Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 16

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                          Д.Энхтуяа

Хохирогч                                           С.Г-

Хохирогчийн өмгөөлөгч                Ж.Эрдэнэбаатар

Шүүгдэгч                                           Д.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ч.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 362 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган нарын давж заалдах гомдлуудаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн А-д холбогдох эрүүгийн 201709000280 тоот, 2 хавтастай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Д-ийн А-, /РД:**********/, урьд:

-2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.А- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн Ч.Баатаржаваас 13.000.000 төгрөг, иргэн С.Г-эс 40.000.000 төгрөгийг залилж, нийт 53.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 362 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хохирогч Ч.Баатаржаваас 13.000.000 төгрөг залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Б- овогт Д-ийн А-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хохирогч С.Г-эс 40.000.000 төгрөг залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А-гаас 23.750.000 /хорин гурван сая долоон зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/2 дугаар байрны 81 тоотод оршин суух С-гийн Г-д /РД:**********/ олгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Д-ийн А-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.А-д торгох ялын 1.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.А-д анхааруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч С.Г-д төлөх 23.750.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүгдэгч Д.А-гийн өмчлөлийн “Samsung” маркийн 32 инчийн өнгөт зурагт 1 ш, “Samsung” маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ш зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.А- нь хохирогч Ч.Баатаржаваас 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар 27-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг цувуулан авч, талууд энэхүү төлбөрийн эргэн төлөлтийн талаар харилцан тооцоо хийж байсан бөгөөд 23.000.000 төгрөгийг төлж барагдуулан 13.000.000 төгрөгийн төлбөр үлдсэн талаар шүүгдэгч нар маргаагүй. ...35.000.000 төгрөгийг цувуулан авахдаа тухайн мөнгийг эргүүлэн төлөхгүй гэсэн субъектив санаа байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй байна. Талууд гэрээний үүргийг биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсоны улмаас үүссэн гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ч.Баатаржаваас авсан 35.000.000 төгрөгийн ихэнх хэсгийг буюу 23.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Баатаржав нь “...2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийт авсан мөнгөнөөсөө 9.000.000 төгрөг үлдсэн байсан. Ингээд “дахин 5.000.000 төгрөг зээлээч” гэхээр нь данс руу шилжүүлсэн. Ингээд 11.000.000 төгрөгийн тооцоотой болсон байтал

Д.А- дахин над дээр ирж “Дархан сумын 11 дүгээр багт байрлах үйлчилгээний зориулалт бүхий объектоо Аймгийн засаг даргын Тамгын газарт 400.000.000         төгрөгөөр зарахаар болсон, надад 15.000.000 төгрөг нэмээд өгөөч” гэж хэлэхээр нь би итгээд ахин нэмж 15.000.000 төгрөгийг өгсөн юм. Ингээд Д.А-г “объектоо зарсан уу? мөнгөө өгөөч” гэхээр Д.А- “мөнгө орж ирээгүй байна, удахгүй орж ирнэ” гэж хэлж явсаар 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн юм. Ингээд би тухайн үед аймгийн засаг даргын тамгын газрын хүнээс энэ талаар лавлаж асууж яваад Д.А-г объектоо зараад мөнгөө авчихсан болохыг мэдсэн” гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар Д.А- нь аман гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгийн заримыг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар тодорхой үйлдлүүд хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байхад эдгээр нотлох баримтанд дүгнэлт хийхдээ зөвхөн аман гэрээгээр тохиролцсон, төлөлт хийж байсан, эрсдэлд орсон байдал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэж үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хохирогч Ч.Баатаржавын 13.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэл өөрчилж шийдвэрлэсэн байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-гийн иргэн Ч.Баатаржавыг залилан мэхэлж 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улмаар зүйл ангийг нь хөнгөрүүлж, 1.000.0000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оноосон нь шүүгдэгчийн гэм бурууг зөв тогтоож чадаагүй, ял шийтгэлийг хуулийн дагуу оногдуулалгүй түүнд ял завшуулах байдал бий болгож, хохирогч нарын эрх ашгийг хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Д.А-гийн хувьд хохирогч Ч.Баатаржавыг залилахдаа хохирогч С.Галт-Эрдэнийг залилсан аргаараа яг ижил үйлдэл хийж буюу “Аймгийн захиргаанд 480.0 сая төгрөгөөр объект зарах гэж байгаа, тэрийг зараад мөнгийг чинь өгнө” гэж хэлж мөнгийг авчихаад тэр объектоо зарсан мөртлөө зараагүй гэж хэлээд мөнгийг нь өгөөгүй жил гаран болсон байхад уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Д.А- нь шүүх хурал дээр хохирогч С.Галт-Эрдэнийн хохирлын үлдэгдэл 23.750.000 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулъя гэж санал гаргаж байхад шүүх түүнийг нь үл хэрэгсэн 1 жил 6 сарын дотор буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн нь мөн хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Шүүгдэгч Д.А- нь хувийн байдлын хувьд 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан- Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100 000 төгрөгийн эд зүйл хурааж, 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн хүн юм. Мөн шийтгэх тогтоолд түүний Монгол Улсын “Гавьяат багш” цолтойг нь дурдалгүй орхисон байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн №362 тоот шийтгэх тогтоолыг ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг баримтлан хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогч С.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-гийн хохирогч Ч.Баатаржаваас 13.0 сая төгрөг залилсан гэмт хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн ба ийнхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин, улмаар эрүүгийн хуульд "гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх" гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй ял оногдуулж, хохирогчийг басамжпан доромжилсон, гэм буруутай этгээдэд ял завшуулсан шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар

Шүүгдэгч Д.А- нь хохирогч Ч.Баатаржаваас 13.0 сая төгрөгийг залилан авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон, тогтоогдсон байхад шүүхээс “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д Залилах гэмт хэргийг “Хуурч, эсхүл баримт бичиг, ...ашиглаж, ....урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж заасан ба Д.А-гийн Ч.Баатаржаваас 13.0    сая төгрөгийг залилсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь хохирогч Ч.Баатаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...объектоо аймгийн засаг даргын тамгын газарт зарахаар болсон, нэмж мөнгө өгөөч гэхэд нь итгээд өгсөн, Д.А- мөнгө орж ирээгүй байна гэж хэлж явсаар 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн, энэ талаар аймгийн тамгын газрын хүмүүсээс асуухад Д.А- объектоо зараад мөнгөө авчихсан байсан” гэх агуулга бүхий мэдүүлгээр хангалттай нотлогддог. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо “...мөнгийг эргүүлэн төлөхгүй гэсэн субъектив санаа байсан болох нь тогтоогдоогүй, гэрээний эрсдэл” гэх мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлажээ. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдох ба шүүгдэгч нь хохирогч Ч.Баатаржаваас “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан” 2011 оноос эхлүүлэн удаа дараа мөнгө залилан авсан, залилах талаар шүүх дүгнэлт хийхийг хүсээгүй байна.

“Мөнгийг эргүүлэн төлөхгүй гэсэн субъектив санаа байсан болох нь тогтоогдоогүй” гэх шүүхийн дүгнэлтийн тухайд шүүгдэгч Д.А- нь хохирогч Ч.Баатаржавд “объектоо зараад өгнө гэж мөнгө авсан” хэрнээ уг объектоо зарсан хойноо ч мөнгийг нь өгөөгүй, хохирогч Ч.Баатаржавыг эрүүл мэнд нь муудаж мөнгөө авахаар өчнөөн удаа гуйж байхад нь өгөөгүй /2017.11.29-ний шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө ямар ч хэл чимээгүй дансанд нь 13.0 сая төгрөг шилжүүлсэн/ үндсэндээ 7 жил гарангийн хугацаанд хохироосон байхад шүүгдэгчийн “хуурч мэхэлсэн, итгэл урвуулах” аргаар залилах гэмт хэрэг үйлдсэнийг үндэслэлгүйгээр үгүйсгэжээ.

Шүүх үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилснөөрөө шүүгдэгч Д.А-д хохирогч надад хохирлыг төлөхөөс зугатах, зайлсхийх, ял завших боломжийг олгож байгаа гэж үзэж байна. Учир нь прокуророос ирүүлсэн зүйлчлэлээр шүүгдэгч Д.А- нь хорих ялаас мултрах боломжгүй байсан.

Д.А- угаасаа айхтар зальтай хүн, түүний төрсөн хүү Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчоор ажилладаг, тэрээр “миний хүү аймгийн дарга, миний шавь нар цагдаа, шүүхээр дүүрэн, чи надаас юу ч авч чадахгүй, миний нэр дээр нэг халбага ч байхгүй” гэж доромжилдог, заналхийлдэг хүн. Түүний энэ хэлдэг, ярьдаг зүйл бодит биелэлээ олж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Д.А- нь 2013 оноос хойш олон удаагийн үйлдлээр “хууран мэхлэх, итгэл урвуулах” аргаар надаас 42.0 сая төгрөгийг залилсан, тэрээр энэ хугацаанд миний бие Д.А-гийн энэ асуудлыг шалгуулахаар 2 ч удаа цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан юм. Гэтэл энэ тохиолдол бүрт Д.А- нь нөгөө л башир зальт аргаа хэрэглэн “ах нь өгнө, өргөдлөө авчихаач” гэж гуйж гувшин, миний мөнгийг төлөх хугацаа зааж амлалт бичиж өгсөнөөр миний бие өргөдлөө буцаан авч хэргийг хаалгаж байсан, мөн иргэн Мөнхчулууны гомдлоор аймгийн хяналтын прокурор С.Баттамир дээр дуудагдаж очиход надаас гадна иргэн Мөнхчулуун, Энхбаатар, Баатаржав, Энхбаяр гэсэн 4 хүнийг “Дархан-Уул аймгийн захиргаанд объектоо зараад өгнө” гэж нэг ижил аргаар их бага хэмжээний мөнгө залилсан байсан, тэгээд хүн тус бүрт прокурорын хажууд хугацаа бичиж, амлалт өгсөн боловч хугацаандаа өгөхгүй байхаар нь би дахин С.Баттамир прокурор дээр дуудуулж уулзаад дахин өрөө төлөх хугацааг бичүүлж авсан боловч мөн л залилан мэхэлсээр байсан тул би өөрийн биеэр  Дархан-Уул аймгийн прокурорт өргөдөл гарган байж энэ удаад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан.

Өмнө нь эрүүгийн хэргийг үүсгэн шалгуулж байхад Д.А- нь нилээд их хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байсан. Гэтэл энэ зальт этгээд одоо өөрийн бүх хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлсэн бөгөөд “надад 1 ширхэг халбага ч байхгүй, чи юу ч олж авч чадахгүй” гэж доромжпох болсон, гэвч шүүх энэ хүнийг өдий насанд өөрийн гэсэн орон байргүй, ямар ч эд хөрөнгөгүй гэдэгт итгэнэ гэж баймааргүй юм

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад шүүгдэгч Д.А-гийн хүсэлтээр гэрчүүдтэй нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийсэн ба энэ үед би “та мөнгө авч байх үедээ намайг бараг бурхан шиг л хэлж байсан, тэрэн шигээ байгаач” гэхэд Д.А- мөрдөн байцаагчийн дэргэд “чамайг шүүх цагдаагаар явахаар дургүй хүрээд байна, түүнээс биш надад мөнгө, хөрөнгө өчнөөн байна, өгье гэвэл одоо ч гэсэн гаргаад өгч чадах чадалтай” гэж доромжилж байсан юм. Энэ нь бас үнэний ортой, түүний хүүхдүүд нь бизнес эрхэлдэг, хувьдаа компанитай, том том хаусд амьдарцгаадаг, мөн түүний хүү нь Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчоор ажилладаг.

Энэ этгээд бусдыг залилан авсан мөнгөө өгөхгүй гэсэн санаагаар өөрийн бүх хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлсэн байдаг. Түүнчлэн түүний хэргийг шалгаж байхад 2 удаа байцаагч нь солигдож хэрэг удааширч хянан шийдвэрлэх ажиллагаа хойшилсоор Д.А-д 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар /энэ хууль нь хохирогчийн эрхийг хязгаарласан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн толгойг илсэн, шүүгдэгчид давуу байдал олгосон/ эрх зүйн байдлаа дээрдүүлэн хэргээ шийдвэрлүүлэх боломжийг олгосныг бас дурдах нь зүйтэй ба үүнд Аймгийн Засаг даргын орлогчийн албыг хашдаг түүний хүү нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих хуулиас өмнө иргэн Д.А- байцаагчаар дамжуулж “хохирлыг төлнө” гэж хэлүүлж байсан. Гэвч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хууль гарангуут төлөхөө больсон.

Энэ бүх процессийг би шүүх хуралдааны явцад хэлэх гэсэн боловч шүүх хуралдаан даргалагчийн зүгээс “нуршлаа, ач холбогдолгүй юм ярилаа” гэх мэтээр загнаж зандран, яриулаагүй.

Мөн бэлнээр 2 удаа мөнгө өгсөн гэрч болох миний эхнэр Ц.Уранбилэгийг шүүх хурал дээр шүүгч болон шүүгдэгчийн 2 өмгөөлөгч загнаад өөрийнхөөрөө үг хэлж олгоогүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон бөгөөд шүүхээс шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үргэлжлүүлж, шийдвэрээ гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан байхад шүүгч уг хуулийг зөрчин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх талаар ямар нэгэн санал, хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт /энэ нь шүүх хуралдааны үед бичигдсэн дуу, дүрсний бичлэгээр нотлогдоно/ гаргаагүй байхад хуульд заасан журмыг баримтлалгүй, шүүх хуралдааныг завсарлуулсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

Шүүх шүүгдэгч Д.А-гийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаар заалт шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсэгт байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь зүйлийн 3-т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой...бичигдсэн байх” шаардлагыг хангахгүй байна. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаар заах байсан гэж үзэж байна, үүгээрээ шийтгэх тогтоолыг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Шүүгдэгч Д.А- нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “С.Галт- Эрдэний хохирлыг хэдий хугацаанд төлөх вэ” гэж асуусан шүүгчийн асуултад “6 сарын хугацаанд” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрс бичлэгт авагдсан байгаа. Гэтэл шүүх шүүгдэгчийн 6 сарын хугацаанд хохирлоо төлнө гэснийг үл хэрэгсэн шийдвэрээ гаргахдаа хохирогч миний хохирлыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид үүрэг /тогтоох хэсгийн 6 дахь заалт/ болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчин шүүх хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Д.А-д 4 жил зальдуулж хохирсон намайг дахин жил найман сарын дараа хохирол төлүүлэхээр шийдвэрлэж, нэмж хохироож байна гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” 1.6-д “...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хохирлыг ямар хугацаанд барагдуулах талаар тусгахаас өөрөөр шүүх дур мэдэн хохирол төлөх хугацааг тогтооно гэсэн агуулга уг хуулийн зүйлд огт байхгүй байна. Шүүгдэгч Д.А- нь хохирлыг төлөх хугацаагаа 6 сар гэж тодорхойлж хэлсээр байхад шүүх шүүгдэгчийн хэлсэн хугацаан дээр бүтэн 1 жил 2 сарын хугацааг нэмж шийдвэртээ заан, “хохирогч намайг өчнөөн олон жил хохирсон дээрээ хохир гэж басамжилж” эрх мэдлээ хэтрүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

Иймээс дээрх асуудлуудыг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Жич: Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг бүрэн эхээр нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлүүлэх хүсэлтэй байгаа тул уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг анхан шатны шүүхээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна. Шүүгдэгч Д.А- нь иргэн С.Г-эс 2013 оны 11 сараас 2014 оны 6 сарын хооронд нийт 16.250.000 төгрөг зээлж авахдаа өөрийн ХААН банкны 5119003047 тоот дансаар шилжүүлж авч байсан нь нотлогдож байгаа ба бэлнээр 23.750.000 төгрөг авсан гэдгийг хөдөлбөргүй нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Д.А- С.Галт-Эрдэнийн утас руу мессеж бичсэн, 40.0 сая төгрөг төлнө 42.0 сая төгрөг төлнө гэж бичсэн нь зээлийн хүүг тооцож төлнө л гэсэн тооцоо байхад бэлнээр авсан гэх нотолгоо биш юм. Бэлэн мөнгө авч байхыг нь харсан гэх гэрчүүд яг хэдэн төгрөг гэдгийг мэддэггүй, нүүрэлдүүлэн байцаалтаар зөрүү нь арилаагүй, нотлогдоогүй.

Хохирогч С.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ А-д 2014 оны 6 сар хүртэл бэлэн мөнгө өгч байсан гэсэн байтал түүний эхнэр гэрч Ц.Уранбилэг 2014 оны 8 сард А-д 2 удаа 2 саяар нийт 4 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлд заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийн шинж байхгүй байхад иргэний харилцаагаар зохицуулах маргааныг эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Д.А-,С.Г- нар танилцаад удаагүй байхдаа хүүтэй мөнгө зээлж иргэний аман хэлцэл хийсэн байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлд заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогч С.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Шүүгдэгч хохирлыг төлөх өөрийнхөө боломжит хугацааг хэлж байхад анхан шатны шүүх хугацааг уртасгаж байгаад гомдолтой байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Д.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би н.Галаагаас мөнгө зээлээгүй. 2 объектийг н.Галаа бид хоёр зарах гэж явсан. н.Галаа мөнгө зээлүүлж амьдардаг хүн юм. Надад ямар ч хүүгүйгээр 40.000.000 төгрөг зээлсэн гэж хэлж байна, хүүг нь сардаа тооцож авдаг байсан. Би 40.000.000 төгрөгийг өгье гэж бодож байгаа, Би н.Галаагаас 16.500.000 төгрөгийг авч төлсөн. н.Галаагаас авсан 16.500.000 төгрөгийн хүү нь 23.000.000 төгрөг юм. Мөнгийг 15 хоног тутам 10 хувийн хүүтэй авсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Д.А- нь С.Г-тэй урьдын харилцаатай байгаагүй. Өөрийнхөө байрыг аймгийн захиргаанд зарж өгнө гэж ярьсан, тийм юм байхгүй, залилангийн гэмт хэрэг биш, иргэний маргаан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн Ч.Баатаржаваас 13.000.000 төгрөг, иргэн С.Г-эс 40.000.000 төгрөгийг залилж, нийт 53.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Д.А- нь хохирогч Ч.Баатаржаваас 2011 оны 12 сарын 01-нд 15.0 сая төгрөг, 2014 оны 04 сарын 25-нд 5.0 сая төгрөг, 2015 оны 05 сарын 27-нд 15.0 сая төгрөг, нийт 35.0 сая төгрөгийг цувуулан зээлдэж авахдаа эргэн төлөлтийн талаар харилцан тооцоо хийж байсан бөгөөд 23.0 сая төгрөгийг төлж барагдуулан 13.0 сая төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар хоорондоо маргаагүй, Д.А- нь анхнаасаа дээрх мөнгийг авахдаа эргүүлж төлөхгүй гэсэн санаа агуулаагүй ба ийм байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй, талууд гэрээний үүргийн биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсноос үүссэн гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд Д.А-гийн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, харин урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн С.Г-эс 40.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна гэж дүгнээд шүүгдэгч Д.А-д холбогдуулан Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ч.Баатаржаваас 13.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хохирогч С.Г-эс 40.000.000 төгрөг залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Д.А-гаас 23.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-д олгох, торгох ялын 1.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.А-д анхааруулж, хохирогч С.Г-д төлөх 23.750.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүгдэгч Д.А-гийн өмчлөлийн “Samsung” маркийн 32 инчийн өнгөт зурагт 1 ш, “Samsung” маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ш зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгч Д.А- нь хохирогч Ч.Баатаржаваас 2011 оны 12 сарын 01-нд 15.0 сая төгрөг, 2014 оны 04 сарын 25-нд 5.0 сая төгрөг, 2015 оны 05 сарын 27-нд 15.0 сая төгрөг, нийт 35.0 сая төгрөгийг цувуулан зээлдэж авахдаа эдгээр мөнгийг эргүүлж буцааж төлөхгүй гэсэн санаа, зорилго агуулаагүй, иргэн Ч.Баатаржавыг залилсан гэх байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй, мөнгөний эргэн төлөлтийн талаар хэрхэн, яаж төлөх талаар хоорондоо тооцоо хийж Д.А- нь ажиллуулж байсан “РС” тоглоомын газрынхаа өдөр бүрийн орлогыг Ч.Баатаржавт өгч байхаар харилцан тохиролцож гэрээ хийж өгч байсан ба энэ гэрээний биелэлтийн талаар харилцан ярилцаж гэрээгээ дүгнэж байсан, улмаар дээрх тоглоомын газар нь хаагдсан, мөн өөрийнх нь компани нь дампуурч өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөнөөс эрсдэлд орж зээлсэн мөнгөө төлж чадахаа больсон байх тул шүүгдэгч Д.А- нь иргэн Ч.Баатаржавыг залилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Д.А- нь хохирогч С.Г-тэй 2013 онд “Россия” зочид буудлын биллъярд тоглоомын газарт тоглоцгоож байхдаа танилцаж, улмаар найз нөхдийн харилцаатай болж, “Гавьяат багш”, жийп машин унаад явдаг байсан, ардын багш гэсэн С.Галт-Эрдэнийн итгэлийг далимдуулан, С.Галт-Эрдэнийн итгэлийг олж, улмаар 2013 оны сүүлээс 2014 оны намар хүртэл нийт 40.0 сая төгрөгийг бэлнээр болон дансаар зээлж, улмаар зээлсэн мөнгөө төлөхгүй С.Галт-Эрдэнийг мөнгөө нэхэхээр “аймгийн захиргаанд 480.0 сая төгрөгөөр объект зарах гэж байгаа, үүнийг зараад мөнгийг чинь өгнө” гэж уг объектыг зараад мөнгөө авч банкны зээлийн эргэн төлөлт, бусад өрөнд суутгуулж, эргэн төлөх бодит боломжгүй, ямар ч баталгаагүй, хөрөнгөгүй байсан хэрнээ “зараагүй байгаа, удахгүй мөнгө орж ирэхээр өгнө” гэж байнга худал хэлж зээлсэн мөнгийг буцааж өгөхгүй, эсхүл заримыг нь өгнө гэсэн санаа агуулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн С.Г-эс 40.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.А- нь хохирогч С.Г-эс 40.0 сая төгрөгийг залилсан гэх үйлдэл нь хохирогч С.Галт-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.А-гаас хохирогч С.Г- лүү гар утаснаасаа зээлсэн мөнгөний дүнгийн талаар бичсэн мессежнүүдийн фото зурагнууд /1-р хх4-8-р тал/, “40.0 сая төгрөгийг төлнө” гэж Д.А-гийн өөрийнх нь гараараа бичиж хохирогч С.Г-д өгсөн бичиг /1-р хх-9, 46-р тал/, “хохирогч С.Г-д 42.0 сая төгрөгийг 2016 оны 07 сарын 25-ны дотор төлнө” гэж Д.А-гийн өөрийнхөө гараар бичсэн тодорхойлолт, хохирогч С.Г-эс Д.А-гийн 5119003047 тоот данс руу мөнгө шилжүүлж байсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, гэрч Э.Батсайханы “....А- багш С.Г-д мөнгө өгөх талаар бичиг хийж өгөхөд Батбилэг бид 4 хамт байсан. би “байлцсан” гэж гарын үсэг зурсан..” гэх мэдүүлэг /1-р хх-53/, гэрч Б.Батбилэгийн “...миний машинд А- багш Г-эс боодолтой мөнгө авахдаа “мөнгийг чинь удаахгүй өгнө, барилгын 1 хэсгийг нь аймгийн захиргаа худалдаж авах гэж байгаа, удахгүй бүтээд мөнгө төгрөг орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 55-р тал/, гэрч Л.Бөхбилэгтийн мөрдөн байцаалтанд өгсөн “..Г-эс А- багшид бэлнээр боодолтой мөнгө 2-3 удаа өгч байсныг харсан. Гэхдээ яг хэдэн төгрөгийг мэдэхгүй, боодолтой мөнгө нь 200.000-300.000-аас илүү мөнгө гэж харагдахаар мөнгө өгч байсан...” гэх /1-р хх 56-р тал/, гэрч Ц.Уранбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Г- утсаар над руу яриад А- багш гэрийн гадаа очиход мөнгө гаргаад өг гэхээр нь 2.0 сая төгрөг бэлнээр өгсөн. Гарахад саарал машинтай, жижиг биетэй настай хүн байсан. Дараа нь Г- байхгүй үед дахин ирж 2.0 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 57-р тал/, гэрч Д.Оюунтуяагийн “...Уранбилэг эгч гэрээс гарахдаа 20.000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол мөнгө авч гарч байсан. Тэгээд би тухайн үед “ийм их мөнгө өгч байж бичиг баримт юм авдаггүй юм уу” гэхэд “Г- өөрөө мэдэж байгаа юм байлгүй” гэж байсан. Мөнгө авч байгаа хүнийг харахад өөрөө жолоо барьсан, 60 гаран насны хүн харагдсан...”гэх мэдүүлэг /1-хх 60-р тал/, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв хэдий ч шүүгдэгч Д.А-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, хэт хөнгөдсөн, түүнчлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүгдэгч Д.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 23.750.000 төгрөгийг 6 сарын дотор өөрөө төлж барагдуулахаар шүүх хуралдаанд мэдүүлснийг анхаарахгүйгээр 1 жил 7 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.   

Хууль тогтоомжийн тухай Монгол улсын хуулийн 28.6 дугаар зүйлийн 28.6.3-т “ зүйлийг араб тоогоор ард нь “дүгээр” эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл г.м/, 28.6.4-т “зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1 г.м/, 28.6.5-д “зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1 г.м/ дугаарлаж бичихээр заасан байх тул прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хуулийн зүйл заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2” гэх мэтээр хэрэглэж бичсэн нь буруу, харин “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2” гэх мэтээр бичихийг цаашид анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолын 1, 4, 5, 6 дахь заалтуудыг:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хохирогч Ч.Баатаржаваас 13.000.000 төгрөг залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

“4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б- овогт Д-ийн А-д 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.А-д торгох ялын 8.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.А-д анхааруулсугай” гэж,

“6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.6, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч С.Г-д төлөх 23.750.000 төгрөгийг 2018 оны 09 дүгэр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүгдэгч Д.А-гийн өмчлөлийн “Samsung” маркийн 32 инчийн өнгөт зурагт 1 ш, “Samsung” маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ш зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                            Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ