| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулууны Тунгалаг |
| Хэргийн индекс | 128/2015/0153/З/ |
| Дугаар | 313 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 313
А.Баярсайханы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч А.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаар магадлалтай, А.Баярсайханы нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.3.1, 38.3.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 39 дүгээр захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас С.Оюунбаатарт олгосон 2010 оны 028941 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/353 дугаар захирамжийн хавсралтын 115-д буюу С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын иргэн С.Оюунбаатарын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэж олгосон 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 000361127 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 450 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжийн, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газраас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-05 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний, нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/353 дугаар захирамжийн, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр С.Оюунбаатарт олгосон 000361127 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээний С.Оюунбаатарт холбогдох хэсэг буюу 258,98 м.кв газрын эрхийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлалын үндэслэл хэсэгт “нэхэмжлэгч А.Баярсайханд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгосон шийдвэр байхгүй хэдий ч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” гэж зааснаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-05 тоот хашааны газарт нэхэмжлэгч А.Баярсайхан нь 10 гаруй жил амьдарч уг газартаа амины орон сууц, бусад үл хөдлөх эд хөрөнгийг барьсан зэргээс үзэхэд А.Баярсайханы энэхүү эзэмшиж буй байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна, гуравдагч этгээд С.Оюунбаатарын нэгж талбарын дугаар бүхий 548 м.кв газар нь нэхэмжлэгч А.Баярсайханы хашааны 589 м.кв талбай бүхий газартай 258.98 м.кв газартай хэсэгчлэн давхацсан болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх дээрх байдлаар газрын давхцалыг зөв тогтоосон атлаа нэхэмжлэгч А.Баярсайханы эрх нь зөрчсөн газрын давхцалын тухайн хэсэг болох С.Оюунбаатарын эзэмшлийн 458 м.кв газрыг хүчингүй болголгүй гуравдагч этгээд С.Оюунбаатарын газар эзэмших, өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу юм” гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмших Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна.
Нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд хандан удаа дараа гаргаж байсан гэж маргадаг боловч уг газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшил ашиглалтын газартай давхацсан тухай хариуг нэхэмжлэгчид өгч байсан. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамжаар уг газрыг иргэн О.Тунгалагт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 269 дүгээр захирамжаар О.Тунгалагаас Батчимэгт, тус дүүргийн Засаг даргын 2010 оны 39 дүгээр маргаан бүхий актаар Батчимэгээс С.Оюунбаатарт тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн. Анхнаасаа Газрын тухай хуульд заасны дагуу хууль ёсоор газар эзэмших эрх олгож, үүний дараа маргаан бүхий актаар 458 м.кв газрыг гуравдагч этгээд С.Оюунбаатарт шилжүүлсэн байтал хууль ёсоор эзэмших эрхгүй этгээд болох нэхэмжлэгчийн эзэмшил газартай хэсэгчлэн давхацсан гэж дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн хууль бус газар ашиглалтаас үүдэн хууль ёсоор шилжүүлж авсан газраа эзэмшиж, ашиглаж чадаагүй бодит нөхцөл байдлууд тогтоогдож байхад магадлалын үндэслэл хэсэгт О.Тунгалаг, Батчимэг, С.Оюунбаатар нарыг тухайн эзэмшил газар дээрээ оршин сууж байгаагүй, зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй гэж үзсэн нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байх заалттай нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, Газрын тухай хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль бус болж, гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна.
А.Баярсайхан нь өөрийнх нь буусан газар нь бусдын эзэмшлийн, гэрчилгээтэй газар гэдгийг анх буусан цагаасаа мэдэж байсан атлаа хүний газар дээр дур мэдэн бууж, бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн. А.Баярсайхан ямарч зөвшөөрөлгүйгээр, газар эзэмших гэрчилгээгүйгээр бууж, хууль бусаар эзэмшиж, хууль ёсны эзэмшигчийг нь газраа чөлөөтэй эзэмших, ашиглах эрхэд нь саад учруулж, хааж ирсэн нь нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх О.Тунгалаг, Батчимэг, С.Оюунбаатар нарыг эзэмшил газар дээрээ оршин сууж байгаагүй, зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэж ташаа дүгнэлт хийсэн.
Газар дээрээ байшин бариулахаар бэлтгэл ажиллагаа хийгдсэн, тэг тэнхлэг татагдсан, зураг хийлгэсэн байгаа нь газраа ашиглаж, эзэмшиж байсныг нотолж байгаа бөгөөд хуулиар газраа эзэмшигч газар дээрээ заавал амьдарч байхыг шаардаагүй. Тэр бүү хэл Улаанбаатар хотын хүн хөдөө сумаас газар авч эзэмшиж, өмчилж болдог байтал газар дээрээ байшин барих гээд бэлтгэлээ хийж байсныг эзэмшээгүй, ашиглаагүй гэж үзэх үү, газар дээрээ буух гэхээр хууль бусаар бууж, хашаа татчихаад оруулахгүй, маргаад, буулгахгүй байсныг хүндэтгэх шалтгаанд биш гэх үү.
С.Оюунбаатар нь уг газрыг 2010 онд авснаас хойш газрынхаа 2-6 тоот тал дахь хэсэг дээр гэр барьж, амьдарч байгаа бөгөөд энэ нь шүүгчээс газар дээр хийсэн үзлэгт гэр байгааг тэмдэглэсэн баримт болон хашаанд С.Оюунбаатарын гэр байгаа зургууд, түүний иргэний үнэмлэхээ шилжүүлж бүртгүүлсэн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдсон байдаг. Энэ нь түүнийг газраа эзэмшиж, ашиглаж буйг нотолж байгаа бөгөөд зөвхөн маргаантай хэсгийг А.Баярсайхан хашаагаа сунгаснаас болоод ашиглаж чадахгүй хохирч байсан. Тэгээд ч газрыг нь хүн хууль бусаар эзэмшээд, чөлөөлж өгөхгүй байгаагаас тэдэнд эзэмшил газраа бүрэн эзэмшиж, ашиглах, хамгаалах боломж олгогдоогүй байсан гэдгийг шүүх анхаарч үзэлгүйгээр түүнийг газраа зориулалтаар эзэмшээгүй, ашиглаагүй гэж ташаа дүгнэсэн.
Шүүх А.Баярсайханыг үл хөдлөх хөрөнгө барьж 10 гаруй жил эзэмшиж амьдарч ирсэн гэдэг үндэслэлээр түүнийг С.Оюунбаатарын хууль ёсны эзэмшлийн газрын 258.98 м.кв газрын эрхийг хүчингүй болгожээ. Гэтэл А.Баярсайханы амьдарч буй үл хөдлөх хөрөнгө барьсан газар нь С.Оюунбаатарын эзэмшил газартай ямарч давхцал байхгүй, энэ хэсгийг нь эзэмшихэд нь С.Оюунбаатар саад хийгээгүй, харин түүний залгаа С.Оюунбаатарын эзэмшлийн 458 м.кв газрын 258.98 м.кв газар руу А.Баярсайхан хашаагаа сунгаж татан хууль бусаар эзэмшиж буйг дүүргийн анхан шатны шүүхээс нэгэнт тогтоож, А.Баярсайханаас Оюунбаатарын эзэмшлийн газрын 258.8 м.кв газрыг албадан чөлөөлүүлсэн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5989 дугаартай шийдвэр байгаа бөгөөд уг шүүхийн шийдвэр одоо ч хүчинтэй байгаа юм. Гэтэл нэгэнт шүүхээр тогтоосон, хүчинтэй шийдвэр байсаар байтал үүнийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай талаар нь авч үзэж, нотлох баримтаар үнэлээгүй.
А.Баярсайханы эзэмшлийн гэх 589 м.кв газар нь хуулийн дагуу баталгаажаагүй, зохих гэрээ, гэрчилгээ, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл байхгүй. Гэтэл С.Оюунбаатарын эзэмшлийн 458 мк.в газар нь хуулийн дагуу баталгаажсан, зохих эрх бүхий этгээдийн шийдвэр захирамжаар, олгогдсон, зохих гэрээ, журмын дагуу олгогдсон газар эзэмших болон өмчлөх гэрчилгээтэй, хураамжийг төлсөн, хууль ёсны эзэмшил, өмчлөлийн газар байтал, шүүх хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн газрыг хууль бус эзэмшилтэй давхацсан гэж дүгнэж, хууль бус эзэмшлийг хүчинтэйд тооцож, хууль ёсны эзэмшлийг хүчингүй болгосон нь бусдын газрыг булааж, дураар авирлагч, хууль бус эзэмшигчийг өөгшүүлж, түүнд давуу эрх олгож, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн эрхийг зөрчиж, улмаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж заасныг шүүх зөрчиж, С.Оюунбаатарын хууль ёсны газраа эзэмших, өмчлөх эрхэд нь хууль бусаар халдсан.
Газрын тухай хуульд заасан журмаар, эрх бүхий этгээдэд зохих журмаар газар, эзэмших, өмчлөх эрхийг олгогдсон, гэрээтэй, гэрчилгээтэй газар дээр хожим хэн дуртай нь ямарч зөвшөөрөлгүй дураараа бууж, хэзээ хойно шүүхийн шийдвэрээр хууль ёсны эзэмшигчийн эрхийг нь хүчингүй болгуулж, булааж авч болох юм бол хуульд газар олгох журам тогтоож, Засаг дарга захирамж гаргаж, гэрчилгээ олгож, гэрээ хийж байх ямар хэрэгтэй юм. Шүүхийн энэ шийдвэр, магадлал нь Газрын тухай хуулийг үгүйсгэж, хэн дуртай нь дуртай газраа буугаад эзэмшээд л байж болох, төрийн байгууллагаас ямарч хяналт, бүртгэл байх хэрэггүй гэсэн буруу ойлголтыг ард түмэнд бий болгож, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан бөгөөд шүүх Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, А.Баярсайханы нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” 39 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, “Чулуут” амины орон сууцны 2-4 тоот хашааны 493 м.кв, мөн 2-5 тоотын 458 м.кв газруудыг С.Оюунбаатарт шилжүүлэн эзэмшүүлсэн, С.Оюунбаатар нь “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0289041 дугаар гэрчилгээ”-гээр баталгаажсан 2-5 тоот хаяг дэх 458 м.кв талбайтай уг газраа нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар өмчлөн авч, эрхийн улсын бүртгэлд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлж, өмчлөгчийн гэрчилгээ авчээ.
Нэхэмжлэгч А.Баярсайхан нь “...хог шороо ихтэй, хэн нэгний эзэмшлийн бус байсан газрыг өөрийн хөрөнгөөр засан тохижуулж 2002 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа..., тус газарт 2005 онд орон сууц, 2007 онд агуулахын барилга барьсан..., тухайн газрыг хуулийн дагуу эзэмших хүсэлтээ гаргаж байсныг шийдвэрлээгүй..., 12 жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн” гэж маргаж, дээрх шийдвэрүүд, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгаланд барих орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамжаар газрын хуваарилалт хийгдэж, “амины орон сууцны хороолол” гэсэн байршилд иргэн О.Тунгалагт 500 м.кв газар эзэмшүүлэхээр 4352 дугаартай эрхийн гэрчилгээ 2002 онд олгосон байна. О.Тунгалаг хувиарлагдсан газарт “барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт” үйлдүүлж, амины орон сууц барих зориулалтаар газар ашиглах 2 жилийн хугацаатай гэрээг 2002 онд Баянзүрх дүүргийн Газрын албатай байгуулсан боловч уг газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшээгүй байна.
Тэрээр 2006 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “газрын эрх шилжүүлэх гэрээ”-г иргэн А.Батчимэгтэй байгуулж, хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 296 дугаар захирамжаар “Чулуут амины орон сууцны 2-5” гэсэн байршилд А.Батчимэгийн газар эзэмших эрхийг баталгаажуулжээ.
Мөн А.Батчимэг, С.Оюунбаатар нарын 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, хүсэлт зэргийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжаар С.Оюунбаатарт “Чулуут АОС-ны 2-5” тоотын 458 м.кв талбай бүхий амины хашааны газрыг шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших 0289041 дугаартай гэрчилгээ олгосон байна.
Маргаан бүхий газрын кадастрын зургийг иргэн О.Тунгалаг анх 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хийлгүүлж, мөн өдөр эдлэн газрын улсын тоо бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд нэгж талбарын 18647310698044 дугаар бүхий 458 м.кв газрыг О.Тунгалаг, А.Батчимэг нарын хэн аль нь эзэмшиж байгаагүй, энэ газрын зарим хэсэг болох 220 м.кв газрыг иргэн Н.Ганбатын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар гарсан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн “зохигч эвлэрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2014 оны 6099 дүгээр захирамжийн дараагаар газрын энэ хэсгийг С.Оюунбаатар нь бодитойгоор эзэмшсэн байна.
Түүнчлэн С.Оюунбаатар нь 458 м.кв газрынхаа зарим хэсэг болох 258.8 м.кв газрыг А.Баярсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5989 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хангаж, 258.8 м.кв талбай бүхий газрыг А.Баярсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлсөн байна. Энэ хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр А.Баярсайханы байшин 2-4 тоот хашааны газарт, харин 2-5 тоотын буюу маргаан бүхий газрын 11.7 м.кв хэсэг газарт А.Баярсайханы гражийн зүүн хойд тал нь баригдсан, 258.8 м.кв газрыг хашаалсан зэргийг тогтоожээ.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэвэл, нэхэмжлэгч А.Баярсайхан нь газрыг дур мэдэн эзэмшилдээ авч, байшин барьж эзэмшиж, ашиглаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн боловч бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн гэж түүнийг буруутгах боломжгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг эзэмших эрх 2001 оноос үүссэн О.Тунгалаг, түүнээс шилжүүлэн авч 2006 оноос эзэмшсэн А.Батчимэг нар нь газар эзэмших эрх зөрчигдсөн талаар эрх бүхий байгууллага, шүүхэд хандаж байгаагүй, энэ хэргийн гуравдагч этгээд С.Оюунбаатар нь маргаан бүхий газрыг 2010 онд шилжүүлэн авахдаа тухайн газарт бусдын үл хөдлөх баригдсан, өөр этгээдийн эзэмшилд байгааг мэдэх боломжтой байсан хэрнээ хариуцлагагүй хандсан байна.
Үүний зэрэгцээ А.Баярсайханы газар эзэмших тухай хүсэлтэд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас “бусдад эзэмшүүлсэн газарт давхацсан” гэж хариу өгсөн талаар баримтгүй, 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг нь Баянзүрх дүүргийн Газрын албанаас шалгаж байсан боловч “маргаантай” болох нь тодорхой уг газрыг мөн оны 12 дугаар сард гаргасан А.Батчимэгийн “шилжүүлэх” хүсэлтээр шийдвэрлэсэн нь тухайн асуудлыг нягтлалгүй гаргасан, тус газрыг 2002 /2005 онд үл хөдлөх хөрөнгө баригдсан/ оноос эзэмшсэн А.Баярсайханд тэгш бус хандсан гэж үзэхээр байна.
Харин А.Баярсайхан нь тус тусдаа нэгж талбар бүхий 2-4 болон 2-5 тоот хашааны газар дээр дамнуулан барьсан 2 байшин, хашаагаа оролцуулан 589 м.кв газрын “эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”-ыг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Total Map” ХХК-иар хийлгүүлэхдээ С.Оюунбаатарт эзэмшүүлсэн нэгж талбарын 18647310698044 дугаар бүхий 458 м.кв газарт бүхэлдээ давхцуулсан байхад анхан шатны шүүх, уг зурагт үндэслэн түүний эзэмшиж буй 589 м.кв газрын хэмжээгээр эрх нь зөрчигдсөн гэж дүгнэж, С.Оюунбаатарын 458 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж нэхэмжлэгчийн эзэмшиж буй 258 м.кв газарт давхцалтай хэсгээр нь хүчингүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулсан нь зөв болжээ.
Түүнчлэн захиргааны хэргийн шүүх захиргааны акттай холбоотой, захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхээр хангагдаж шийдвэрлэгдсэн А.Баярсайханы хууль бус эзэмшлээс 258.8 м.кв газар чөлөөлүүлэх тухай С.Оюунбаатарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, уг шаардлагыг хариуцах этгээдээс өөр учир нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх байдалд үндэслэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтэд уг газар нь Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхацсан тухай хариу өгсөн, ...хууль бус эзэмшлээс үүдэн хууль ёсоор шилжүүлж авсан газраа эзэмшиж, ашиглаж чадаагүй нөхцөл байдал байсан...”, гуравдагч этгээдийн “...хүндэтгэх шалтгаанаар газраа ашиглаж чадаагүй нөхцөл байдлыг, ...хууль бус эзэмшлээс чөлөөлөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй” гэсэн гомдлуудыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ