Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

   2020             09                28                                                    2020/ШЦТ/398                                         

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбадаш,

хохирогч Д.Мөнхтогтох, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б М-д холбогдох эрүүгийн 2034000000437 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт 2003 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Хөдөөний айлууд 1 гудамж 36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Т овгийн Б М

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны яллагдагч Б.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Зэгэстэй хоолой гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнхтогтохтой адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбадаш:

...Н.Дэмбэрлийнх гэдэг бол нүүдлийн айл. Хавар гарч ирээд намар буцдаг. Гарч ирчхээд өөрсдийн харьяа биш мөртлөө харьяа айлын малыг хөөсөн. Удаа дараа муудалцсан байсан. Манай малыг байнгын хөөж элддэг байсан. Би аавд нь ч хэлж байсан. Тухайн үед энэ нөхөр малаа яах гэж бэлчээр рүү оруулаад байгаа юм бэ, гөлөгнүүд минь алчихна шүү гэж доромжилж, энэ хоёрыг боож авсан байдаг. Тэрнээс болж ийм асуудал үүссэн. Тухайн үед би хооронд нь гар бариулаад, тэврэлдүүлээд сайндуулж байсан. Мөнгө цаас авах гээд байгаа бол хэдийг өгөх юм, бүгдийг нь төлье гэсэн. Манай нэг хүүхдийн хоолойг нь хувцасных нь захаар боогоод улайлгасан. Нэгийнх нь хэвлий рүү өшиглөсөн. Тэр нь морь унахад хавиргаар нь өвдөөд байна гэсэн. Тэгээд би эр улсууд байж юун сүртэй юм гэсэн. Тэгээд наадам болж байсан учраас хооронд нь сайндуулаад орхичихсон. Тэгээд наадмын үеэр Төв аймгийн Сэргэлэн сумаас дуудаад ийм асуудалд татагдчихсан байсан. Дахин энэ хүмүүс муудалцахгүй байх ёстой. Тийм учраас энэ хуулийн сайхан хүмүүс хэргийг шийдэж байгаа учраас дахин хоорондоо битгий муудаарай гэсэн. Өөр хэлэх зүйл байхгүй... гэж,

 

Хохирогч Д.Мөнхтогтох:

...2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ахынхаа малыг услах гэж байсан. Тэгээд хэдэн адуу худаг дээр ирсэн байсан. Тэгээд хэдэн адууг гэр рүү нь чиглүүлсэн. Тэгээд төв орох ажилтай байсан учраас төв орж байтал дүүтэйгээ нийлж намайг зодсон. Намайг цохиод авангуут нь би зөрүүлээд заамдаж авсан. Би зодоогүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000437 дугаартай хэрэгт хохирогч Д.Мөнхтогтох /хх-ийн 10-12, 13-15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Мэндсайхан /хх-ийн 18-20 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Энхсайхан /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Бямбадаш /хх-ийн 25-27 дугаар хуудас/, гэрч Я.Амартөр /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Ч.Лхамжав /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний хариуцагч Ч.Бямбадаш /хх-ийн 99-100 дугаар хуудас/, насанд хүрээгүй яллагдагч Б.Мэндсайхан /хх-ийн 94-95 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 414 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Мөнхтогтохын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогчийн хохирлын баримт /хх-ийн 72-78 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 84-89 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Дүүгийн цохисон учраас цохисон асуудал ярьдаг. Үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ:

Харин хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Зэгэстэй хоолой гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнхтогтохтой адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Д.Мөнхтогтохын ...2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед би худаг дээр үхрээ услаад байж байсан чинь Мэндсайханы адуу худаг дээр ирээд мал оруулахгүй байхаар нь адууг нь худгаас урагш хөөгөөд явж байтал Мэндсайхан дүүтэйгээ мотоциклтой ирсэн юм. Мэндсайхан ирээд намайг яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ гээд намайг заамдаж аваад цохиод авсан. Тэгээд дүүтэйгээ нийлээд намайг унагааж байгаад зодсон. Тухайн үед миний хамраас цус гараад хацар чинэрээд хавдсан байсан. Би тэгээд зодуулсан даруйдаа шууд төв ороод эгч дээрээ очоод зодуулчихлаа гэсэн... ...Тэр орой толгой өвдөөд хацар чинэрээд хавдаад өвдөөд унтаж чадаагүй. Тэгээд Сэргэлэн сумын эмнэлэг дээр ирж дусал хийлгэчхээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн... ...миний зүүн нүд чинэрээд толгой үе үе өвдөөд байгаа. Толгойны эм ууж байгаа. Машин дотор явахаар дотор муухайраад бөөлжих гээд байдаг болсон. Одоо нүдний хөндүүрлэж байсан шарх эдгэрсэн байгаа... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

...2010 оноос эхэлж толгойндоо уйланхайт өөрчлөлттэй гэдгээ мэдэж байсан. Үе үе унадаг байсан. Тэгээд жил болгон 1-2 удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг байсан. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр доргилт авсны улмаас толгойн уйланхайд өөрчлөлт авсан байна гэж тархины цахилгаан бичлэг дээр гарсан байсан. Одоо толгой өвдөөд байгаа. Байнга тархины шингэн хийлгэж, эм ууж байгаа... /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Мэндсайханы ...нийт 4 азарга адууг Б.Мөнхтогтох хөөгөөд явж байсан юм. Би хоёр очоод яагаад манай адууг хөөгөөд явж байгаа юм гэсэн чинь Б.Мөнхтогтох давраад байгаарай адуу чинь хаваржаа руу ороод байгаа шүү гэж хэлсэн. Би Б.Мөнхтогтох ахад манай адуу бороонд уруудаад танай хаваржаа руу ороод ирсэн юм болов уу гэсэн чинь хуцаад бай давраад байгаарай чи аль түрүүнээс хойш юу гээд байгаа юм буугаад ир муу хоёр бацааныг ална гээд  байсан юм. Тэгээд Б.Мөнхтогтох мотоциклоосоо бууж ирээд намайг боогоод заамдаад мотоциклоос буулгасан. Тэгээд миний цээж рүү нэг удаа гараараа цохисон. Манай дүү мотоциклоо данхраадаад бууж ирээд намайг ахаа та яагаад байгаа юм бэ гэсэн чинь манай дүүгийн гэдэс рүү өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд дүүгээ босгож аваад адуу руугаа зугтаасан... /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Энхсайханы ...Мөнхтогтох өөрөө бууж ирээд манай ах Мэндсайханыг заамдаад авсан. Тэгээд татаж буулгаж ирээд боогоод байхаар нь би мотоциклоо данхраадаад болиоч ээ та яагаад байгаа юм бэ гэсэн хуцаад байгаарай гээд намайг гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би унаад Мэндээ ах яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ гээд Мөнхтогтох ахын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд Мэндээ ах Мөнхтогтохыг түлхсэн чинь над дээр тээглээд унаад өгсөн. Тэгээд намайг босгоод бид хоёр зугтаад яваад өгсөн. Араас та хоёрыг ална аа гээд байсан ... /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

гэрч Ч.Бямбадашийн ...манай хүүг заамдаад буулгаж ирээд Мэндсайханыг боогоод байхаар нь Энхсайхан очоод та яагаад байгаа юм бэ гэсэн чинь хуцаад бай ална шүү гээд Энхсайханы гэдэс рүү тийрээд унагаахаар нь Мэндсайхан яагаад хүүхэд өшиглөж байгаа юм бэ гээд Мөнхтогтохыг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон чинь Энхсайханд тээглээд унасан гэж надаа ярьсан. Гэрт ирэхэд Мэндсайханы хүзүү улайсан байсан. Би тэгэхээр нь яагаад айлын хүүхэдтэй зодолдож байгаа юм бэ дагуулаад ирэхгүй яасан юм бэ гэж хэлсэн...  /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

гэрч Я.Амартөрийн ...Мөнхтогтох 2020 оны 06 сарын 24-ний өдөр манайд Багахангай дүүрэгт хамраас нь цус гарсан зүүн талын нүд хөхөрсөн байдалтай манай зодуулчихлаа гэж ирсэн юм. Би цусыг нь угаалгаад тэр зодуулсан гээд байгаа айл руу эхнэр Гэрэлмаагийн хамт аваад явсан. Тэгээд тэр зодсон гээд байгаа хоёр хүүхдийн ээж, аавтай хамт очиж уулзсан. Очоод танай хүүхдүүд хүүхэд зодсон байна гэсэн чинь манай хүүхдүүд зодох биш харин зодуулахаар хүүхэд байна ш дээ гээд байсан. Тэгсэн чинь аав нь Мөнхтогтохыг цохиод алчихмаар хэжиг байна гээд байсан... ....Тэгээд та нар ийм том болсон хүүхдүүд байна хоорондоо учраа ол гээд Мөнхтогтох, Мэндсайхан хоёрыг гэрээс гаргасан юм. Тэгтэл Мөнхтогтох уйлаад байсан. Яагаад уйлаад байгаа гээд асуусан чинь Мөнхтогтох намайг зодсоноо хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байсан юм. Би тэгэхээр нь өөрсдөө эв зүйгээ олохгүй бол хуулиараа эвээ ол гэж хэлсэн чинь Мэндсайхан би дахиж зодохгүй, намайг битгий цагдаад өг гээд уучлалт гуйсан... /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

гэрч Ч.Лхамжавын ...Манай эгч Гэрэлмаа танай хүү Мөнхтогтох Бямбадашийн хоёр хүүхдэд зодуулчихлаа гээд цусаа гоожуулчихсан ирлээ. Бид хоёр Бямбадашийнд очиж уулзлаа. Дашаа хоёр хүүхдээ зодоогүй гэж надад хэлсэн... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

шинжээч Э.Эрхэмбаярын ...Мөнхтогтохын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи хацарт эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна... ...Д.Мөнхтогтохын баруун талд чамархай хэсгийн тархины эдэд 5,6х2 хэмжээтэй 7HU нягтралттай уйланхайт өөрчлөлт нь тухайн цаг үед үүссэн доргилт авсан эсэхийг тогтоох боломжгүй... /хх-ийн 33 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Ч.Бямбадашийн ...Мэндсайханыг барьж аваад мотоциклоос нь буулгаад хүзүүг нь цамцаар нь боогоод байж байтал дүү Энхсайхан нь болиоч ээ ахаа та яагаад байгаа юм бэ гэхэд нь Мөнхтогтох нь Энхсайханы гэдсэнд нь өшиглөөд унагаасан гэсэн. Тэгэхээр нь Мэндсайхан дүүгээ өмөөрөөд та яагаад хүүхэд өшиглөж байгаа юм бэ гээд нэг цохиод зугтаасан гэсэн. Тухайн үед цохиод зугтаахгүй бол Мөнхтогтох нь боогоод тавихгүйгээс гадна зодох байсан... /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч Б.Мэндсайханы ...өмнө нь өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 94-95 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаартай ...Д.Мөнхтогтохын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаартай ...Б.Энхсайханы биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 414 дугаартай ...Б.Мэндсайханы биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Мөнхтогтохын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогчийн хохирлын баримт /хх-ийн 72-78 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 84-89 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайхан нь дүү Б.Энхсайханы хамт хохирогч Б.Мөнхтогтохыг адууг нь тууж явж байхад нь очиж яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ гэхэд хохирогч Б.Мөнхтогтох нь өөрөө бууж ирээд өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханыг заамдаад авахад нь насанд хүрээгүй гэрч Б.Энхсайхан нь болиоч ээ та яагаад байгаа юм бэ гэж салгахаар очиход нь хохирогч Б.Мөнхтогтох нь хуцаад байгаарай гээд насанд хүрээгүй гэрч Б.Энхсайханы гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөж унагаасны улмаас  өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайхан нь хохирогч Б.Мөнхтогтохыг цохисны дараа дүү Б.Энхсайханы хамт зугтаасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 

Энэ нь өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханы хохирогч Б.Мөнхтогтохыг цохисон үйлдэл нь санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлээгүй, харин ч хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч Б.Мөнхтогтох нь хүмүүс хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг зөрчиж, бусдыг айлган сүрдүүлж, улмаар өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайхантай заамдалцсан үедээ бусдын буюу насанд хүрээгүй гэрч Б.Энхсайханы эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан халдаж гэдэс хэвлий рүү нь 1 удаа өшиглөж унагаах үед өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайхан нь өөрийн болон дүүгийнхээ эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг бий болгосон нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохиролд хүргэх гэмтэл учруулсан өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханы санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзнэ.

 

Гэтэл энэхүү хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд тогтоогоогүй атлаа зөвхөн хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хор уршигт хэт ач холбогдол өгч, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас хэргийн бодит байдалд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, улмаар өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцээгүй байна.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Мэндсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.М аргаггүй хамгаалалтын улмаас хохирогч Д.Мөнхтогтохын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Мөнхтогтох нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой зардалд баримтаар мөрдөн байцаалтын шатанд 879.620 /найман зуун далан есөн мянга зургаан зуун хорь/ төгрөг, шүүхийн шатанд шинээр 835.380 /найман зуун гучин таван мянга гурван зуун ная/ төгрөг тус тус гаргаж нийт 1.715.000 /нэг сая долоон зуун арван таван мянга/ төгрөг нэхэмжилдэг ба цагаатгагдсан этгээд Б.Мэндсайханаас нотлох баримтын шаардлага хангасан 1.363.510 /нэг сая гурван зуун жаран гурван мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхтогтоход олгох нь,

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй 351.490 /гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь тус тус зүйтэй байна.

 

Эрүүгийн 2034000000437 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны цагаатгагдсан этгээд Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

             шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8., 36.1., 36.2., 36.6.,

               36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн

                          1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б М-д Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Цагаатгагдсан этгээд Т овгийн Б М авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн 2034000000437 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны цагаатгагдсан этгээд Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Цагаатгагдсан этгээд Т овгийн Б М нийт 1.363.510 /нэг сая гурван зуун жаран гурван мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ОГ01290424 дугаарын регистртэй, Хожгор овгийн Дэмбэрэлийн Мөнхтогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 351.490 /гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

       

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН