Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

      2020           09               29                                                  2020/ШЦТ/400            

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Ц.Цэцэгмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатар,

иргэдийн төлөөлөгч Б.Гэрэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ч С холбогдох эрүүгийн 1934004540497 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймагт 1978 оны 03 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ч С

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.С нь Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Энгэрийн шанд” гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Сандагсүрэнг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, улмаар Д.Сандагсүрэн нь эмчилгээ хийлгэх явцдаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ч.С:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргах зүйлгүй....гэж,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатар:

Гомдолтой байна. Энэ хэрэг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянцагаан суманд болсон.  Энэ хүн аавыг маань биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодсон байсан. Хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934004540497 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатар /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч С.Анхтуяа /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Д.Нанжид /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Ч.Сандаг-Очир /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ч.Сандаг-Очир /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч С.Болдбаатар /хх-ийн 40-4141 дүгээр хуудас/, гэрч Д.Сандагцэрмаа /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Д.Сандагсүрэн /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч С.Анхтуяа /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Л.Тэрбиш /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Н.Алтансувд /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Б.Мэнддолгор /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Д.Сандагдаваа /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Б.Насанбат /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Х.Наранбаатар /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч Ч.Сандуйжав /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Дамдинпүрэв /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч С.Алтантуяа /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 87-88, 95-97 дугаар хуудас/, яллагдагч Ч.Сандаг-Очир /хх-ийн 107-110 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 403 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 3212 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

шүү сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 3782 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 3514 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-92 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт /хх-ийн 222-230 дугаартай хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, амь хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 115-175, 2 хх-ийн 63-80 дугаар хуудас/, амь хохирогчийн эмчилгээний зардал болон оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 194-212, 2 хх-ийн 81-99 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 186-192 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.С 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр амь хохирогч Д.Сандагсүрэнг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга хуучин бороолсон хугарал бүхий гэмтлүүдийг учруулсны улмаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр цээжний хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас уушгины наалдац авчилт үүсэж уушгины цочмог хатгалгаа өвчний улмаас амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатарын... Миний хувьд харсан зүйл бол байхгүй. Манай аавыг гэртээ ганцаараа байхад нь Сандаг-Очир согтуугаар орж ирж зодсон гэсэн өөр зүйл мэдэхгүй... ...Одоогоор биеийн байдал нь хүнтэй ярьж чадахгүй хүнээр түшүүлж суудаг л болсон байгаа. Аманд нь юм ойртуулж хоол унд иддэг байгаа... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

гэрч С.Анхтуяагийн ...Тухайн айлд Сандагсүрэн ах л байсан. Тэгээд хоорондоо ах дүүсээ ярьж байгаад үгэн завсраа Сандаг-Очир Сандагсүрэнд хандан та манай эгчийг зовоож байгаа танаас болж одоо эгч харвачихсан тэрнээс биш та туйлж явах хүн гэж хэлсэн чинь Сандагсүрэн ах хэвтэж байснаа орныхоо урд талд байсан модон тавцантай төмөр хөлтэй сандлыг аваад Сандаг-Очир руу шидсэн. Тэгтэл Сандаг-Очир уурлаад хэрэлдээд эхэлсэн тэгээд манай хүн цохиод авсан.Тэгэхээр нь би чи наад хүн аллаа гэж хэлээд хорих гэсэн чинь дийлээгүй. Тэгээд би тэр хоёрыг орхиод хүн дуудахаар гарсан тэгээд байж байтал хонины хүн ирээд салгасан... /хх-ийн 33-34, 45-46 дугаар хуудас/,

гэрч Д.Нанжидын ...Сандаг-Очирын эхнэр машинтайгаа ирээд Сандаг-Очир танай ахыг чинь зодож алчих гээд байна гэхээр нь би үнэмшихгүй юу гэж хэвтрийн хүнийг тэгж байдаг юм гэсэн чинь үнэн намайг хүртэл алчих гээд миний үгэнд орохгүй байна гэж хэлэхээр нь би шууд мотоциклтойгоо давхиад Сандагсүрэн ахынд яваад очиход Сандаг-Очирын дүү нар буюу Батаа Батаагийн эхнэр Энхээ нар байсан бөгөөд намайг ороод ахыгаа харахад бүх бие нь эрээн алаг болчихсон хамар амнаас цус гарчихсан хөнжил гудас нь цус болчихсон гэрийнх нь баруун талын орон дээр Батаагийн эхнэр нь Сандаг-Очирыг хориод байж байсан. Тэгэхээр нь би ахыгаа хажуу тийш нь харуулсан чинь ухаан орсон тэгээд би Сандаг-Очирт чи миний муу ахыг яаж байгаа юм бэ гэсэн чинь чи намайг шоронд хийж чадах уу гэх зэргээр хэлээд агсагнаад байсан.... Өмнө нь бол өөрөө босож чадахгүй хүнээр түшиж босдог босоод явж чаддаггүй хүн байсан. Мөн хүнтэй бараг ярьж чаддаггүй харвалт өгчихсөн хүн байсан юм аа... /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч Ч.Сандаг-Очирын...Тэгээд тэр архинаас нь жижиг шинэ хундагаар 2 удаа татсан тэгээд нөгөө хүмүүс явсан юмаа. Би хонио гэртээ ойртуулаад байж байсан тэгээд л өглөө манай гэрийн утас дуугарсан хартал гэртээ байж байсан. Би босоод утсаа авахад манай эхнэр Анхтуяа залгаж байсан бөгөөд чи хурдан суман дээр ир чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн тэгээд би юун хүн гэсэн чинь чи Сандагсүрэн гуайг зодоод үхлээ шүү дээ гэж хэлсэн тэгээд би гэрээ түгжээд сум руу мотоциклтойгоо яваад очиход Сандагсүрэн ах сумын эмнэлэгт их муу байсан. Тэгээд эхнэрээсээ лавлаж асуухад чи энэ хүнийг зодоод аллаа шүү дээ гэж хэлсэн тэгээд л зодсон юм байна гэж мэдсэн... /хх-ийн 36-37, 38-39 дүгээр хуудас/,

гэрч С.Болдбаатарын ...Манай аав Сандагсүрэн бол өмнө нь харвалт өгсөн байсан биеийн байдал маш муу байсан мөн хэвтэрт орчихсон ярьж ч чадахгүй хүн байсан юм аа. Тэгээд Төв аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багт амьдардаг байсан юм. Тэгээд 2020.06.08-ны өдөр над руу Сандагцэрмаа эгч утсаар аавыг хүнд зодуулаад ирсэн талаар хэлсэн тэгээд би гэмтэл дээр ирээд юу болсон талаар асуухад хөдөө байхад нь Сандаг-Очир манай аавыг ээжийгээ зовоолоо гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр болон гар хөлөөрөө зодсон сонссон... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

гэрч Д.Сандагцэрмаагийн ...2019:06:06-ны орой 21 цагийн үед миний дүү Нанжид утсаар яриад Сандагсүрэн ахын бие муудчихлаа гэхээр нь яасныг нь тодруулж асуухад согтуу хүн гэрт нь ирээд зодчихсон байна нүүр ам нь аймар болчихсон байна би багийн эмчээ дуудчихаад байж байна гэж хэлсэн тэгээд 30 орчим минутын дараа дахиад утсаар ярихад Мэнддолгор эмч үзэж байна гэхээр нь Мэнддолгортой утсаар ярихад аймар болгочихсон байна би өвчин намдаах хийчхээд сум руу авч явна гэсэн тэгэхээр нь би чи шөнөдөө аймаг руу аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд холбогдолгүй байж байгаад 07-ны өглөө 06 цагийн орчим Нанжид руу залгасан чинь шөнө тариа хийлгээ унтаж хонолоо сумын эмнэлэг дээр байна гэсэн. Тэндээсээ орой 16 цагийн орчим аймгийн эмнэлэгт ирээд шинжилгээ хийлгэж хоноод өглөө 08 цагт Улаанбаатар хотод ирсэн... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

гэрч Д.Сандагсүрэнгийн ...Унтаж байхад Очир орж ирээд зодсон. Согтуу байсан... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Л.Тэрбишийн ...Мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 47 дугаар хуудас/,

гэрч Н.Алтансувдын ...Д.Сандагсүрэн нь нүүр нь битүү хавдар болчихсон 2 нүд нээгдэхгүй, нүүр нь цус болсон бие гүвдрүү үүссэн юм асуухад гараараа зааж үзүүлж байсан. Тэгээд л сумын эмнэлэгт авч ирсэн... /хх-ийн 48 дугаар хуудас/,

гэрч Б.Мэнддолгорын ...Тэгээд 2019 оны 06 сарын 06-ны өдөр орой 21 цагийн орчим Нанжид надад дуудлага өгөөд ахаа буюу Сандагсүрэнг нэг их хачин болчихлоо гэхээр нь яваад очиход Нанжид Сандагсүрэн хоёр байсан бөгөөд хойд орон дээр нь Сандагсүрэнг хэвтүүлчихсэн нүүр нь нилэнхүйдээ хавдаад улаан хөх болчихсон хоёр нүд нь нээгдэхгүй зүүн талын чих хөх эрээн болсон биед хөндлөн гөвдрүү татсан байдалтай амьсгаа янцгалсан зовиуртай даралт нь 130, 30-тэй нөгөө тал нь 125, 85-тай байсан. Тэгээд би өвчин намдаах эм өгөөд сум руу дуудлага өгөөд ирүүлсэн...  /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

гэрч Д.Сандагдаваагийн...Сандаг-Очир зан авирын хувьд их гайгүй хүн байгаа юм аа. Өмнө нь архи уучхаад асуудал гаргаж байсан талаар надад сонсогдож байсан зүйл байхгүй...  /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

гэрч Б.Насанбатын ...Сандагсүрэн ах 2019 оны эхээр харваад хэвтрийн болсон хүн байсан. Хүнээр өргүүлж түшиж босдог, хэл яриа муу ярьж чадахгүй, аягатай хоолоо арай чамай өргөдөг л хүн байсан юм аа ямар ч бичиг баримтгүй бүх бичиг баримтаа таксинд хаяад буучихсан хүн байгаа юм аа... /хх-ийн 53 дугаар хуудас/,

гэрч Х.Наранбаатарын ...Тэгээд би гэрт яваад иртэл Сандаг-Очир гэрийн гадаа агсраад нэлээн согтуу байсан юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед Батаа хадамтайгаа Садаг-Очирыг хориод байж байсан бөгөөд Батаа хэлэхдээ Сандаг-Очир гэрт байгаа хүнийг зодчихсон байна гэхээр нь гэр лүү ортол Сандагсүрэнгийн урд нь тавьсан байсан ширээг хөмрөөд гэрийн баруун урд талд данхтай цай асгаад хаячихсан Сандагсүрэнг орноос нь буулгаад толгой хэсгийг нь зуухны хэсэгт ирчихсэн атийгаад зүүн тийш харчихсан хэвтэж байсан. Мөн хөнжил нь баруун талдаа гарчихсан саарал футболктой, цэнхэр ноосон өмдтэй л байсан. Мөн нүүр нь хавдчихсан хамраас нь цус гарсан нуруу гэдэс нь нарийхан олон тооны гөвдрүү үүсчихсэн байсан мөн галын дэгээ хажууд далийгаад хэлбэрээ алдчихсан хэвтэж байсан тэгэхээр нь би хөнжил дээгүүр нь тавиад толгой дор нь дэр тавиад гараад Сандаг-Очир руу уурласан чинь намайг Батаа хориод наадах чинь согтуу байгаа гэсэн... /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

гэрч Ч.Сандуйжавын ...Мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 56 дугаар хуудас/,

гэрч Б.Дамдинпүрэвийн ...Сандагсүрэн бол хааяа гэрээр нь ороход аягатай цай цай барьчихсан хүнтэй их харьцаа муутай хэг ёг хийчихсэн хүн байгаа юм аа. Үр хүүхэд нь тоодоггүй хань ижлээсээ салаад удаж байгаад ганц харж байгаа нь ээж нь байсан хүн байгаа юм аа. Харавчихаад хэвтэж байхад нь хүртэл хамаатан садан нь гэртээ оруулдаггүй тоодоггүй байсан юмаа. Энэ талаар бол манай нутгийн хүн болгон мэдэж байгаа юм аа.../хх-ийн 57 дугаар хуудас/,

гэрч С.Алтантуяагийн ...Манайд 2019.09.10-ны орой 22 цагийн үед манай эмнэлэгт ирж хэвтэж байгаа бөгөөд харвалтын дараах үлдэц, баруун тал биеийн саажилт, дэмийрэл гэх оноштой ирсэн бөгөөд миний өөрийн үзлэгээр дээрх оношнууд мөн хавсарсан онош нь хавирганы гэмтэлтэй гэж оношлон эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

шинжээч Э.Эрхэмбаярын...Д.Сандагсүрэнгийн биед үүссэн гэмтлүүд нь Гэмтэл согог судлалын өвчний түүхэн дээр тусгагдсан байдлаар бол хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан юм... ...Баруун талын олон хавирганы хугарал, уушги няцрал, цээжний хөндийн хий хуралдалтад цус алдалт, тархинд цус харвалт няцрал нь гэмтлийн зэрэгт тогтоох журамд зааснаар тус тусдаа байсан ч гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм аа. Цээжний баруун талд арьсан доор хий хуралдалт баруун зүүн зовхи, баруун зүүн хацар хэвлийн баруун талд баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ...Талийгаач Д.Сандагсүрэнгийн цогцост 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэмтэл согог судлалын төвөөс цогцос түр хадгалах задлан шинжилгээний өрөөнд шинжилгээг хийсэн. Шинжилгээг хийхэд талийгаачийн биед гаднаас ил харагдах гэмтэл шарх үгүй цээжний хөндийн баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы бороолсон хугаралтай, уушги махархаг болсон баруун зүүн дэлбэн хооронд наалдац үүссэн гадаргуу гөлгөр, гол судасны дотор гадаргуу хул шаргал тархмал өөхтэй, өөрчлөлтүүдтэй байсан. Эд эрхтнээ эд эсийн шинжилгээнд явуулахад эд эсийн шинжилгээний хариунд цочмог гуурсан хоолойн хатгалгаа голомтлог хаван, голомтлог, уушгины хатуурал, үрэвслийн нэвчдэстэй гэж хариу гарсан байдаг, задлан шинжилгээний болон эд эсийн шинжилгээний хариу, мөн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэмтэл согог судлалын өвчний түүх, найдвар хоспис эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн талийгаач нь цээжний хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас уушгины наалдац авчилт үүсэж уушгины цочмог хатгалгаагаар нас барсан гэсэн дүгнэлт тавьжээ... /хх-ийн 87-88, 95-97 дугаар хуудас/,

яллагдагч Ч.Сандаг-Очирын ...Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Д.Сандагсүрэнг зодож гэмтэл учруулсан нь үнэн миний хувьд үйлдэлдээ гэмшин 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Баянцагаан сумын Эрүүл мэндийн төв болон Төв аймгийн нэгдсэн эмнэлгээр дамжуулан Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачин хэвтүүлэн эмчлүүлсэн бөгөөд уг гэмтлийн эмнэлгээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргаад шилжүүлэн Улаанбаатар хотод байдаг нэрийг нь санахгүй байна хувийн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээг хийлгэж 12 хоног буюу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эмнэлгээс гаргаж Төв аймгийн Зуунмод суманд авч ирэн байр хөлслөн өөрийн биеэр харж хандан 14 хоног болсон энэ хугацаанд бие нь сайжирч өөрөө аягатай хоолоо барьж идэн асуусан асуултад толгой дохих байдлаар хариулж хоорондоо ойлголцох хэмжээнд хүрсэн бөгөөд тухайн үед надад хүү Болдбаатар нь ирээд би аавыгаа авч яваад би хөдөө агаарт гаргана өөрөө асарч сувилна гэж хэлэн надаас авсан байгаа. Тэгээд хөдөө манай ойролцоо байдаг ээж 80 настай Осоржам дээр аваачин орхисон байдаг бөгөөд 10-аад хоногийн дараа эргэж очиход хоол унд өгөлгүй байлгаж байсан бөгөөд миний хувьд асарч байхдаа өдөрт том хүний 5 памперс хэрэглүүлж байсан бөгөөд хөдөө өгч явуулахдаа 20 ширхэг памперс өгч явуулсан боловч намайг 10-аад хоногийн дараа очиход 5 ширхгийг л хэрэглэсэн байсан учир хоол өгөхгүй байсан нь мэдэгдэж байсан. Тэгээд би очоод 100 грамм хэртэй цай өгөхөд ээж нь хэлэхдээ одоо шээс алдана битгий цай өг гэж хэдсэн мөн өөрийнхөө авч ирсэн голдоо жимстэй боовноос нэгийг идүүлээд дахиад өгөх гэсэн чинь одоо боль баачихна гэж хэлж байсан. Тэр үедээ надад Төв аймгийн Зуунмод суманд байдаг Бямбажавын эмнэлэгт Сандагсүрэн гуайг хэвтүүлмээр байна гэхээр нь намайг цагдаа шүүх дуудаад тогтмол харж чадахгүй байх харин би эмнэлгийнх нь төлбөрийг өгнө гээд 500.000 төгрөг өгсөн боловч эмнэлэгт хэвтүүлээгүй байсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа надад хүү Болдбаатар нь ирж уулзаад надаас 40.000.000 төгрөг нэхсэн уг мөнгөөр байр хөлсөлж асрагч авч байлгах бүлэн жилийн төлбөр гэж байсан. Надад Болдбаатар хэлэхдээ одоо мал хуйгаа хий мөнгийг бөөгнүүл тэгээд энэ жилдээ энэ хүн үхэхгүй бол дараа жил дахиад гэрээгээ шинэчилж дахин мөнгө авна гэсэн мөн дүү Сандагцэрмаа нь надаас мөнгөө олсон уу юу болж байна гэж мөнгө нэхэж ярьсан. Мөн үүний дараа 08 дугаар сарын эхээр надад дүү нар нь уулзах талаар хэлсэн тэгэхээр нь би гэрт нь очиход энэ хүн даарч хөрөөд байна  хөл гар нь бүлээцэхгүй байна. Контейнер хаус авч өг гэж хэлээд өөрсдөө зурагтай ном авч ирсэн тэгээд би зөвшөөрөөд мөнгө олохоор болсон тэгээд би гурав хоногийн дараа Улаанбаатар хот орж Сандагсүрэнгийн хаа байгаа газарт нь очиж уулзахаар болоод Нарангийн гол гэх газарт утсаар яриад заалгуулаад очиход хөндий нойтон гэрт нэг нааран дээр хэвтүүлчихсэн эмчилгээ хоол цайгүй байсан тэгээд би контейнер хаус хийдэг газарт нь очиж үзэхэд арай л дуусаагүй нэг контейнер хаус байсан бөгөөд тухайн байшинд 5.200.000 төгрөгөөр худалдан авч мөн дотор нь байлгах нэг ор 170.000 төгрөгөөр авсан мөн хоол ундаа идэх байх гэж бодоод нэг ширээ 200 гаруй мянган төгрөгөөр аваад хүргүүлсэн энэ үед дүү Нанжид нь ирээд энэ хүнд ийм юм авч өглөө том жижиг нь болох уу гэсэн чинь болох юм байлгүй дээ гэж хариулж байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахин очиж үзэхэд хоол унд байхгүй эм тариа байхгүй тухайн авч өгсөн байшинд миний авч өгсөн орны падушик дээр том паниер тавиад хэвтүүлчихсэн байсан тэгээд боов ундаа аваачиж өгсөн түүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байдаг Найдвар гэдэг нэртэй хоногоо хүлээж байгаа хүмүүсийг аваачдаг газарт аваачаад хэвтүүлчихсэн байсан. Тэгээд би уг эмнэлэгт нь нөгөөдөр нь яваад очиход ухаангүй хэвтэж байсан татаад босохгүй нэг амьсгаатай болчихсон байсан. Миний хувьд тухайн хоол цайтай очоод хоол цай ам руу нв цутгаж өгсөн. Түүнээс хойш нас барахынх нь өмнө хоёроос гурав хоногийн өмнө очиход бүр байхгүй болчихсон боов ч идэж чадахгүй болчихсон байсан уг газарт эмчилгээ огт хийддэггүй байсан юм. Ийм учраас талийгаачийн нас  барсан шалтгаанд би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа харин асаргаа эмчилгээ сувилгаа муудсанаас болж нас барсан гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтэд бол уушгины наалдац хатгалгааны улмаас нас барсан гэж байгаа бөгөөд миний хувьд гэмтлийн эмнэлгээс гаргаад хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж дуусгасны дараа уушгины зураг авхуулан эмчид үзүүлэхэд уушги бол 100 хувь эмчлэгдсэн байна. Ямар нэгэн асуудал байхгүй байна гэж байсан учир уг наалдац хэвтрийн хатгаа бол надаас уг хүнийг авч явснаас хойш үүссэн наалдац хатгаа юм аа. Мөн хөдөө байх хугацаандаа нэг удаа хоол цай хийгээд яваад очиход хүнгүй гэрт хулдаасан дээр хэвтэж байсан юм аа. Мөн миний хувьд хөдөө асаргаа сувилгаа байхгүй байгаа учраас өөр дээрээ авах талаар хэлэхэд чи яаж асардаг юм гээд өгөөгүй юм аа. Ийм учраас л би дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж байгаа юм аа надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 107-110 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 403 дугаартай ...Д.Сандагсүрэнгийн биед баруун талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хоёрлосон хугаралтай, уушги няцрал, цээжний хөндийн цус алдалт, хий хуралдалт, тархинд цус хуралт, няцрал, цээжний баруун талд арьсан дор хий хуралтдалт, баруун зүүн зовхи, баруун зүүн хацар, хэвлийн баруун тал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 3212 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр дээлэнд 3 мм, 5 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус урагдалтууд гарсан байна. Дээрх 3 мм хэмжээтэй урагдалт хуучин, 5 мм хэмжээтэй урагдалт шинэ, 15*5 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр хуучин түлэгдэлт, 35*65 мм, 30*15 мм, 28*15 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус гогодолтууд гарсан байна. Дээрх 28*15 мм хэмжээтэй гогдолт шинэ, бусад нь хуучин байна... гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

шүү сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн...Ч.Сандаг-Очир нь одоогоор ямар нэг сэтгэцийн өвчин үгүй болно. Хэрэг хариуцах чадвартай болно... гэх  дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ...Д.Сандагсүрэн одоогоор мэдүүлэг өгөх чадваргүй байна. Одоогоор өөрийгөө илэрхийлэх чадвар болон өөрийн эрх ашгаа хамгаалах чадваргүй гэж үзэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 3782 дугаартай ...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ногоон, улаан эрээн өнгийн гудас, хар хөх болон шаргал өнгийн оруулгатай хөнжил зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна... гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 3514 дугаартай ...Талийгаач Д.Сандагсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Баруун талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2019 оны 06-р сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна... гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 153 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Ч.Сандаг-Очирын өмсөж явсан гэх дээлэн дээр цус илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн 90-92 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай ...Д.Сандагсүрэнгийн биед тухайн үед цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл, баруун талын 2-7-р хавирга, зүүн талын 3-9-р хавирга хоёрлосон хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, цээжний хэсгийн арьсан дор хий хуралдалт, нүүр хэвлийн хэсгээр цус хуралт, хаван зэрэг гэмтэл учирсан байна. Тухайн үед уушги няцарч гэмтэн хий шингэн хуралдаж авчийсан бөгөөд энэ гэмтэл нь эдгэрэл удааширч цочмог хатгаа болон хүндэрч үхэлд хүргэсэн байна. Уушгины хатгаа өвчин нь илрэх шинж тэмдэг, үргэлжлэх хугацааны хувьд тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж янз бүр байна. Д.Сандагсүрэн нь олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт зэрэг хүнд гэмтлийн хүндрэл болох уушгины цочмог хэлбэрийн хатгаагаар хүндэрч нас барсан байна. Талийгаач нь тухайн үед мөн тархины битүү гэмтэл болох тархины хатуу зөөлөн хальсан доорх цус харвалт гэмтэл авч эмчлэгдсэн байна. Талийгаач нь 2017 онд тархинд цус харвалт, зүүн гар хөлд сул саажилт эмгэгтэй байжээ. Талийгаачийн биед 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хоёрлосон хугарал, уушги няцрал, цээжний хөндийн цус алдалт, хий хуралдалт, баруун зүүн зовхи, баруун зүүн хацар, хэвлийн баруун талд, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн бөгөөд дээрх гэмтлийг авсан өвчтөнд өвдөлт, амсгалд авахад зовиуртай, цээжээр өвдөх хөндүүрлэх, халуурах зэрэг шинэ ерөнхий шинжүүд илэрч болно. Тухайн үед олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчийлт гэмтлүүд нь уушгины цочмог хатгаагаар хүндэрсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэвтэрт байх нэг шалтгаан болсон байна. 2019.06.06-ний өдөр цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл аваагүй бол гэх байдлыг урьдчилан таамаглах боломжгүй байна. Шинжээчийн 153 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь уушгины цочмог хатгалгааг үүсгэх шалтгаан болсон байна. Хэрвээ 2019.06.06-ны өдөр талийгаач цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл аваагүй байсан бол уушгины наалдац, уушгины цочмог хатгалгаагаар өвчлөхгүй байх боломжтой эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна. Талийгаач Сандагсүрэнд тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 222-230 дугаартай хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, амь хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 115-175, 2 хх-ийн 63-80 дугаар хуудас/, амь хохирогчийн эмчилгээний зардал болон оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 194-212, 2 хх-ийн 81-99 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 186-192 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

  

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ч.С нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Энгэрийн шанд” гэх газарт Д.Сандагсүрэнг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, улмаар Д.Сандагсүрэн нь эмчилгээ хийлгэх явцдаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт болсон байна.

 

Төв аймгийн прокурорын газраас дээрх үйл баримтыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн шүүгдэгч Ч.Сандаг-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох эрүүгийн 1934004540497 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь мөн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь тус тус хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар эх сурвалжийг магадалж шалгалаа.

 

Энэ бүгдээс үзэхэд амь хохирогч Д.С учирсан баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга хуучин бороолсон хугарал  гэмтэл тогтоогдсон бөгөөд Д.Сандагсүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цээжний хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас уушгины наалдац авчилт үүсэж уушгины цочмог хатгалгаагаар нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Учир нь амь хохирогчид учирсан гэмтэл нь хэдийгээр 1 дүгээр хавтас хэргийн 91-92 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 153 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3, 4-д “учирсан баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга хуучин бороолсон хугарал  гэмтэл” гэж бичсэн атлаа тус дүгнэлтийн 5, 6, 7-д “Талийгаач Д.Сандагсүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цээжний хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас уушгины наалдац авчилт үүсэж уушгины цочмог хатгалгаагаар нас барсан” гэж бичсэн байх бөгөөд Д.Сандагсүрэнгийн биед учирсан цээжний хөндийн битүү гэмтэл нь уушгины авчилт наалдац үүсгэж уушгины цочмог хатгалгаа болсон байна. Үүний улмаас үхэлд хүрсэн байна. 

 

Мөн шүүгдэгч Ч.С амь хохирогч Д.Сандагсүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго нь анхнаасаа алах санаа зорилго агуулаагүй, согтуурсан үедээ зодож, ямар хор уршигт хэрхэн яаж хүрэхийг тооцоолох чадваргүй байсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй улмаас түүний учруулсан уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл буюу амьсгалын хурц дутагдалд бий болж үхэлд хүргэсэн байна.

Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Сандаг-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.С нь иргэн Д.Сандагсүрэнгийн биед баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал  бүхий гэмтлүүд учруулснаас цээжний хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас уушгины наалдац авчилт үүсэж уушгины цочмог хатгалгаагаар нас барсан байна.

Тэрээр энэхүү өөрийн бусдыг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биеийн баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүнд хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Ч.С хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.С гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Сандагсүрэнгийн биед баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга хуучин бороолсон хугарал бүхий хохирол, хор уршиг тус тус учирсан байна.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатар нь мөрдөн байцаалтын шатанд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч Ч.С нь дээрх хохирлыг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Харин хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатар нь шүүгдэгч Ч.С нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр төлөгдсөн гэсэн боловч шүүгдэгчид гомдолтой байна гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.С энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.С хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзахаас гадна амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй зэргийг давхар харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.С оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл баривчлагдсан нийт 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын дэгээ төмөр устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг, 

Эрүүгийн 1934004540497 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт 1 ширхэг CD хураагдан ирснийг хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг, шүүгдэгч Ч.Сандаг-Очир нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатарт 25.000.000 төгрөг төлснийг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

  

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан 

             шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12.,

                   36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                                   заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                          болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ч С хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.С шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл баривчлагдсан нийт 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 1934004540497 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт 1 ширхэг CD хураагдан ирснийг хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг, шүүгдэгч Ч.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болдбаатарт 25.000.000 төгрөг төлснийг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын дэгээ төмөр устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.  

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Б овгийн Ч С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч С авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ю.ЭНХМАА

 

                                       ШҮҮГЧИД                                         Т.БАТЖАРГАЛ

   

                                                                                                Ш.ГАНДАНСҮРЭН