Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 750

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэдаргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааныг 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК,

Хариуцагч: БОАЖЯ,

Гуравдагч этгээд: М******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: БОНХАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын М******* ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: БОАЖС-ын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, иргэдийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...БОАЖС-ын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Б******* уулын Э*******ы аманд 2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон. Энэ газар нь анх С******* ХХК-ийн нэр дээр БОАЖС-ын 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар тушаалаар олгогдсон. Дээрх 2 га газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгө оруулалттай холбогдуулан Д ХХК-д шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт 5 одтой, 5 давхар зочид буудал, 5 ширхэг 3 давхар зуны байшин, тусгай зочин хүлээн авах 8 ханатай шавар гэр зэргийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан. Тухайлбал 2013 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийлгэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр Пи ХХК-тай гэрээ байгуулан, ажлын хөлсийг бүрэн төлсөн.

Пи ХХК-ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлж, батлуулах тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч сайд солигдсон, шинжээчид томилогдоогүй гэсэн шалтгаанаар Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргаж өгөөгүй. Мөн холбогдох байгууллагуудад барилга, байгууламж барих зөвшөөрөл хүссэн өргөдлийг удаа дараа гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн техникийн зөвлөлийн хурлаар 2 га газарт 5 одтой зочид буудал, 5 ширхэг хаус барих зөвшөөрөл дэмжигдэж, шийдвэр гарсан. Барилгын ажлыг гүйцэтгүүлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг нэр бүхий компаниудтай байгуулсан. Дээрх ажлуудыг гүйцэтгээд явж байхад БОАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан.

Д ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээ зөрчөөгүй буюу газрын төлбөрөө тогтоосон хугацаанд нь бүрэн төлсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө төлөөгүй гэсэн нь үндэслэл юм. Газрыг ашиглахаар арга хэмжээг хангалттай хэмжээнд авч байхад захиргааны байгууллагаас газар дээрээ хашаа бариагүй гэсэн хуульд байхгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан. Хашааг барих гэтэл Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас уулнаас хүмүүс гулгадаг учраас хүмүүс аюултай гэдэг байдлаар хашааг бариулаагүй.

Захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийг цуцлахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагааг явуулаагүй. Хуульд заасан ажиллагааг хийсэн бол газар ашиглах эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байгаагүй. Үүнээс шалтгаалж төсөл хэрэгжүүлэгчдэд асар их хэмжээний хохирол учирсан.

Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд М******* ХХК-д олгосон. Гэвч М******* ХХК-д газар олгосон баримтад байршил нь Б******* уулын Арцадын аманд 4 газрыг олгосон байдаг. Гэтэл Д ХХК-ийн эзэмшил газар нь Б******* уулын Э*******д аманд гэсэн баримтууд байдаг.

Улсын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буцаасан. Үүний дараа шинжээч томилох зүйтэй гэж үзэж шинжээч томилогдсон. Шинжээчийн дүгнэлтэд Б******* уулын амны байршил өөр болохыг тусгаж өгсөн.

М******* ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглах хүсэлтээ гаргасан. 2015 оны 07 дугаар сард БОАЖС-ын А/277 дугаар тушаал гарч, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах гэрчилгээг олгож, мөн оны 07 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглуулах гэрээг байгуулсан байдаг. Энэ баримтаас харвал Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчсөн байна. Д ХХК-ийн газар ашиглах эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалж, гуравдагч этгээд М******* ХХК-д олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.

Түүнчлэн, Д ХХК-ийн газар ашиглах эрхийг газрын төлбөрөө төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Гэтэл бодит байдалд Д ХХК нь газрын төлбөрийг төлсөн. Мөн 3, 4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардсан төсөл учраас зураг төсөл, бэлтгэл ажлууд хийгдэж байсан. Гэтэл энэ байдлыг харгалзан үзэхгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан. М******* ХХК-д 4 га газар олгосон нэхэмжлэгч 2 га газар ашиглах эрхтэй байсан. Өөрт хамаарах 2 га газартай холбоотой хэсгээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. БОАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/277 дугаар тушаалын М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...

БОАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар Д ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг төлж байсан гэж тайлбарладаг. 2004 онд тухайн газрыг С******* ХХК-д олгосон. 2012 онд тус компанийн эзэмшигч өөрийн охин компани Д ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийн дагуу газар ашиглах эрхийг Д ХХК-д шилжүүлсэн.

Д ХХК нь газар ашиглах эрхийг шилжүүлэн аваад гурвалсан гэрээг байгуулаагүй. 2001 онд гурвалсан гэрээг байгуулсан бөгөөд С******* ХХК-ийн захирал н.О******* гэсэн гарын үсэг зурагдсан байгаа. Энэхүү гэрээг баримтлан нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь компанийн нэр өөр, гэрээнд гарын үсэг зурсан захирлын нэр н.О******* гэж бичигдсэн. Тэгэхээр н.О******* нь Д ХХК-ийн гүйцэтгэх захирал биш байна. Иймд төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн С******* ХХК нь 2004 оноос газрыг эзэмшсэн учраас төлбөр төлөх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад 2010, 2011, 2012 онуудад буюу 3 жилийн төлбөр төлсөн байдаг. Иймд С******* ХХК нь мөн газрын төлбөрөө төлөөгүй.

Нэхэмжлэгч газрыг аялал, жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 15 дугаар тогтоолд газрыг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч газар дээр 2 жил дараалан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулахаар бэлдэж, удаа дараа албан бичгүүдийг хүргүүлсэн гэж нэхэмжлэгч маргасан учраас Улсын дээд шүүхээс эдгээр баримтуудыг нотлох баримтаар цуглуулаагүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүний дагуу шүүхээс тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд үзлэг хийж, бүртгэлийн программаас шүүж үзэхэд Д ХХК-ийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоно уу гэсэн утга агуулгатай ямар ч албан бичиг бүртгэгдээгүй. Харин аялал жуулчлалын зориулалтаар газар ашигладаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгнө үү гэсэн албан бичиг л бүртгэлтэй байдаг.

Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг хэрэгт нэхэмжлэгч компанийн хүргүүлсэн гэх албан бичгүүд бүртгэгдээгүй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг огт хийлгэж байгаагүй, манай байгууллагад хүсэлтээ гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас М******* ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөн гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй юм. Д ХХК нь газар ашиглах эрхтэй этгээд биш. С******* ХХК, Д ХХК-иуд гэх нэг эзэнтэй учраас С******* ХХК-ийн газар ашиглах эрхийг Д ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаад 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалаар газар ашиглах зөвшөөрлийг шилжүүлсэн.

2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Н******* нь Э*******ы аманд олгосон газрын солбицлыг өөрчлөн гэрчилгээ олгосон. Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар ашиглах гэрчилгээг төрийн байгууллагаас олгодог. БОАЖС- газрыг олгосон, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Н******* нь газрын байршлыг дур мэдэн өөрчилсөн. Үүнийг үндэслэвэл Д ХХК-д газар ашиглах эрх байхгүй. Нэхэмжлэгч компанийн хувьд хуулийн шаардлагад нийцсэн нэг ч зүйл байдаггүй.

Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 15 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан. Нэхэмжлэгч Д ХХК-ийн газар ашиглах эрхийг хашаа бариагүй гэж биш 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээдийн Бие даасан шаардлагын тухайд:

....Бие даасан шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. БОАЖС-ын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан. Уг тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд хууль бусаар газар олгосон тушаалыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь М******* ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. 2004 онд С******* ХХК-д олгосон газрыг 2012 оныг хүртэл хүчин төгөлдөр байх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзсэн. 2004 онд С******* ХХК-д олгогдсон газар нь олгогдсоноос хойш юу ч хийгдээгүй учраас зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болно. Гэтэл юу ч хийгдээгүй байж байгаад 2012 онд тушаал гарган Д ХХК-д шилжүүлэн олгож байгаа нь үндэслэлгүй юм. гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... БОАЖС-ын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаал нь М******* ХХК-ийн эрхийг ямар байдлаар зөрчсөн нь тодорхойгүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар тус компанийн эрх, ашгийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. М******* ХХК нь сайдын тушаалд дурдсан Б******* уулын Арцадын аманд газар эзэмших ёстой. Гэтэл Б******* уулын Э*******ы аманд гэж маргаж байгаа. Энэ нь тус захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Бие даасан шаардлагын үндэслэлээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж заасныг зөрчсөн гэж тайлбарладаг. Д ХХК-ийн ашиглаж байсан газар нь анх 2004 онд С******* ХХК-нд олгогдсон. С******* ХХК нь газар ашиглах эрх үүссэн цагаас хойш газрын төлбөрийг бүрэн төлж, зориулалтын дагуу ашиглаж байсан. Аялал жуулчлалын зориулалтаар их хэмжээний бүтээн байгуулалт хийх болж, хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан Д ХХК-нд газар ашиглах эрхийг шилжүүлсэн. Үүнийг БОАЖС- хүлээн зөвшөөрч тушаалаа гаргасан.

2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М******* ХХК-д газар олгохоос өмнө тус компани газар дээр үйл ажиллагаа явуулах, ашиглах эрх байхгүй байсан. Үүнээс хэдэн жилийн өмнө гаргасан актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчаас Д******* ХХК нь газрын төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж, газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тайлбарлаж байна. Газрын тухай хууль гарснаас хойш газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахад маргаан их гарч байсан. Газрыг ашиглах асуудал нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарна. Аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай том хэмжээний төслийн хувьд их ажиллагаа, олон төрлийн зөвшөөрлүүдийг шаарддаг. Энэ нь айл газар аваад хашаа хатгахаас өөр асуудал бөгөөд энэ хугацаанд зохих үйл ажиллагаануудыг хийж байсан нь баримтаар нотлогдож байгаа.

Газрын солбицлыг өөрчилсөн нь тухайн үед захиргааны байгууллагын өөрсдөө зохицуулалт хийсэн асуудал юм. Энэ нь хууль бусаар газар авсан М******* ХХК-д хамааралгүй. Хувийн хэрэг, гэрээ байцуулаагүйтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч байгууллагыг захиргааны зүгээс буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны байгууллагад очиход хүлээн авахгүй, бүртгэхгүй байх асуудал их байдаг. С******* ХХК, Д ХХК-иуд нь нэг эзэнтэй бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлаас хамаарч газрыг шилжүүлэх асуудал гарсан.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнээгүй. Тухайн үед Д ХХК нь хөрөнгө оруулалт хийсэн, газрын төлбөрийг төлсөн. Гэтэл газар ашиглах эрхийг цуцалж өөр этгээдэд олгож байгаа нь харагдаж байна. Иймд хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Гэрээ нь нэг талын санаачлагаар хийгддэг зүйл биш, захиргааны байгууллага санаачлаг гаргах ёстой. Гэрээний үүргийг биелүүлж байсан учраас гэрээ хүчинтэй хэвээр үргэлжилж байсан гэж үзсэн.

Д ХХК-ийн газар ашиглах эрхийг хоёр үндэслэлээр хүчингүй болгосон. Гэтэл газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл байгаагүй. М******* ХХК-д газар олгосон процесс маш хурдан явагдсан. Тус компани хүсэлт гаргаад 7 хоногийн дараа газар ашиглах эрх олгосон тушаал гарч, 2 өдрийн дараа гэрчилгээ олгогдон, 25 хоногийн дараа гэрээ байгуулагдсан. Энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн. М******* ХХК-ийн эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас гэсэн баримт хэрэг авагдсан. Уг баримтыг Д ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахаас өмнө үйлдсэн. Д ХХК-ийн газар ашиглах эрхийг ямар нэгэн байдлаар цуцлах төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явагдсан байна. М******* ХХК сайдын тушаалд заасан Арцадын аманд газар ашиглах хэрэгтэй. Б******* уулын өөр аманд газар ашиглах эрх үүсгүүлчихээд манай газрыг булаацалдаад байх шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.  

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д ХХК-ийн нэр дээр газрын төлбөр төлсөн баримтууд байгаа боловч газрын төлбөрийг төлөх гэрээг байгуулаагүй. Тус компанийн төлөөлөн захирал нь гарын үсэг зурсан баримт байхгүй. 2004 онд С******* ХХК-д газар ашиглах эрхийг олгосон. 2011 онд С******* ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гээд дахин гэрчилгээ гаргуулсан байдаг. Энэ шинээр гаргуулсан гэрчилгээн дээрх газрын солбицол өөрчлөгдсөн. Иймд уг гэрчилгээг хууль бус гэж үзэж байгаа.

Газар ашиглах түр журамд заасны дагуу газар ашиглах эрхийг олгох процессыг явуулдаг. Энэ журамд зааснаар шинэ төсөл эхлүүлэх шаардлагатай бол байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр хийхээр заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.5-д уг асуудлыг зааж өгсөн. Д ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг анхнаасаа хийлгээгүй бөгөөд хуулийн шаардлага хангахгүй байгаа.

Захиргааны байгууллага хаягийг тодруулж, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн байгууллага өөрөө хаягаа захиргааны байгууллагад баримтаар өгөх ёстой. Хэрэв хаяг өөрчлөгдсөн бол мөн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлагаа аж ахуй нэгж өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Төрийн байгууллага олон, мянган аж ахуйн нэгжийн хаягийг тодруулаад явах боломжгүй.

Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулахаар хандсан боловч биднээс бичиг, баримт нэхээд гэрээ байгуулж чадаагүй гэж хэлсэн. Бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулах боломжгүй. Гэвч гэрээ байгуулахаар хандсан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой ямар ч баримт байдаггүй. Нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллагад хандаж байсан гэсэн баримтыг гаргаж өгсөн боловч энэ нь тухайн байгууллагуудад бүртгэгдээгүй. Иймд ажлууд хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг нь нотлох баримт байхгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...С******* ХХК, Д ХХК-иуд нь бие даасан субъектүүд юм. С******* ХХК нь 2004 онд газар ашиглах эрх аваад 2006 онд газар ашиглах эрх нь хүчингүй болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Д ХХК нь энэ үндэслэлээр газар ашиглах эрх авсан уу. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 5 жилийн өмнөх асуудал гуравдагч этгээдэд хамаагүй гэж дурдлаа. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хамааралтай гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалыг үндэслэн гаргасан. С******* ХХК, Д ХХК-иудын эзэн нь нэг учраас адилхан гэх утгаар ойлгож болохгүй. Б******* уулийн тус амыг Э*******ы болон Арцадын ам гэж нэрлэгдсэн байна гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримт зэргийг судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн дараах хуульзүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

1.БОНХАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий газарт анх Содтрейд ХХК нь 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт[1] гаргасны дагуу Б******* уулсын дархан цаазат газар, Э*******ы аманд 2 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгохоор 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай №112 дугаар гэрээ[2] байгуулж, 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №1/63 дугаар гэрчилгээг[3] олгожээ.

БОАЖЯны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №10/2819 тоот албан бичгээр 2005 оноос өмнө тусгай хамгаалалттай газарт аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохдоо асуудал эрхэлсэн сайдын тушаалыг гаргадаггүй байсан талаар дурджээ.

Улмаар Содтрейд ХХК-аас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн нэр шилжүүлэх тухай №19/12 тоот албан бичгээр[4] хүсэлт гаргасны дагуу БОАЖС-ын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/265 дугаар тушаалаар[5] Д ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар, мөн аманд 5 жилийн хугацаатай, 2 га газрыг ашиглах эрх олгожээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах тухай А/236 дугаар тушаалаар[6] нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлсөн, газар ашиглах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандсан гэж, хариуцагчаас газар ашиглах гэрээ байгуулаагүй тул төлбөр төлсөн гэх үндэслэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй гэж, гуравдагч этгээдээс Содтрейд ХХК, Д ХХК-ийн үүсгэн байгуулагч нэг бөгөөд маргаан бүхий газрыг бодит байдал дээр 2004 оноос хойш ашиглаагүй, газрын солбицлыг дур мэдэн өөрчилсөн гэж тус тус маргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг дурьдсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд мөн хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй гэжээ.

Нэхэмжлэгч нь Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн газрын албатай газар ашиглах талаар гурвалсан гэрээг байгуулаагүй хэдий ч газрын төлбөрийг төлж байсан болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын газрын төлбөр төлсөн талаарх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 01/574 тоот албан бичиг[7], тус дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн № 13/1764 тоот албан бичиг[8], Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкны депоцит хуулга зэргээр нотлогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс - 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн № 07 дугаар албан бичгээр[9] зочид буудал барих тул барилгыг зураг төслийн хамт баталж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан ба тус газрын Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 08 дугаар хуралдаанаар[10] дэмжсэн шийдвэр,

-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн № 6/4854 тоот 5 одтой зочид буудал барьж байгуулах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн талаар албан бичиг[11],

-2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 2013/Т-097 дугаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт[12],

-2013 онд боловсруулсан Д ХХК-ийн Аялал жуучлалын цогцолборын эскиз зураг,

-2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №06 дугаар албан бичгээр[13] ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № 11/501 тоот албан бичгээр[14] материал дутуу үндэслэлээр буцаасан,

-Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БОАЖЯанд хийсэн баримт бичгийн үзлэгээр[15] нэхэмжлэгчээс тус яаманд 2013 оны 09 дүгээр сарын 02, 2013 оны 11 дүгээр сарын 08, 2015 оны 08 дугаар сарын 02, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус хүсэлт гаргаж байсан ба уг хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй хэдий ч 5 одтой зочид буудал барьж байгуулах төсөл хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан нь тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Иймд БОНХАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.БОНХАЖС-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын М******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд М******* ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №28 тоот албан бичгээр[16] БОНХАЖС-ад газар эзэмших хүсэлт гаргасан ба тус сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар[17] Б******* уулын дархан цаазат газар, Арцатын аманд 4 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/233 дугаар гэрчилгээ[18] олгож, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ[19] байгуулжээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын байршил нэршлийн хувьд /Э*******ы ам, Арцатын ам/ өөр боловч маргаан бүхий газрууд нь хоорондоо давхцалтай болох нь БОАЖЯны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 06б/210 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг[20], шинжээчийн дүгнэлт[21] зэргээр нотлогдож байна.

Шүүхээс БОНХАЖС-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул маргаан бүхий газарт гуравдагч этгээдээс түрүүлж газар эзэмших эрх үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.

Харин нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа БОНХАЖС-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын М******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүй байна.

Учир нь БОАЖС-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар гуравдагч этгээд М******* ХХК-нд 4 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг тушаалыг мөн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалаарнэхэмжлэгчид олгосон 2 га газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Маргаан бүхий газарт анх Содтрейд ХХК нь 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай № 112 дугаар гэрээ байгуулж, 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №1/63 дугаар гэрчилгээг олгожээ.

Улмаар Содтрейд ХХК-аас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн нэр шилжүүлэх тухай №19/12 тоот албан бичгээр хүсэлт гаргасны дагуу БОАЖС-ын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/265 дугаар тушаалаар Д ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг ашиглах эрх олгожээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын үндэслэлээ Содтрейд ХХК-нд олгосон гэрээ, гэрчилгээний солбицол, Д ХХК-ны 2012/58 дугаартай гэрчилгээний солбицлууд өөр, Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын дарга дур мэдэн солбицлыг өөрчилсөн гэж тодорхойлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг дурьдсан бөгөөд БОАЖС-ын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/265 дугаар тушаал дээрх үндэслэлд хамаарахгүй байна.

Учир нь Содтрейд ХХК-аас Д ХХК-нд газар шилжих үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн бөгөөд газрын солбицол өөрчлөгдсөн асуудалд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа газар ашиглагчийн хүсэлтийг үндэслэсэн байх бөгөөд төрийн өөр эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх учиргүй.

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № А/265 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, БОНХАЖС-ын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын М******* ХХК-нд холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын Д ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН

                     ШҮҮГЧ                              А.САРАНГЭРЭЛ