| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0363/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/340 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/340
2020 08 28 2020/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн М Б-т холбогдох эрүүгийн 2034000000402 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баяндэлгэр суманд 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй,Ш овгийн М Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Рашаант гэх газраас иргэн Б.Энхбаярын өмчлөлийн 75 тооны хонь, 2 тооны ямаа зэрэг мал нь тасарч, улмаар тус сумын Галуут 2 дугаар баг, Булшит дэнж гэх газарт байх хонин сүрэгт 67 тооны хонь нийлж, улмаар тухайн 67 тооны хонийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, 2020 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Төв аймгийн Баяндэлгэр болон Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 50 тооны хонийг 2 удаагийн үйлдлээр бусдад зарж өөртөө завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Б:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000402 дугаартай хэрэгт хохирогч Б.Энхбаяр /хх-ийн 29, 30-31 дүгээр хуудас/, гэрч М.Батбаяр /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Г.Эрдэнэбулган /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Г.Эрдэнэбулган /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Ч.Энх-Амгалангийн /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч М.Хүрэлбаатар /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Х.Ганбаатар /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Б.Байгальмаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, яллагдагч М.Батбаяр /хх-ийн 52-53 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“СЭЛЭНГЭЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 236 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 42 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09/312 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 61-72 дугаар хуудас/ болон хохирогч Б.Энхбаярын Төв аймгийн Баяндэлгэр сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Төв аймгийн Баяндэлгэр сумын багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, мал эмнэлгийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 18-20 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч М.Батбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-27, 75-84 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Яллагдагч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Рашаант гэх газраас иргэн Б.Энхбаярын өмчлөлийн 75 тооны хонь, 2 тооны ямаа зэрэг мал нь тасарч, улмаар тус сумын Галуут 2 дугаар баг, Булшит дэнж гэх газарт байх хонин сүрэгт 67 тооны хонь нийлж, улмаар тухайн 67 тооны хонийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, 2020 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Төв аймгийн Баяндэлгэр болон Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 50 тооны хонийг 2 удаагийн үйлдлээр бусдад зарж өөртөө завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Б.Энхбаярын ...Батбаярын хонийг тэр өглөөдөө шүүж үзэхэд манай имтэй хонь харагдахаар нь Батбаярын хүүхэд ирэхэд нь манай хонь байна хэзээ ирж нийлсэн бэ гэхэд хүүхэд нь би сайн мэдэхгүй. Аав, ээжийг Багануураас ирэхээр нь ялгаж аваа гэхээр нь би одоо хонио ялгаж авч тоог гаргаж авмаар байна гэсэн. Тэгээд хонийг нь гэр рүү нь тууж явж байхад Батбаярын хадам аав ирэхээр нь би хонь нийлсэн байна хашаанд чинь хийж байгаад явгаж авъя гээд хашаанд оруулаад ялгахад манай 17 тооны хонь Батбаярын хониноос гарч ирсэн. Тэгэхээр нь би өөрийн хонио тугалын хашаанд хийж үлдээгээд явсан. Эдгээр 17 тооны хонь дотор төлөг голдуу жижиг хонь байхаар нь тухайн үед гайхаж байсан. Тэгээд цаана нь 58 тооны хонь 2 ямаа зэрэг дутахаар Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргасан. Ийм л зүйл болсон... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
...саахалт Батбаярын хотонд миний 17 тооны хонь байсан. Бүгд эр төлөгнүүд байсан. Тухайн хонинууд нь зөв талын чих нь мухар буруу талын чих нь мухар буруу талын чих нь араасаа хайчилсан байсан. Тэгээд тухайн 17 тооны хонийг малаас нь ялгад хашаад авсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
гэрч Г.Эрдэнэбулганы ...Улаанбаатар хотоос мал авна гээд 2 хүн ирэхээр нь манай нөхөр Батбаяр нь 25 тооны хонь зарж ачиж өгөөд явуулсан. Мөн өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр Батбаяр нь өөрийн эзэмшлийн портер маркийн цагаан өнгийн 65-9 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ 25 тооны хонийг ачаад Улаанбаатар хот Налайх дүүрэг рүү ачаад явсан. Тэгээд өнөө өглөө зээн болох Онингоо гэх залуу ирж манай хониноос ирж манай хонь байна гээд ялгаж 17 юм уу 18 тооны хонийг хашаанд хийж бариад тэгээд одоо хашаатай байж байгаа... ...Нөхөр Батбаяр айлын хонь ирсэн байна. Эзэн нь гарч ирэхгүй байвал зохих хэмжээгээр борлуулъя гэж хэлсэн. Миний хувьд зарж борлуулах санаа бол байгаагүй... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
яллагдагч М.Б...17 тооны хонийг нь ирж авсан юм. Би ямар зүс эм тамгатайг нь мэдэхгүй байна... ...Эхлээд 25 тооны хонийг хоёр танихгүй залууд 3000000 төгрөгөөр базаад нийлүүлээд зарсан. Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 65-19 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 25 тооны хонийг ачаад Налайх дүүрэг рүү явж зам дээр зогсож байсан хүнд 1250000 төгрөгөөр зарсан юм... /хх-ийн 52-53 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“СЭЛЭНГЭЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 236 дугаартай ...12660000 /арван хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 42 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09/312 дугаартай ...М.Батбаярын өмчлөлийн 65-19 ТӨА улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийг 810000 /найман зуун арван мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 61-72 дугаар хуудас/ болон хохирогч Б.Энхбаярын Төв аймгийн Баяндэлгэр сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Төв аймгийн Баяндэлгэр сумын багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, мал эмнэлгийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 18-20 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч М.Батбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-27, 75-84 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх прокуророос шүүгдэгч М.Б холбогдох эрүүгийн 2034000000402 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Батбаярыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Б нь иргэн Б.Энхбаярын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирчээ.
Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгөд учруулсан 12660000 /арван хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн завшсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч М.Батбаяр дээрх гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байхаас гадна гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Энхбаярын 50 тооны хонийг 2 удаагийн үйлдлээр бусдад зарж өөртөө завшиж, 12660000 /арван хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдэж завшсан гэх 12660000 /арван хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий 50 тооны хонийг хохирогч Б.Энхбаярт төлсөн болох нь хавтаст хэргийн 30-31 дугаар хуудаст авагдсан хохирогч Б.Энхбаярын мэдүүлэг, хавтаст хэргийн 81 дүгээр хуудаст авагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч М.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Отгончимэг нь оногдуулсан таван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034000000402 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн М Б бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш овгийн М Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн М Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш овгийн М Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000000402 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч М.Батбаярт нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн М Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн 65-19 ТӨВ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш овгийн М Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш овгийн М Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН