Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             09                08                                                  2020/ШЦТ/363                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

хохирогч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн М Х холбогдох эрүүгийн 2034000000401 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст архивч ажилтай, ам бүл 3, эх, нөхрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Манзушир өргөө хотхоны 0-1 байрны 03-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн М Х

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Х нь 2020 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах НИК Петровис ХХК-ийн шатахуун түгээх станц-1 байранд С.Алтанчимэгийг унтаж амарч байхад дайрч орон, улмаар өөрийн нөхөртэй Алтанхуягтай хардсаны улмаас маргалдаж, С.Алтанчимэгийн үснээс зулгааж, нүүрэн тус газарт нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч М.Х:

...2020 оны 06 дугаар сарын 26-27 шилжих шөнө энэ хэрэг болсон. Би энэ хүнийг ажлын байр дээр нь байхад ороод үстсэн, гэмтэл учруулсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. Энэ хүнээс би 2 удаа уучлалт гуйсан. Одоо ч энэ хүнээс уучлалт гуймаар байна. Гэмтэл учруулсан нь миний буруу үйлдэл... гэж,

 

Хохирогч С.А:

... 26-27 шилжих шөнө би 48 цаг ажиллаад унтаж байсан. Эдний нөхөр ирсэн сигналдаад тэгээд хэн бэ гэсэн чинь Хуягаа ирсэн сая бензин аваад явлаа гэсэн. Тэгээд байж байсан чинь 2 цаг 30-40 минутын үед хаалга балбаад Туул онгойлгож өгсөн чинь Хоролгарав байсан. Тэгээд шууд ямар ч үг хэлэлгүйгээр намайг үстэж босгоод чи яагаад байгаа юм гээд, би унтаж байсан хүн юугаа ч мэдэхгүй. Бид нар бүгд хувцастайгаа унтдаг. Камерын бичлэгээс харахад надтай хамт ажилладаг Энхтуул Хоролгаравыг орж ирэхээс 2, 3 минутын өмнө гараад бие засаад тамхи татаад ороод ирсэн юм билээ. Тэгээд орж ирснийг нь намайг нөхрийнх нь машинаас бууж байна гэж хардаж зодсон. Нүүрэн дээр 2, 3 хумсны сорви, миний үс их хэмжээгээр унаж байна. Би гомдолтой байна, хийгээгүй хэргийнхээ төлөө хүн амьтанд үсдүүлж зодуулаад тэрнээс болж манай гэр бүл, ажил төрөл, найз нөхөд мэдээгүй хүн байхгүй. Зүв зүгээр байж байгаад хийгээгүй хэргийнхээ төлөө эвгүй байдалд орж байна. Зүгээр 12 сард авхуулсан зураг, хэн ч найз нөхөд албан газрынхантайгаа маазраад янз бүрийн зураг авхуулсан л байдаг. Би эдний нөхөртэй нас чацуу болохоор надтай хардаад байдаг юм уу гэж боддог. Энэ хоёр 12 сараас хойш хэрэлдээд байсан болохоор тайлбарлая гэхэд нөхөр нь яах юм бэ болсон бүтсэн гээд яваад байсан. 4 сард бид 2 машинд суугаад би эдний ажлын гадаа очоод уулзсан. Намайг тэр зургаа тайлбарлаад өг гэсэн. Би тайлбарлаад хэлсэн. Тэгээд бид хоёр учраа олсон ч биш олоогүй  ч биш салсан. Тэр бол хүн хардаад иймээ тиймээ болоод байх ёс бус зураг бол биш. Би гомдолтой байна. MRI-д харуулсан, нааш цааш явсан зардлаа оруулаагүй. MRI-д 125000 төгрөгөөр харуулсан. Нааш цааш явсан бензиний зардал 20 000 төгрөг өөр юм нэхэмжлэхгүй. Баримт гэрт байгаа... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000401 дугаартай хэрэгт хохирогч С.Алтанчимэг /хх-ийн 12-13, 14 дүгээр хуудас/, гэрч С.Алтанчимэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Г.Энхтуул /хх-ийн 17-18, 22 дугаар хуудас/, гэрч Ж.Алтанхуяг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Баярмаа /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч М.Хорлоогарав /хх-ийн 23, 24-25 дугаар хуудас/, яллагдагч М.Хорлоогарав /хх-ийн 42-45 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн №352 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  №363 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч С.Алтанчимэгийн Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Хорлоогаравын Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Хорлоогаравын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 49-54 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Х нь 2020 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “НИК Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станц-1 байранд С.Алтанчимэгийг унтаж амарч байхад дайрч орон, улмаар өөрийн нөхөр Алтанхуягтай хардсаны улмаас маргалдаж, С.Алтанчимэгийн үснээс зулгааж, нүүрэн тус газарт нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч С.А ...Би Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг НИК шатахуун түгээх станцад 2020 оны 06 сарын 26-27-нд шилжих шөнө ээлжид гарч байсан юм тэгээд шөнийн 02 цаг орчимд намайг түгээгчийн байрандаа амарч байсан чинь гэнэт нэг хүн үснээс зулгаагаад цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан юм... ...Алтанхуягийн эхнэр гэх Хорлоо гэх эмэгтэй орж ирээд үснээс зулгаагаад гараараа толгой тархи руу цохиж зодоод гэмтэл учруулсан юм. Намайг нөхөртэйгөө хардаад цохиж зодсон гээд  байгаа юм... /хх-ийн 12-13 дугаар хуудас/

...Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлын байран дээр орж ирж цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан гомдолтой байна сорви арилгах тос авч байсан төлбөр мөнгөө нэхэмжилж байна.../хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч С.Алтанчимэгийн ...Өнгөрсөн шөнө буюу 2020 оны 06 сарын 26-наас 27-нд шилжих шөнө ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхад 02 цаг 40 минутын орчимд гаднаас Хоролоо гэх эмэгтэй орж ирээд намайг үсдэж зодсон. Хоролоог орж ирэх үед би унтаж байсан. Гэнэт хаалга хүчтэй балбаад байхыг мэдсэн. Надтай хамт ажиллаж байсан Энхтуул хаалга тайлж өгсөн гэсэн. Тэгээд намайг сэрж амжаагүй байхад Хоролоо орж ирээд намайг үсдэж зодсон. Би “яагаад байгаа юм бэ гэхэд Хоролоо “чи дөнгөж сая Алтанхуягийн машинаас буусан биз дээ” гээд байсан. Би учрыг нь олоогүй, “би унтаж байсан ш дээ, юу яриад байгаа юм бэ, Туулаа би гараагүй биз дээ” гэж хэлсэн. Хоролоо тэгсэн чинь “чи л болж мэдэхгүй байж гэнэ дээ, чи Хуягаагийн машинаас буугаад ороо биз дээ, Хуягаа та хоёр хамт архидаад яваад байгаа биз дээ, угаасаа чи 4 сарын 20-ны өдөр шөнө 3, 4 цагийн үед ярьсан байна лээ” гээд байсан. Хоролоо утасны ярианы билл барьчихсан явсан. Тэр бүгдээс Хоролоо намайг манай ажлын Алтанхуягтай хардаж орж ирсэн гэдгийг мэдсэн... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Г.Энхтуулын ...Төв аймгийн Зуунмод сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг НИК шатахуун түгээх станцад 2020 оны 06 сарын 26-27-нд шилжих шөнө түгээгч Алтанчимэгийн хамтаар 24 цаг үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цагийн орчимд түгээгчийн байрны хаалга хүн нүдээд тэгээд би цонхоор харсан чинь манай ажилчин залуу Алтанхуягийн эхнэр Хоролгарав байсан тэгэхээр нь би таньдаг хүн байна гээд хаалгаа онгойлготол тухайн эмэгтэй шууд дайрч байранд орж ирээд амарч байсан Алтанчимэгийг үстээд орон дээр нь дээрээс нь дарж байгаад гараараа толгой нүүр лүү нь цохиж зодоод эрүүл мэндэд нь хохирол учруулж би чи яаж байна гээд салгах гэхэд намайг чи дуугай бай чиний амьдралыг мэднэ шүү цаашаа бай хашхираад байсан тэгээд Алтанчимэгийг чи манай нөхөртэй яваа биз дээ чамайг сая хүргэж ирээ биз дээ гээд цохиж зодоод байсан би тэгэхээр нь сая 00-л ороод орж ирж байна Алтанчимэг унтаж байсан гэсэн чинь үгүй наадах чинь манай нөхөртэй яваад сая орж ирж байгаа байхгүй юу гээд Алтанчимэг рүү дайраад байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Ж.Алтанхуягийн ...гэрчийн мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 гэрч Б.Баярмаагийн ...Тэгээд байж байтал Алтанхуяг машинтайгаа ирээд Хорлоогарав бид хоёрын машины хажууд тулж ирээд гэрлээ тусгаад хөдлөөд явсан тэгтэл колонкын түгээгчийн байр луу улаан хувцастай хүн орж байгаа харагдсан тэгэхэд Хорлоогарав машинаас буугаад колонк руу очоод түгээгчийн байрны хаалгыг нүдэж орж байгаа харагдсан тэгээд би машинаа түгжээд түгээгчийн байр луу очих үед цонхоор нь харагдаж байгаа нь Хорлоогарав Алтанчимэг хоёр үс үснээсээ зулгаалцсан байж байгаа харагдсан тэгээд намайг түгээгчийн байранд ороход тэр хоёр салчихсан Алтанчимэг орон дээрээ суусан байдалтай тэр хоёр хэрэлдээд байж байсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Б.Энхтуулын ...Манай ажилтай С.Алтанчимэгийг ажилтай байхад нь манай ажилтан байсан Алтанхуягийн эхнэр Хорлоогарав ирээд С.Алтанчимэгтэй нөхөр Алтанхуягийг хардаад хэрүүл хийгээд байдаг байсан юм тэгээд би Алтанхуягт хэлнэ гэж байсан чинь 2020 оны 06 сарын 26-27-нд шилжих шөнө Хорлоогарав Алтанчимэгийг ажилтай ажлын байран дээр үүрэг гүйцэтгэж байхад нь шөнө орж ирээд цохиж зодсон байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч М.Х ...би тухайн үед нөхөр Алтанхуягийг Алтанчимэгийг суулгаад явлаа гэж бодоод тэгтэл намайг харж байхад Алтанхуяг шатахуун түгээх станцын хойно байрлах Ундрам дэлгүүрийн урдуур машинтайгаа иргээд зогсох шиг болоод явсан тэгтэл шатахуун түгээх станц руу хүн орж байгаа харагдсан тэгээд би Алтанчимэгийг буулгаад явчихлаа гэж бодоод би шатахуун түгээх станцын хаалгыг нүдээд орж Алтанчимэг орон дээр хэвтэж байсан тэгэхээр нь би үснээс нь зулгаагаад босоод ир гэсэн тэгтэл Алтанчимэг намайг зөрүүлэн үсдээд бид хоёр үснээс тавь гэж байгаад тавиулсан юм.. ...Алтанчимэгийг би үснээс нь зулгаасан цохиж зодсон зүйл байхгүй... /хх-ийн 23, 24-25 дугаар хуудас/,

яллагдагч М.Х ...байранд ороход Алтанчимэг ажлын хувцастайгаа хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан тэгэхээр нь би Алтанчимэгийн хөнжлийг нь сөхөөд босоод ир гээд үснээс нь татсан тэгэхэд Алтанчимэг өндийж босож ирээд миний үснээс зулгаасан тэгээд би ярилцъя үснээс тавь хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж хэлж байгаад тавиулсан юм би цохиж зодоогүй... /хх-ийн 42-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 352 дугаартай ...хохирогч С.Алтанчимэгийн биед тархи доргилт, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 353 дугаартай ...М.Хорлоогаравын биед баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/  болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч С.Алтанчимэгийн Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Хорлоогаравын Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Хорлоогаравын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 49-54 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.Х нь иргэн С.А зодож, биед тархи доргилт, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн хүнийг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биед тархи доргилт, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч М.Х гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Х гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.А биед тархи доргилт, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

  

Хохирогч С.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч М.Хорлоогарав нь хохирогч С.А сорви арилгах тосны мөнгө 42.000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн хохирогч С.А нь шүүх хуралдааны үед баримтгүйгээр 140.000 төгрөг нэмж нэхэмжилсэн болно.

 

Шүүх хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Х энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Х хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч М.Х дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч М.Х торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.   

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000000401 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Хорлоогарав нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөах төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн гэмт хэрэг болох үеийн бичлэг болох СD 1 ширхгийг эрүүгийн 2034000000401 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                   37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

                                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн М Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн М Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

4. Шүүгдэгч Б овгийн М Х шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн 2034000000401 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Хорлоогарав нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн гэмт хэрэг болох үеийн бичлэг болох СD 1 ширхгийг эрүүгийн 2034000000401 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.    

 

6. Хохирогч НГ91050200 дугаарын регистртэй, Боржигон овгийн Саранцэцэгийн Алтанчимэг нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Мөнхбаатарын Хорлоогараваас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн М Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн М Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН