| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0314/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 286
2020 07 28 2020/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.Б,
хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б Б холбогдох эрүүгийн 2034000000364 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Жаргалант суманд малын эмч ажилтай ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Төв аймаг, Жаргалант сум, Загдал 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Т овгийн Б Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ба нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн “Дэнж” гэх газарт иргэн Б.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б:
...2020 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 2-лаа архи уусан байсан учраас маргалдаж нүүрний 5 газар хазсан. Б.Бат-Эрдэнэ нь надад 1.062.000 /нэг сая жаран хоёр мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд миний нүүр болон гаранд үүссэн соривыг арилгаж өгвөл гомдолгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000364 дугаартай хэрэгт хохирогч Б.Баярмаа /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 06 дугаар хуудас/, яллагдагч Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 16-17 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5867 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Баярмаагийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 18-30, 35 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн “Дэнж” гэх газарт иргэн Б.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Баярмаагийн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний үүрийн 03-04 цагийн үед өөрийн хамт ажилладаг залуу Бат-Эрдэнийн хамт машин дотор нь архи хувааж уугаад сууж байгаад одоо архи уухаа больё одоо гэр лүүгээ явъя гэсэн чинь миний гарын шуунаас хазсан тэгээд хэсэг сууж байгаад уучлаарай эгчээ гээд дахиад архинаасаа нэг удаа хийж өгсөн ба дахиад миний хажууд сууж байгаад миний нүүр рүү цохиод миний зүүн гар, зүүн гуя нь дээр хувцастай байхад хазсан мөн хамар хазчихсан. Тэгээд бид хоёр өглөө болохоор явсан ба чи хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлтэл харин би юу ч санахгүй байна эгч уучлаарай гэж хэлсэн... ...Бид хоёр тэр орой маргалдаж муудалцаагүй... ...Би өмнө нь Бат-Эрдэнэ гэх хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй... ...Шалтгаан гээд байх юм бол байхгүй... ...Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой байна... ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
яллагдагч Б.Бат-Эрдэнийн ...би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 26-28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5867 дугаартай ...Б.Баярмаагийн биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр хацар, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Баярмаагийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 18-30, 35 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Энхболдыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б иргэн Б.Бн биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр хацар, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг гар хөлөөрөө эсхүл эсхүл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйлээр цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр хацар, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Б хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хохирогч Б.Б 1.062.000 /нэг сая жаран хоёр мянга/ төгрөгийг эмчилгээний зардал гэж төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудаст авагдсан хохирогч Б.Б хохирол төлсөн талаар болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр нотлогдож байна.
Харин хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх ба түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034000000364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т овгийн Б Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000000364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч НЩ84112387 дугаарын регистртэй, Найман овгийн Бямбасүрэнгийн Баярмаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Т овгийн Б Б жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Б Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Б Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН