Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 15

 

Ө.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал            

Прокурор                                        Д.Энхтуяа

Хохирогч                                        Э.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.Нандинцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ч-т холбогдох эрүүгийн 1718003110191 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 01 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө- овогт Ө-ын Ч- /РД:**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ө.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 1.38 хувийн согтолттойгоор 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 6338 ДАХ улсын дугаартай “Сонота-6” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Б-, Д.У-, Д.Н- нарыг мөргөж, Э.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 б.в-д заасныг зөрчин хэргийн газрыг жолооч зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 372 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Өөлд овогт Өлзийбаярын Ч-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч- нь иргэний нэхэмжлэгч Д.У-т төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б- нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,00 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, шүүгдэгч Ө.Ч-ын эдлэх ялыг 7 сарын /долоон сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч-т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ө.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор... тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Ө.Ч- нь хохирогч Э.Б-д учруулсан бодит хохирол төлбөр болох эмчилгээний зардал болон бусад төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байгаа юм. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ...хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлж тэнсэх арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан.

 Анхан шатны шүүхээс уг хуулийг хэрэглэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг бүрэн арилгаагүй гэж үзэж, цаашид гарах хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлж байгаа боловч, хэрхэн яаж нөхөн төлөх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр ял оногдуулсан. Гэтэл Ө.Ч-ын хувьд хохирогч Э.Б-д учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулсан байхад цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь хэдэн төгрөг гарах нь тодорхойгүй, хавтаст хэрэгт энэ талаарх ямар нэгэн баримт байхгүй байхад хохирогчийн амаар нэхсэн мөнгийг шууд тохиролцоод төлөх боломжгүй юм.

Хохирогч Э.Б-ы зүгээс цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний журмаар иргэний шүүхэд хандаж нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд мөн Ө.Ч-ын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Э.Б- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Ө.Ч- нь гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөр болох эмчилгээний зардал, бусад бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд миний бие цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний журмаар, иргэний шүүхэээр нэхэмжпэхэд татгалзах зүйлгүй. Иймээс Ө.Ч-т анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Ө.Ч-т оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой тул тэнсэж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү, миний бие гомдолгүй” гэв.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч нь хохирогчтой тохиролцож хохирлыг барагдуулахаар хэлэлцээр хийсэн тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд байгаа учраас улсын яллагчийн зүгээс хэлэх зүйлгүй” гэв.

Тодорхойлох нь:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Ч-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 1.38 хувийн согтолттойгоор 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 6338 ДАХ улсын дугаартай “Сонота-6” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Б-, Д.У-, Д.Н- нарыг мөргөж, Э.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 б.в-д заасныг зөрчин хэргийн газрыг жолооч зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Ө.Ч-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, түүний эдлэх ялыг 7 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ө.Ч- нь 2017 оны 10 сарын 14-ний орой 22.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 6338 ДАХ улсын дугаартай “Сонота-6” маркийн автомашиныг согтуугаар жолоодож явснаас зам тээврийн осол гаргаж, улмаар осол гаргасан даруй тээврийн хэрэгслээ зогсоох, осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэх, тэднийг иртэл хүлээх зэрэг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргийг зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн гаднах шороон хэсгээр явж байсан иргэн Э.Б-, Д.У-, Д.Н- нарыг мөргөж, иргэн Э.Б-ы биед тархины дунд зэргийн няцрал, баруун ухархайн дотор, доод хананы хугарал, баруун хацар ясны болон хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, гуя, өвдөг, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, иргэн Д.У-ийн биед баруун мөр, зүүн шилбэ, зүүн шагайны цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, улмаар ослын хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн үед эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан Д.Бүдхандын “...ослын газарт очиход 3 хүн мөргүүлсэн гээд өөрсдөө түргэн тусламж дуудсан гэсэн ба 1 эрэгтэй нь газарт унасан, ухаангүй байсан, харин 1 эмэгтэйгийн куртка нь урагдсан, хөл гэмтсэн гээд босож чадахгүй, ёолоод сууж байсан. Арай нас залуу эрэгтэйн бие гайгүй, бэртсэн, гэмтсэн ил шарх, сорвигүй байхаар нь болсон явдлыг асуухад саарал өнгийн машин ирж дайраад жолооч нь бууж ирээд биднийг доромжилж байгаад зугтаад явсан гэсэн. Эрэн сурвалжлага хийхэд 6338 ДАХ улсын дугаартай “Сонота-6” маркийн машин болохыг тогтоож гэрийн хаягаар нь очиход машин нь хашаандаа тавиатай, машиныг ажиглахад осол гаргасан бололтой урд гуперийн зүүн тал, баруун талын шил хагарсан, урд салхины шил баруун талдаа цуурсан байсан. Энэ айлд явж ортол Ч- гэгч нь согтуу, нэлээд сандарсан байдалтай байсан. “осол гаргасан уу” гэхэд “би осол гаргасан, машинаа унаж ирээд шууд хашаандаа тавьсан” гэж байсан” гэж гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн хохирогч болох Э.Б-ы “....Д.У-, Д.Н- нарын хамт ажилчдын автобуснаас гэрийнхээ ойролцоо буугаад явж байтал араас гэнэт машины дуу гараад эргээд хартал саарал өнгийн “Сонота-6” маркийн машин ирээд миний биеийн баруун хэсэгт мөргөсөн. Мөргүүлээд ухаан алдсан байсан. Надад тархины няцрал, ухархай ясны хугарал, хацар ясны хугарал гээд олон онош тавьсан. Аймгийн гэмтлийн эмнэлэгт 8 хоног эмчлүүлээд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төвийн гавал тархины тасагт хэвтэж хацар ясны цөмрөл нөхөх хагалгаанд орсон. Байнга өвчин намдаах эм ууж байгаа, бие зовиур ихтэй байгаа. Осол болсны дараа машинаараа дайрсан жолоочийг цагдаа нар олж барьсан байсан. Шүүгдэгчээс 2.361.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардал, цалингаа нэхэмжилнэ. Би сард 570.000 төгрөгийн цалин авдаг. Осолд орсноос хойш 6 сар ажилдаа явж чадаагүй. Иймд дээрх хугацааны цалин, эмчилгээний зардал гээд 8.0 сая төгрөг нэхэмжилж байна” гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.У-, гэрч Д.Н- нарын “....замын гадна шороон хэсгээр биднийг явж байхад араас хурдтай мөнгөлөг өнгийн машин ирж мөргөсөн” гэж ослын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 б.в,  2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг жолооч Ө.Ч- зөрчсөн, явган зорчигч нар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй талаар гарсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн № 106 дугаартай дүгнэлт, осол нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй гэсэн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн №40 тоот дүгнэлт, хохирогч Э.Б-ы биед хүндэвтэр, Д.У-ийн биед хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн №1021, №1019 дугаартай дүгнэлтүүд, хохирогч Э.Б-ы өвчний түүхийн хуулбар, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, жолооч Ө.Ч- нь 1.38 хувийн согтоллтой байсан тухай тэмдэглэл, хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Ч-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Хууль тогтоомжийн тухай Монгол улсын хуулийн 28.6 дугаар зүйлийн 28.6.3-т “ зүйлийг араб тоогоор ард нь “дүгээр” эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл г.м/, 28.6.4-т “зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1 г.м/, 28.6.5-д “зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1 г.м/ дугаарлаж бичихээр заасан байх тул прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хуулийн зүйл заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1” гэх мэтээр хэрэглэж бичсэн нь буруу, харин “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.1” гэх мэтээр бичихийг цаашид анхаарах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ