Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

     2020            08               13                                                 2020/ШЦТ/      378                                   

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, 

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овгийн Э З холбогдох 2034000000250 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт байсан, одоо ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хорооллын 15 дугаар байрны 69 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1. Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхийн 214 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, дугаарын регистртэй, Э овгийн Э З

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах “Агуйтын хөтөл” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хаад” гэх амралтын газрын рестораны цонхоор хууль бусаар нэвтэрч архи, пиво, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, 655810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З:

... Миний хийсэн хэрэг үнэн зөв байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн 2034000000250 дугаартай хэрэгт хохирогч Ж.Жамбал /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Э.Золбоо /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч Э.Золбоо /хх-ийн 52 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 07/152 дугаартай үнэлгээний тайлан /хх 27-33 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Золбоогийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54-102 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах “Агуйтын хөтөл” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хаад” гэх амралтын газрын рестораны цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлж, 655.810 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Ж.Жамбалын ...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутанд Төв аймаг эрдэнэ сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монгол хаад жуулчны баазаас хот руу яваад ажилчин Золбоог гадуур ногоон талбайн газар хагалах талбайг зааж өгчихөөд явсан юм. Тэгээд хотод ажил амжуулж байгаад 17 цаг 40 минутын үед жуулчны бааз дээрээ ирэхэд ажилчин Золбоо байхгүй тэгээд ресторан онгойлгоод ортол эд зүйл замбараагүй болчихсон дотор талд байсан 4 ширхэг виски, эвок нэртэй 0.75 литрийн архи 4 ширхэг, эдэн нэртэй 0.75 литрийн архи 2 ширхэг, ЛД нэршилтэй тамхи 6 ширхэг, Esse нэртэй 5 ширхэг тамхи гэх эд зүйлүүд байхгүй байсан...  /хх-ийн 17-18 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 07/152 дугаартай ...нийт хохирол 655.810 төгрөг ... гэсэн үнэлгээний тайлан /хх 27-33 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Золбоогийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54-102 дугаар хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах “Агуйтын хөтөл” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хаад” гэх амралтын газрын рестораны цонхоор хууль бусаар нэвтэрч архи, пиво, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, 655.810 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү “Монгол Хаад” гэх амралтын газрын ресторанд нэвтэрч архи, пиво, тамхи зэрэг эд зүйлсийг авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Э.З болон тэдний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.З хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.З  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Жамбалд 655.810 /зургаан зуун тавин таван мянга найман зуун арав / төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч 605.410 /зургаан зуун таван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Үүнээс 50.400 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Эдэн” нэртэй архийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтын шатанд 171.290 /нэг зуун далан нэгэн мянга хоёр зуун ер/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн нь хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Золбоо нь үлдэх 434.120 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Э.З 434.120 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Жамбалд олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Э.З хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч Э.Золбоод тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.З оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2034000000250 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.З тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 20 сантметрийн урттай төмөр лоомыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдсугай.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

   36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                    зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                         тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овгийн Э З хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э овгийн Э З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э овгийн Э З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э овгийн Э З баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2034000000250 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Зо  тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Э овгийн Э З гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 метр 20 сантметрийн урттай төмөр лоомыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э овгийн Э  З нийт 434.120 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЖИ63102914 дугаарын регистртэй, Адуучны билэг овгийн Жалавын Жамбалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.400 /тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Эдэн” архийг хэрэгсэхгүй болгосугай.  

         

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э овгийн Э З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э овгийн Э З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН