Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 17

 

Л.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Д.Буянжаргал

                                   

Прокурор                                       О.Доржмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Мөнхбат

                                                       М.Жаргалсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 373 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа, А.Мөнхбат, М.Жаргалсайхан, Б.Дашдорж нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Л.Э-, Ц.Т-, З.Х- нарт холбогдох эрүүгийн 201609000510 тоот 7 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Б- Б- овогт Л-гийн Э- /РД: ********** /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Х- овогт Ц-ын Т- /РД: ********** /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Б- овогт З-гийн Х- / РД: ********** /

Л.Э- нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2008  оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын архивын албаны дарга З.Х-аар нөхөр С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч үндэслэлгүй тодорхойлолт гаргуулж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг тогтоогдвол зохих хэмжээнээс өндөр байдлаар тогтоолгож 29.140.268 төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нөхөр С.М-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр  2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны дарга Ц.Т-ээр тахир дутуугийн тэтгэврийг “гарт олгох” хуудсыг бичүүлэх, эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг харилцагч “ХААН” банк руу илгээж 92.548.042 төгрөгийг урьдчилан авч 121. 688.310 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан,

Ц.Т- нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны даргаар ажиллаж байхдаа 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлсийн дарга Л.Э-т түүний нөхөр С.М-ын тахир дутуугийн тэтгэврийг олгох ”тэтгэвэр олгох” хуудсыг бичиж өгөх эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг тэтгэвэр олгогч харилцагч “ХААН” банк руу илгээх байдлаар Л.Э-ийн албан эрх мэдэл буюу албан туүщшаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд хамтран оролцож улсад 92.548.042 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан,

З.Х- нь Сэлэнгэ аймгийн ЗДТГазрын дэргэдэх архивын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Л.Э-ийн нөхөр С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч, үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгч Л.Э-ийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад хүнд хор уршиг буюу 121.688.310 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэж Дархан-Уул аймгийн Прокуророос тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  ирүүлжээ.

Л.Э-, Ц.Т-, З.Х- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Л.Э-, Ц.Т-, З.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар, Ц.Т-эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж, З.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйийн 72.1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Л.Э-ээс 95.688.310 төгрөгийг гаргуулан Эрүүл мэнд, ниймгийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд: ”... С.Мөнбаярын тэтгэвэр тогтоолтонд Л.Э-ийн гэм буруу тогтоогдоогүй, С.М-ын 26 жил гаруй улсад ажилласан хугацааны тэтгэврийг доод хэмжээгээр тооцож буй нь үндэслэлтэй эсэх, эх сурвалжгүй, хохиролын хэмжээ, шинж чанарт нөлөөлж буй байгаа, шүүх хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолд нотлох баримтыг авахдаа “үгүйсгэж” байна гэх дүгнэлт нь ойлгомжгүй, тодорхой бус, утга авцалдаагүй байгаа  зэрэг байдлыг хянан үзэж, иргэний хариуцагчид актын дагуу төлбөрийг хариуцуулж, хохиролын үлдэх хэсгийг Л.Э- нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж тогтоолыг өөрчилж өгнө үү ” гэжээ.

Шүүгдэгч  Л.Э-ийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, Б.Дашдорж нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд:”... Л.Э-ийн Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх архивын албаны  дарга З.Х-аас нөхөр С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч үндэслэлгүй тодорхойлолт гаргуулж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг тогтоогдвол зохих байдлаас өндөр байдлаар тогтоож 29.140.268 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгох,  С.М-тай холбогдсон үйлдлийг Л.Э- хүлээн зөвшөөрч тухайн үйлдлийг маргадаггүй, улсад учруулсан хохирлоо зохих хэмжээнд барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу ялыг хөнгөрүүлэн торгох юм уу эсвэл шүүх өөрийн дотоод итгэлээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү” гэжээ.

Л.Э-ийн өмгөөлөгч А.Мөнхбат болон Л.Э-ийн шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд:”...миний бие өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд улс төр, хувийн амьдралаас шалтгаалан энэхүү хэргийг хийснээр группэд байдаг нөхөр, 81 настай аав гээд олон хүнийг сэтгэл санаа, эдийн засгийн дарамт хямралд оруулсандаа туйлын харамсаж байна. Учруулсан хохирлоос өөрийн боломжоор төлсөн ба үлдсэн хохирлыг хохирогч талтай хэлэлцэн тохирч нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан онгдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Жаргалсайхан: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна.  Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэн н.Галбат, н.Мягмар нарт холбогдох хэрэгтэй хэргийг нэгтгэн шийдвэрлэх ёстой байсан. Хэргийг тусгаарласан нь Л.Э-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, зэрэг нотолбол зохих байдлуудыг нэг бүрчлэн тогтоогоогүй. Л.Э- болон хэрэгсэхгүй болгосон З.Х- нарын үйлдэл нь 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үйлдэл байдаг. Уг үйлдэлтэй хэн аль маргадаггүй, энэ үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Гэтэл шүүхээс З.Х-ын үйлдлийн 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Л.Э-ийн үйлдэл нь 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдахаар байсаар байтал анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан.  Л.Э-, Ц.Т- нар нь хамтарч гэмт хэрэг үйлдсэн байхад Ц.Т-ийг тэнссэн нь үндэслэлгүй болсон. Хэрэгт 121.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Ц.Т-ийн гарын үсгийг хүчээр зуруулаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлож чадаагүй. Хохирлын хэмжээг 121.000.000 төгрөг болгосонд гомдолтой байна. Хохирлоос 29.000.000 төгрөгийг С.М- хүлээн зөвшөөрч төлж эхэлсэн байхад хохиролд тооцсон нь үндэслэлгүй болсон. Иймд Л.Э-т ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү.  Л.Э-ийн учруулсан хохиролыг төлж барагдуулах талаар н.Баасанхүү, н.Баасанжав, н.Золбаяр, н.Мөнгөнтүлхүүр, н.М- нарын гаргасан тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч А.Мөнхбат: Анхан шатны шүүх хуралдаанд З.Х-ын өмгөөлөгчөөр оролцож байсан. Л.Э- болон З.Х- нар нь эсрэг сонирхолгүй, ийм учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд Л.Э-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. З.Х- анхан шатны шүүх хуралдаан дээр Л.Э-тэй санаатай нэгдсэн гэж мэдүүлдэг боловч үгсэн тохиролцсон уу яаж нэгдсэн бэ гэхэд тодорхой хариулт өгдөггүй. Ер нь яаж нэгдсэн нь тогтоогдоогүй. Тухайн үед З.Х- цалингийн тодорхойлолтонд гарын үсэг зурснаа санадаггүй олон баримтанд гарын үсэг зурдаг байсан гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр цалингийн тодорхойлолтонд зурсан гарын үсэг нь З.Х-ын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг З.Х-д танилцуулаагүй. 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цалингийн тодорхойлолт авч 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй, үүнийг үгүйсгэх нотлох баримт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Тухайн үед Л.Э- нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагч байсан. С.М-ын тэтгэврийг тогтоосон нийгмийн даатгалын байцаагч н.Лхамбилэг тэтгэвэр тогтооход Л.Э- ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй тухай мэдүүлсэн байдаг. 2008 оны үйлдэл 2015 онд үргэлжилсэн юм уу гэхээр үргэжилсэн болох нь тогтоогдоогүй. Ийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх учраас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэгт буцааж, н. Галбат, н.Мягмар нарын хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ:  Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйлийг сонслоо. Өөр хэрэгт шалгагдаж байгаа учир хэргийг нэгтгэж шалгах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой гэж ярьж байна. н.Галбат, н.Нямсүрэн, н.Мягмар нарт холбогдох хэргийг Л.Э-ийн хэргээс тусгаарлаж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн энэ хэрэгт эхнээс нь хяналт тавьж байгаа прокурорын хувьд дээрх хэрэгт Л.Э-ийг оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ хэрэгт түүнийг яллагдагчаар татаагүй учраас хэргийг нэгтгэж шийдвэрлэх үндэслэл байхгүй шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн ярьж байгаа хэргийг нэгтгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй учраас хүлээж авах боломжгүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотлоогүй гэж ярьж байна. 2008 онд Л.Э- өөрийн нөхөр С.М-т тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох гэж архивын лавлагааг хуурамчаар гаргуулсан нь тогтоогдсон. З.Х- цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. 2008 оны 06 дугар сарын 25-ны өдөр цалингийн тодорхойлолт гаргаж өгснөөр З.Х-ын үйлдэл төгссөн. Харин Л.Э- үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж нөхөртөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр тэтгэвэр тогтоолгож улмаар тэтгэвэр тогтоолгосноос хойш түүний тэтгэвэрийг урьдчилан авч байсан байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл С.М-ын тэтгэвэрийг 2050 он хүртэл урьдчилан авсан нь нийгмийн даатгалын санд үргэжилсэн үйлдлээр 121.000.000 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан. Яагаад гэвэл 2008 онд өөрийн нөхөр С.М-т тогтоогдох ёсгүй тэтгэврийг тогтоолгож өөрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь 2016 оны 08 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хэдийгээр Л.Э- 92.000.000 төгрөгийг урьдчилан авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хуурамч бичиг баримт бүрдүүлж тогтоогдох ёсгүй тэтгэвэр тогтоосон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2008 онд өөрийн нөхөр С.М-ын тэтгэвэр тогтоосон бичиг баримт нь хуурамч, үндэслэлгүй бичиг баримт гэдгийг мэдэж байсан бөгөөд тухайн үед Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж, С.М-ын тэтгэвэр тогтоосон бичиг баримтанд хяналт тавьж гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тодорхой хугацаагаар тэнсэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

Л.Э- нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГазрын дэргэдэх архивын албаны дарга З.Х-аар өөрийн нөхөр С.М-ын тухайн үеийн “Зэлтэр”-ийн САА-н жолоочоор ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолтыг хуурамчаар гаргуулан С.М-т тахир дутуугийн тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгож 29.140.268 төгрөгийн, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл өөрийн нөхөр С.М-ын олгосон итгэмжлэлээр Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын үйлчилгээний албаны дарга Ц.Т-ээр тэтгэвэр олгох “гарт олгох” хуудас бичүүлэх эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг тэтгэвэр олгогч харилцагч ХААН банк руу илгээж 92.548.042 төгрөгийг урьдчилан авч эрүүл мэнд нийгмийн даатгалын санд 121.688.310 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Л.Э-, Ц.Т- , З.Х- нарын дээрх үйлдлүүд нь эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 201609000510 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Л.Э-, Ц.Т-, З.Х- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.Э-, Ц.Т-, З.Х- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Л.Э-, Ц.Т-, З.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Х-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Л.Э-, Ц.Т- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа, М.Жаргалсайхан, Б.Дашдорж, А.Мөнхбат нарын бичсэн давж заалдах гомдлын “...шүүх хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй, хохирлыг буруу тогтоосон, хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан...” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараахи дүгнэлтийг хийж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Л.Э- болон Ц.Т-, З.Х- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхээс тэдний үйлдсэн хэргийн үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий  дүгнэлт нь хийж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын  үндэслэлүүдийг хүлээж авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа болон М.Жаргалсайхан нар шүүгдэгч Л.Э-ийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, үйлдэл холбогдлыг өршөөн хэлтрүүлээгүй, н.Галбат, н.Нямсүрэн, н.Мягмар нарт холбогдох хэргийг тусгаарлаж Цагдаагийн байгуулагад шалгуулахаар шийдвэрлэсэн нь Л.Э-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээж авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э- нарт холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотлогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Э-ийн 2008 оноос үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн нөхөр болох С.М-ын тахир дутуугийн тэтгэврийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, тогтоогдох хэмжээнээс үндэслэлгүйгээр өндөр тогтоолгож 29.140.268 төгрөгийн тэтгэврийг хууль бусаар авсан нь С.М-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох үед Л.Э- нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа С.М-т тэтгэвэр тогтоосон хувийн хэрэгт улсын байцаагчийн хувьд шалгаж гарын үсэг зурсан, тухайн үед Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх архивыг албаны даргаар ажиллаж байсан З.Х-ын гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт нь хуурамч гэдгийг, дээрх цалингийн тодорхойлолтыг үндэслэн тогтоогдох хэмжээнээс өндөр хэмжээгээр тогтоогдсон зэрэг байдлуудыг сайн мэдэж  эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж өөрийн нөхөр С.М-ын тэтгэврийг хууль бусаар тогтоолгож түүнд давуу байдлыг бий болгосон санаатай үйлдлээр тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Э- нь 2008 оноос өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн нөхөр С.М-т хууль бусаар тэтгэвэр тогтоолгож, улмаар С.М-т хууль бусаар тогтоосон тэтгэврийг 2016 оны 08 дугаар сар хүртэл авсан тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь гэж үзэж 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлэхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа, М.Жаргалсайхан нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

Шүүгдэгч Л.Э- нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар 2012 оноос томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу  2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл С.М-ын итгэмжлэлээр түүний тэтгэврийг 2050 он хүртэл урьдчилан авч 92.548.042 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт буруу биш байна. Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, А.Мөнхбат нар Л.Э-ийн хэргээс н.Галбат, н.Нямсүрэн, н.Мягмар гарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн хэрэглэж шийдвэрлэх ёстой байсан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах санал гаргаж байгаа боловч дээрх саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Э- нарт холбогдох хэргээс тусгаарласан н.Галбат, н.Нямсүрэн, н.Мягмар нарт холбогдох хэрэгт Л.Э-ийг яллагдагчаар татсан тухай нотлох баримт хэрэгт хавсаргаагүй, дээрх хэрэгт хяналт тавьж байгаа прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбар дүгнэлтэндээ н.Галбат, н.Нямсүрэн, н.Мягмар нарт холбогдох хэрэгт Л.Э- оролцсон болох нь тогтоогдоогүй, түүнийг дээрх хэрэгт яллагдагчаар татаагүй гэж тайлбарлаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах, н.Галбат, н.Нямсүрэн, н.Мягмар нарт холбогдох хэрэгт Л.Э-, Ц.Т-, З.Х- нарт холбогдох хэргийг нэгтгэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Анхан шатны шүүх Л.Э- нарт холбогдох хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон байна. Харин анхан шатны шүүх Л.Э-, Ц.Т- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах нэмэгдэл ялыг хэрэглэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “... төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэрэгжлийн  болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг...” хасах ялыг буруу хэрэглэсэн байгааг залруулж шүүгдэгч нарын төрийн албанд ажиллаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрүүл мэнд нийгмийн даатгалын санд хүнд хохирол учруулсан байдлыг үндэслэн тэдний  “төрийн албан тушаал эрхлэх” эрхийг хасаж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтанд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтны “... Л.Э-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг ...” гэснийг “...Л.Э-ийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг...” гэж,  “...Ц.Т-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг ...” гэснийг “...Ц.Т-ийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг...” гэж тус тус өөрчилж,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал  тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Д.БУЯНЖАРГАЛ