Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           06               03                                               2020/ШЦТ/207                                         

  

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овгийн А Б холбогдох эрүүгийн 1934010120262 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.           

       

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1968 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Улз групп” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дорнод аймаг, Баяндун сум, 1 дүгээр баг, Түргэнд оршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер гарпен 2 хотхоны 406-901 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан, 1 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ч овгийн А Б

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.Б нь Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улз гол” ХХК-ийн хурлын зааланд А.Бүрэнтогтох нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О.Сод-Эрдэнийг зодож түүний биед тархи доргилт, зулай, дагзны хуйхан доорх цус хуралт, зүүн хацар, зүүн хөмсгөнд зулгарал, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

Эрүүгийн 1934010120262 дугаартай хэрэгт хохирогч О.Сод-Эрдэнэ /хх-ийн 34-36, 73-74 дүгээр хуудас/, гэрч А.Бүрэнтогтох /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч П.Балжинням /хх-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч Ц.Батнасан /хх-ийн 77-78 дугаар хуудас/, яллагдагч А.Бүрэнтогтох /хх-ийн 67-70 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 561 дугаартай дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1481 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон хохирогч О.Сод-Эрдэнийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 82 дугаар хуудас/, шүүгдэгч А.Бүрэнтогтохын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 9-14, 43-52, 80, 88-89, 91-92 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улз гол” ХХК-ийн хурлын зааланд О.Сод-Эрдэнийг зодож түүний биед тархи доргилт, зулай, дагзны хуйхан доорх цус хуралт, зүүн хацар, зүүн хөмсгөнд зулгарал, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч О.Сод-Эрдэнийн  ...Улз группийн ерөнхий захирал Бүрэнтогтох нь хурлын зааланд орж ирээд гэнэт намайг чи энэ ажлыг хийх эрхгүй, ямар нүүрээ рээ хийж байгаа юм гээд ууж явсан халуун кофегоо миний нүүр рүү цацаж аягаар нь нүүр рүү цохиж, сандал авч шидэхээр нь зугтаасан чинь араас хөөж байхад би халтираад газар унахад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж аваад зааланд байсан хүмүүс захирлыг надаас салгах гэхэд захирал зайлцгаа пизданууд минь ална шүү гээд хэлтэл бүгдээрээ ойртож чадахгүй болчихсон. Тэгээд захирал намайг хөөж гарга зайлуул энэ пиздаад хамаг ачааг нь үүрүүлээд шалганы хаалга хүртэл явган алхуул гэж хэлээд явчихсан... ...Хурлын зааланд байсан сандлаар нүүр рүү цохиж мөн хөлөөрөө хэд хэдэн удаа толгой руу өшиглөсөн... /хх-ийн 34-36 дугаар хуудас/, 

...Би энэ хэрэгтэй холбоотой эмнэлгээр үзүүлсэн томографийн төлбөр болон эмнэлгээр явах болон цагдаагийн байгууллагаас дуудсан үед явсан бензины зардалд нийт 316 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хэрэгтэй холбоотой А.Бүрэнтогтох нь надтай нэг ч удаа уулзаж уучлалт гуйгаагүй болохоор би гомдолтой байна... /хх-ийн 74 дүгээр хуудас/,

гэрч О.Сод-Эрдэнийн ...Бүрэнтогтох нь хурлын зааланд орж ирээд гэнэт намайг чи энэ ажлыг хийх эрхгүй, ямар нүүрээрээ хийж байгаа юм гээд ууж явсан халуун кофегоо миний нүүр рүү цацаж аягаар нь нүүр рүү цохиж, сандал авч шидэхээр нь зугтаасан чинь араас хөөж байхад нь би халтираад газар унахад нүүр рүү алгадахаар нь босоод иртэл нүүр рүү 1 удаа өшиглөж төмөр сандал авч нүүр руу хэд хэдэн удаа цохиж авахад зааланд байсан хүмүүс захирлыг надаас салгах гэхэд захирал зайлцгаа писданууд минь ална шүү гээд хэлтэл бүгдээрээ ойртож чадахгүй болчихсон... /хх-ийн 04-05 дугаар хуудас/,

гэрч П.Балжиннямын ...Тэр 2 ширээний хоёр талд сууж байгаад захирал цай ууж байсан аягаа О.Сод-Эрдэнэ рүү шидээд ширээ тойроод очсон. Би О.Сод-Эрдэнэ инженерийн хажууд нь сууж байгаад болио захирлаа гээд өөдөөс нь босоход намайг байж бай холдоодох гэж хэлсэн. Тэгээд захирал О.Сод-Эрдэнийг чи энэ ажилдаа тэнцэхгүй юм байна ажлаа өгөөрэй гэж хэлж байсан... ...Гартаа барьсан аягаа шидсэн. Өөрөөр бол цохиогүй... ...О.Сод-Эрдэнэ нь А.Бүрэнтогтохыг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй... /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

яллагдагч А.Б ...Би энэ хэрэгт өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ажлын хариуцлага алдсан ажилтандаа шаардлага тавихдаа хэт уурлаж бухимдаад ийм асуудалд орчихлоо. Тухайн үед ажилтан О.Сод-Эрдэнэд уурлах болсон ямар нэгэн шалтгаан нь хариуцсан ажлаа зохих ёсоор хийхгүй, ямар нэгэн шалтгаангүйгээр шууд удирдах албан тушаалтандаа хэлэлгүйгээр ажлаа орхиж яваад ажлаа тасалсан. Мөн энэ талаар нь асууж тодруулахад өөдөөс намайг үл тоосон байдалтай харьцаад байсан болохоор би уурлаад ийм асуудал гаргасан. Тиймээс би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой тул надад холбогдох хэргийг цаашид хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... /хх-ийн 69-70 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 561 дугаартай ...О.Сод-Эрдэнийн биед зүүн хацар, зүүн хөмсөгөнд зулгаралт, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1481 дугаартай ...О.Сод-Эрдэнийн биед тархи доргилт, зулай, дагзны хуйхан дорхи цус хуралт, зүүн хацар, зүүн хөмсөгөнд зулгаралт, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, болон хохирогч О.Сод-Эрдэнийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 82 дугаар хуудас/, шүүгдэгч А.Бүрэнтогтохын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 9-14, 43-52, 80, 88-89, 91-92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

    

Прокуророос шүүгдэгч А.Б холбогдох эрүүгийн 1934010120262 дугаартай хэргийн шүүгдэгч А.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.        

   

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч А.Бүрэнтогтохын 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О.Сод-Эрдэнийг зодож түүний биед тархи доргилт, зулай, дагзны хуйхан доорх цус хуралт, зүүн хацар, зүүн хөмсгөнд зулгарал, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд гэмт үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.   

  

Мөн шүүгдэгч А.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Б нь хохирогч О.Сод-Эрдэнийн биед тархи доргилт, зулай, дагзны хуйхан дорхи цус хуралт, зүүн хацар, зүүн хөмсөгөнд зулгаралт, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хохирогч О.С нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалд 316.000 /гурван зуун арван зургаа мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримт хавтас хэргийн 82 дугаар хуудаст авагдсан бөгөөд дээрх 316.000 /гурван зуун арван зургаа мянга/ төгрөг хохирлыг шүүгдэгч А.Бүрэнтогтох төлсөн болох нь хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст авагдсан нотлох баримт болон хохирогчид хохирлоо төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хохирогч О.Сод-Эрдэнийн шүүхийн шатанд гаргасан нэхэмжлэх зүйлгүй, харин гомдолтой байна гэх хүсэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч А.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Харин хохирогч О.Сод-Эрдэнэ нь шүүгдэгч А.Б гомдолтой байна гэснийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй ял тохиролцож шүүхэд танилцуулсан саналын хүрээнд оногдуулах боломжгүй, харин тодорхой хэмжээгээр хүндрүүлэн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

Шүүхээс шүүгдэгч А.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүхээс шүүгдэгч А.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934010120262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

            36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн А Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч овгийн А Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн А Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     

4. Шүүгдэгч Ч овгийн А Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 1934010120262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Ч овгийн А Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч

Ч овгийн А Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН