| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07454/И |
| Дугаар | 6006 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 6006
| 2016 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/06006 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, * дугаар бичил хороолол, * байр,* тоотод оршин суух,*
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * тоотод оршин суух, *
Зээлийн гэрээний үүрэгт 3.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвэлдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэвэлдорж миний бие нь эхнэр, нөхөр болох Д.Баасандорж, Д.Адъяа нарт олон туслаж байсан ба нөхөр Д.Баасандорж нь би ТҮЦ барих гэсэн юмаа, мөнгө дутагдаад байна, та 5 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлээч” гэхэд, Д.Адъяа нь “та 5 хувь болгооч” гэж гуйгаад байсан тул тэдний гуйлтаар 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Энэ хугацаанд үндсэн зээлээсээ 2 сая төгрөгөө эргүүлэн авсан. Би энэ хүмүүст туслаж байсан болохоос биш тус болсны эцэст элдвээр доромжлуулна гэж бодоогүй. Гэтэл нөхөр Д.Баасандорж нь дахин 3 сар сунгаач гэж гуйсны дагуу дахин хүлээгээд хугацаа дуусч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө гэрт нь очиход намайг элдвээр доромжилж, ална гэж заналхийлсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.Баасандорж, Д.Адъяа нараас зээлийн үлдэгдэл 3 сая төгрөг, хүү 150.000 төгрөгийн хамт нийт 3.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цэвэлдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Баасандорж нь нэхэмжлэлийн шаардлага 3.150.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Д.Адъяагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Д.Баасандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Баасандорж миний бие Д.Цэвэлдоржийн нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 3.150.000 төгрөгөөс 1.150.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 2.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвэлдорж нь хариуцагч Д.Баасандорж, Д.Адъяа нараас зээлийн гэрээний үүрэгт 3.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Д.Адъяад холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Баасандорж нь Д.Цэвэлдоржийн нэхэмжлэлийн шаардлага 3.150.000 төгрөгөөс 1.150.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 2.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Баасандоржийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Д.Баасандоржоос 32175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч* нь *ийн нэхэмжлэлийн шаардлага 3.150.000 төгрөгөөс 1.150.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 2.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч *д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 64350 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 32175 төгрөг, хариуцагч *оос 32175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА