “хэдэн адуу зарах юм бэ” гэхэд “3-4 адуу зарна” гэсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой... ...Баагий руу ярихад “би адуу малаа хашчихсан байгаа та хүрээд ирээч” гэсэн. Тэгээд эхнэр Алтансолонгыг аваад Төв аймгийн Жаргалант сумын баруун хойд талд байдаг Баагийгийнд ирсэн. Намайг ирэхэд Баагий гэрийнхээ гадаа ганцаараа зогсож байсан бөгөөд... ...гэрийнхээ дэргэд байдаг хашаанд 20 гаран тооны адуу хашчихсан 3 тооны хул гүү, буурал гүү, халиун алаг гүүг бариад уячихсан “энэ гурвыг ав” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгө муутай байгаа хоёр гүүг нь авья” гэсэн. Тэгээд би машинаа хуучин өвөлжөөний буурь байсан газарт тулгаж тавиад машины аравчаа буулгаад Баагий халиун алаг гүүг ачихаар хөтөлж явж байхад цагдаа ирсэн...,

1 дүгээр хавтас хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хохирогч П.Сумхүүгийн ... Намайг Улаанбаатар хотод байж байхад 2018 оны 11 дүгээр сарын 04-нд шилжих шөнө шөнийн 01 цаг өнгөрч байхад манай найз Р.Энхбаяр над руу залгаж танай хүргэн азаргатай адууг А.Батбаяр хулгайлаад хашчихсан... ...Нэг адууг нь машинд ачиж байгаад гэрэл тусгасан чинь тавьчихсан мөн 2 тооны гүүг нь хүлчихсэн байна гэж хэлсэн... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Батбаяр 3-4 тооны адууг хулгайлан, зарж, ашиг олох сэдэлт санаа зорилготойгоор хохирогч П.Сүмхүүгийн 21 тооны адууг хашсан үйл баримт тогтоогдож байхад 21 тооны адуу буюу олон тооны ба найман бодоос дээш буюу олон тооны адууг хулгайлах гэж байсан эсхүл хулгайлсан гэж үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн, дордуулсан нөхцөл байдал болно гэж шүүх үзлээ.  

 

Харин шүүгдэгч А.Батбаярын үргэлжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Тээл” гэх газраас иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь гэмт хэрэг хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Ж.Золбоогийн ...2019 оны 01 дүгээр сарын 29-ны орой манай малчин ах Д.Пүрэвдарь над руу залгаад танай хүрэн зээрд гүүг хулгайч аваад нядлаад махыг нь тушаах гэж яваад аймгийн цагдаад баригдаад оччихсон байгаа юм байна... ...Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Тээл гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгайд алдагдсанба бэлчээр дээрэээсээ алдагдсан... /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Бөхбаярын ...50-86 УНО улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг ба миний танил А.Батбаяр нь надаас 2015 оны 5.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч одоо болтол мөнгөө өгөөгүй мөнгө нь дутуу байгаа учир би нэрээ шилжүүлээгүй байгаа юм... /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

гэрч М.Энхбаярын ...шөний 2 цагийн үед байх Мэндийн үзүүр газарт айлын гадаа гэрэл, хүмүүс харагдаад байхаар нь цагдаа Ч.Энхдалайгийн гэрэл тусгаж хартал саарал алаг гүү машины араас гүйгээд урт цулбуур чирээд давхиад явсан тэгэхээр нь бид 2 очоод Ч.Энхдалай машины цаана байсан жолоочийг нь дуудаад шалгаад байж байтал манай сумын А.Батбаяр гараад ирсэн тэгэхээр нь Ч.Энхдалай нь энэ хэний адуу юм бэ гэж асуухад А.Батбаяр манай адуу гэж хэлсэн тэгэхээр нь битгий худлаа яриад бай энэ адуунууд П.Сумхүүгийн адуунууд гэж Ч.Энхдалай тэгээд Ч.Энхдалай бид хоёр машинд байсан 2 хүн болон А.Батбаярыг авч ирж шалгасан... ...Тэдгээр адуунууд манай сумын П.Сумхүүгийн хүрэн азаргатай 21 тооны байсан. А.Батбаярын адуунууд биш байсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Ч.Энхдалайгийн ...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ны орой сумын хэмжээний нэгдсэн эргэлт шалгалтын хүрээнд сумын Буурлын 1 дүгээр багийн иргэн М.Энхбаярын хамт Жаргалант сумын 2 дугаар багийн нутагт хөдөө хяналт шалгалт хийгээд явж байхад шөнийн 02 цагийн үед байх Мэндийн үзүүр гэх газарт А.Батбаярын өвөлжөөн дээр гар чийдэн тусгахад хүмүүс яваад байсан тэгэхээр нь бид хоёр яваад очсон тэгэхэд модон. Хашаан дотор адуу хашчихсан хашааны урд талд цэнхэр өнгийн портер зогссон байхаар нь тэр машины урдаас гэрэл тусгаж зогссон тэгтэл урт цулбууртай, толгойдоо ногттой саарал алаг машины араас үргээд давхиад явсан машины ард нэг хүн байсан тэгэхээр нь тэр хүнийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад байж байтал А.Батбаяр амбаарын хажуу талаас чийдэн барьчихсан гэрэл тусгаад бип хоёр дээр хүрээд ирсэн тэгэхээр нь би та хоёр харанхуй шөнөөр хэний адууг хашчихсан байж байгаа юм бэ гэж асуухад А.Батбаяр дугаарагүй ба машин дотор нь нэг эмэгтэй хүн байсан ба цаашаа явж хашаатай байгаа адууг очиж үзэхэд хашаан дотор хул гүү, буурал гүү хоёр ногттой хашаанаас уягдсан байсан. Хашааны араар явж үзэхэд саарал гүү цулбуураа чирчихсэн хашааны гадаа зогсож байсан ба би хашааг тойроод хашааны үүдэнд ирэхэд А.Батбаяр, М.Энхбаяр, Ц.Батсайхан гурав хашааны үүдэнд зогсож байсан би А.Батбаяраас энэ хэний адуу вэ гэж асуухад А.Батбаяр нь энэ миний адуу гэж хэлсэн тэгэхэд М.Энхбаяр за дүү минь битгий худлаа яриад бай энэ Сумхүүгийн адуу байна гэж хэлсэн ба би А.Батбаяраас тийм үү гэж асуухад тийм гэж хэлсэн. Та хоёр яагаад айлын адуу хашаад байж байгаа юм бэ гэж асуухад А.Батбаяр миний буруу би алдаа гаргалаа гэж байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч П.Мөнхсумын ...2018 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай сумын Энхдалай цагдаа шөнө 03 цагийн үед манай гэрт ирээд танай адууг Мэндийн үзүүр гэх газар Батбаяр гэгч өөрийнхөө хашаанд хашчихсан 3 гүүг нь бариад уячихсан ачих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Энхдалай цагдаагийн хамтаар очиж адуугаа үзэхэд манай ах П.Сумхүүгийн хүрэн азаргатай 21 тооны адууг Батбаяр өөрийнхөө хашаанд хашчихсан чандмань тамгатай халиун алаг гүү, чандмань тамгатай улаан буурал гүү, чандмань тамгатай хул гүүг ногтоор ногтолж уясан байсан. Тэгээд би адуу харж хоноод өглөө цагдаа нар адуунд үзлэг хийгээд надад 21 тооны адууг бүрэн хүлээлгэж өгсөн. А.Батбаяр манай адууг хашсанаас болж халиун алаг гүү хээл хаячихсан байсан... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Ц.Батсайханы ...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед Баагийн өөрийнхөө 89921771 дугараас миний 99405159 дугаарлуу залгаж миний суудлын машин эвдэрчихсэн адуу зармаар байна гэхээр нь хэдэн адуу зарах вм бэ гэхэд 3-4 адуу зарна гэсэн. Тухайн үедээ сүлжээ тасраад байхаар нь сүлжээ орохоор маргааш ярья гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өглөө Баагийруу хэд хэдэн удаа залгахад утас нь холбогдохгүй бөгөөд Баагий орой 16-17 цагийн үед өөрөө над руу залгаад адуунд яваад оройтчихлоо та давхиад ирээч гэхээр нь ахынх нь машины жанам болохгүй байна гэхэд та аргалаад хүрээд ирээч гэсэн. Тэгээд би машины жанамаа янзлах гэсэн боловч болохгүй байхаар нь Дарханы төв рүү орж шинэ жанам авч тавиад Баагийруу ярихад би адуу малаа хашчихсан байгаа та хүрээд ирээч гэсэн. Тэгээд эхнэр Алтансолонгыг аваад Төв аймгийн Жаргалант сумын баруун хойд талд байдаг Баагийгийнд ирсэн. Намайг ирэхэд Баагий гэрийнхээ гадаа ганцаараа зогсож байсан бөгөөд танай гэрт хэн байгаа юм бэ гэхэд манай ээж, эгч хоёр байгаа гэсэн.Тэгээд гэрийнхээ дэргэд байдаг хашаанд 20 гаран тооны адуу хашчихсан хул гүү, буурал гүү, халиун алаг 3 тооны гүү бариад уячихсан энэ гурвыг ав гэсэн. Тэгэхээр нь би мөнгө муутай байгааби хоёр гүүг нв авъя гэсэн . Тэгээд би машинаа хуучин өвөлжөөний буурь байсан газарт тулгаж тавиад машины аравчаа буулгаад Баагийн халиун алаг гүүг ачихаар хөтөлж явж байхад цагдаа ирж байсан...  /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Ц.Алтанхуягийн ....25019 оны 01 сарын 28-ны өдрийн 14 цагаас эхлэн манай найзын найз А.Батбаяр миний 88252277 дугаартай утас руу өөрийн 89981771 дугаарын утсаар залгаад намайг манайд очиж адуу гаргаад өгөөч гэж гуйгаад байс хийгээд залгаад сүүлдээ би чамд хэдэн төгрөгийг нь өгнө шүү дээ гээд байхаар нь орой яваад хэзээ ирэх юм бэ гэхэд шөнөдөө яваад ирнэ гэхээр нь зөвшөөрч би 5 шар дээр очиж А.Батбаяртай уулзаж А.Батбаярын машинтай нь Төв аймгийн Жаргалант сум руу явсан. Тэгээд бид хоёр Төв аймгийн Жаргалант суманд А.Батбаярын гэрт оройн 22 цагийн орчимд очсон байх. Тэгээд А.Батбаяр гэрээсээ дээл өмсөөд морь унаад адуундаа явсан. Тэгээд би А.Батбаярын ээжээс нь ийм цасан шуурганаар орой болсон хойно адуугаа олох юм болов уу гэж асуухад манай адуу ойрхон байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй адуу ирчихсэн адуугаа хашиж байна гэхээр нь гэрээс гарах гэхэд гадаа нохой байхаар нь буцаад гэрт нь орсон. Тэгтэл удалгүй араас А..Батбаяр гэртээ орж ирээд апуугаа бариад уячихлаа гарах уу гэхээр нь за гаръя гээд бид хоёр гарахад малын хашаанд хүрэн зүсмийн гүү уясан байсныг хүйтэн байна гээд үхрийн пин рүү орж хийе гээд пин рүү авч орсон. Тэгээд байж байтал Хишигдорж гэх тэдний дүү нь надаас Хуягаа ахаа энэ эр юм уу охин юм уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр гүүг тэнд янзалж махлаад махыг нь А.Батбаярын 50-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь ачиж тэндээс 2019 оны 01 сарны 29-ны өдрийн цагт хөдөлсөн. Хөдлөхдөө А.Батбаяр нада өө малын бичгээ мартчихлаа гэж хэлээд замдаа одоо өнгөрсөн гээд явсан. Тэгж яваад Тал булгийн засмал замд нийлээд хэсэг яваад надаар гүүний 4 шийрийг нь замын урд хэсэг рүү хаяулсан. Тэгээд тэндээсээ шууд Улаанбаатар хот руу яваад Хүй долоон худгийн зам дээр цагдаад баригдсан.../хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

гэрч Д.Пүрэвдарийн ...2019 оны 01 сарын 28-259-нд шилжих шөнө манай найз Энхбаяр руу залгаад танай нэг адуу нядлагдсан юм шиг байна цагдаа дээр очиж уулз гэхээр нь би 2019 оны 01 сарын 29-ны өглөө Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэсүхтэй очиж уулзал замын хажуу руу малын шийр, толгой, хээл хаясан байна лээ танай адуу мөн байна уу очоод үзээд ир гэхээр нь би аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тал булагийн зам дагуу яваад үзтэл манай хүрэн зээрд гүүний шийр, шийр, толгой , хээлийг нь замын хажуу руу хаясан байхыг нь очиж хараад мэдсэн... /хх-ийн 103 дугаар хуудас/,

гэрч Д.Отгонбаярын...Манай малчин Д.Пүрэвдарь ах 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өглөө над руу залгаад манай 1 тооны гүүг хүн махлаад аваад явсан юм шиг байна гэхээр нь би сумын цагдаа дээр очтол манай хүрэн зээрд гүүний 4 шийрийг нь авчирчихсан байсан ба хэсгийн төлөөлөгчтэй уулзаад Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тал булагийн зам дагуу явж байтал манай гүүний толгой болон шуудайнд хийж хаясан байсан нь олдсон гэхээр нь толгой, хээлийг нь авсан... /хх-ийн 105 дугаар хуудас/,

гэрч Б.Хишиг-Одын ...Батбаяр ах гэрээсээ 2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед хот руу явахаар гэрээсээ өмнө нь нэг хонь хийсэн байсан тэрнийхээ гулууз махыг аваад өөрийнхөө карина машинтайгаа ганцаараа явсан тэгээд 2019 оны 01 дүгээр 28-ны орой 21 цагийн үед Хуягаа ахтай цуг гэртээ ирээд өөрөө гараад морь унаад хойшоо яваад 30 орчим минутын дараа ирээд хориод тооны адуу Батбаяр ах өөрөө морьтой туугаад адууныхаа хашаа руу оруулсан оруулад хүрэн зүсмийн морь бугуйлдаад барьсан адууг нь гаргаад хойшоо хөөсөн Тэгээд үхрийн пинд оруулаад адуугаа гаргасан хийж дуусаад шөнө хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна карина машиныхаа багажинд хийгээд хот руу Хуягаа ахтай цуг явсан би тэгээд унтсан. Хэний адуу гэдгийг мэдэхгүй би тэр хавиар хараагүй би адуунд цөөхөн явдаг учраас сайн мэдэхгүй байна. 20 тооны харанхуй учраас азаргыг нь хараагүй дан бараан зүсмийн адуу байсан содон зүстэй адуу харагдаагүй... /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

сэжигтэн Ц.Батсайханы ...Баагий руу залгаад яасан юу болсон гэж асуухад Баагий надад адуу зармаар байна гэсэн тэгэхээр нь би маргааш өглөө эрт явъя гэж хэлсэн. Би маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өглөө 08 цагийн үед Баагий руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Би машиндаа ойр зуурын юм хийж байгаад дүүгийнхээ хүүхдийн үсний найранд очоод байж байгаад өдөр 15 цагийн үед гэртээ очоод машиндаа юм хийж байхад 17 цагийн үед Баагий над руу дохиод байсан. Тэгэхээр нь би машины жанам янзалчихаад эргээд ярья гэсэн юм. Тэгтэл удалгүй Баагийн дахиж залгаад та яаралтай хүрээд ирээч гээд байсан тэгэхээр нь би за удахгүй машинаа янзлаад ярья гэж хэлээд орой 223 цагийн үед би Баагий руу залгатал Баагий та хүрээд ир би таныг хүлээгээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн эхнэр Алтансолонгыг дагуулаад 23 цагийн үед Дархан-Уул аймгаас 01 цагийн үед Төв аймгийн Жаргалант суманд орж ирээд Баагий руу залгатал Баагийн намайг тосч би очтол машинаа ухараагаад тавьчих гээд хөрзөн рүү шахуулж зогсоолгосон тэгээд хашаатай байсан адуун дээр нь очтол Баагий надад хул, буурал, халиун алаг “ тооны гүү зааж өгөөд энэ гурвыг зарна гэсэн тэгэхээр нь би энэ нь хэд юм бэ хэлтэл нэг нь 700.000 төгрөг гэж Баагийн хэлсэн тэгэхээр нь би жижиг байна олон адуу авахгүй 2 гүүг нэгийн 550.000 төгрөгөөр бодоод 1.100.000 төгрөгөөр авъя гэхэд Баагий за тэг гэсэн . Бид хоёр миний худалдаж авч явах гэж байсан гүүг хашаанаас нь гаргаад ачих гэж байтал Жаргалант сумын цагдаа ирээд шалгасан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Хулгайлагдсан малд хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... нийт 10.100.000 төгрөг... гэсэн үнэлгээ /хх-ийн 19 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 09/106 дугаартай ...Нитй үнэлгээ 2.985.000 төгрөг... гэсэн дүгнэлт /хх-ийн 110-116 дугаар хуудас/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 073 дугаартай ...Нийт дүн 500.000 төгрөг... гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 120-122 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 06/298 дугаартай ...Нийт дүн 850.000 төгрөг ... гэсэн дүгнэлт /2 хх-ийн 62-67 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 81, 171 дугаар хуудас/, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-86 дугаар хуудас/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-176 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 87-90 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Батбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 46-50, 148-154, 216-223 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Батбаяр нь 3 тооны адууг барьж уяад ачих гэж байхад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй боловч түүний үргэлжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Тээл” гэх газраас иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь төгссөн гэмт хэрэг тул 3 тооны адуу хулгайлах гэмт хэргийг төгссөн гэмт хэрэгт тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эцэст нь дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Батбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 2-3 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мэндийн үзүүр” гэх газраас иргэн П.Сумхүүгийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Тээл” гэх газраас иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон үйл баримт тогтоогдлоо гэж дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч А.Б нь иргэн П.Сумхүүгийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол,

мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

 

Тэрээр энэхүү ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох гэсэн өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос түүнд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч А.Б хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хоёр удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг нь үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцох нь зүйтэй.

 

            Иймд шүүгдэгч А.Б үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Сумхүүд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн, хохирогч Ж.Золбоод 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэж олсон хул гүү, буурал гүү, халиун алаг гүү гэсэн 3 тооны адууг хохирогч П.Сумхүүд биет байдлаар нь буцаан өгсөн бөгөөд мөн хохирогч Ж.Золбоо нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж махалсан адууны махыг зарж борлуулан 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг авсан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б хохирогч Ж.Золбоод үлдэх 3.860.000 /гурван сая найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн хохирогч П.С нь хулгайлах гэмт хэргийн улмаас гүүний хээл хаясан талаарх гэм хорын нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч А.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгаа бүрэн арилгаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг долоон хорин цагаар тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдалд тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Б шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Б нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 1834000000392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч А.Батбаярын 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөгийн үнэ бүхий “Тоёота Карина” маркийн 50-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч НМ83062712 дугаарын регистртэй, У овгийн А Б нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.2.,

       36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1

 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

      тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834000000392 дугаартай хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч У овгийн А Б үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

3. Шүүгдэгч У овгийн А Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн А Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн А Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

6. Шүүгдэгч У овгийн А Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

     

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн А Б 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 32 /гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

    

8. Эрүүгийн 1834000000392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь хохирогч П.Сумхүүд төлөх төлбөргүйг, хохирогч Ж.Золбоод 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг төлснийг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Батбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Карина” маркийн 50-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөгийг шүүгдэгч НМ83062712 дугаарын регистртэй, У овгийн А Б нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч У овгийн А Б 3.860.000 /гурван сая найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Ж З олгосугай.

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У овгийн А Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У овгийн А Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН