Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0530

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч С.А

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 506 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 120/2022/0323/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б- нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалын 3 дахь заалт болох Н.Б-т холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах /код 122/ журам”-ын 112.7.9-д “албаны шалгалт явуулахаар томилогдсон алба хаагч нь албаны шалгалт явуулах төлөвлөгөө боловсруулж, тухайн газар хэлтсийн даргаар батлуулах", 112.7.12-т “Шалгагч нь албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтооход анхаарч, шалгалтын ажиллагааг чанартай явуулна. Албаны шалгалтаар 112.8.8-д заасан нөхцөл байдлыг дутуу тогтоосон нь тухайн шалгагчид хариуцлага тооцох үндэслэл болно” гэж тус тус заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч албаны шалгалтын дутуу явуулсан гэдгийг зөв тогтоосон атлаа шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг албаны шалгалтыг дутуу явуулаагүй гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн цагдаагийн албан хаагч нарын үйлдэлд явуулж байгаа албаны шалгалт тусдаа харилцаа, нийслэлийн Засаг даргын зөвлөх гэх иргэний гаргасан үйлдэлд хийж байгаа гэмт хэргийн журмаар шалгагдаж буй асуудлыг тус тусад нь ялгалгүйгээр нэг гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

3.3. Цагдаагийн байгууллагын зүгээс зөвхөн 1 минут 36 секундийн бичлэгийг нэхэмжлэгч алдсан гэсэн шалтгаанаар сахилгын шийтгэл оногдуулсан гэж шүүх дүгнэсэн нь хэрэг авагдсан баримт төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар үгүйсгэгдэх ба зөвхөн албаны шалгалтыг код журамд заасны дагуу түргэн шуурхай, чанартай явуулсан бол тэр бичлэг олон нийтэд тараагдахгүй байх боломжтой байсан гэж тайлбарлаж маргасныг шүүхээс бодит байдлаас өөрөөр дүгнэжээ.

3.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.11 дэх хэсэгт шүүх хуралдаан дээр тайлбарыг оройн цагаар авсан, өөрийн чинь цол, албан тушаалтай нь яриагүй нь их юм гэж тайлбарласан гэж дүгнэсэн байгаа нь хэрэгт байгаа ямар ч баримтаар нотлогдохгүй байхад шууд бодит байдалд нотлогдсон мэт дүгнэсэн байгаа нь албаны шалгалт явуулан албан хаагчийг нотлох баримтгүй гүтгэж байгаа асуудал бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг хэрэгжүүлж энэ талаар нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

3.5. Шийдвэрийн 3.16 дахь хэсэгт албаны шалгалтын гол оролцогч болох Ц.Цэрэнпунцаг нь цагдаагийн байгууллагад очиж гомдлоосоо татгалзсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд албаны шалгалт явуулах үүрэгтэй байсан Н.Б энэ тайлбарыг авсан байх ёстой атал энэ чиг үүргээ биелүүлээгүй нь “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах /код 122/ журам”-ын 112.7.1 дэх хэсэгт заасан “Албаны шалгалтыг цагдаагийн төв байгууллагын хэмжээнд хяналт шалгалт, дотоод аудит болон аюулгүй байдал хариуцсан нэгж, харьяа албадын хяналт шалгалт хариуцсан нэгжийн алба хаагч, бусад байгууллагад удирдлагаас даалгасан эрх бүхий албан тушаалтан /хэсэг, тасаг, бүлэг, хэлтсийн дарга буюу түүнээс дээш/ явуулна” гэснийг зөрчсөн буюу гомдолгүй гэж тайлбар авсан хүн нь өөрөө албаны шалгалт явуулах эхгүй албан хаагч байсныг шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

3.6. Дээрх нөхцөл байдал нь “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах /код 122/ журам”-ын 112.7.9-д “албаны шалгалт явуулахаар томилогдсон алба хаагч нь албаны шалгалт явуулах төлөвлөгөө боловсруулж, тухайн газар хэлтсийн даргаар батлуулах”, 112.7.12-т “Шалгагч нь албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтооход анхаарч, шалгалтын ажиллагааг чанартай явуулна. Албаны шалгалтаар 112.8.8-д заасан нөхцөл байдлыг дутуу тогтоосон нь тухайн шалгагчид хариуцлага тооцох үндэслэл болно” гэж тус тус заасныг зөрчсөн байхад байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

3.7. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалд Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.7 дахь заалтыг дурдсан байхад анхан шатны шүүхээс ганцхан 12.5 дахь заалтын талаар дурдан хэлэлцсэн нь маргаан бүхий актыг бүхэлд нь хянан хэлэлцэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                      

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Н.Б-өөс “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

2.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалын 3 дахь заалтаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б нь албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтооход анхаарч, шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код112/-ын 112.8.8 дахь заалтад заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15, 13 дугаар зүйлийн 13.11, 13.17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /гурав/ сар 20/ хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.3. Анхан шатны шүүх “2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10-ны өдрийн хоорондох 5 хоногийн 2 өдөр нь амралтын өдөр байсан тул иргэн Ц.Цэрэнпунцагаас тайлбар, мэдүүлэг авах, дуудан ирүүлэх боломжгүй, тэрээр дуудсан өдөр хөдөө явсан байгаад 2 хоногийн дараа очихоор, очихоор тохирсон өдөр нь Н.Б- сургалттай байсан зэрэг нөхцөл байдал болоод Н.Б- 10 дугаар сарын 11-ний өдөр холбогдох этгээдүүдээс тайлбар авсан байгаа зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Б-ийг шалгалтыг зохих ёсоор хийгээгүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.4. Хэргийн үйл баримтыг дурдвал 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 цаг 36 минутад ““Гэгээнтэн цогцолбор” дээр хоёр хүн согтуу байна, цагдаа дууд гээд байна" гэсэн дуудлагатай холбоотой дуудлагаар очсон Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа З.Т, Г.Б нар иргэн Ц.Ц болон түүнтэй хамт явсан н.Б нарын цагдаагийн алба хаагч журам сахиулах үед эсэргүүцсэн үйлдлийг таблетаар бичлэг хийж хадгалсан, Ц.Цэрэнпунцаг болон Батмөнх нарыг Эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирсан боловч явуулсан, Ц.Цэрэнпунцаг нь Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас гарахдаа Цагдаагийн ерөнхий газрын 126 дугаарын утсанд гомдол гаргасан, түүнээс хойш таблет дээр хийсэн бичлэгийг нэхэмжлэгч Н.Б болон Цагдаагийн дэд ахлагч Г.Б нар хуулж авсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.  

2.5. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Т-өөс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.П-эд “иргэн Ц.Ц-аас 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарын утсанд танай хэлтсийн алба хаагчдад холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийг хүргүүлж, удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн дагуу холбогдох шалгалтыг шуурхай явуулж, дүнг 2021 оны 10 дугаар арын 14-ний өдрийн дотор ирүүлэхийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 26е/3672 дугаар албан бичгээр мэдэгджээ.

2.6. Улмаар энэхүү гомдол мэдээллийг шуурхай явуулж, дүнг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр танилцуулахыг нэхэмжлэгч Н.Б-т мөн өдөр цохон хүргүүлжээ.

2.7. Ийнхүү гомдол мэдээллийг шалгах ажиллагаа явуулах чиглэл өгсний дараа  буюу 2021 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь иргэн Ц.Ц-тай холбогдож, цагдаагийн хэлтэст хүрэлцэн ирж хэн гэх албан хаагчид ямар үндэслэлээр гомдол гаргасан талаар тодруулах ажиллагааг хийх гэсэн боловч Ц.Цэрэнпунцаг хөдөө байгаа гэсэн шалтгаанаар очих боломжгүй, 10 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн хэлтэст очихоор болсон, 10 дугаар сарын 11-ний өдөр Н.Б- нь сургалттай байсан тул ахлах байцаагчаар мэдүүлэг авахуулсан, мөн Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Г.Б, Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа З.Т, Б нараас тайлбар авсан, гэвч албаны таблет дээр хийгдсэн бичлэг 10 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд цахим сүлжээнд тавигдсан, уг мэдээлэлтэй холбоотой 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орой Ц.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэс шалгахаар болж шалгалтын материалыг шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2.8. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах” код 112-ын 112.7.12-т “шалгагч албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтооход анхаарч шалгалтын ажиллагааг бүх талаас нь бүрэн дүүрэн чанартай явуулна, албаны шалгалтаар 112.8.8-д заасан нөхцөл байдлыг дутуу тогтоосон нь тухайн шалгагчид хариуцлага тооцох үндэслэл болно”, 112.8.8-д “Албаны шалгалт явуулах үед дараах нөхцөл байдлыг тогтооно”, а/ сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан байдал, сахилга, ёс зүй зөрчсөн үйлдэл нь хууль тогтоомж болон эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн аль бүлэг, заалт, хэсгийг зөрчсөн эсэх, б/ сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан байдалд тухайн албан хаагч, ажилтны оролцоо, в/ сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, г/ сахилга, ёс зүйн зөрчил болон ажлын хариуцлага алдсанаас үүссэн хор уршиг, д/ сахилга, ёс зүй зөрчигдсөн тухай нотломж бүхий материал болон түүний талаар иргэд, алба хаагчдаас тайлбар гаргасан, е/ бусад нөхцөл байдал, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15-д “Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн бол сануулах, уг үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан, албаны үйл ажиллагаа удааширч саатсан, албаны нэр хүндэд ноцтой хохирол учирсан бол албан тушаалтны сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл  хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна”, 13.17-д “Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол сануулах, эсхүл албан тушаалтны сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, биелүүлээгүй бол цагдаагийн цол бууруулах, эсхүл албан тушаал бууруулах шийтгэл ногдуулна”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:”, 81.4.2-т “албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

2.9. Нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Цэрэнпунцагийн гомдлыг шалгах чиглэл авсан, ийнхүү дээд шатны албан тушаалтнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Г.Б, Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа З.Т, Н.Б нараас тайлбар авснаас өөрөөр шалгалтын ажиллагаа явуулаагүй байна.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь албаны шалгалтаар нөхцөл байдлыг дутуу тогтоосон, дуудлагаар очих үед бичлэг хийсэн таблетэд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөөгүй, дүрс бичлэгийг хуулбарласан боловч хураан авч мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, албаны нэр хүндэд хохирол учруулсан байх тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаал нь нэхэмжлэгч ийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2.11. Хэдийгээр нэхэмжлэгч нь “тухайн бичлэг хийгдсэн байсныг би мэдээгүй” гэж тайлбарлах боловч иргэн Ц.Ц-ийн гомдлыг шалгуулахаар түүнд дээд шатны албан тушаалтнаас чиглэл өгсөн, уг чиглэлийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 цаг 36 минутаас хойш ямар үйл явдал болсон талаар тодруулах ажиллагааг дээрх хууль болон журмын дагуу бүрэн хийх үүрэгтэй бөгөөд “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шалгалтын үр дүнг танилцуулах ёстой байсан, хугацаа болоогүй байсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаа дутуу гүйцэтгэсэн нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй байна.

2.12. Тодруулбал, нэхэмжлэгч нь иргэн Ц.Ц-ийн гомдлын дагуу шалгалт явуулж тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтооход анхаарч шалгалтын ажиллагааг бүх талаас нь бүрэн дүүрэн чанартай явуулаагүй, энэ нь цаашлаад цагдаагийн албаны нэр хүндэд хохирол учруулсан бөгөөд “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах” код 112-ын 112.7.9-д “өргөдөл, гомдол мэдээллийг бүртгэн авч, даргын бичгээр өгсөн үүргийн дагуу гомдол, мэдээллийг хүлээн авсан алба хаагч нь албаны шалгалт явуулах төлөвлөгөө боловсруулж, тухайн газар хэлтсийн даргаар батлуулна” гэж заасны дагуу гомдол, мэдээлэл хүлээн авсан даруй төлөвлөгөө батлуулаагүй нь нэхэмжлэгчийн “код журамд зааснаар хэд хоногийн дотор төлөвлөгөө боловсруулах талаар заагаагүй ... би гомдол мэдээллийг шалгаад, цагдаагийн алба хаагчтай холбоотой арга хэмжээ авах, алба хаагчтай холбоотой албаны шалгалт явуулах материал мөн эсэх дээр Ц.Ц, н.Б нарын гаргасан уг асуудал нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл мөн эсэхийг шалгаж тогтоосны дараа албаны шалгалт явуулах, төлөвлөгөө боловсруулах, дугаар авах эсэхээ 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор шийдвэрлэх ёстой” гэх тайлбараар тогтоогдож байна.

2.13. Нөгөөтэйгүүр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар сонсгож мэдэгдсэн, уг сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар өөрийн биеэр ирж танилцаж, санал хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “ийнхүү Н.Б- гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч сахилгын шийтгэл ногдуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байгаа боловч тэрээр шүүх хуралдаан дээр “энэ тайлбарыг оройн цагаар авсан ... хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийн чинь цол, албан тушаалтай ярина, цалингаа хасуулж байгаадаа баярла” гэж хэлээд сонсох ажиллагааг танилцуулж, гарын үсэг зуруулсан, би хүлээн зөвшөөрөхгүй” гэснийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

2.14. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;”, 27.3.2-т ”захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;”, 27.3.3-т “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”, 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:”, 27.4.3-т “биечлэн уулзах;” гэж зааснаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б- нь албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтооход анхаарч, шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй, албаны шалгалтаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 112-ын 112.8.8-д заасан нөхцөл байдлыг дутуу тогтоож, хариуцлага алдсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15, 13.11, 13.17 дахь  хэсгийг зөрчсөн байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж буйг урьдчилан сонсгож, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулж биечлэн ирсэн Н.Б- уг баримтад 12 цаг 50 минутад гарын үсэг зурсан болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй.

2.15. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-өөс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            

 

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ