Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1179

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 00946 0783 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн С.Н, Монгол Улсын иргэн, 1984 оны 11 сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан ** тоотод оршин суух түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 cap 08 хоногийн ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын ** тоотод оршин суух М.Б-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “авто машины дугуй 9 ширхэг, хайлшин обудь 5 ширхэг, шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, шахмал модон сандал 6 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шар эрээн өнгийн ширээ 1 ширхэг аяга тавгийн ком 1 ширхэг (нийтийн хоолны зориулалтай), Эрдэнэт хивс 1 ширхэг“ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,675,000 (гурван сая зургаан зуун далан таван мянган) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б овгийн С.Н нь 2017 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын ** тоотод орших М.Б-гийн эзэмшлийн хашаа байшинг харж, хамгаалах үүрэг хүлээсэн байх үедээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох авто машины дугуй 9 ширхэг, хайлшин обудь 5 ширхэг, шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, шахмал модон сандал 6 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шар эрээн өнгийн ширээ 1 ширхэг аяга тавгийн иж бүрдэл 1 ширхэг (нийтийн хоолны зориулалтай), Эрдэнэт хивс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 3,675,000 (гурван сая зургаан зуун далан таван мянган) төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Н-н шүүх хуралдаанд өгсөн: “...2015 оны 3 дугаар сард хашаандаа айл буулгана гэсэн зарын дагуу Б-тай уулзсан. Би хашаа, байшинг нь харж байхаар тохирч аман гэрээний дагуу уг хашаанд буусан, би өөрөө тог, хогны мөнгөө төлж байхаар тохирсон. 2017 он хүртэл уг хашааг харсан. Б нөхрийн хамт гараашныхаа түлхүүрийг надад үлдээж гагнуур хийлгэж байсан тохиолдол ч байгаа. Би уг гарааш, байшин руу эд зүйлсийг зөөж оруулах, засвар хийх зэрэг ажил хийж байсан. Би өөрийн итгэмжлэн хариуцаж байсан эд зүйлээ согтуугаар авсан нь үнэн....” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2010 онд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын ** тоот хашааг худалдаж авсан. Уг хашаанд нэг байшин, нэг гарааш байдаг ба би түүнд эд зүйлээ хадгалдаг. Манайх хашаа байшиндаа амьдардаггүй болохоор 2015 оноос хойш Н гэх залуу хардаг болсон. Манай хашаанд гэрээ бариад амьдардаг байсан. Би ойр ойрхон ирээд эд зүйл, новшоо байшин савандаа хийгээд явдаг. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед намайг очиход байшин зүгээр байсан. 2017 оны 08 дугаар сарын 14-нд очиход байшингийн үүдний цоож гацаад онгойхгүй, байшингийн цонх нь онгорхой байсан бөгөөд байшинд байсан нэг бүр нь 200,000 төгрөгийн үнэтэй 235x70x17 хэмжээтэй өвлийн 4 ширхэг, зуны 5 ширхэг, нийт 9 ширхэг дугуй, нэг бүр 200,000 төгрөгийн үнэтэй 17 хэмжээтэй хайлшин обуд 5 ширхэг, 2015 онд 750,000 төгрөгөөр худалдан авч байсан нийтийн хоолны зориулалтай шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, түшлэгтэй төмөр хөлтэй шахмал модон сандал 6 ширхэг (нэг сандал нь 50,000 төгрөгийн үнэтэй), мөн 200,000 төгрөгийн үнэтэй төмөр хөлтэй, шахмал тавцантай, бор, шар эрээн өнгийн ширээ 1 ширхэг, цагаан өнгийн хөргөгч 1 ширхэг, нийтийн хоолны аяга тавгийн ком аяга таваг, ширмэн таваг 1 ширхэг гэх мэт зүйл алдагдсан байсан. Би угаалгыг машиныг 2016 онд худалдан авсан 150,000 төгрөгөөр үнэлнэ, харин аяга тавгийн комоо 100,000 төгрөгөөр үнэлнэ. Дээрх эд зүйлсийг бүгдийг 1 жил орчим хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас);

3. Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү С.Н нь эхнэрээ нас барснаас хойш архинд орж гадуур тэнэдэг болсон. 2019 онд хэрэгт холбогдож энэ оны 02 дугаар сард суллагдсан. 2 жилийн өмнөөс Э гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Н-г 2017 онд хуучин амьдарч байсан хашааны байшингаас хулгай хийсэн гэдгийг Б гэх эмэгтэйгээс мэдсэн. Мөн Н надад өөрөө байшингаас хулгай хийгээд, эд зүйлийг зарчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

4. “Мастер үнэлгээ ХХК”-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай: “авто машины дугуй 9 ширхэг, хайлшин обудь 5 ширхэг, шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, шахмал модон сандал 6 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шар эрээн өнгийн ширээ 1 ширхэг, аяга тавгийн иж бүрдэл 1 ширхэг, Эрдэнэт хивс 1 ширхэг зэрэг нийт 3,675,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 54-55 дугаар хуудас);

5. Шүүгдэгч С.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын  хуулбар (хх-ийн 92-98 дугаар хуудас),

6. Шүүгдэгч С.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний эхэлж эд зүйлс зөөсөн машин цагаан өнгийн амьжиргаа цагаан машин байсан. Харин дараагийн машин нь цагаан өнгийн “Verna” загварын авто машин байсан. Тухайн үед согтуу байсан болохоор улсын дугаарыг нь харж чадаагүй. Намайг эд зүйлс хулгайлж байгаа талаар жолооч нар мэдээгүй, гэрээсээ өөрийнхөө зүйлсийг авч байна гээд худлаа хэлчихсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 145-147 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, С.Н-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. 2015 оны 8 дугаар сард зарын дагуу хохирогч Б-тай холбогдож хашаанд нь буусан. Б хөлс өгөхгүйгээр тухайн хашаа, байшинг харж хандах үүрэгтэйгээр байсан. Энэ хугацаанд Б-гийн үүрэг өгснөөр гагнуур, засвар хүртэл хийж, үүндээ тохирсон хөлс авдаг байсан. 2017 оны 9 дүгээр сарыг хүртэл амьдарч байхдаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч өөрийн үзэмжээр захиран зарцуулсан байна. Итгэмжлэн хариуцуулсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн этгээдийг ойлгоно гэж заасан. Хулгайлах гэмт хэргийн хувьд эд хөрөнгө нь өмчлөгчийн мэдэлд нь байдгаараа ялгаатай. Иймд шүүгдэгч С.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү. Шүүгдэгч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэв.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч С.Б нь хашаа байшингаа харуулахаар шүүгдэгч С.Н-тэй харилцан тохиролцсон боловч түүнд эд хөрөнгөө захиран зарцуулах эрх олгоогүй тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б “...2010 онд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын 1-15 тоот хашааг худалдаж авсан. Уг хашаанд нэг байшин, нэг гарааш байдаг ба би түүнд эд зүйлээ хадгалдаг. Манайх хашаа байшиндаа амьдардаггүй байсан болохоор хашаа байшингаа хүнээр харуулах гээд 2015 онд зар тавихад Н гэх залуу ирж уулзаад манай хашаа байшинг хардаг болсон юм...” гэж мэдүүлснээс үзвэл хохирогч С.Б нь өөрийн эд хөрөнгийг шүүгдэгч С.Н-д харж хамгаалуулахаар итгэмжлэн хариуцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...хохирогч С.Б нь хашаа байшингаа харуулахаар шүүгдэгч С.Н-тэй харилцан тохиролцсон боловч эд хөрөнгөө захиран зарцуулах эрх олгоогүй тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ...” хэмээн мэтгэлцсэн бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн хувьд мөн л гэмт этгээдэд захиран зарцуулах эрх олгогдоогүй байдаг болно. Хэрэв захиран зарцуулах эрхтэй байсан хулгайлах болон хөрөнгө завших гэмт хэргийн аль алиных нь шинжийг хангахгүй.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Н-н үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас халдлагын зүйлс болох эд зүйлсийг нийт 3,675,000.00 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 3,675,000.00 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчиллөө.

Шүүгдэгч С.Н-н үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Н-г хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн авсан, цаашид гомдол, саналгүй талаар баримт авагдсан (хх-ийн 154 дүгээр хуудас) байх тул шүүгдэгч С.Н-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах санал гаргаж байна. Учир нь шүүгдэгч урьд ял шийтгэлтэй, мөн шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь шүүхийн шатанд цагдан хоригдсон байгаа...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр 320 цагаас хэтрүүлэхгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Хорих ял оногдуулснаар засарна, ухамсарлана гэж үзэхгүй байна. Хувийн байдлын хувьд нэг хүүхэд нь саажилттай гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Н нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 (хоёр) cap 08 (найм) хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд энэ тогтоолоор гэм буруутайд, хорих ял оногдуулсан гэмт хэрэг нь түүний хугацааны өмнө тэнсэн суллагдсан үеэс өмнө буюу 2017 оны 08 дугаар сард үйлдэгдсэн байх тул эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 20 (хорь) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Б овгийн С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-н цагдан хоригдсон нийт 20 (хорь) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Н-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА