| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07283/И |
| Дугаар | 5910 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 5910
| 2016 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/05910 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 55а байр 16 тоот Хөх шигтгээ Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 55б байр 52 тоотод оршин суух, 1956 онд төрсөн 60 настай, Дуут овогт Гомбын Наранцэцэг /РД:ЧЛ56082204/
1.417.590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Я.Лувсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Я.Лувсан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Наранцэцэг нь тус хорооны 55б байрны 52 тоотод оршин суудаг бөгөөд сууц өмчлөгчдийн холбоонд төлбөрөө төлдөггүй. Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбоо нь Хүрээ хаус ХХК-д дундын өмчлөлийн дулаан, цахилгааны зардалд 6.000.000 гаран төгрөгний өртэй. Түүнийг төлөхгүй бол 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байрны дулааныг хаана. Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл намайг дундын өмчлөлийн зүйлийн мөнгийг төлөхгүй оршин суугчдийг шүүхэд өг гэсэн. Г.Наранцэцэг нь төлбөрөө төлдөггүй байж бусад иргэдийг төлбөрөө битгий өг гэж уриалдаг. Байрны дулааныг хаахаар мөнгөө төлсөн байрны бусад иргэд хохироно. Хуулийн дагуу Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид хурлаа хийж 1 м.кв-аас 250 төгрөг авч байхаар тохирсон. Оршин суугчдийн хурлын протокол хэрэгт байгаа. Г.Наранцэцэг ч тухайн үед энэ үнийг хүлээн зөвшөөрч байсан. Г.Наранцэцэгийн гэрт нь орж 200.000 төгрөг төлбөрт авч төлбөрөөс суутгасан. Үүнээс хойш Г.Наранцэцэг төлөөгүй. Уг нь төлөхгүй гэж хэлдэггүй байсан. Гэвч төлбөр нь 1.000.000 гаран төгрөг болохоор өрөө төлөхгүй гэх болсон. Надад танай байрны үүднээс автомашины эд анги алга болоод байна, зохих арга хэмжээг ав гэсэн албан бичиг Цагдаагийн байгууллагаас ирсний дагуу зогсоолыг камержуулан, харуул хамгаалалт гаргасан. Г.Наранцэцэг өмнөх даргад 130.000 төгрөг өгсөн гэсэн. Эдгээр үнийг нэхэмжлэлээс суутгасан. 2014 оноос 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 1.417.590 төгрөгийг хариуцагч Г.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаар татагдсан Г.Наранцэцэг нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж зааснаар тухайн орон сууцны өмчлөгч биш, өмчлөгч нь П.Мөнгөнчимэг юм. Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээнээс харахад 2014 онд байгуулагдсан, 55 б байр нь 2013 оны 12 сард ашиглалтанд орсон байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь жилд нэг удаа оршин суугчдийн хурал хийдэг байхад 2013 оны 11 дүгээр сард 7 хоногийн зайтай хоёр удаа хийсэн. Хурлын тэмдэглэлээс харахад 1 м.кв талбайгаас 250 төгрөг, цэвэрлэгээнд 5.000 төгрөг, манаачийн хөлсөнд 3.000 төгрөг, лифтны ашиглалтын зардалд 5.000 төгрөг, нийт нэг өрхөөс 13.000 төгрөг авахаар болж. Иргэний өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий байрны дотор тайлбагаас төлбөр авдаггүй. Нийтийн эзэмшлийн орц, шатны талбайгаас тухайн айлын хаалга хүртэлх талбайн хэмжээг талбай гэж байгаа юм. Гэтэл 2013 оны 12 дугаар сард Г.Наранцэцэг Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны дарга Б.Энхтуяад 168.000 төгрөг өгсөн. Мөн 2014 онд 200.000 төгрөг Я.Лувсанд өгсөн. Эдгээр мөнгөний баримтыг хэрэгт өгсөн. Гэтэл 1.417.590 төгрөг хаанаас гарч ирэв. 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн оршин суугчдийн хурлын тэмдэглэлээс харахад нэг өрхөөс 13.000 төгрөг авахаар байна. Талбайн 10 м.квын төлбөр 2.500 төгрөг. 15.500 төгрөгийг тооцож үзхэд жилд 155.000 төгрөг байна. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудын шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Наранцэцэгт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.417.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Хөх шигтээ сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүрэг 7 дугаар хороо 55б байрны 52 тоотод оршин суугч Г.Наранцэцэг нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй гэх үндэслэлээр түүнээс төлбөр нэхэмжилсэн боловч Г.Наранцэцэг нь тус хаягт бүртгэлгүй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 29 дүгээр байр 68 тоотод оршин суудаг болох нь хариуцагчийн тайлбар, түүний иргэний үнэмлэх гэсэн баримтаар тогтоогдсон, 55б байрны 52 тоот орон сууцны өмчлөгч нь Дуут овгийн Пэрэнлэйн Мөнгөнчимэг болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч холбооны гишүүн байна. Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалтын төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заажээ.
Хариуцагч Г.Наранцэцэг нь Баянгол дүүрэг 7 дугаар хороо 55б байрны 52 тоот орон сууцны өмчлөгч биш байх тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэггүй тул түүнээс төлбөр гаргуулахыг Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбоо шаардах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох бөгөөд, шүүх хуралдаанаар Г.Наранцэцэг нь энэ хэргийн хариуцагч биш болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь хуульд зааснаар хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй тул Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс Г.Наранцэцэг нь 52 тоот орон сууцны төлбөрийг төлдөг, сууц өмчлөгчдийн холбооны хуралд оролцсон гэж тайлбарлан банкны хуулга, оршин суугчдын хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ үндэслэлээр түүнээс төлбөрийг гаргуулах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.Наранцэцэгт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.417.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөх шигтгээ сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.631 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА