| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07632/И |
| Дугаар | 5912 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 5912
| 2016 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/05912 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 24 байр, 4 орцонд байрлах “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 28 байр, 23 тоотод оршин суух, Эржигэнжуна овогт Жанцансүрэнгийн Нарантуяа /РД:ХЖ66120101/,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 738.190 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 28 байр, 23 тоотод оршин суух Ж.Нарантуяа нь 2009 оны 10 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс нийт 86 сарын төлбөр 738.190 төгрөгийг төлөөгүй. Иймд Ж.Нарантуяагаас Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөр 738.190 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Г.Гэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.Нарантуяатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 28 байр, 23 тоотод оршин суух Ж.Нарантуяа би “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 2009 оны 10 дугаар сараас 2013 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр 357.940 төгрөгөөс татгалзаж, үлдэх 380.250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Нарантуяа төлөхөөр хүлээн зөвшөөрч, 380.250 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.Нарантуяад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 738.190 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 357.940 төгрөгөөс татгалзаж, үлдэх 380.250 төгрөгийг хариуцагч Ж.Нарантуяа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 22266,56 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6029 төгрөг, хариуцагч Ж.Нарантуяагаас 6029 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 357.940 төгрөгөөс татгалзаж, 380.250 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.Нарантуяа төлөхөөр зөвшөөрч, 380.250 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22266,56 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6029 төгрөг, хариуцагч Ж.Нарантуяагаас 6029 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА