Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 5935

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05935

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 17-1 тоот хаягт байрлах, “Эх хийморь” ХХК /РД:2594331/       

Хариуцагч: Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүн наран 9 дүгээр гудамж 7 тоотод оршин суух, 1987 онд төрсөн 29 настай, Зээ овогт Чулуунбатын Энхтөр /РД:ЙП87092711/

            7.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Эх хийморь ХХК-ийн захирал С.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол, гэрч Д.Алтаннавч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Эх хийморь ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал С.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани ажилчдаа аль болох урт хугацаагаар, цаашид тогтвор суурьшилтай, ажил таслахгүй ажиллуулах зорилгоор унаа, хоол хүнс, утасны төлбөрийг нь хариуцан төлдөг. Компаниас  Япон улс руу хонда свик маркийн авто машин захиалан авчруулж ажлаа таслахгүй тогтвор суурьшилтай 5 жил ажилласан тохиолдолд автомашиныг өмчлөлд нь шилжүүлэх нөхцөлтэйгээр ажилчиддаа өгч байсан. Үүний нэг нь Ч.Энхтөр бөгөөд түүнд 2014 оны 04 дүгээр сард Япон улсаас оруулж ирсэн хонда свик маркын автомашиныг нэр дээр нь шилжүүлж авч өгсөн. Ч.Энхтөр нь манай компанид 5 жил тогтвор суурьшилтай ажиллан, орлогын 15 хувиар цалинжин, автомашиныг урамшуулалд авч 5 жил ажилласан тохиолдолд Ч.Энхтөрийн өмчлөлд бүрэн очих байсан. Ч.Энхтөр нь энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн учраас би ганцхан Ч.Энхтөрд ч биш компанийхаа хэд хэдэн ажилчинд автомашин захиалж авч өгсөн. Компаний зүгээс Ч.Энхтөрийн дараа төлбөрт утасны дугаар, гар утас, автомашин, хоол хүнс, утасны төлбөрийг хариуцаж байсан.  Гэтэл Ч.Энхтөр нь байнга ажил тасалж, сураггүй алга болж, 1-3 хоног ажил тасалж алга болох үед би юм хэлдэггүй, тоодоггүй байсан. Харин 10-аас дээш хоног алга болохоор нь ажил таслахгүй гэж гарын үсэг зуруулж авдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сард  ажил таслаад алга болохоор нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 7.250.000 төгрөгний үнэтэй автомашины мөнгийг төлнө, дахиж ажил таслахгүй гэсэн баталгаа гаргуулж, гарын үсгийг нь зуруулсан. Манай компани автомашиныг худалдан авахаар Алтан самуурай ХХК-тай гэрээ байгуулж 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримт нь хэрэгт байгаа. Машин ирж буух үед Ч.Энхтөр мөнгөгүй гэхээр нь гаалийн татвар, гэрчилгээ, оношилгооны бүх зардалд 50.000 төгрөг төлж авч өгсөн. Ч.Энхтөр ажил таслахгүй, ажил тасалж ажлаас халагдвал машины үнэ 7.250.000 төгрөгийг төлөх тухай баталгаа гаргаж өгсөнөөс хойш ажлаа хаян, ажилдаа ирээгүй тул ажлаас халсан. Иймд Ч.Энхтөрөөс 7.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Энхтөр миний бие 2013 оны 10 дугаар сарын 22-ноос Эх хийморь ХХК-нд автогидрийн жолоочоор гэрээ байгуулан ажиллах болсон. Гэрээний хугацаа 5 жилийн хугацаатай боловч, гэрээний заалтуудыг компани хэрэгжүүлээгүй тул ажлаа таслах буюу хаях болсон. Хондо свик авто машиныг компани Алтан самуурай ХХК-наас худалдан авч өгсөн гэдэг боловч үнийг хэлдэггүй юм. Намайг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор зээлээр өгсөн гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Гэрээний заалтын дагуу ажлын хөлс компаний орлогын 15 хувь буюу энэ машиныг 4.000.000 төгрөгт тооцон авсан ба энэ нь гэрээний дээрх заалтын дагуу ажлын хөлсөнд орж тооцогдох юм. Ажил хүнд, байнга хээрийн нөхцөлд, цаг наргүй ажиллах хүн олдохгүй байгаа тул чамд тогтвор суурьшилтай ажиллана гэсэн учир урьдчилаад компани өгч байгаа юм гэж ярьдаг байсан. Компани ажлын хөлс олгохдоо үнийг суутган тооцсон тул төлөх үндэслэлгүй. Эх хийморь ХХК нь Алтан самуурай ХХК-аас машиныг 7.250.000 төгрөгөөр худалдан авсан гэж орлого, зарлагын ордер хавсаргасан боловч авто машины зах зээлийн үнэ 2013 онд 4.000.000 төгрөгнөөс хэтрэхгүй үнэтэй байсан бөгөөд машины үнийг би цалингаар төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эх хийморь ХХК нь Ч.Энхтөртэй  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын орлогын 15 хувийг авахаар тохирсон. Ч.Энхтөр гүйцэтгэсэн ажлын 15 хувийг авч байсан гэдэгтээ маргаагүй. Нэхэмжлэгч нь автомашиныг ажилчидаа тогтвор суурьшилтай ажилуулахаар өгдөг урамшуулал гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч тайлбарлахдаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын 15 хувьд хонда свик автомашины үнэ багтсан гэж тайлбарладаг. Ч.Энхтөр нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэсэн. Тиймээс автомашины үнийг төлөхгүй. Уг автомашиныг Алтан самуурай ХХК-иас Эх хийморь ХХК худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан. Харин Эх хийморь ХХК болон Ч.Энхтөр нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан автомашин учир нэхэмжлэгч  үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Эх хийморь ХХК нь хариуцагч Ч.Энхтөрд холбогдох 7.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

            Хариуцагч Ч.Энхтөр нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эх хийморь ХХК-тай 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж автогредирийн албан тушаалд ажиллаж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил удаа дараа гаргаж шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Эх хийморь ХХК-ийн захирлын тушаал гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Эх хийморь ХХК, Ч.Энхтөр нарын хооронд  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, орлогын 15 хувийг авахаар тохиролцсон. Гүйцэтгэсэн ажлын орлогын 15 хувьд хонда свик автомашины үнэ багтаж, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэсэн тул автомашиныг авсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан автомашин учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч нь Хонда свик маркийн автомашиныг Эх хийморь ХХК нь Алтан самуурай ХХК-тай гэрээ байгуулж худалдан авч үнийг нь төлсөн болон автомашины үнийн дүнд маргаагүй болно.

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ажил олгогч ажилтанд сар бүр орлогын 15 хувиар үндсэн цалин олгохоор тохиролцож, гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж ажиллах явцад байгууллагаас үнийг нь төлж Ч.Энхтөрд хонда свик маркийн автомашиныг гэрээгээр тохирсон 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор худалдан авч өгсөн болон түүнд энэ хугацаанд цалин олгогдож байсан болох үйл баримт шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, орлогын 15 хувийг хариуцагч авахаар тохирч энэ үнийн дүнгээр автомашины үнэ төлөгдсөн гэсэн тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, зохигч хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг орлогын 15 хувиар тооцохоор тохирсон, Ч.Энхтөр нь дээрх автомашиныг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2020 он хүртэл тогтвор суурьшилтай ажиллах, дахин ажил тасалвал санхүүгээс авсан 7.250.000 төгрөгийг төлөхөөр баталгаа гаргаж өгсөн байна.

Ч.Энхтөртэй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, хариуцагч нь автомашины үнийг төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага 7.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ч.Энхтөрөөс 7.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эх хийморь ХХК-д олгосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 130.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эх хийморь ХХК-д олгосугай.

             

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА