| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0358/Э |
| Дугаар | 331 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Б Б холбогдох эрүүгийн 2034004270409 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1981 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сонопорте ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 5-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ж овгийн Б Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034004270409 дугаартай хэрэгт хохирогч Ж.Батсүх /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Ж.Батсүх /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Ц.Пүрэвдавга /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Б.Баярсүх /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.Оюунбат /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ц.Пүрэвдагва /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Б.Баярсүх /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ яллагдагч Б.Баярсүх /хх-ийн 41-42 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон хохирогч Ж.Батсүхийн Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Ж.Батсүхийн компьютерт томографын шинжилгээ өгсөн баримт болон хохирлын баримтууд /хх-ийн 22-26 дугаар хуудас/, хохирогч Ж.Батсүхийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Баярсүхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-52, 57 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч хохирогч Ж.Батсүхийн ...Баянбууралд Пүрэвдавгынд ирж амарцгаасан. Архи пиво ууцгааж байгаа архиндаа согтоод нэг мэдсэн Баярсүхтэй юм яриад сууж байтал Пүрэвдавга одоо амарцгаая гээд тэгээд маргаан болж хоорондоо муудалцаад тэгээд намайг Пүрэвдавга цохисон. Мөн Баярсүхийг цохисон. Би машиндаа ороод дотроос нь түгжсэн.ТЭгээд л дотроо унтсан. Маргааш өглөө босоод цагдаа руу явсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
...Баярсүх гэдэг залуутай бид 2 мөнгө төгрөгийн асуудалтай байшингийн урд маргалдаад зогсож байсан чинь манай ажлынхан гарч ирээд амраах гээд байж байсан би тэд нарт нэг эвгүй үг хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн бүгдээрээ нийлээд тал талаас цохиж эхэлсэн. Миний мэдэхээр Пүүжээ ах 2-3 удаа нүүрэн тус газар цохисон. Баярсүх 1 удаа нүүр рүү цохисон. Амартүвшин, Оюунбат 2 салгах гээд дайраад бас цохих гээд байсан. Намайг машин руугаа гүйгээд суусан чинь араас хөөж ирж машин руу цохиод байсан... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
яллагдагч Б.Баярсүхийн ...Баянбууралд байх айлд ажилчдаараа гэр бүрээрээ байж байсан. Орой нь Батсүх бид хоёр юм ярьж байгаад маргалдаад Батсүх намайг түлхэж унагаагаад цохиод байхаар нь би зөрүүлээд 2 удаа цохисон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй... /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаартай ...Ж.Батсүхийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон хохирогч Ж.Батсүхийн Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Ж.Батсүхийн компьютерт томографын шинжилгээ өгсөн баримт болон хохирлын баримтууд /хх-ийн 22-26 дугаар хуудас/, хохирогч Ж.Батсүхийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Баярсүхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-52, 57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Баярсүхийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь иргэн Ж.Батсүхийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Батсүхийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Б хохирогч Ж.Батсүх нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой хавтаст хэргийн 22-26 дугаар хуудаст авагдсан баримтаар 120.400 /нэг зуун хорин мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжилдэг ба шүүгдэгч Б.Баярсүх нь хохирогч Ж.Батсүхэд 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг эмчилгээний зардал гэж төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 56 дугаар хуудаст авагдсан хохирогч Ж.Батсүхийн хохирол төлсөн талаар болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлсэн хохирол төлөгдөн талаарх хүсэлтээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034004270409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Баярсүх нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж овгийн Б Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034004270409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж овгийн Б Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Жовгийн Б Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН