Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

2020             06                 03                                               2020/ШЦТ/206                                 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Х Н холбогдох эрүүгийн 2034002980284 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 05 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт 1972 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Дэнжийн 03А-07 тооод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Х Н

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Х.Н нь 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 13-206 тоотод иргэн Одонтуяагийн гэрт “Н.Батзолбоо нь архи ууж согтуурсан үедээ Нарантөгсийг архи авч өг гэх шалтгаанаар” энгэрээс нь зууралдах явцад нь түүний гарыг тавиулах зорилгоор дугтарснаас хаалганы эрмэгийг дух хэсгээр нь мөргүүлж унасны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн зулайн яснаас баруун дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулайн чамархайн, суурийн нимгэн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034002980284 дугаартай хэрэгт хохирогч Н.Батзолбоо /хх-ийн 5-6, 7 дугаар хуудас/, гэрч Б.Одонтуяа /хх-ийн 8-9, 10 дугаар хуудас/, гэрч Х.Нарантөгс /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Н.Батзолбоо /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шинжээч Н.Энхцолмон /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч Х.Нарантөгс /хх-ийн 31-32 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, хохирлын баримтууд /хх-ийн 56-60 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-67 дугаар хуудас/, хохирогч Н.Батзолбоогийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Нарантөгсийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33, 36-53, 73 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч Х.Н нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 13-206 тоотод иргэн Одонтуяагийн гэрт “Н.Батзолбоо нь архи ууж согтуурсан үедээ Нарантөгсийг архи авч өг гэх шалтгаанаар” энгэрээс нь зууралдах явцад нь түүний гарыг тавиулах зорилгоор дугтарснаас хаалганы эрмэгийг дух хэсгээр нь мөргүүлж унасны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн зулайн яснаас баруун дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулайн чамархайн, суурийн нимгэн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Н.Батзолбоогийн ...Одонтуяа эгчээс миний толгой өвдөөд байна хэн яасан юм бол гэсэн чинь Одонтуяа намайг Нарантөгсийг орж ирсэн чинь архи нэхээд согтуурхаад Нарантөгсийг гаръя гээд хувцаснаас нь зулгааж байгаад хөл алдаад хаалга толгойгоороо мөргөсөн гэсэн юм. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь эхнэрийг дуудаад Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж хэвтсэн юм... ...Х.Нарантөгс ах намайг зодоод ийм болсон байх гэж бодоод тухайн үед тэгж мэдүүлэг өгч байсан юм... ...Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Нарантөгс ах надад эмчилгээний зардал 2 сая 820 мянган төгрөгийн зардал гарсан тухайн зардлыг төлж барагдуулсан байгаа... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...Би эмчилгээний зардал баримтаар бүрэн гаргаж байгаа тухайн хохирол бүрэн барагдуулсан юм... ...Би тухайн үед их согтуу байсан болсон зүйлийн талаар мэдэхгүй байна эгч Одонтуяа чи урьд шөнө Нарантөгс ах чинь ирсэн чинь архи авч өг гэж байгаад хаалга мөргөсөн толгой чинь яаж байна гэж байсан юм... /хх-ийн 07 дугаар хуудас/,

гэрч Б.Одонтуяагийн ...Батзолбоо согтуурхаад Нарантөгс ах надад архи авч өг гээд байсан Нарантөгс миний дүү их согтсон байна унт гэж хэлж байсан. Тэгсэн Н.Батзолбоо босоод Х.Нарантөгс ах та ганц надтай таарчхаад нэг шил архи аваад өгчихгүй гээд хувцаснаас нь зулгаагаад би наанаас нь Батзолбоог наад ахыгаа цай хоол идүүл гэж хэлж байсан чинь Батзолбоо хөл дээрээ зогсож чадахгүй гуйвж байгаад хөл алдаад унасан. Унах үедээ хаалганы эрмэг мөргөсөн юм. Тэгтэл хамраас нь цус гараад Х.Нарантөгс цусыг нь угааж өгөөд одоо миний дүү унт гээд гараад явсан юм. Тэр үед Н.Батзолбоо Х.Нарантөгс ах хаачив намайг зодсон гээд байсан. Би унт гээд унтуулсан өглөө Батзолбоо сэрчхээд намайг Нарантөгс ах яах гэж зодсон юм бол миний толгой өвдөөд байна гэж байгаад харьлаа гээд гэрээс гараад явсан. Тэгсэн толгой нь гэмтэл авсан гээд Батзолбоог хотод эмнэлэгт хэвтсэн гэж байсан юм... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

...Намайг харж байхад Х.Нарантөгсийг Н.Батзолбоо хувцаснаас нь зуурсан байлтай байж байсан. Тэгтэл Х.Нарантөгс хувцаснаас нь зуурсан гарыг нь тавиулах шиг болж байгаа харагдсан. Тэгтэл Н.Батзолбоо онгорхой байсан хаалга мөргөөд хамар амнаас нь цус гараад Нарантөгс угааж цэвэрлэж өгөөд Батзолбоог миний дүү одоо унтаж амар эгчийгээ битгий зовоогоод бай гэж хэлээд явсан юм... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Н.Батзолбоогийн ...Эгч надад аавын байрыг зарсан танай муу гичий л заруулсан биз гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан чинь Х.Нарантөгс намайг 2 литрийн пивоор цохиж газарт унагаж дээрээс нүүр хэсэгт гараа раа олон удаа цохисон. Тэгээд орой манай эхнэр ирж авч Улаанбаатар хот ирж ухаан алдаад ГССҮТ-д ирсэн... /хх-ийн 13-14 дугаар хуудас/,

шинжээч Н.Энхцолмонгийн ...Н.Батзолбоогийн биед үзлэг хийсэн... ...Тухайн гэмтэл нь мод, чулуу, төмрөөр болон бусад мохоо зүйлээр цохиход тухайн гэмтэл нь үүсэх боломжтой гэмтэл юм. Дан гараар цохиход гэмтэл үүсэх боломжгүй юм... ...Хурц ир зүйлээс бусад хими биологийн хүчин зүйл хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг хамааруулан авч үздэг... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

яллагдагч Х.Нарантөгсийн ...Н.Батзолбоо намайг гэрт орж ирсэн чинь архи согтууруулах ундаа уусан согтуурхаад босож ирээд гуйваад намайг гарах гэсэн чинь үүдэнд хувцаснаас зуураад явуулахгүй гэрээс гаргахгүй архи авч өг гээд байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд зайлтал Н.Батзолбоо хөл алдаад хаалганы ирмэг нүүр, дух хэсгээрээ мөргөөд тэр дороо хамар амнаас нь цус гараад би угааж цэвэрлэж өгөөд унтаж амар битгий архи уугаад эгчийгээ зовоогоод бай гэж хэлээд явсан юм... ...Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг 13-206, тоотод 2020 оны 03 сарын 04-ний өдөр хохирогч Н.Батзолбоогийн эрүүл мэндэд болгоомжгүй хүнд хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 31-32 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4186 дугаартай ...Н.Батзолбоогийн биед зүүн зулайн ясны баруун дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулайн чамархай, суурийн нимгэн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, хохирлын баримтууд /хх-ийн 56-60 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-67 дугаар хуудас/, хохирогч Н.Батзолбоогийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Нарантөгсийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33, 36-53, 73 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

     

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

    

Прокуророос шүүгдэгч Х.Нарантөгсөд холбогдох эрүүгийн 2034002980284 дугаартай хэргийн шүүгдэгч Х.Нарантөгсийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Х.Н 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 13-206 тоотод иргэн Одонтуяагийн гэрт Н.Батзолбоог согтуурсан үедээ архи авч өг гэх шалтгаанаар энгэрээс нь зууралдах явцад нь түүний гарыг тавиулах зорилгоор дугтарснаас хаалганы эрмэгийг дух хэсгээр нь мөргүүлж унасны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн зулайн яснаас баруун дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулайн чамархайн, суурийн нимгэн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүнд хохирол учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд болгоомжгүй гэмт үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.   

 

Мөн шүүгдэгч Х.Н болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Н хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь хохирогч Н.Батзолбоогийн биед зүүн зулайн ясны баруун дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулайн чамархай, суурийн нимгэн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол учруулсан байна.  

 

Хохирогч Н.Батзболбоо нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 1.957.507 /нэг сая есөн зуун тавин долоон мянга таван зуун долоон мянга/ төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Нарансайхан нь 2.897.000 /хоёр сая найман зуун ерэн долоо мянга/ төгрөг төлсөн болох нь хохирогчид хохирлоо төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хохирогч Н.Батзолбоогийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн 5-6, 7 дугаар хуудаст авагдсан мэдүүлгүүд, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас, хохирол төлсөн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Х.Н хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй ял тохиролцож шүүхэд танилцуулсан саналын хүрээнд оногдуулах боломжгүй, харин тодорхой хэмжээгээр хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч Х.Н шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус ял оногдуулахыг мэдэгдэж, түүний тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Эрүүгийн 2034002980284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

            36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Х Н хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Х Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Х Н шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Х Н тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2034002980284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Х Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Х Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН