| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07823/И |
| Дугаар | 5948 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 5948
| 2016 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/05948 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 2 гудамж, 0033-В тоотод оршин суух, Онжирготон овогт Шагдарын Батдорж /РД:АП80041075/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 17 гудамж, 363 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 73 байр, 26 тоотод оршин суух, Боржигон овогт Болдсайханы Баяртулга /РД:УХ93071816/
1.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Батдорж нь Б.Баяртулгаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Соната-6 маркийн автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, эхлээд урьдчилгаа 30 хувь буюу 1.050.000 төгрөгийг хацам ээжийнх нь Хаан банкны дансруу экспресс банкаар дүү Алтансүх, Б.Баяртулга нартай хамт явж байгаад, бэлнээр шилжүүлсэн юм. Гэтэл Б.Баяртулга нь өнөөдрийг хүртэл уг машинаа миний эзэмшилд шилжүүлээгүй худлаа ярьсаар байгаад маш их гомдолтой байна. Б.Баяртулга нь уг машиныг надад өгөөгүй, цаашдаа өгөх эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул би өөрийн 1.050.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Б.Баяртулгын ингэж худал хэлж, цаг хугацаа алдуулж буй буруутай үйлдлээс болж, би энэ асуудлыг шийдэх гэж өдрийн 40.000-50.000 төгрөгийн цалинтай ажлаасаа 3 өдрийн чөлөө авсан, мөн энэ асуудлаар мэргэжлийн хуульчид хандаж, зөвлөгөө авахад 20.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл бичүүлэхэд 20000 төгрөг гээд Б.Баяртулгын буруутайгаас дээрх хохирол учирсан. Иймд Б.Баяртулгаас нийт 1.228.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Батдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Баяртулга нь нэхэмжлэлийн шаардлага 1.228.000 төгрөгөөс 550.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн, үлдэх 678.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баяртулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Баяртулга миний бие Ш.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 1.228.000 төгрөгөөс 550.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн, үлдэх 678.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Батдорж нь хариуцагч Б.Баяртулгад холбогдуулан 1.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баяртулга нь Ш.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1.228.000 төгрөгөөс 550.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн, үлдэх 678.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Баяртулгын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Баяртулгаас 14875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Баяртулга нь Ш.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1.228.000 төгрөгөөс 550.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн, үлдэх 678.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Баяртулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14875 төгрөг, хариуцагч Б.Баяртулгаас 14875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Батдоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА