| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0198/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/190 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч А.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт А*******гийн Н*******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Н******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “ архи уулаа” гэх шалтгааны улмаас иргэн Б.М*******тай маргалдаж,улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... А.Н******* ах гарч ирээд намайг” архи уулаа” гээд уурлахаар нь би “битгий хуц” гэж хэлэхэд А.Н******* ах миний шанаа руу нудраад цохисон.Тэгтэл би арагшаа хашаа налж унасан.Миний хөмсөг хэсэгт шалбарсан, эгэм хэсэгт шалбарч цус гарсан, хавирга хэсгээр өвдөж байгаа.Өөр өвдөх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 8-10-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед манайд А.Н******* халамцуу орж ирээд бид хоёр юм яриад сууж байтал Б.М*******, хоёр согтуу орж ирээд архи авъя гэхээр нь “архи байхгүй” гээд дэлгүүрийнхээ хаалгыг цоожилсон.Тэр хоёр явахгүй хаалга цохиод байсан. Тэгээд А.Н*******гийн машины хажууд зогсоод байхаар нь би А.Н*******д “ чиний машины хажууд зогсоод байна “ гэж хэлсэн чинь А.Н******* манайхаас гараад явсан. Би байж байгаад даамангаас гараад иртэл , А.Н*******, Б.М******* гурав барилцаж авсан байхаар нь би “ юу болж байгаа юм бэ” гээд очиход тэр гурав зууралдаж байгаад манай дэлгүүрийн хашлага давж унасан.Би очоод Б.М*******ыг хамгийн доор нь уначихсан байхаар нь татаж босгоход Б.М*******ын зүүн талын шанаа халцарч цус гоожсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 13-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 829 дугаартай ... Б.М*******ын биед зүүн хөмсөгт оёдол бүхий шарх, зүүн шанаанд зулгаралт, зүүн эгэм болон 1,2-р хавирганы гадаргууд цус хуралт, тус хэсгүүдэд хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. Б.М*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ. / хэргийн 19-р хуудас/
Шүүгдэгч А.Н*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн үед гэх хүнтэй маргаад зогсож байтал Б.М******* ирээд намайг цохих гээд байхаар нь би заамдаж бариад зогсож байгаад хашлага даваад давхралдаад унасан. Б.М******* миний доор унасан...” гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Н******* нь хохирогч Б.М*******ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч А.Н******* нь хохирогч Б.М*******тай үл ялих зүйлээр маргалдаж түүнийг заамдаж хашлага давуулан унагаснаас түүний биед зүүн хөмсөгт оёдол бүхий шарх, зүүн шанаанд зулгаралт, зүүн эгэм болон 1,2-р хавирганы гадаргууд цус хуралт, тус хэсгүүдэд хаван хавдар гэх хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч А.Н******* нь хохирогч Б.М*******ыг заамдаж, шанаа хэсэг рүү нь цохисноос бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Н*******г хохирогч Б.М*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.М*******ын...А.Н******* ах надад эмчилгээндээ хэрэглэ гэж 50000 төгрөг өгснийг би эм, боолтны материал авсан, өөр зардал гараагүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлгээр /хх-9-10/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Н******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-29/ тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Н*******гийн хувийн байдлын талаар гэрч өгсөн...манай найз А.Н******* нь хүнтэй эвсэг зөөлөн харьцаатай, ямар нэгэн этгээд зан араншин байхгүй, төлөв даруу, шударга, бусдад тусч, цайлган сэтгэлтэй, хүмүүжил сайтай залуу байгаа юм.Хааяа баяр ёслолын үеэр бага зэрэг архи хэрэглэдэг боловч зан араншинд нь өөрчлөлт ордоггүй.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.…гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... А.Н******* нь ам бүл 7-уулаа, айлын 2 дахь хүүхэд.******* сумын 2-р дунд сургуулийг төгсөөд ОХУ-ын Курск хотын ТМС-д суралцаж төгссөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай, шударга цайлган сэтгэлтэй хүн юм ... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/, А.Н*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч А.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч А.Н*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч А.Н******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогчид 50000 төгрөг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч А.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Н*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт А*******гийн Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт А*******гийн Н*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Н*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 / дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Н*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч А.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч А.Н*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.Н*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС