| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07593/И |
| Дугаар | 5875 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 5875
| 2016 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/05875 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороололд байрлах, “Багануур илч” ХХК /РД:2656647/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 29 байр, 294 тоотод байрлах, “Лха-Амир” ХХК /РД:5407974/
Нүүрсний үнэ 28.628.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Багануур илч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Лха-Амир” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10/07 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 1200 тонн нүүрсийг худалдан авагч тал бүрэн хүлээн авсан бөгөөд нүүрсний төлбөр болох 28.628.450 төгрөгийг төлөөгүй байна. Дээрх төлбөрийг төлөх талаар удаа дараа тус компанийн удирдлагад хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд хариуцагч “Лха-Амир” ХХК-иас нүүрс бэлтгэн нийлүүлсний үлдэгдэл төлбөр 28.628.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Лха-Амир” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 28.628.450 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үлдэх 26.628.450 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Лха-Амир” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Лха-Амир” ХХК нь “Багануур илч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 28.628.450 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үлдэх 26.628.450 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Багануур илч” ХХК нь хариуцагч “Лха-Амир” ХХК-д холбогдуулан нүүрсний үнэ 28.628.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Лха-Амир” ХХК нь “Багануур илч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 28.628.450 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үлдэх 26.628.450 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч “Лха-Амир” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Лха-Амир” ХХК-иас 150547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Лха-Амир” ХХК нь “Багануур илч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 28.628.450 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үлдэх 26.628.450 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 301.095 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 150547 төгрөг, хариуцагч “Лха-Амир” ХХК-иас 150547 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Багануур илч” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА