Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 770

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх 3 дугаар хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ТВУӨКГ,

Хариуцагч: НЗД,

Гуравдагч этгээд: СБД ЗДТГ,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1447.2 мкв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг НЗДд даалгах, НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № А/98 дугаар захирамжийн СБД ЗДТГт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...ТВУКГ нь НЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/317 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай 870 мкв газар ашигладаг. Дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон манай Консулын газрын хооронд улсын бүртгэлийн 148005/0132, 18642310215413 дугаартай Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ байгуулагдаж, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 000345933 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон. Консулын газрын зүгээс ашиглалтын талбай бүхий 870 мкв газар дээрээ конторын зориулалттай барилгын ажил эхлүүлэх талаар 2016 оны 05 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар Барилгажих талбайн схем зураг зэргийг Улаанбаатар хотын ерөнхий архитектур болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газруудаар батлуулсан. Консулын газрын конторын зориулалтын барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт ...барилгын ажлыг хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, барилгын орчны төлөвлөлттэй уялдуулах, гадна талбайд нормын дагуу зогсоол төлөвлөх, норм стандартын дагуу авто зогсоол, зам талбай барих, орчинтой уялдуулж ногоон байгууламжийн шийдэл гаргах, барилгын гадна гэрэлтүүлгийг цогцоор шийдэх, хашаа хайс барихгүй байх, барилгын гадна өнгөлгөөнд орчны барилгатай уялдуулан өнгө сонгох, барилгын зураг төслийг хийц архитектур төлөвлөлтийн шийдлийг бүрэн гаргаж боловсруулах, барилгын талбайн зохион байгуулалтын зургийг хавсаргах, онцгой байдлын үед гал унтраах болон аврах машин ажиллахад саадгүй төлөвлөх, гадаргуугийн ус зайлуулах арга хэмжээг орчны барилга, зам талбайтай уялдуулан талбайн хэмжээнд иж бүрэн шийдвэрлэх... зэрэг шаардлагууд тусгагдсан.

Консулын газрын зүгээс Архитектур төлөвлөлтийн даалгавар-т тусгагдсан дээрх шаадрлагуудийг конторын зориулалттай барилгын зураг төсөлд нийцүүлэн шийдвэрлэхийн тулд өөрийн ашиглаж буй 870 мкв газрын хойд хэсэгт байрлах 1447.2 мкв газрыг ашиглах хүсэлт гаргаж тус газартаа ногоон байгууламж, орц гарц, зам талбайн ажлыг өөрсдийн зардлаар гүйцэтгэж нийтийн эзэмшилд шилжүүлэх өгөх хүсэлтэй байгаагаа 2014 оны 05 дугаар сараас эхлэн холбогдох албан тушаалтанд хандаж гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна.

Тухайлбал Консулын газраас 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 186, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 232 дугаартай албан бичгүүдээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн газрын албанд, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 230 дугаартай албан бичгээр С******* дүүргийн Засаг даргад, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаартай албан бичгээр НЗДд тус тус хандаж газар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөөгүй байна.

Консулын газрын зүгээс дээрх байдлаар холбогдох албан тушаалтанд хандаж гаргасан газар ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан тодорхой бус шалтгаанаар шийдвэрлэлгүй удаашруулсан нь манай конторын зориулалтаар барих барилгын ажлыг эхлүүлэлгүй удаашруулах, барилгын ажилд төсөвлөгдсөн санхүүжилт саатах зэрэг байдлаар манай консулын газрын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөхөд хүргээд байна. Иймд ТВУКГт С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1447.2 км газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг НЗДд даалгах өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

Тус шаардлагын хүрээнд хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар бүхий захирамжаар СБД ЗДТГтай давхцуулан газар ашиглуулах тухай шийдвэр гаргасан үйл баримтыг тогтоосон нотлох баримт ирсэн. Энэ нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оноос 2018 оныг хүртэлх  хугацаанд гаргасан газар эзэмших, ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн болон Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй боловч СБД ЗДТГт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Тодруулбал Газрын тухай хуулинд газар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хүсэлт гаргасан болон бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалгүй байна гэсэн хуулийн шаардлага байдаг. Энэ шаардлагыг үндэслэл болголгүйгээр шууд СБД ЗДТГ олгосон нь хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн А/98 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгэхгүйгээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж үзэн А/98 дугаар захирамжийн СБД ЗДТГт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа гаргаж байсан хүсэлтийг хариуцагч шийдвэрлэж байгаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь 2015 онд Нийслэлийн Өмчийн харилцааны албанд /хуучин нэрээр/ консулын газрын ашиглалтын 870 мкв газрын зориулалтыг  өөрчлөхөөр хүсэлт гаргасныг НЗД-ын А/317 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалттай болгон зориулалтыг өөрчилнө, 2016, 2017 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт нэхэмжлэгчийн зүгээс хандаж байсан боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг НЗД шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тус хүсэлт гаргасан газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар гэдэг нь нийтэд илэрхий болсон үйл баримт учраас нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшүүлэх эрх хэмжээгүй этгээдэд хандсан байна.

Дараагаар нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд ирүүлсэн байдаг. Тус хүсэлтийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргасан газрын кадастрын зураг, газрын төлбөр төлсөн тооцоо нийлсэн акт зэрэг бүрдүүлэх материал дутуу байгаа тул дахин хандана уу гэсэн хариуг өгсөн. Сүүлд дахин 2018 онд НЗДд хүсэлт гаргасан бөгөөд тухайн үед тус газрыг бусдад эзэмшүүлсэн шийдвэр гарсан байсан тул талбайн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй тухай хариуг өгсөн. Дээрх үйл баримтуудаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн өргөдлийг шийдвэрлэлгүй орхисон захиргааны эс үйлдэхүй байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын  хүрээнд тус маргаан бүхий газарт С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт С******* дүүргийн 2017 оны Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам, С******* дүүргийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 89 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн МЗХ 2017/18-03 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийн хамт батлуулсан байна.

СБД ЗДТГ-ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/3427 тоот албан бичгээр С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2а байрны урд талд байрлах газрыг эзэмших хүсэлт ирүүлсний дагуу НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжаар СБД ЗДТГт газар доорх гарааш бүхий хүүхдийн тоглоомын талбайн зориулалтаар 2060 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Ийнхүү батлагдсан зураг төсөл, архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...С******* дүүргийн гуравдугаар хорооны иргэдээс жил бүр байрны ойролцоох талбайг тохижуулах санал хүсэлтийг С******* дүүргийн Засаг даргад ирүүлсэн байдаг. Тус санал, хүсэлтэд үндэслэн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, 3 дугаар хорооны 2а байрны орчимд  хот тохижилтын ажлыг эхлүүлсэн байдаг. С******* дүүргийн Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж  НЗД-ын 2018 оны А/98 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Тус тохижилтын ажилд төсвөөс 230 сая төгрөгийг төсөвлөсний дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн болохыг маргаан бүхий хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан байгаа. Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ашиглана, биднийг хүсэлт гаргахад тухайн газар нь хэн нэгний эзэмшил ашиглалтад байгаагүй. Хэрэв шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл тус хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, төсвөөс төсөвлөсөн 230 сая төгрөг үнэгүйдэх нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Оузи ХХК-аас Нийслэлийн газрын албанд 2010 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр № 57 тоот албан бичгээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт1 гаргасны дагуу нэхэмжлэгчид НЗД-ын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны № 628 дугаар захирамжаар2 С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 870 мкв газрыг 5 жилийн хугацаатай, конторын зориулалтаар, иргэн Л.Тунгалагт мөн хороонд 1322 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай тус тус олгожээ.

Улмаар НЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № А/317 дугаар захирамжаар3 зориулалтыг нь өөрчилж, орон сууцны зориулалтаар нэхэмжлэгчид газар олгожээ.

Иргэн Л.Тунгалагаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гарсан хүсэлтүүдийн дагуу НЗД-ын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/993 дугаар захирамжаар түүний газрыг хүчингүй болгож, өөр газар шилжүүлжээ.

Харин Нийслэлийн СБД ЗДТГ-ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 3/3427 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн3 дагуу, НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № А/98 дугаар захирамжаар 2060 мкв газрыг газар доорх граж бүхий хүүхдийн тоглоомын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай гуравдагч этгээдэд олгож, 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ4 байгуулж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрчилгээ5 олгожээ.

Нэхэмжлэгчээс Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтанд:

2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 186 тоот албан бичгээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад, утга нь: Барилга барих зөвшөөрөл хүсэх тухай,

-       2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн Газрын албанд, утга нь: Газар эзэмших талбайн хэмжээ өөрчлөх тухай,

-      2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, утга нь: Маргаан бүхий газарт тохижилтын ажил хийх санал хүргүүлэх тухай,

-     2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 230 тоот албан бичгээр С******* дүүргийн Засаг даргад,  утга нь: Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай,

-     2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №232 тоот албан бичгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, утга нь: Гомдол шийдвэрлүүлэх тухай,

-     2018 оны 03 дугаар сарын  13-ны өдрийн № 237 тоот албан бичгээр НЗДд, утга нь: С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1447.2 мкв газар ашиглах шийдвэр гаргуулахаар тус тус ханджээ.

Нийслэлийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 02-06/1628 тоот албан бичгээр6 Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаж байх тул шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд давхцалтай болох нь шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №2/2263 тоот албан бичиг7-ээр хавсаргаж ирүүлсэн агаар сансрын зурагаар нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна гээд 16.1.4-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 17.1.2-т гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах, 17.1.4-д энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, мөн 18 дугаар 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 18.1.2-т энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэжээ.

Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ мөн хуулийн 44.3-д Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт газар ашиглуулах нөхцөл, журмыг Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтооно, Монгол Улсын Олон улсын гэрээ, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Консулын байгууллагыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт зөвхөн тэр улсын зөвшөөрлөөр байгуулж болно гэжээ.

Дээрхээс дүгнэвэл Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт газрыг ашиглуулах эсэх асуудлыг ямар зориулалттайгаас үл хамаарч зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх байгууллагуудад газар ашиглах талаар хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн Улсын Их Хурал, Засгийн газарт газар ашиглах талаар хүсэлт гаргаагүй, өмнө нь НЗД-ын захирамжаар газар ашиглаж байсан тул түүнд хүсэлт гаргасан гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Хэдийгээр НЗД-ын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны № 628, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № А/317 дугаар захирамжуудаар нэхэмжлэгчид газар олгосон хэдий ч хүсэлт гаргасан газарт ашиглуулахаас татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь түүнд гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт газрыг ашиглуулах эрх хуулиар олгогдоогүй байх тул С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1447.2 мкв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан бөгөөд гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхцаагүй, өмнө ашиглаж байсан Л.Тунгалаг нь өөрийн хүсэлтээр газрын байршлыг өөрчлүүлсэн зэргээс дүгнэхэд түүнд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № А/98 дугаар захирамж хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1447.2 мкв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг НЗДд даалгах, НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № А/98 дугаар захирамжийн СБД ЗДТГт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд хүсэлтээ уламжилж газар ашиглах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Тайландын вант улсын өргөмжит консулын газрын нэхэмжлэлтэй НЗДд холбогдох хэргийн Нийслэлийн С******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1447.2 мкв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг НЗДд даалгах, НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № А/98 дугаар захирамжийн СБД ЗДТГт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ