Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 13-р хороо, 26-р байрны 22 тоотод оршин суух, эмэгтэй, утас -99584319, Бодонгууд  овогт Бадамсэдийн Доржхандын нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Б.Болортуяаг эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч  нь  хариуцагчаар оролцвол зохих Б.Болортуяаг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Болортуяа нь Б.Доржхандын хүү Н.Баяржаргалтай нэг жилийн хугацаанд үерхэж байх хугацаандаа байр түрээслэхээр 2015-12-06 өдөр 1 000 000 төгрөг, 2016-03-02 өдөр 700 000 төгрөг, аав маань хүн дайрчихлаа гээд 2016-03-19 өдөр 2 000 000 төгрөг, машин авах гэсэн юм гээд  2016-04-22 өдөр 5 700 000 төгрөгийг зээлж авсан.

Дээрх бүх мөнгийг Б.Болортуяагийн Хаан банк дахь 5720578011 тоот дансанд шилжүүлсэн.

Мөн хүү Н.Баяржаргалын 5 ш монетон бөгж, 1 ш монетон гинжийг 2016-03-24 өдөр Начин заан ломбарданд барьцаалуулж, 1 200 000 төгрөгийг авч, эд зүйлийг орхисон байсныг саяхан бид мэдэж 2017-01-07 өдөр 1 398 880 төгрөг төлж,  дээрх эд зүйлээ олж авсан.

Б.Болортуяа нь Б.Доржхандаас зээлж авсан мөнгөөрөө 31-87 УВЧ улсын дугаартай приус маркийн авто машиныг худалдаж авсныхаа дараа хүү Н.Баяржаргалаас салж алга болсон. Приус авто машины хаягаар хайлгахад 2 хоногийн дотор машинаа зарсан байсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Гачууртад байсан хаягтаа байхаа больсон, хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо Б.Болортуяаг хаана байгааг мэдэхгүй байна.

Иймд Бүрэнтэгшийн Болортуяа /РД-ЖЭ81092201/-г эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 99032518 байсан  гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, Баянгол дүүргийн 13-р хорооны тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2017-01-20 өдрийн 101/ШЗ2017/01580 захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  нь   Б.Болортуяад  мөнгө зээлдүүлж, Хаан банк дахь түүний 5720578011 тоот дансанд мөнгийг  шилжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Б.Болортуяагаас зээлийн гэрээний  үүргийг шаардах хүсэлтэй байгаа байх боловч Б.Болортуяа  нь нэхэмжлэгчийн   хүү Н.Баяржаргалтай үерхэж байх  үед амьдарч байсан Баянзүрх  дүүрэг, 23-р хороо,  1-р Баатархайрхан гудамжны 802 тоот  хаягт оршин суухаа больсон  болох нь 16-р хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг  мэдэх боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Б.Болортуяаг  эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь  хэсгийг баримтлан  хариуцагчаар оролцвол зохих   Бүрэнтэгшийн Болортуяа /РД-ЖЭ81092201/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих  Б.Болортуяаг  эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

    4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг  эс зөвшөөрвөл  гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор давж заалдах гомдлыг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.НАРАНЦЭЦЭГ