| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0361/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 332
2020 08 26 2020/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ө Б холбогдох эрүүгийн 2034004610432 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Дашинчилэн суманд 1975 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймаг, Цээл сум, 1 дүгээр баг, 01-103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ө Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ө.Б нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр О.Цэцэглэнгийн зүүн гуя тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ө.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар болон ялын талаар маргахгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034004610432 дугаартай хэрэгт хохирогч О.Цэцэглэн /хх-ийн 12-15, 16-17 дугаар хуудас/, гэрч Ө.Баянмөнх /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Д.Отгонбаатар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, яллагдагч Ө.Баянмөнх /хх-ийн 34-36 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, аюулын зургийн үнэлгээний маягт /хх-ийн 53-55 дугаар хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/, драгер багажаар үлээлгэсэн тэмдэглэл /хх-ийн 57 дугаар хуудас/, хохирогч О.Цэцэглэнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.Баянмөнхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Баянмөнх нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр О.Цэцэглэнгийн зүүн гуя тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч О.Цэцэглэнгийн ...намайг гэрийн хаалгаар түлхэж оруулаад, орон дээр түлхэж унагааж элдэв бусаар хэлээд байхаар нь би уурлаад 20 гаруй жил чамд доромжлуулсан гэж өөдөөс нь хэрүүл хийхэд ална чамайг гээд байсан. Би тогоон дээрх цайгаа уудлах гээд эргээд харах хооронд гуя руу цохих шиг болсон ба би хутгалсаныг нь мэдээгүй, хэсэг байж байтал гуя дагаад нойтон оргиод өвдөөд байхаар нь гуя руугаа тонгойгоод хартал хутгалчихсан байсан. Би гэрээс гарах гээд хаалга руу явтал хаалга болон тагт дотроос нь түгжчихсэн байсан. Баянмөнх миний гуянаас гарсан цусыг арчиж цэвэрлэж байх хооронд нь би утсаа аваад цагдаад дуулга өгсөн... /хх-ийн 12-15, 16-17 дугаар хуудас/,
яллагдагч Ө.Баянмөнхийн ...би эхнэр О.Цэцэглэнг айлгах гээд хутгаар гуя хэсэгт нь нэг удаа хутгалсан байсан. Би хутгална гэж бодоогүй. Би эрүүл мэндэд нь хутгаар хохирол учруулчихаад цусыг нь арчиж цэвэрлэж өгч байхад эмнэлэг ирээд аваад явсан юм... /хх-ийн 34-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаартай ...О.Цэцэглэнгийн биед зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, аюулын зургийн үнэлгээний маягт /хх-ийн 53-55 дугаар хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/, драгер багажаар үлээлгэсэн тэмдэглэл /хх-ийн 57 дугаар хуудас/, хохирогч О.Цэцэглэнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.Баянмөнхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос эрүүгийн 2034004610432 дугаартай хэргийн шүүгдэгч Ө.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ө.Баянмөнхийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Цэцэглэнгийн биеийн зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Тэрээр энэхүү өөрийн бусдыг зодож, цохих, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон, хутгалсан санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Түүний эхнэр О.Цэцэглэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,
мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдүүдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ө.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ө.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ө.Б санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Цэцэглэнгийн биед зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Түүнчлэн хохирогч О.Цэцэглэн нь шүүгдэгч Ө.Баянмөнхөөс эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 12-14, 16-17 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгүүд, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ө.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч Ө.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Б нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034004610432 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Баянмөнх нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ө Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Ө Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ө Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Ө Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034004610432 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бовгийн Ө Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ө Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН