Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00086

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Б.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө.Мөнхзулд холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 24.080.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Ганчимэг, хариуцагч Ө.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Ө.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хүмүүст 0.5 %-аар мөнгө зээлдэг байсан. 2012 онд 10.000.000 төгрөг Кипрээс манай дүү шилжүүлж би тэр мөнгийг нь бүгдийг нь Мөнхзулд зээлдүүлсэн. 2012 оны 04 сарын 7-нд 3500000 төгрөг, 2012 оны 08 сарын 22-нд 3 000 000 төгрөг,11 сарын 23-нд 7 000 000 төгрөг тус тус зээлсэн. Ө.Мөнхзул дахин мөнгө олоод өгөөч гэхээр нь надад байгаа мөнгө хүрээгүй учраас нөхрийн дүү болох Санчираас асууж өгсөн. Тэр үед Санчир ээждээ 2.000.000 төгрөг хадгалуулсан байсан тэрийг 2013 оны 07 сарын 04-ний өглөө хадмынд ирж аваад надтай хамт 10 цагийн үед хорооллын ХААН банк орж би данснаасаа 3.000.000 төгрөг нэмж авч нийт 5.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 18.500.000 төгрөгийг Ө.Мөнхзулд зээлүүлсэн. Гэтэл байшингаа барьж дуусчаад өнөөдрийг хүртэл зарагдахаар нь өгье гээд байнга л хэлдэг үгээ хэлээд хугацаа аваад байна... Зээлийн гэрээний хувьд 2015 оны 08 сарын 24-ны өдөр бид хоёр нотариат олж зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан боловч зээлээс нэг ч төгрөг төлсөнгүй. Иймд гэрээ ёсоор 5 сарын зээлийн хүү 3.700.000 төгрөг, үндсэн мөнгө 18.500.000 төгрөг, алданги 1.850.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд гаргасан зардалд 30.000 төгрөг, нийт 24.080.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ө.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ганчимэгээс анх 2012.04.07-нд 3.500.000 төгрөг, 2012.08.23-нд 3.000.000 тогрөг, 2012.11.23-нд 7.000.000 төгрөг ,2013.07.04-нд 5.000.000 төгрөгийг тус бүрийн сарын 5%-ийн хүүтэй зээлэн авсан.

Эдгээр мөнгийг надад Ганчимэг өгөхдөө дандаа миний ХААН банкны 5096075150 гэсэн данс руу өөрийнхөө нэрээр шилжүүлж байсан....2012.04.07-нд авсан 3.500.000 төгрөгийг 5%-ийн хүү 175.000 төгрөг бөгөөд 2012.5. 6, 7, 8, 9, 10, 11 сар хүртэл нийт 175.000x7= 1.220.000 төгрөг, 2012 оны 9,10,11сар хүртэл нийт 3 удаа 450.000 төгрөг хүү гэж төлсөн. 2012.11.23-нд 7.000.000 төгрөгийн 5%-ийг төоцон өгсөн боловч урьд авсан 3.000.000 төгрөгний хүүг шилжүүлж тооцож өөрөөр хэлбэл 10.000.000 төгрөгнөөс.4 хувийг тооцож 400.000+175.000 төгрөг (3.500.000 төгрөгний хүүг шилжүүлж нийт 575.000 төгрөгний хүү өгөөрэй гээд 2012.12-р сар, 2013 оиы 01-р сараас 07 сарыг дуустал хүү ниит 575.000х 8сар=4.600.000 төгрөгний хүүг сар бүр ХААН банкны дансруу нь төлж байсан. Учир нь Ганчимэг өөрөө хотод байдаг байсан. Ийнхүү хүүг нь сар бүр төлж байсан тул надад эдгээр зээлүүдийг өгч байсан юм.

2013 оны 07 дугаар сарын 04-нд 5.000.000 төгрөгийг 5 хувиар тооцож зээлсэн боловч мөн урьдах зээлийн хүү 575.000 төгрөгөн дээр 5.000.000 төгрөгний хүү 250.000 төгрөгийг нэмж нийт 825.000 төгрөгоөр хүүг төлөөрэй гэсний дагуу, 875.000 төгрөөр 2 удаа, 900.000 төгрөгөөр тус тус 2013 оны 08-р сарын 04-нээс эхэлж 2015 оны 4 сар дуустал нийт 21 сар х 825000 төгрөг=17.325.000 төгрөг. Зарим үед бэлнээр өгч байсан. Нийт 4 удаа зээлсэн мөнгөний хүүд 23.775.000 төгрөгийг 2015 оны 04 сарыг дуустал төлсөн. Одоо нэхэж байгаа 24.080.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 18.500.000 төгрөгийг 4 удаа хуваан авч 23.775.000 төгрөг болгон төлсөн тул нэхэмжлэгчийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ө.Мөнхзулаас 2 960 000 төгрөг гаргуулан Б.Ганчимэгт олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Б.Ганчимэгийн нэхэмжлэлийн шардлагаас 21 120 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278.350 төгрөгнийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 62 310  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг давж заалдсан гомдолдоо: Ө.Мөнхзул нь зээлж авсан мөнгөний хүүг алдаг оног төлж байсан бөгөөд үүнийг ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн дансанд хариуцагчийн нэрээр нийт 33.834.500 төгрөгийн орлого 2012 оны 04 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш орж ирсэн.Үүнээс 8.150.000 төгрөг нь зээлийн хүүнд тооцогдоно бусад 25.714.000 төгрөг нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байсан өөр бусад мөнгөний харилцаанаас үүдэлтэй гэдгийг маш тодорхой тайлбарласаар байтал анхан шатны шүүх 23.925.000 төгрөгийг зээлийн төлбөр хүү байна гэж дүгнэсэн байна. Шүүх бүрэлдэхүүнд ойлгомжтой болгох үүднээс хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд орсон гарсан гүйлгээ болгоныг түүвэрлэж хүснэгтээр хавтас хэрэгт оруулсан.Энэ дансны түүврээс хариуцагчаас нийт 33.834.500 төгрөг орсон байтал шүүгч 33.202.000 төгрөг оржээ гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч 18.500.000 төгрөгний зээлийн гэрээнээс гадуур өөр бусад мөнгөний харилцаа байдаг гэдгийг нотлох үүднээс хувийн тооцооны 4 ширхэг дэвтрийг нотлох баримтаар өгч судлуулсан. Дээрхи 4 ширхэг дэвтэрт нийт 11.370.000 төгрөгний тооцоо, зээлийн харилцаа байсан. Үүнийг шүүгч 6.370.000 төгрөг гэж дүгнэж, хариуцагчийн шүүхийн мэтгэлцээнд 3.777.000 төгрөгний бараа аваад мөнгийг өгсөн гэж тайлбарыг үнэлж 4 ширхэг хар дэвтэр дээрхи 7.593.000 төгрөгийн тооцоог үгүйсгэсэн. Мөн 2015 оны 08 сарын 24-нд хийсэн 18.500.000 төгрөгийн зээлийн гэрээг ИХ-ийн 56.3-д нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ганчимэг Мөнхзул нар нь зээлийн үнийн дүн 18.500.000 төгрөг дээр маргадаггүй, энэ нь өмнөх 3 шатны шүүхээс гарсан шийдвэр, шүүхийн шатанд гаргасан тайлбар нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Мөн энэхүү анхан шатны шүүхийн 275 тоот шийдвэрийн 2 дугаар нүүрт хариуцагч Ө.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа “...миний бие Ганчимэгээс анх 2012 оны 04 сарын 07-нд 3.500.000 төгрөг, 2012 оны 08 сарын 23-нд 3.000.000 төгрөг, 2012 оны 11 сарын 23-нд 7.000.000 төгрөг, 2013 оны 07 сарын 04-нд 5.000.000 төгрөгийг тус бүрийн сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан” гэсэн тайлбар нь байсаар байтал 17.567.000 төгрөгний зээлийн харилцаа байна гэж дүгнэсэн.

2012 оны 08 сарын 23-ны өдөр хариуцагч Мөнхзул нь 3.000.000 төгрөг Б.Ганчимэгээс зээлж авсан, ингэж авахдаа нэхэмжлэгчид өгөх ёстой байсан 933.00 төгрөгийг хасуулаад үлдэгдэл 2.067.000 төгрөгийг дансаар авсан байдаг. Үүн дээр зохигчид маргаан гаргаагүй үүнийгээ 3.000.000 төгрөгийн зээлээр тооцон өдийг хүрсэн.

Хариуцагч Ө.Мөнхзул нь Б.Ганчимэгээс зээлж авсан 18.500.000 төгрөгийг төлөөгүй гэдгээ маш сайн мэдэж ойлгож байсан учраас 2015 оны 08 сарын 24-ны өдөр зээлийн гэрээг нөхөн хийж хүлээн зөвшөөрсөн. Энэ нь “Иргэний Хуулийн 56-д нийцсэн байтал шүүгч үийн дүн зөрүүтэй тухайн үед 18.500.000 төгрөг биш 17.567.000 төгрөгийн зээлийн харилцаа байна” гэж өрөөсгөл дүгнэжээ.

Мөн хожим гэрээ байгуулсан өдөр гэрээний дагуу хариуцагч 18.500.000 төгрөгийг тухайн өдөр хүлээн аваагүй тул “Иргэний Хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчид зээл,хүү,алданги шаардах эрх үүсэхгүй" гэж дүгнэсэн атлаа дээрх зээлийн гэрээнд заасан хүү 2.960.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулахаар заасан нь дээрх шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулжээ. Иймд хариуцагч Ө.Мөнхзулаас нэхэмжилсэн 24.080.000 төгрөгөөс хангаж шийдвэрлэсэн 2.960.000 хасаж, үлдэгдэл 21.075.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Мөнхзул давж заалдсан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 18.500.000 төгрөг, хүү 3.700.000 төгрөг, алданги 1.850.000 төгрөгний үндэслэл болсон 2015.05.01-ний өдөр гэсэн огноотой 2015.08.24-нд өгсөн авсан тухай гэрээ байгуулж, нөхөртөө үзүүлэх гэсэн юм гэж гарын үсэг зуруулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар өөрөөр хэлбэл 2015.08.24-ний өдөр болон 2015.05.01-ний өдөр 18.500.000 төгрөг бэлнээр зээлсэн зээлдүүлсэн болох нь тогтоогдоогүй, 2012.04.07-ноос 2012.11.23, 2012.12.16 хүртэл 17.567.000 төгрөг зээлсэн, зээлдэж авсан тухай үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин зээлж авсан мөнгөө 23.725.000 төгрөг болгон эргүүлж төлсөн. Нийт 2015.05.01-ний өдөр нэхэмжлэгч Б.Ганчимэг урьдчилан бэлдэж бичсэн гэрээн дээрээ намайг хуурч Солонгос авч явна, нөхөртэй үзүүлэх юм хэрэгтэй байна. Хүүгээ би зогсоосон гэж худал хэлж хуурч гарын үсэг зуруулсан гэрээний 2 дахь заалтыг хүү төлөхөөр тохиролцов гэж илэрхийлснийг хүчин төгөлдөр гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл 2015.04.02-нд хамгийн сүүлд би мөнгөний төлөлж хийж байсан. 2015.05.01-ний өдөр бид 2 ямар ч гэрээ хэлцэл, хүүг өгөх авах талаар ярилцаж сунгаж тохиролцоогүй юм. Иймд шийдвэрийн 3 дахь хуудасны дээд талд бичсэн дүгнэлт нь 2 дугаар хуудасны гэрээг 2015.05.01-ний өдөр 18.500.000 төгрөгөөр тооцож хүү алданги тооцон хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлттэй нь агуулгын хувьд нийцэхгүй байна. 2015.08.24-ний өдөр 2015.05.01-ний өдрөөс өмнө авсан 17.567.000 төгрөгийг 23.925.000 болгон төлсөн байсан тул шийдвэрээс 2.160.000 төгрөг /хүү/ гэж гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хариуцагч Ө.Мөнхзулаас зээлийн гэрээний үүрэгт 24.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2012.04.07-нд 3.500.000 төгрөг, 2012.08.22-нд 3.000.000 төгрөг, 2012.11.23-нд 7.000.000 төгрөг 2013.07.04-нд 5.000.000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй зээлэхээр амаар хэлэлцэн тохиролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Ө.Мөнхзул нь нэхэмжлэгч Б.Ганчимэгийн дансанд 33.864.000 төгрөг шилжүүлсэн ба энэ талаар зохигчид маргаагүй.

Зохигчид 2016.05.01-ний өдөр 18.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээг нөхөн хийжээ. Уг гэрээний 2 дугаар заалтанд төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 2.960.000 төгрөгийг 2015.10.01-ний дотор төлөхөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул зохигчдын хооронд 2012.04.07-ноос 2012.12.16-ны хооронд амаар тохиролцсон зээлийн мөнгөнд хүү тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч Ө.Мөнхзул нь нэхэмжлэгч Б.Ганчимэгт нийт 33.864.000 төгрөг буцаан төлсөн ба зохигчид маргаагүй учир анх зээлж авсан 18.500.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэх боломжтой.

Харин анхан шатны шүүх 2012 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд зээлсэн мөнгөнд хүү тооцож авах эрхгүй гэж үзсэн атлаа 2015.05.01-ний өдөр нөхөж хийсэн гэрээний 2 дахь заалтаар хариуцагч хүүнд 2.960.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна гэж үзэж Ө.Мөнхзулаас 2.960.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Б.Ганчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ө.Мөнхзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.310 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ