| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0400/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2020-09-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 372
2020 09 15 2020/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Л.Г, Д.М, С.Б-г, тэдний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн би, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нарт холбогдох эрүүгийн 2034002040338 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1985 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Орхон аймаг Орхон сумын Бэлэн далай 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Д М,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Баянгол сум Хараа 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, М овгийн Л Г,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймагт 1986 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо 128-103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн С Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.М, Л.Г, С.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэтогтохын ар” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 207.726 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Д.М:
...2020 оны 02 сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал С.Баатарбилэг, Л.Ганзаяа хоёр энэ хойно Баянцогт суманд алт гарж байгаа гэж байна хамт явъя гэж хэлсэн. Би тэгье гээд өглөө гэрээс гараад явсаар байгаад орой Баянцогт суманд очсон. Би машиндаа сууж байсан. Манай энэ хоёр хүмүүсийн ухаж байсан газраас энд тэндээс чулуу шороо аваад ачаад байсан. Бас хүмүүсийн ухаж байсан газар дээрээс нь аваад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа... гэж,
шүүгдэгч Л.Г:
...Гэрт байж байтал хүмүүс алт гарж байна, хүмүүс зүгээр түүгээд авчиж байна гээд яриад байсан. Тэр үед эхнэр эмнэлэгт хэвтэх гэж байсан учраас мөнгөний хэрэг их байсан учраас явахаар шийдсэн. Тэгээд найзтайгаа хамт явсан. Өглөө гэрээс гараад өдөржин явсаар байгаад шөнө тэр газрыг олсон. Бид нарыг очтол хүмүүс цагдаа ирж байна гээд чулуугаа шидээд зугтацгаахаар нь гадуур нь жоохон түүсэн. Бас нүх рүү орж хоёр хүрз чулуу аваад байж байтал цагдаа нар ирээд баригдсан... гэж,
шүүгдэгч С.Б:
...Би Мөнхзул гээд хүргэнийдээ байсан юм. Тэгтэл Л.Ганзаяа ирээд хүмүүс тэнд алт гараад аваад байна гэж хэлээд хамт явъя гээд бид гурав явсан. Бид нар өглөө гараад өдөржин яваад олохгүй байсаар байгаад шөнө арай гэж олсон. Бид нар очоод Л.Ганзаяа бид хоёр газар байсан чулуунуудаас жоохон чулуу аваад байж байтал цагдаа нар ирээд баригдсан.... гэж тус тус мэдүүлжээ.
Хавтас хэрэгт:
Эрүүгийн 2034002040338 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч С.Баатарбилэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхзул /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Л.Ганзаяа /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхбат /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, яллагдагч Д.Мөнхзул /хх-ийн 62-64 дүгээр хуудас/, яллагдагч Л.Ганзаяа /хх-ийн 67-69 дүгээр хуудас/, яллагдагч С.Баатарбилэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээний дүн /хх-ийн 48 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 09/92 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 116-122 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Ганзаяа, Д.Мөнхзул, С.Баатарбилэг нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 75-78, 88-111 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.М, Л.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэтогтохын ар” гэх газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 207.726 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын ...Би Төв аймгийн Баянцогт сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг бөгөөд Төв аймгийн Баянцогт сумын 2 багийн нутаг Эрдэнэтогтохын ар гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... ...1983 онд хайгуулын судалгаа л хийгдэж байсан тэрнээс биш ямар ч байдлаар олборлолт хийж байгаагүй эрүүл газар байсан юм.../хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Д.Мөнхбатын ...2020 оны 02 сарын 16-ны орой 20 цагийн орчим ах Мөнхзул бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй Мөнхөө, Сэхэ, Ганаа нарын хамт ах Мөнхзулын Марк Х маркийн машинтай Сэлэнгэ аймаг Баянгол сумаас Төв аймгийн Баянцогт суманд очиж алт ухахаар гарсан юм. Тэгээд 02 сарын 17-ны өглөө 07 цагийн орчим Баянцогт суманд хүмүүсийн алт ухаж байгаа газар ирсэн. Бид нарыг ирэхэд 200 гаруй хүн байсан. Тэгэхээр нь тэр хүмүүсийн ухаж байсан талбай дээр очиж хүмүүсийн өмнө ухсан байсан нүх рүү гуйж орсон юм. Бид нар тэгээд нүхээ ухаад 6 бондгор чулуу аваад байж байхад цагдаа нар ирлээ гэхээр нь зугтаасан юм... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Мөнхзулын ...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Ганзаяа Баатарбилэг хоёртой уулзаад Төв аймгийн Баянцогт суманд алт гараад байна гэж сонсоод тийшээ очиж алт олборлохоор болоод миний машинтай Төв аймгийн Баянцогт сум руу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр явсан юмаа. Тэгээд 17-ны өглөө 07 цагийн орчим тухайн алт гарч байгаа гэх газарт очоод нүхнүүдийн гадна талд байсан чулууг нь түүж аваад цагдаад баригдсан юм аа... /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
яллагдагч Л.Ганзаяагийн ...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Мөнхзул Баатарбилэг хоёртой уулзаад Төв аймгийн Баянцогт суманд алт гараад байна гэж сонсоод тийшээ очиж алт олборлохоор болоод Мөнхзулын машинтай Төв аймгийн Баянцогт сум руу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр явсан юмаа. Тэгээд 17-ны өглөө 07 цагийн орчим тухайн алт гарч байгаа гэх газарт очоод нүхнүүдийн гадна талд байсан чулууг нь түүж аваад цагдаад баригдсан юм аа... /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
яллагдагч С.Баатарбилэг ...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Мөнхзул Ганзаяа хоёртой уулзаад Төв аймгийн Баянцогт суманд алт гараад байна гэж сонсоод тийшээ очиж алт олборлохоор болоод Мөнхзулын машинтай Төв аймгийн Баянцогт сум руу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр явсан юмаа. Тэгээд 17-ны өглөө 07 цагийн орчим тухайн алт гарч байгаа гэх газарт очоод нүхнүүдийн гадна талд байсан чулууг нь түүж аваад цагдаад баригдсан юм аа... /хх-ийн 72-74 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
Шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай ...Нийт дүн 204.726 төгрөг ... гэсэн дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээний дүн /хх-ийн 48 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 09/92 дугаартай үнэлгээний ... Нийт дүн 3.420.000 төгрөг... гэсэн тайлан /хх-ийн 116-122 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Ганзаяа, Д.Мөнхзул, С.Баатарбилэг нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 75-78, 88-111 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.М, Л.Г, С.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг “Эрдэнэтогтохын ар” гэх газраас хууль бусаар ашигт малтмал олборложээ.
Тэрээр энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Д.М, Л.Г С.Б нар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон хууль бус шинжтэй үйлдлээ хоорондоо урьдчилан ярилцан тохиролцож үйлдэж байгаагаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн” бол бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Д.М, Л.Г, С.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч Н.Баяр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.М, Л.Г, С.Б нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.М, Л.Г, С.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 207.726 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Мөнхзул, Л.Ганзаяа, С.Баатарбилэг нар нь байгаль орчинд учруулсан хохирол болох 207.726 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Д.М, Л.Г, С.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй зүйтэй гэж үзэж, шүүгдэгч тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Д.М, Л.Г, С.Ба нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА МАРК-X” маркийн 32-53 СЭА дугаарын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Мөнхзулын нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034002040338 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Д.М, Л.Г С.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.25 грамм алтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нарыг бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нарыг шүүхээс тэнссэн тус бүрийн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нарт шүүхээс тэнссэн тус бүрийн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2034002040338 дугаартай хэрэгт иргэний баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг ,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.25 грамм алтыг зохих байгууллагад хүргүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Бнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА МАРК-X” маркийн 32-53 СЭА дугаарын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Мөнхзулын нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д М, М овгийн Л Г, Б овгийн С Б нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН