| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04932/И |
| Дугаар | 102/ШШ2016/05829 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/05829
| 2016 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/05829
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, 16 өөрийн байранд байрлах Улаанбаатар хотын банк ХХК /РД: 2637545/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 32 дугаар байр, 101 тоот хаягт оршин суух, Баг овогт Бямбажавын Элбэгжаргал /РД:ИЮ58122813/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 161.206.074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Элбэгжаргал нь Улаанбаатар хотын банктай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №ЗБГ9201/131107 тоо зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 200.000.000 төгрөгийн зээлийг авсан. Б.Элбэгжаргал нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32 дугаар байр, 101 тоот хаягт байрлах, 40 м.кв байрыг барьцаалсан. Үндсэн зээлийн төлбөр 136.689.289 төгрөг, хүү 20.550.843 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.965.943 төгрөг, нийт 161.206.074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Зээлийн гэрээний үлдэгдэл 96.206.074 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Б.Элбэгжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150.040.515 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11.165.559 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 65.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 96.206.074 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.101.752 төгрөгөөс 963.980 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 137.772 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Элбэгжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 963.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Элбэгжаргалд холбогдох 161.206.074 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 65.000.000 төгрөгийг төлж, үлдэх 96.206.074 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.101.752 төгрөгийн 963.980 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 137.772 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Б.Элбэгжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 963.980 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ