Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0568

 

 

 

 

 

 

 

 

                Х.А-н нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.А

Хариуцагч Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 228 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0317 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Р.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0069/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А-с Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 228 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 

“...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ааас гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Х.А дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128\ШШ2022\00317 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Х.А-н нэхэмжлэлтэй Монгол улсын Төрийн албаны зөвлөлд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх Х.А миний нэхэмжлэлийг дараах тогтоогдсон хууль зүйн нөхцөл байдлыг үндэслэн ханган шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна

3.2. Монгол улсын иргэн Х.А намайг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 220 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн нөөцөнд бүртгзсэн шийдвэр одоо хүчинтэй байна. Иймд Х.А би төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн учраас тусгай шалгалт өгөх ёсгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний уг маргаанд 2002 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна.

3.3. Х.А би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тасралтгүй 6 дахь жилдээ ажиллаж байна. Тухайлбал: Х.А би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тус газрын даргын тушаалаар аймгийн ХХҮГ-ын харьяа асрамжийн газарт 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл нябогоор, тус газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б\53 дугартай тушаалаар тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад одоо Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.Аыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б\67 дугаар тушаалаар тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Х.А би тус газарт 7 дахь жилдээ тасралтгүй төрийн алба хашиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэж үзэж байна.

3.4. Би маргаан бүхий албан тушаалд томилогдох үед Монгол улс даяар ковид өвчтэй байсан, би уг албан тушаалд өөрийгөө томилсон шийдвэр гаргаагүй, тус газрын дарга тушаал гарган намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, одоо хүртэл уг албан тушаалд эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Иймд анхан шатны шүүх Х.А намайг уг албан тушаалд хууль бус томилогдсон гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна.

3.5. Нэхэмжлэгч Х.А миний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...түүнчлэн Х.А 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн захиргаан албан хаагчийн тангараг өргөсөн боловч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш гэж дүгнэсэн тул Х.А-н төрийн албан хаагчийн тангарагын хуудсыг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй” гэжээ. Х.А би Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн Ингэхээр төрийн жинхэнэ албан хаагч Х.А би Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11 -ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Одоо шүүхэд уг маргаанд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймээс Төрийн албаны зөвлөлөөс Х.А миний төрийн албан хаачгийн тангараг өргөсөн хуудас хүчингүй болсон гэх тайлбар нь эргээлзээтэй байна.

3.6. Х.А намайг Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б\53 дугаартай тушаал хүчингүй болоогүй байна. Иймээс Х.А би өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байна. Би одоо тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаал нь чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтын хувьд хамгийн ойр албан тушаалтан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хоёр албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэлт хийгээгүй явдалд гомдолтой байна.

3.7. Төрийн албаны зөвлөл нь уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулагүй, Х.А надад энэ асуудлыг танилцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй явдалд гомдолтой байна.

3.8. Иймд Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128\Ш32022\0317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Х.А миний нэхэмжлэлийг шаардлагын ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Х.А хариуцагч Төрийн албаны Зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 228 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Х.А-г Баян-Өлгий аймаг дахь хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилох тухай Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар тушаалыг Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

2.3. Төрийн албаны Зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1-т “...хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж буй Х.Аын төрийн захиргааны албан хаагчийн тангарагын хуудас нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол бүхий эрх зүйн актаар баталгаажигдаагүй, хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул хүчингүйд тооцож” шийдвэрлэснээс үзвэл Х.А нь Баян-Өлгий аймаг дахь хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр ажиллах эрх бүхий албан хаагч гэж үзэх үндэслэлгүй.  

2.4. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний үндэслэлээ “Төрийн албаны шалгалт өгөхдөө Баян-Өлгий аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын байцаагчийн орон тоон дээр тусгай шаардлагыг нь хангасан. Нөөцөд бүртгэлтэй байсан учраас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн халамжийн газрын даргаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Шалгалтаа хуучин хуулийн үед буюу 2018 онд өгч байсан. Ерөнхий шалгалт өгсөн бол тусгай шалгалт өгөх байсан. Шаардлага хангаад мэргэшлийн шалгалт өгсөн. Нийгмийн даатгалын байцаагч болон Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжлтний ажлын байрны тодорхойлолт адилхан. Тэр үеийн мэргэшлийн шалгалт одоогийн тусгай шалгалттай адил. Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн учраас тусгай шалгалт өгөх шаарлагагүй” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “...Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд хүчингүй болгож шийдвэрлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгох эрхтэй, энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулна. Төрийн албаны тусгай шалгалт, түр орлон гүйцэтгүүлэх журам зөрчсөн байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлага хангаж томилогдоогүй учраас төрийн жинхэнэ албан хаагч биш” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх бөгөөд ийнхүү хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөрөө хуулийн дагуу үүссэн эсэхийг хянах бөгөөд анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн дагуу томилогдоогүй, нөөцөд байсан, Төрийн албаны тухай хууль /2017 оны/ дагаж, мөрдөгдөж эхэлснээс хойш төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх хуулийн зохицуулалтыг зөрчиж, тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагын хуудас хүчингүй болсон иргэнийг шууд өөр албан тушаалд томилсон нь хууль бус” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

2.5. Учир нь Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, уг журмын дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөхөөр хуульчилсан бөгөөд ийнхүү нөхөхдөө мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зааснаар тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулж нөхөхөөр хуульчилсан байна.

2.6. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, нөөцөд байгаа иргэдээс аль нэг хэлбэрээр нөхөхдөө алин ч байсан тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулалтад орж томилогдох ёстой ба нэхэмжлэгчийн хувьд Х.А нь нягтлан бодогчоор буюу төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 220 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн нөөцөд бүртгэгдсэн байх боловч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1- д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.2-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:”, 33.2.1-д “ерөнхий шалгалт”, 33.2.2-т “тусгай шалгалт /тухайн албан тушаалын/.”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс авна” гэж тус тус үзэхэд нэхэмжлэгч Х.А нь Төрийн албаны тухай хуулийн 27.1-т “...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалт өгөх үүрэгтэй байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуулийн шаардлагаар тусгай шалгалт зайлшгүй өгөхөөр журамлагдсан.

2.7. Нэгэнт дээрх хуулийг зөрчиж Х.А нь төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр Баян-Өлгий аймаг дахь хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.8. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

                  ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ