Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр Дугаар 212/МА2017/00029 Өлгий сум

 

 

 

Т.Х ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаар шийдвэртэй, тус аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Т.Х ы хүсэлттэй иргэний хэргийг Т.Х болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хүсэлт гаргасан Т.Х , түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Хүү Х.Ахтилекийг нөхөр Х.Майлыбайд үрчлэгдэж байсныг тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн агуулга: Монгол Улсын иргэн Х.Майлыбай, Т.Х нар бид сайн дурын үндсэн дээр М.Нурмухамет, К.Айсауле нарын хүсэлтийг харгалзан тэдний дундаас 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ахтилекийг Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 58 дугаар захирамжаар үрчилж авсан. Хүү Ахтилекийг үрчилж авсан цагаас миний нөхөр Х.Майлыбай, Т.Х бидний асрамжид байж одоо эрүүл саруул өсөн торниж байна.

Тухайн үед хүү Ахтилекийг бидэнд үрчлүүлэх үед миний нөхөр болох Х.Майлыбайн нэр захирамжид бичигдээгүй орхигдсоныг би тухайн үед анзаараагүй өнгөрсөн байна. Гэтэл миний нөхөр хүү Ахтилекийн эцэг Х.Майлыбай нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нас барсан юм. Манай нөхөр Х.Майлыбай нас барах хүртэл манайх ам бүл 3, нөхөр, би, хүү Ахтилек нар байсан юм. Манайх 2004 оноос хойш жил бүр хүн ам, мал тооллогын үеэр 3 хүнээр тоологдож байсан. Иймд хүү Ахтилек нь Х.Майлыбайд үрчлэгдсэн буюу түүний асрамжид байсан болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Ахтилекийг Х.Майлыбайн асрамжид байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т.Х ы хүү Ахтилек нь Х.Майлыбайд хууль ёсоор үрчлүүлсэн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч Т.Х ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг, Жантекей-Шашу овогт Тынзыйгийн Х нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Х.Майлыбай, Т.Х нар сайн дурын үндсэн дээр М.Нурмухамет, К.Айсауле нарын хүсэлтийг харгалзан тэдний дундаас 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ахтилекийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 58 дугаар захирамжаар Т.Х д үрчлүүлсэн байна. Хүү Ахтилекийг үрчилж авсан цагаас хойш Х.Майлыбай, Т.Х нарын асрамжид байж, одоо эрүүл саруул өсөн торниж байна. Тухайн үед хүү Ахтилекийг Х.Майлыбай, Т.Х нарт үрчлүүлэх үед Х.Майлыбайгын нэр захирамжид бичигдээгүй орхигдсоныг анзаараагүй байсан юм.

Х.Ахтилекийн үрчилж авсан эцэг-Х.Майлыбай нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан юм. Х.Майлыбай нас барах хүртэл тэдний ам бүл 3, нөхөр, эхнэр, хүү Ахтилек нар байсан юм. Х.Майлыбайн өрх 2004 оноос хойш жил бүр хүн ам, мал тооллогын үер ам бүл 3, үүнд Майлыбай, Х , хүү Ахтилек нар гэж тоологдож байсан юм. Иймд хүү Ахтилек нь Х.Майлыбайд үрчлэгдсэн байдлыг иргэний хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн "Хүүхэд үрчлүүлэх тухай 69 дүгээр захирамж, Бугат сумын 3 дугаар багийн иргэн М.Нурмухамет К.Айсауле нарын №23004891 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, М.Нурахмет, К.Айсауле нарын гэрлэсний баталгаа, К.Айсаулегийн иргэний үнэмлэх, М.Нурахметийн нас барсны гэрчилгээ, Х.Ахтилекийн төрсний гэрчилгээ, № 231\004828 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Х.Майлыбай, Т.Х нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Х.Майлыбай, Т.Х нарын иргэний үнэмлэх, Х.Майлыбайн нас барсны гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн № 834 албан бичиг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 135 тоот тодорхойлолт, Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс олгосон Х.Ахтилек нь эрүүл чийрэг бойжиж байгаа тухай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 50 тоот албан бичиг, Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, Шыбарайгыр-Жүзик овогт Көлбайн Айсаулегийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар хүү Ахтилек нь Х.Майлыбайд үрчлэгдсэн болохыг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Т.Х ы хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хүсэлтийн үндэслэлд дурдагдсан үйл баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтууд, тухайлбал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар захирамж, Үрчилсний бүртгэлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231/004828 дугаартай лавлагаа, БЮ03301616 регистрийн дугаартай, Ботахара Шаку овогт Х ы Ахтилекийн №0144055 дугаар, Г-60/782 тоот гэрчилгээний хуулбар зэргээр хүү Ахтилек нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Жантекей Шаку овогт Тынзыйн Х д үрчлэгдсэн бөгөөд түүнийг тухайн үед Т.Х ы нөхөр Молхы хошах овогт Хажекенийн Майлыбайд үрчлэгдэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх бичмэл баримтуудаар үгүйсгэгдсэн байна.

 

Хүсэлтийн үндэслэлд дурдсанчлан Х.Ахтилек нь Т.Х болон түүний нөхөр Х.Майлыбай нарын гэр бүлд, тэдний асрамжид байсан, одоо Т.Х ы асрамжид байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 834 дүгээр албан бичиг бүхий тодорхойлолт, Х.Майлыбай, Т.Х нарын гэрлэлтийн гэрчилгээ, №0000158755 тоот нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь тухайн үед буюу 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Х.Ахтилекийг Хажекенийн Майлыбайд үрчлүүлж байсныг тогтоох үндэслэл болохгүй юм.

 

Иймээс дээрх үндэслэлээр Т.Х болон түүний өмгөөлөгчийн Ахтилекийг Х.Майлыбайд үрчлэгдсэн болохыг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар шийдвэрлэж өгөх тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хүсэлтийн агуулгаас үзвэл, Т.Х нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан ба тэрээр гомдолд дурдсанчлан үрчлэлтийг бүртгүүлсэн байдал-ыг тогтоолгохоор анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй тул түүний дээрх агуулга бүхий хүсэлтийг тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал хэмээн үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14.-т заасныг баримталж, хүсэлтийг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК