Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

    2020             09             18                                                  2020/ШЦТ/380                                            

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д Л-д холбогдох эрүүгийн 1934011160076 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.   

     

                                 Шүүгдэгч биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, Эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, Улаан Ухаа гэх газарт оршин суух хаягтай, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овогтой Д Л, регистрийн дугаар:.

  

                                      Холбогдсон хэргийн талаар

                                     /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Л нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан өөрийн эзэмшлийнхээ маланд цасан шуурганаар нийлж ирсэн иргэн Б.Отгонбаатарын өмчлөлийн 7 тооны хонь буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л:

...Хохирогчийн алдуул мал болох 7 хонийг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 652.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байна... гэж мэдүүлжээ.

  

Эрүүгийн 1934011160076 дугаартай хэрэгт хохирогч Б.Отгонбаатар /хх-ийн 05-06, 118 дугаар хуудас/, гэрч Б.Отгонбаатар /хх-ийн 07-08 дугаар хуудас/, гэрч Д.Лхагвасүрэн /хх-ийн 09, 20 дугаар хуудас/, гэрч Н.Зоригтбаатар /хх-ийн 10-11, 12, 19, 124 дүгээр хуудас/, гэрч Б.Уламбаяр /хх-ийн 13, 126 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхцогзол /хх-ийн 14, 125 дугаар хуудас/, гэрч Ш.Энхсүрэн /хх-ийн 15-16, 17-18, 120 дугаар хуудас/, гэрч П.Батхүү /хх-ийн 116-117 дугаар хуудас/, гэрч А.Зоригтбаатар /хх-ийн 119, 121 дүгээр хуудас/, яллагдагч Д.Лхагвасүрэн /хх-ийн 40-41, 122-123, 132-133 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06/480 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 22-27 дугаар хуудас/, 

болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-54, 57-59, 71 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан өөрийн эзэмшлийнхээ малд цасан шуурганаар нийлж ирсэн иргэн Б.Отгонбаатарын өмчлөлийн 7 тооны хонь буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгааг мэдсээр байж завшсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Б.Отгонбаатарын ...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед хонио хяргаж байтал манай хонь дутсан байсныг мэдсэн тэгээд манай ойр хавьд байдаг айлын хонинуудыг шүүж үзсэн. Би тухайн үед хонио хайгаад олоогүй тэгээд Баянжаргалан сумын төв дээр явж байгаад Зоригтбаатар гэдэг хүнтэй таараад хонины эм тамгыг хэлээд асуутал Зоригтбаатар нь манай хонинд тийм эм тамгатай хонь байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш манай малыг малладаг Зоригоо гэх залуу надад хэлэхдээ танай эмтэй хонь Зоригтбаатарын хонинд байна би өөрт нь хэлсэнгүй чи ирээд Зоригтбаатартай уулзаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 24-ний орчим Зоригтбаатартай уулзаад манай малыг малладаг Зоригоо ах манай зөв чих нь араасаа догол, буруу чих нь араасаа хөндөл эм тамгатай хонь танай малд байна гэж хэллээ тэгээд би үзэхээр ирлээ гэхэд Зоригтбаатар нь надад хэлэхдээ танай эм тамгатай хонь байхгүй гэж хэлсэн тэгсэн манай хажуу айлын хүмүүсийг дагуулаад яв гэж хэлсэн тэгэхээр нь би хажуу талын Лхагва гэх айлд ороод манай мал танай малд байна шүүж үзмээр байна гэхэд Зоригтбаатар ах танайхаас хүн дагуулаад яв гээд байна гэж хэлэхэд тэр айлын эхнэр Мөнхцогзол эгч тэгье би явъя гээд тэгээд дагуулж яваад хонин дээр нь очиход манай зөв чих нь араасаа догол, буруу чих нь араасаа хөндөл эмтэй 3 ширхэг хургатай хонь, 1 эм хонь нийт 7 тооны хонь тэдний малд байсан ба манай малыг үсийг нь хяргаад ногоон будгаар сүүлэн дээр нь будсан байсан. Тэгэхээр нь би яагаад ингэж үсийг нь хяргаж будсан юм бэ? гэж Мөнхцогзол эгчээс асуухад Мөнхцогзол эгч бид нар хэд хоног гэртээ байгаагүй байхгүй хойгуур манай дүү ирээд хонины маань ноосыг хяргаад будаад явсан байсан гэж хэлсэн тэгээд би 7 тооны хонио хяргаад аваад явсан байгаа... ...Миний малыг Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт Зоригоо гэдэг хүн маллаж байсан... ...Манай мал миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Би хонь ямаа нийлсэн 170 орчим тооны малтай... ...Манай малын зөв чих нь араасаа догол, буруу чих нь араасаа хөндөл эмтэй... ...Манай мал Зоригтбаатар, Лхагва гэх айлын малаас гарч ирсэн... ...Лхагва мэдэж байсан тухайн үед байсан... ...Миний 7 тооны хонь 3 хурга, 4 нь бүдүүн эм хонь байсан... ...Би эм хонио 1 ширхгийг нь 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр хургаа 60.000 /жаран мянган/ төгрөгөөр үнэлж байна тэгэхээр 4 ширхэг эм хонь 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг, хургаа 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгөөр үнэлнэ... ...Би хүлээж аваад өөрийн малдаа аваачиж тавьсан байгаа... ...Би үнэлгээ гаргуулна, би Лхагва гэх залуугаас малаа асуухад намайг үг хэллэгээр доромжилсон гомдолтой байна. /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

...Би 15 тооны хонь 7 дугаар сарын 10-ны үеэр алдсан юм. Тухайн 15 тооны хониноос 7 тооны хонийг нь Лхагвасүрэн хяргаад тэмдэглээд байж байхад нь олсон юм. Үлдсэн 8 тооны хонийг олоогүй байна... ...Алдсан талаараа хонио хяргах гэж байгаад мэдсэн юм. Хэзээ ямар шалтгаанаар алдсан талаараа сайн мэдэхгүй байна. Манай суманд шуурга 5 дугаар сарын үеэр болсон юм. Хэзээ болсон талаар нарийвчлан мэдэхгүй байна... ... Манай хонинууд бүрэн байсан... ...2019 оны 07 дугаар сарын 07-09-ны хооронд нүдний баримжаагаар зүсээр нь харахад содон им тэмдэгтэй хонинууд бүрэн байсан юм нарийвчлан тоолоогүй... ...Би 7 хонийг хүлээн авсан байгаа. Үлдсэн 8 тооны хонийг дахин гомдол мэдээлэлд оруулж тусад нь шалгуулах хүсэлтэй байгаа... ...130 гаран тооны бог малтай би А данснаасаа харахгүй бол нарийвчлан мэдэхгүй байна.  /хх-ийн 118 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Отгонбаатарын ...2019 оны 07 сарын 20-ны үеэр манай 15 тооны хонь төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1-р багын Жаргалант гэх газраас тасарч алдагдсан.Тэгээд би хонио хүмүүсээс сураглаад явж байтал Зоригоо гэх хун дээр очоод манай хонийг харсан уу гэхэд манайд тийм хонь байхгүй гэж хэлсэн. Манай хонийг хардаг байсан Энхсүрэн эгч миний дараа ирж үзэхэд Зоригоо ахын хонь дотор миний 7 тооны хонь явж байсан.Тэгээд Зоригоо ах миний хонийг хяргаад өөрийн хонин дунд ижил өнгөөр будаад тавьчихсан байсан.Тэгээд би хонио авсан одоо миний хониноос 8 тооны хонь дутаад байна... ...7 тооны хонь маань байсан... ...1 хонийг 150.000 төгрөгөөр үнэлж байна... ...Миний өөрийн нэр дээр байдаг юм. /хх-ийн 08 дугаар хуудас/,

гэрч Н.Зоригтбаатарын ... 2019 оны 05 сарын үед байхаа их шуурганаар манай Төв аймгийн Баянжаргалан суманд байдаг Батхүү гэх ахын хонинд Отгонбаатарын 8 тооны хонь нийлчихсэн байсан.Тэгээд Батхүү ах над руу залгаж будагтай хонь манайд нийлчихсэн байна гэж хэлсэн тэгэхээр манай хонь будаггүй гэж хэлсэн.Тэгээд би Лхагвад Батхүү ахын хонинд хонь нийлчихсэн байна гэж хэлсэн тэгээд Лхагва очиж үзэхээр явсан.Тэгээд очиж үзээд Лхагва хониндоо нийлүүлсэн байсан. Лхагва бид хоёр голдоо З00 гарам хоньтой тэгээд тэр хонинд нийлүүлсэн. Тэгээд Отгонбаатар гэх хүн хонио ирж асуусан тэгээд би хонийг чинь мэдэхгүй гэж хэлээд явуулсан.Тэгээд дараа нь тэдний малчин Энхсүрэн ирж танай хонинд Отгонбаатарын хонь байна гэж хэлсэн.Тэгээд Отгонбаатар дараах нь ирж 8 тооны хонио ялгаж авсан... ...Би Лхагва-н хонь байх гэж бодож байсан болохоор мэдээгүй... ...Лхагваагийн хоньтой эм нэг байсан болохоор тэмдэглүүлээгүй... ...Эмийг нь мэдэхгүй 8 тооны хонь байсан... ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

...Би Лхагва гэх хүнтэй найз нөхдийн холбоотой... ...Би 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хот руу явсан байсан тэр хойгуур манай нутагт цасан шуурга болсон байсан. Тэгээд би гэртээ ирэхэд манай малд 3 хургатай хонь, 1 эм хонь нийлсэн байсан... ...Манай хонины буруу талын чих нь үзүүрээсээ онь имтэй, зөв талын чих нь үзүүрээсээ ганзага имтэй хонь байгаа... ...Буруу талын чих нь хөндлөн имтэй хонинууд байсан... ...Лхагвын хонь мөн буруу талын чих нь хөндлөн имтэй байсан... ...Би өгөхгүй гэж хэлээгүй, манайд очиж хонио шүүж үзэхгүй юу гэж хэлсэн... ...Нийт 7 тооны хонь байсан үүнээс эм  хонь 3 ширхэг, хурга 3 ширхэг, сувиа эм хонь 1 ширхэг байсан... /хх-ийн 12 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Уламбаярын ...Миний нөхөр байгаа юм бид хоёр хамт амьдраад 20 орчин жил болж байна... ...Манай нөхөр Зоригтбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг... ...Манай малд 2019 оны 05 дугаар сард 7 тооны хонь ирж нийлсэн байсан ба хургатай хонь 3 ширхэг, сувиа хонь 1 ширхэг байсан... ...Манай нөхөр Зоригтбаатар малладаг байсан... ...Үгүй өөр мал ирж нийлээгүй... ...Би хараагүй... ...Манайх зөв чих нь ганзага, буруу чих нь үзүүрээсээ ухам эмтэй... ...Манайх 90 орчим хоньтой 70 гаран ямаатай, адуу 40 гаран, үхэр 30 тооны малтай... ...Тухайн үед энэ талаар мэдэгддэг талаар мэдээгүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,

... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна... ...Төрөл садны холбоо байхгүй найз нөхдийн холбоотой... ...Би 2019 оны 05 дугаар сард гэж нийлсэн байх гэж бодож байсан учир нь тэр үеэр цасан шуурга болсон тэрний дараа нийлсэн байх гэж бодоод 05 дугаар сард гэж хэлсэн байгаа. Ямар ч байсан Отгонбаатар ирж малаа авсан гэхэд нь тэдний 7 хонь байсныг мэдсэн... ...2019 оны 05 дугаар сард болсон цасан шуурганы дараа манай малд 7 тооны хонь ирж нийлсэн байсан яг хэдэн сард, хэдний өдөр гэдийг нь би мэдэхгүй байна... ...2019 оны 07 дугаар сард байх Отгонбаатар ирээд манай мал байна гээд аваад явсан... /хх-ийн 126 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхцогзолын ...Миний нөхөр байгаа юм бид 2 хамт амьдраад 20 орчим жил болж байна... ...Би мэднэ 2019 оны 05 дугаар сард хургатай хонь 3 ширхэг, сувиа хонь 1 ширхэг нийт 7 тооны хонь ирж нийлсэн... ...Манай хонь буруу талын чих хөндлөн эмтэй, буруу талын чих нь хойд талаасаа ухмал эмтэй, зүүн талын чих нь онь эмтэй, ногоон будагтай хонь байгаа... ...Буруу талын чих нь ар талаасаа хөндлөн эмтэй байсан зөв талын чихний эмийг нь би санахгүй байна... ...Манайх Зоригтбаатар гэх айлтай хамт нийлүүлж мал малладаг байсан... ...Маллаж хариулж байсан... ...Зоригтбаатарынх нийт 100 гаран хонь ямаатай, 20 гаран тооны үхэртэй, 30 тооны адуутай айл байгаа юм... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна... ...Би яг хэзээ хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байгаа. 2019 оны 05 дугаар сарын сүүл билүү 06 дугаар сарын сүүл байсан байх. Их цасан шуурга болсон ямар ч байсан тэрний дараа л ирж нийлсэн байсан... ...2019 оны 05 дугаар сард цасан шуурга болсон юм тэрний дараа л ирж нийлсэн байсан. Тэгэхээр 2019 оны 05 юм уу 06 дугаар сарын сүүл байсан байх.  Би яг хэдэн сард, хэдний өдөр гэдийг нь санахгүй байгаа... ...Тэр малыг 2019 оны 06 дугаар сарын сүүл билүү 07 дугаар сард байх Отгонбаатар ирээд манай мал байна авлаа гээд аваад явсан... /хх-ийн 125 дугаар хуудас/,

гэрч Ш.Энхсүрэнгийн ... 2019 оны 07 сарын 20-ны үеэр манай малын эзэн Отгонбаатарын 15 тооны хонь Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1-р багийн Жаргалант гэх газраас алдагдсан тэгээд би хонийг нь хайж явтал Дайриймаагийн Зоригтбаатарын хонинд Отгонбаатарын 7 тооны хонийг хяргаад ногоон будгаар будчихсан байсан. Тэгээд би Отгонбаатарт хэлсэн. Тэгээд Отгонбаатар очиж авахад 7 тооны хонь нь байсан 8 тооны хонь нь байхгүй байсан. Ийм л зүйл болсон... ...Зоригтбаатарын хонинд Зоригтбаатарын 7 тооны хонь байсан хонь тус бүрийг хяргаад ногоон будгаар будаж өөрийн хонь юм шиг болгоод тавьчихсан байсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

...2019 оны зун 07 сарын үед наадмын дараа хонь хяргах үеэр би Отгонбаатарт өөрийн биеэр очиж хэлсэн. Танай хонь Лхагвасүрэнгийн хонинд байна гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар эхнэртэйгээ очиж хонио ялгаж авсан гэсэн... ...Би эхлээд 4 хонь байхыг нь харсан. Зүүн талын эм хөндлөн нөгөө талын чих нь догол байсан миний хэллэгээр. Тэгээд би Отгонбаатарт энэ тухайгаа хэлсний дараа Отгонбаатар очиж тоолж үзэхэд 7 хонь нь байсан тэгээд Отгонбаатар хонио ялгаж авсан... ...Батхүү гэх айл нь Лхагвасүрэнгийн саахалт айл байсан... ...Би мэдэхгүй байна. Одоогоор хаана оршин суудгийг нь ямартай ч Баянжаргалан сумаас явсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

...Манай нөхөр байгаа юм... ...Хамт амьдраад 10 жил болж байна... ...Би 2019 оны 07 дугаар сарын эхээр хамт айлаар явж алдсан хонио хайж явсан... ...Бид нар 15 тооны хонь хайж явж байгаад Лхагвасүрэнгийн малаас 7 тооны хонийг нь олж авсан... /хх-ийн 120 дугаар хуудас/,

гэрч П.Батхүүгийн ...Би танина гэхдээ харилцаа, холбоо байхгүй... ...Ээжийнхээ малыг өөрийнхөө хонь малыг малладаг... ...Найз нөхдийн холбоотой... ...Би малын эм тамгыг нь мэдэхгүй, тэдний мал олон янзын эм тамгатай мал байдаг... ...2019 оны 05 сарын 10-нд тэнгэр муудаж цасан шуурга болсон... ...Манай хургатай хоньтой 3 хонь нийлсэн байсан. тэрнийг манай мал гээд Зоригтбаатар ирээд аваад явсан... ...Би одоо сайн санахгүй байна... ...Үгүй ахиж шуурга болоогүй... ...Үгүй 2018 оны 07 сарын дунд үед наадмын дараа Отгонбаатар манайд ирээд Зоригтбаатарынхаас малаа олж авлаа гэж ярьж байсан... ...Тэгж асууж байгаагүй наадмын дараа л тэгж ярьж байсан... ...Маажига Зоригоо гэдэг хүн малладаг байсан. Холбоо барих утасны дугаарыг нь мэдэхгүй байна... /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

гэрч А.Зоригтбаатарын ...Би 2019 оны 07 сарын үеэр наадмын дараахан Отгонбаатар би Энхсүрэн Энхжаргал бид 4 хонио хяргаад тэмдэглэж байхад 10 гаруй хонь дутсан. Тэгээд тэр хавийн айлаасаа шүүгээд явж байтал манай сумын Зоригоо гэх айл таарахаар нь ороод хонио сурч асуухад тийм хонь байхгүй гэж хэлсэн тэгээд тэднийхээс гараад хонин дээр нь очтол манайхаас алдсан 7 хонь байсан. Тэгээд би Отгонбаатарт очиж хэлсэн. Тэгээд Отгонбаатар очиж авсан... ...Би сайн санахгүй байна. Наадмын үеэр санагдаад байна... ...Намайг Энхсүрэнгийн хамт очиж үзэхэд 7 хонь байсан... ...Надад гомдол санал байхгүй... /хх-ийн 119 дүгээр хуудас/,

...Би 2019 оны 07 дугаар сарын эхээр хамт айлаар явж алдсан хонио хайж явсан... ...Бид нар 10 орчим тооны хонь хайж явсан... ...2019 оны 07 дугаар сарын эхээр 7 тооны хонь олж авсан. Заримыг нь хяргаад эм тавьсан байсан... /хх-ийн 121 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Лхагвасүрэнгийн ...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна... ...Би Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг Улаан Ухаа гэдэг газар мал маллаж амьдардаг хүн байгаа юм... ...Малын А данс маань миний өөрийн нэр дээр байдаг юм. Манайх бог 100 орчим малтай, бод 5 тооны адуу байдаг... ...Манай мал буруу чих нь араасаа догол, буруу чих нь араасаа хөндөл эмтэй, 2 чих нь мөн урдаасаа ухам эмтэй байгаа... ...Тэр 7 хонь нь буруу чих нь араасаа хөндөл эмтэй хонь байсан... ...2019 оны 05 дугаар сарын 20-ны үед ирж нийлсэн байсан... ...Тэр үед Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг Хар банз гэх газар хаваржиж байсан ба тэр үед гэртээ байгаагүй Улаанбаатар хотод байсан... ...Би мэдээгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед Отгонбаатар гэх залуу ирэхэд л мэдсэн... ...Манайх малынхаа ноосыг 2019 оны 06 дугаар сарын дунд үед авсан. Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай байсан тэр хойгуур манай хүүхэд манай дүү нар хяргасан байсан... ... Мэдэхгүй... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

...Бид нар найз нөхдийн холбоотой, төрөл садны холбоо байхгүй... ...БИ айл буугаад 2 жил болж байна. 2018 оноос хойш айл буусан өвөл нь тусдаа өвөлжөөд хавар нь хамт зусдаг юм... ...Би 2019 оны 06 дугаар сард ажил явдал гарсан байсан тэгээд гэртээ 06 дугаар сарын сүүлд ирэхэд 7 тооны хонь нийлсэн байсан хэзээ нийлснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 06 дугаар сарын сүүл үед малаа тоолоход манай малд байсан... ...Манай мал янз бүрийн эм, зүстэй тийм болохоор заримыг нь мэдэх байх заримыг нь мэдэхгүй... ...Хургатай хонь 3, 1 сувиа хонь нийт 7 тооны хонь байсныг Отгонбаатар аваад явсан... /хх-ийн 122-123 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд,   

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06/480 дугаартай ...Б.Отгонбаатарын өмчлөлийн 3 толгой хурга, 4 толгой бүдүүн хонины зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн байдлаар 652,000 /зургаан зуун тавин хоёр мянган төгрөг/-өөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 22-27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-54, 57-59, 71 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Л нь иргэн Б.Отгонбаатарын өмчлөлийн 7 тооны хонь буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгөд учруулсан 652,000 /зургаан зуун тавин хоёр мянган / төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн завшсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн дээрх гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Л алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Л гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонбаатарын эд хөрөнгөнд буюу 652,000 /зургаан зуун тавин хоёр мянган/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдэж завшсан гэх 3 толгой хурга, 4 толгой бүдүүн хонины үнэ болох 652,000 /зургаан зуун тавин хоёр мянган/ төгрөгийн хохирлыг хохирогч Б.Отгонбаатарт төлөхөө илэрхийлсэн учир түүнээс гаргуулж хохирогч Б.Отгонбаатарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт: 

Шүүх шүүгдэгч  Д.Л хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Д.Л оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Л нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 1934011160076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

           

      Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

  шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

       36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                    заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д Л алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Шүүгдэгч Б овгийн Д Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д Л шүүхээс оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5. Шүүгдэгч Б овгийн Д Л шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

    

6. Эрүүгийн 19434011160076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д Л 652.000 /зургаан зуун тавин хоёр мянга / төгрөгийг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Ш овгийн Б О олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Б овгийн Д Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч

Б овгийн Д Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.ГАНДАНСҮРЭН