Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             09                16                                                    2020/ШЦТ/373                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ч О холбогдох эрүүгийн 2034000000445 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Цээл сумын Бүрзэнхий гутлын дэлгүүрт оёдолчноор ажиллах, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 14-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ч О

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.О нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 14-9 тоотод 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Б.Гэрэлчимэгийг өөрийнхөө хамаатнуудад мөнгө өглөө гэдгээр шалтаглан маргалдаж, уруул хэсэгт нь цохиж, уруулын салстад шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

шүүгдэгч Ч.О:

...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.

 

 

Эрүүгийн 2034000000445 дугаартай хэрэгт хохирогч Б.Гэрэлчимэг /хх-ийн 3-4, 5-6, 10 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч О.Пүрэвням /хх-ийн 9 дүгээр хуудас/,  гэрч Г.Алтангэрэл /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч Б.Батчимэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Очирхуяг /хх-ийн 2426 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 410 дугаар дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Гэрэлчимэгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Очирхуягийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27, 30-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 14-9 тоотод 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Б.Гэрэлчимэгийг өөрийнхөө хамаатнуудад мөнгө өглөө гэдгээр шалтаглан маргалдаж, уруул хэсэгт нь цохиж, уруулын салстад шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Б.Гэрэлчимэгийн ...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас манай эмээ болон хамаатан садан ирээд 2020 оны 07 дугаар сарын 17-нд буцаад явсан. Тэр үед нь би эмээ болон хамаатан садан нарыг явах гэхэд нь бензиний мөнгө өгсөн ба 2020 оны 07-р сарын 18-ны өглөө босоод байж байсан чинь нөхөр Ч.Очирхуяг чи өөрийнхөө тээврийн хэрэгсэлд бензин хийж чадахгүй байж хүмүүст бензиний мөнгө өглөө гэх шалтгаанаар намайг гараараа уруул хэсэгт цохиж хохирол учруулсан юм тэгээд би тухайн үед нь цагдаагийн байгууллагат мэдэгдээгүй ба 2020 оны 07 сарын 21-ны өдөр гэртээ байсан чинь нөхөр Очирхуяг архи согтууруулах ундаа уусан согтуу ирээд хашаанд хашхирч байгаад гэрт орж ирээд намайг үстээд сандал дээр сууж байсан чинь түлхэж унагаагаад тэгсэн манайд байсан хүүхдүүд Очирхуягийн эгчийг дуудаад тэгсэн Очирхуягийн эгч Алтангэрэл цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэгээд Очирхуягийг цагдаа нар ирээд авч явж эрүүлжүүлсэн... ... Манай нөхөр Очирхуяг өчигдөр архи уугаад орж ирээд гадаа машиндаа суугаад шөнөжин ганцаараа архи уугаад хоносон, өглөө намайг 8 цагт байхгүй байсан. Тэгээд би 15 цагийн орчимд төв орчихоод 16 цагийн үед гэртээ ирэхэд гэртээ согтуу алах гээд хашхираад байж байгаад 14-6 байх ээжийндээ  орчихоод ирснээ гэнэт би гадаа хаалганы довжоон дээр сууж байтал үсдэж татаад довжоо руу унагасан гэтэл манайд байсан хадам эгчийн хүүхэд 14-6 тоотод байх хадмынд очоод хүмүүс дагуулаад ирсэн. Тэгээд төрсөн эгч болох Алтангэрэл нь цагдаа дуудсан. Ер нь бол өдөр бүр архи уугаад л байж байдаг. Би ажилтай учраас цагдаа дуудаж байсан боловч цохиж зоддоггүй байсан боловч сүүлийн үед гар хүрдэг болсон. 2020.07.16-174-ны орчимд би машинаа хүнээр янзлуулаад 2500 төгрөгөөр бензин хийж өгсөн чинь чи хамаатандаа мөнгө өглөө гээд гараараа нүүр лүү цохиж дээд уруул язарсан байдалтай болгосон. Тухайн үед эрүүл байсан болохоор нь би цагдаа дуудаагүй юм... /хх-ийн 3-4, 5-6, 10 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч О.Пүрэвнямын ...20220 оны 07-р сарын 21-ны өдөр манай аав архи уусан гаднаас орж ирээд манай гэрт байсан 4 настай дүү ээж бид нарыг ална шүү гээд л хашхираад байсан. Тэгээд би гэрээс гараад айж гүйгээд аавын төрсөн эгч Алтангэрэл эгчийг дуудаад би цааш тоглох гээд явсан. Тэгээд би Тэгээд би жаахан тоглож байгаад гэртээ ороход аав байхгүй байсан. Цааш нь юу болсныг би мэдэхгүй байна... ...Манай аав архи байнга уудаг. Эрүүл үе гэж ерөөсөө байдаггүй. Архи уухаараа их муухай ааштай, пизда, гичий гэх зэрэг хараал хэлдэг, би аавыгаа согтуу байхад нь айдаг. Аавыг эрүүл байхад зан нь гоё гэхдээ бараг эрүүл байдаггүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/, 

гэрч Г.Алтангэрэлийн ...Манай төрсөн дүү Ч.Очирхуяг хашаандаа архи согтууруулах ундаа хэрэглэчихээд хашхираад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би юу болж байгаа юм бол гэж бодоод гэрт нь ортол Очирхуяг, эхнэр Гэрэлчимэг нар гэртээ байж байсан ба Гэрэлчимэг намайг гэрт нь ороход намайг гэрийн үүдэнд сандал дээр сууж байхад түлхэж газарт унагаасан энэ бүр архи уугаад байна гэж хэлэхээр нь би одоо бүр архи уугаад эхнэртээ гар хүрдэг болох нь гээд цагдаа дуудсан. .. /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч Б.Батчимэгийн ...2020.07.24-ны 410 дугаартай Б.Гэрэлчимэгийн биед үзлэг хийхэд дээд уруулын дотор салстад 1.5 см урттай язарсан шарх үүсэж орчим эд хавдсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

яллагдагч Ч.Очирхуягийн ...Манайх Төв аймгийн Зуунмод сумын 6-р багт байдаг юм. 2020 оны 07 сарын 18-ны өдөр манайд эхнэрийн талын хамаатан садан ирээд явсан юм. Тэгэхэд эхнэр Гэрэлчимэг тэд нарт бензиний мөнгө өгсөн юм тэгэхээр нь би эхнэр Б.Гэрэлчимэгт чи өөрийнхөө машинд бензин хийгүй байж хүмүүсийн машинд бензин хий гээд мөнгө төгрөг өгөөд байх юм гэсэн чин эхнэр Б.Гэрэлчимэг миний ард зогсож байсан миний толгой руу гараараа түлхээд тэгэхээр нь би гараа хойш нь савтал эхнэр Б.Гэрэлчимэгийн уруул хэсэгт нэг удаа цохисон юм. Би цохьё гэж цохиогүй юм. Тэгээд 23020 оны 07 сарын 21-ны өдөр би архи согтууруулах ундаа уусан гэртээ ирсэн юу болсон талаар мэдэхгүй байна... /хх-ийн 24-26 дугаар хуудас/,нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 410 дугаартай ...Б.Гэрэлчимэгийн биед дээд уруулын салстад шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Гэрэлчимэгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Очирхуягийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27, 30-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ч.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Гэрэлчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биеийн зулай, баруун бугуй, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн түүний эхнэр Б.Гэрэлчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг,  

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,

мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдүүдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.    

 

Мөн шүүгдэгч Ч.О гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гэрэлчимэгийн биед дээд уруулын салстад шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

  

Шүүгдэгч Ч.О хохирогч Б.Гэрэлчимэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 3-4 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Б.Гэрэлчимэгийн мэдүүлэг, мөн 14 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Б.Гэрэлчимэгийн хүсэлт, шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Ч.О хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.О торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Ч.О оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.О нь оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар   

Эрүүгийн 2034000000445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Гэрэлчимэг нь хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

  

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

            хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                                    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овгийн Ч  О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Ч  О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч  О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

4. Шүүгдэгч Б овгийн Ч  О шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  

5. Эрүүгийн 2034000000445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Гэрэлчимэг нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүйг, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Б овгийн Ч  О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч  О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН