| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0369/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/340 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/340
2020 08 31 2020/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Д.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 2034000000469 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1972 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Төв аймгийн Батсүмбэр сум, 4 дүгээр баг, 01-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НБ72072411 дугаарын регистртэй, Боржигон овгийн Доржийн Мөнхбат
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг “324-р точик” гэ хгазарт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Л.Лхагважавыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Мөнхбат:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000469 дугаартай хэрэгт хохирогч Л.Лхагважав /хх-ийн 6-8, 9 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхбат /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, яллагдагч Д.Мөнхбат /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 427 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон хохирогч Л.Лхагважавын Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Л.Лхагважавын эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мөнхбатын хохирол төлөөх илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мөнхбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 20, 23-30 дугаар хуудас/зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч .Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг “324-р точик” гэх газарт Л.Лхагважавыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Л.Лхагважавын ...2020 оны 07 сарын 20-ны 18-19 цагийн хооронд точик дээр байдаг гэрээсээ гараад хойш зуслан руугаа явах гээд хашаанаас гартал танихгүй нэг залуутай нэг мэдсэн чинь барилцаж аваад намайг зодсон. Тэгсэн нэг мэдсэн би доор нь орсон нөгөө нь танихгүй залуу миний дээр гарчихсан намайг зодож байсан. Тэгтэл хүүхэд уйлсан харсан чинь 5-6 насны хүүхэд байсан. Тэр залуу бид хоёр тухайн үед хоёулаа согтуу байсан. Би тухайн үед яг юунаас болж маргасан талаар согтуу байсан болохоор санахгүй байна. Ямар ч байсан намайг тэр залуу цохиод унагасныг санаж байгаа... ... /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
...Би эмчилгээний зардалд гаргасан баримттай 316380 төгрөгийн зардал мөн баримтгүй нааш цааш явсан тээвэр, хоол, унааны зардалд 150000 төгрөг нийт 466380 төгрөгийг нэхэмжилж байна... /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхбатын ...2020 оны 07 сарын 19-ны өдөр 18 цагийн орчимд явж байсан чинь танихгүй нэг залуу явж байсан би тэгэхээр нь дуудсан чинь тухайн залуу намайг яах грээд байгаа гай вэ гэсэн тэгэхээр нь би чи юу гэнээ би чамд гай болсон уу гэсэн чинь тухайн залуу намагй модоор гарлуу цохьсон тэгэхээр нь би модыг нь булааж авах гэсэн чинь миний гэдэс хавьд тухайн модоор цохиж тухайн залуу бид хоёр барьцалдаж аваад тэр залуу намайг миний өмднөөс барьж аваад зууралдаад байхаар нь гараараа хавирга тус газарт нь гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон тэгээд салаад явцгаасан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Мөнхбатын ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай ...хохирогч Л.Лхагважавын биед зүүн 6, 7-р хавирганы зөрөөтэй хугарал, доод уруулын салстын шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алим, хамар, баруун хацар, баруун зүүн бугалга, нурууны цус хуралт, дух, хамар, баруун нүдний доод зовхи, баруун хацар, баруун зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун зүүн тохойны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 427 дугаартай ...Д.Мөнхбатын биед баруун шуу, хэвлийд цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон хохирогч Л.Лхагважавын Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Л.Лхагважавын эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мөнхбатын хохирол төлөөх илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мөнхбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 20, 23-30 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүгдэгч Д.Мөнхбатөд холбогдох эрүүгийн 2034000000469 дугаартай хэргийн шүүгдэгч Д.Мөнхбатын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Мөнхбатыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Мөнхбат нь иргэн Л.Лхагважавын биед зүүн 6, 7-р хавирганы зөрөөтэй хугарал, доод уруулын салстын шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алим, хамар, баруун хацар, баруун зүүн бугалга, нурууны цус хуралт, дух, хамар, баруун нүдний доод зовхи, баруун хацар, баруун зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун зүүн тохойны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулжээ.
Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн зүүн 6, 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, доод уруулын салстын шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алим, хамар, баруун хацар, баруун зүүн бугалга, нурууны цус хуралт, дух, хамар, баруун нүдний доод зовхи, баруун хацар, баруун зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун зүүн тохойны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.Мөнхбат гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Д.Мөнхбатын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Лхагважавын биед зүүн 6,7-р хавирганы зөрөөтэй хугарал, доод уруулын салстын шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алим, хамар, баруун хацар, баруун зүүн бугалга, нурууны цус хуралт, дух, хамар, баруун нүдний доод зовхи, баруун хацар, баруун зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун зүүн тохойны зулгаралтбүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Түүнчлэн хохирогч Л.Лхагважав мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотойгоор 466.380 /дөрвөн зуун жаран зургаан мянга гурван зуун ная/ төгрөгийг нэхэмжилдэг боловч баримтаар 267.200 /хоёр зуун жаран долоон мянга хоёр зуу/ төгрөг болж байна.
Шүүгдэгч Д.Мөнхбат нь уг хохирлыг төлсөн болох нь хохирогч Л.Лхагважавын шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хэлсэн тайлбараар тогтоогдож байна.
Харин шийтгэврээр торгуулсан гэх 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжилдэг хэдий ч шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
түүнчлэн түүний цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.Мөнхбатаас энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Мөнхбатад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ял оногдуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхбатад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Мөнхбат нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034000000469 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Мөнхбат нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр
зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр
зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000000469 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Мөнхбат нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч МП68012511 дугаарын регистртэй, Арал овгийн Лхасүрэнгийн Лхагважавын эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн 0481638 дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгуулсан мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН