Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/352

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга:Д.Чимидцэрэн ,

Шүүгдэгч: Д.Г , түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  2014002150349 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч,  Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, овогт Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Г  нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Цоржийн амны шар хад гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр 18-18 БНА улсын дугаартай 3ил-130 маркийн автомашин, 55 маркийн жижиг оврын трактор зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 325.947 /гурван зуун хорин таван мянга есөн зуун дөчин долоон/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ...Манай эхнэрийн цалингийн зээл төлөх хугацаа дөхөөд байхаар нь би *******ын унагалдай тракторыг нь гуйж аваад *******ын өөрийнх нь 1818 дугаартай Зил 130 маркийн машинд ачаад хуурай аргын төхөөрөмжийг нь чирээд Бууцагаан сумын Цоржийн амны шар хад гэх газарт очсон. Тухайн үед би эхлээд ганцаараа очсон. Очсон оройдоо шороо угааж алт ялгаж авсан. Би тэр алтыг нь Эрдэнэбаатар гэдэг хүнд зараад мөнгөөр нь өрөө төлчихсөн. Тэр алт нь грамм хэмжээг нь би мэдээгүй 120.000 төгрөг болж байсан. Би тэр үед *******аас унагалдай экскаватор трактор, Зил 130 маркийн машин, хуурай аргын угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг нь түрээсэлж авч явсан юм. Өдрийн 30.000 төгрөг өгөхөөр түрээсэлж авч явсан юм. Яг хаана очиж ямар үйл ажиллагаа явуулах талаар бол хэлээгүй ээ. Би тэр газарт 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн орой 23:00 цаг өнгөрч байхад очоод шөнө жаахан ажиллаад тэгээд маргааш өглөө нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өглөө баригдсан. үт огт ...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123, 124/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г  мэдүүлэхдээ:Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэв.

 

3. Хохирогч, Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ...Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тамгын даргаас өгсөн уургийн дагуу Бууцагаан сумын Наран 5-р багийн нутаг Цоржийн амны шар хад гэх газар хяналт шалгалт хийхэд хууль бусаар бага оврын трактор ашиглан бичиг баримтгүй газрын хэвлий буюу хөрс хөндөж олборлолт явуулж байсан. Тухайн газар нь эрүүл байсан, эрүүл жалгыг дээрээс нь доош хүртэл ухсан байсан. Намайг шалгалт хийж очиход тээврийн хэрэгсэл буюу машин 4, бага оврын трактор 2, иргэн 7 байсан бөгөөд Бөмбөгөр сумын иргэн 6, Бууцагаан сумын иргэн 1 ажиллаж байсан. Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож хойшлуулшгүй арга хэмжээ авч хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж байсан бага оврын тракторын эд анги болох компьютер 1 ширхэг, гал хамгаалагч 8 ширхэг, угаах төхөөрөмжийн эд анги жанам 2 ширхэг, баригч 4 ширхэг, цахилгаан үүсгүүр 220 квт мотор 1 ширхгийг хураан авч эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдсэн..., ...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цагдаа нартайгаа хамт сумын ажлын хэсэгт орж газар дээр нь очиж зөрчлийг илрүүлэхэд хамт байсан. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Цоржийн амны шар хад гэх газар эрүүл газар байсан өмнө нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх байх. Харин хохирол болон нэхэмжлэх зүйл гэвэл эвдэгдсэн газрын экологийн үнэлгээг тооцуулан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Манай байгууллагаас хяналт шалгалтаар явж тухайн зөрчлийг илрүүлсэн зардлыг хэрэг үйлдсэн этгээдүүдээр нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34, 52/,

            4.Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 03 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна Ганхүлэг над дээр ирээд эхнэрийн цалингийн зээл төлөх хэрэгтэй болчихлоо мөнгөний хэрэгтэй байна надаас трактороо өгчих гээд гуйгаад аваад явсан тэгээд юм олбол зүгээр байхгүй мөнгө төгрөг өгнө гэж хэлээд надаас 1818 дугаартай зил 130 маркийн машин, 55 маркийн экскаватор трактор, хуурай аргын угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг аваад явсан юм, тэгээд миний техникүүдийг авч явсныхаа маргааш нь над руу утсаар яриад Бууцагаанд баригдчихлаа түрээс өгөх худлаа боллоо шүү гэж хэлсэн юм, тэгээд үүний дараа нь Ганхүлэг нь миний техникүүдийг өөрөө Бөмбөгөр сумын төв дээр авчраад тавьчихсан байсан. Ганхүлэг надаас Зил 130 маркийн 1818 дугаартай ачааны машин, 55 маркийн экскаватор трактор, хуурай аргын угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор зэргийг авч явсан.  Тэр уед над руу Ганхүлэг нь утсаар яриад Бууцагаанд баригдчихлаа  гэж хэлсэн надад өөр зүйл хэлээгүй тэгэхээр нь би Бууцагаанд шороо ухаж байгаад баригдсан байх л гэж бодсон.. гэх мэдүүлэг / хх-ийн 135-136/,

5. Иргэний нэхэмжлэгч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Д.Г  машин авч явсны дараа буюу маргааш нь Бууцагаанд газар ухаж байгаад баригдчихлаа гэж хэлээд түрээс худлаа боллоо шүү гэж хэлээд авчирч өгсөн. Ганхүлэг надад хэлэхдээ эхнэрийн цалингийн зээл болчихлоо машиныг чинь авч яваад мөнгөний ажил хийчхээд авчраад өгье гэж хэлээд аваад явсан. 30.000 төгрөг өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

6. Гэрч Б.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тухайн хууль бусаар алт ухсан газар нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нарангийн 5-р багийн Цоржийн амны шар хадны эхний жалга гэх газар байсан. Тухайн газар нь Бууцагаан сумаас 50 км зайд оршиж байсан бөгөөд эрүүл газар байсан. Нийт 293 м2 эрүүл газрын хөрсийг хөндсөн байсан гүн нь 80 с'м байсан. Тухайн газраас 6Р5 багажаар 10 цэгт солбицол авсан. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд бэлчээрийн газар юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

            7. Шүүгдэгч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн

            ...Би 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдөр 16 цагт Бууцагаан сумын нутаг дэвсгэрт Байдрагийн гүүрний доод талд байсан юм яг ямар  газар гэдгийг мэдэхгүй байна уулын жалганд унагалдай буюу 55 маркийн трактороор 1 өдөр газар ухаж алт олборлож байгаад баригдсан. Тухайн газрыг өмнө ухаж байсан сайн гарна гэж Бууцагаан сумын иргэн танил хүн хэлэхээр нь ирж ухсан надад ямар нэг зөвшөөрөл байхгүй. Би өөрөө дур мэдэж ухсан. Намайг очиход захаар нь голын үер явсан голоор нь хуучин трактор ухсан байдалтай байсан. 300000 гаруй мянган төгрөгийн элт олсон. Намайг очиход хүн амьтан хүн байгаагүй, намайг ухаж байхыг хараагүй боль гэж хэлж байсан зүйл байгаагүй. Би 20 орчим метр газар ухсан байх гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,

            8.Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдөр 16-17 цагийн үед  Бөмбөгөр сумын 3 дугаар баг Хашаат гэх газар эзэнгүй айлын гаднаас Дагвадорж гэх хүний унагалдай буюу тракторыг аваад урагшаа эргэж нэг газар ухаж үзсэн. Нэрийг нь мэдэхгүй өмнө угааж байсан газар юм шиг байна лээ.  Тэгээд маргааш нь  сумаас нэг унаа дуудаж ачуулаад голын урд буулгаад Байдрагийн гүүрний доод тал руу  нэг газар ирээд баригдсан тэр газар ямар нэртэй газар газар гэдгийг мэдэхгүй байна. Манай таньдаг хүн болох Дагвадорж гэх  хүний эзэмшлийн трактор байгаа юм. Дагвадорж гэх хүний найз болох ******* гэх хүнтэй 2 уулаа зил 130 маркийн машинаар трактороо авчирсан номер дугаарыг нь мэдэхгүй байна. ******* гэх хүн 2 уулаа хоёр хоног яваад ирэх үү гэхээр нь зүгээр :айж байхаар гээд явсан юм. Ухсан газрынхаа нэрийг нь сайн мэдэхгүй байна.  Би Байдрагийн гүүрний доор ирээд газар ухаагүй ирээд баригдсан.  Цаана ухаж үзсэн газар хуучин ухсан газар байсан. Намайг наана ирэхэд 1  трактор баригдсан байсан гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/,

            9.Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            Би 2020 оны 03 дугаар сард би 55 маркийн экскаватор трактортой байсан.  2020 оны 03 дугаар сард *******, *******а хоёр трактороор чинь ажиллаадахъя гээд гуйгаад аваад явсан юм. Явсных нь дараа нь маргааш өглөө нь над руу ******* утсаар яриад  цагдаад баригдчихлаа Бууцагаанаас сумаас цагдаа нар ирээд юмыг чинь хураагаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр газарт нь очсон чинь тракторыг хураагаад явсан байсан. *******, *******а нар гүүрний тэнд хүнтэй ярьчихлаа 60,000 төгрөг өгөөд оруулдаг гэнэ гэж хэлээд явсан юм. Би *******, *******а нарт трактороо зүгээр гуйхаар нь л өгөөд явуулсан, түрээслээгүй ям нэгэн мөнгө төгрөг аваагүй. Би тэр трактороо 2017 онд 25. 000,000 төгрөгөөр худалдан авч байсан юм, Би трактороо 2020 оны 5 дугаар сард Говь-Алтай аймгийн Мөнхөө гэдэг хүнд 25,000 төгрөгөөр зарсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 67-68/,

            10. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Дагвадоржтой  ах, дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Харин хуурай дүү гэж явдаг юм. Одоо тухайн үеийн он, сар, өдрийн нарийн сайн хэлж мэдэхгүй байна Ямар ч гэсэн 2020 оны хавар байсан юм. Намайг Бөмбөгөр сумын төвд байх гэртээ байж байсан чинь ******* болон Дагвадорж нар ирээд унагалдайгаар доошоо буюу Бууцагаан сумын чиглэлд 2-3 хоног явж ажлаад ирье гэж хэлсэн. Яг ингэж Дагвадорж өөрөө хэлсэн юм. Түүнийг тэгж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрөөд цуг явахаар болсон юм. Тодруулбал унагалдай трактор ажиллуулж шороо угаая гэж хэлсэн. Тэгээд манайхаас гараад Дагвадоржийн гэрт ******* бид гурав цуг очсон юм. Тэнд очоод Дагвадоржийн унагалдай тракторыг аваад ******* бид хоёр түрүүлж явсан юм. Даваадорж болохоор гэртээ хоцорсон ба ******* бид хоёрт хандаж та хоёр түрүүлээд явж бай би араас чинь очно гэж хэлээд хоцорсон. Намайг Дагвадоржийн гэрт очиход тэнд Бороо гэх хүн өөрийнхөө 3ил-130 маркийн машинтайгаа ирсэн байсан ба түүнд Дагвадоржийн унагалдай тракторыг ачсан байсан. Би ойлгохдоо надтай очиж уулзахаас өмнө тэд нар хоорондоо яриад бүх юм аа тохирсоН байсан байх. Тэгээд бид нар Дагвадоржийн хашаанаас өдрийн өдрийн 12 цагийн орчимд байх Бороо өөрийнхөө машинаа унаад ******* бид хоёр кабинд нь сууж яваад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Хашаатын хөндий” гэх газарт очсон. Тус газарт очиход 14 цаг өнгөрч байсан байх цагийн сайн санахгүй байна. Тэгээд тус газарт унагалдай тракторыг буулгаад нэг газрыг ухаж үзсэн. Тэнд цаг гаруй ажилласан. Шороог угааж үзсэн чинь юм гараагүй тэгэхээр нь унагалдай тракторыг буцаж ачиж хөдлөөд Бууцагаан сумын нутагт очсон юм. Тухайн газрын нэрийн мэдэхгүй байна. Байдрагийн гүүрний доод талын голын цаад талд трактороо буулгаад алтны газарт дөнгөж очоод байж байхад шалгалтын хүмүүс ирээд тэр газарт үзлэг хийгээд алт угаах хэрэгслийн баригч, жанам, унагалдайн тракторын компьютерын гал хамгаалагч  зэргийг авч явсан. Тэгээд шалгалтаар ирсэн хүмүүсийг явчихаар Дагвадоржтой утсаар холбогдож болсон явдлын талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 03 дугаар сарын сүүл үеэр үхрээ тууж яваад Цоржийн амны шар хад гэх газарт очсон чинь трактортой хүн газар ухаж байсан, тэгэхээр нь би зүс таних Ганхүлэгтэй уулзаад Ганхүлэг ганцаараа байж байсан юм ярьж байгаад трактор нь асаалттай байхаар нь би кабинд нь ороод сууж байсан чинь шалгалтын хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд Сарантуяа гуай надтай уулзаад энд ажиллаж байгаа юм уу гэхээр нь би үгүй мал харж яваа юм гэж хэлсэн чинь Сарантуяа гуай чи энд газар ухаж байгааг мэдсэн юм бол сумын хүн байж хэлэхгүй яасан юм бэ гэхээр нь би мэдээгүй ээ сая л ирсэн чинь ухаж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-140/,

 

12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Би яг өдрийг нь санахгүй байна, одоо бодоход 2020 оны 03 дугаар сард шиг л санаж байна надад Ганхүлэг нь баримжаагаар 1 грамм орчим алт тушаасан би яг хэмжээг нь яг нарийн мэдэхгүй байна тэгээд надаас Ганхүлэг нь алтаа тушаагаад 120.000 орчим мянган төгрөг л аваад явсан. Надад тэр үедээ Бууцагааны тэнд рүү очиж шороо ухсан чинь баригдчихлаа л гэж хэлсэн надад өөр зүйл хэлээгүй тэгэхээр нь би тэндээсээ олборлосон юм байна л гэж ойлгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 142/,

 

13. -ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/39 дугаартай “...Тухайн эвдэгдсэн талбай нь 750м2 буюу 0,075га хэмжээтэй бөгөөд эвдэгдсэн газраас байгаль орчинд учирсан хохирол нь 325 947 төгрөг болж байна. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын хэмжээ нь 385 246 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 72/,

 

14. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 327 дугаар шинжээчийн

1. Зил-130 1.000.000 төгрөг

2. алт 4 пүн 152.000 төгрөг,

3. 55 трактор 2.500.000 төгрөг Эзэмшлийн нийт үнэ 3.652.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / хх-ийн 102/,

15. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 437 дугаар шинжээчийн

.. 1. Хуурай аргын угаах төхөөрөмж 80.000 төгрөг

2. Цахилгаан үүсгүүр 50.000 төгрөг Эзэмшлийн нийт үнэ 130.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / хх-ийн 106/, болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол / хх-ийн 01/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 11-12/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт, тэмдэглэл / хх-ийн 15-16/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 17-18/, шалгалт хийсэн тухай илтгэх хуудас / хх-ийн 19-21/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн Цоржийн амны жалганд хууль бус ажиллагаа явуулсан зөрчил гаргагч иргэд, үйл ажиллагаандаа машин техник тоног төхөөрөмж, эвдрэлд оруулсан газрын зураг / хх-ийн 22-29/, тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 42-45/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 47/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт / хх-ийн 48/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын захирамж / хх-ийн 49/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 50/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын албан тоот / хх-ийн 111/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн прокурорын тогтоол / хх-ийн 117-118/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 126-127, 129, 131, 133/, Дипозит дансны хуулга / хх-ийн 146-148/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 151/, шүүгдэгч Д.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/, болон шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 24 хуудас нотлох баримт гаргаж өгсөн  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.                                                                                                                                                                                                                                               

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн 6-8 дугаар талд хөндлөнгийн гэрчээр Бууцагаан сумын тамгын газрын газар зохион байгуулагч Б.Сарангэрэл оролцож гарын үсэг зурсан нь тухайн хэрэгт хувийн сонирхолтой хүнийг оролцуулсан, мөн шүүгдэгч Д.Г ийн тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал эрэл хайгуул хийсэн газар урьд өмнө нь эвдэгдсэн талбай байсан талаар санал дүгнэлт гаргасан бөгөөд шүүхээс хавтаст хэргийн 6-8 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр Бууцагаан сумын тамгын газрын газар зохион байгуулагч Б.Сарангэрэл оролцож хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2-д заасныг зөрчсөн буюу тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байна гэсэн заалтыг  зөрчсөн гэж дүгнэсэн тул  уг хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

            Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч Х.*******ыг Х.Оюунболд гэж нэрийг бичиж мэдүүлэг авсан талаар өмгөөлөгч дурдсан бөгөөд шүүхээс хавтаст хэргийн 58-59 дүгээр талд авагдсан Х.*******аас мэдүүлэг авахдаа нэрийг Х.Оюунболд гэж мөрдөгч бичсэн боловч мэдүүлэг өгөгч нь өөрийн нэрийг Х.******* гэж зөв бичиж гарын үсэг зурсан, мөрдөгч ******* мэдүүлэг авсан боловч толгой хэсэгт мөрдөгч Н.Отгонбаяр гэж бичсэн бөгөөд энэ техникийн алдаа гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэлээ.

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Г  нь өмнө нь эвдэгдсэн газарт орж ажилласан тул энэ гэм буруутай үйлдэл биш гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, түүнийг хуульзүйн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм.

            Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.1.-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно.” гэж заасан бөгөөд өөр ямар ч тохиолдолд хувь хүн ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах эрхгүй бөгөөд өмнө нь эвдэгдсэн газарт ажилласан байх нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 2-д зааснаар “...байгаль орчноо хамгаалах...” нь иргэн бүрийн журамт үүрэг юм.

            Шүүгдэгч Д.Г ийг ажиллах үед уг хэргийн газарт ажиллаж байсан гэх *******, ******* нарыг шалгаж зохих хариуцлагыг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Шүүхээс шүүгдэгч Д.Г  нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Цоржийн амны шар хад гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 18-18 БНА улсын дугаартай 3ил-130 маркийн автомашин, 55 маркийн жижиг оврын трактор

 

 

зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 325.947  хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, Х.*******, гэрч Б.Сарангэрэл, *******, *******, *******,, нарын мэдүүлэг,  Нуман алтай ХХК-ийн шинжээчийн 1/39 дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 327, 437 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Г ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Г т  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүх шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг гэмт шүүгдэгч Д.Г ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  бага оврын “Доосан” маркийн трактор, түүний компьютер, гал хамгаалагч зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг экскаваторыг түүний гал хамгаалагч, компьютерын хамт хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, харин түүний үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч хохирогч Х.*******ад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хуурай аргын сэгсрэгч төхөөрөмж, түүний жанам, баригч 4 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хуурай аргын сэгсрэгч төхөөрөмжийн үнэ 80.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г ээс гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгч Х.*******ад олгож, Х.*******ын 18-18 БНА улсын дугаартай ЗИЛ-130 авто машин,  цахилгаан үүсгүүр зэргийг хэрэгцээний дагуу эзэмшигч Х.*******ад буцаан олгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.Г  нь гэмт хэрэг үйлдэх явцдаа 4 пүн алт олборлож тушаасан гэх бөгөөд түүний үнэ 152.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г ээс гаргуулж улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт шүүгдэгч Д.Г ийн эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин нэг ширхэг, цагаан өнгийн хөлдөөгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр  сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг дээрх зүйлсийг эзэмшигч Д.Г т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

     

            Шүүгдэгч Д.Г т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч       нь энэ хэргийн  учир цагдан  хоригдсон 07 хоногийг торгох ялын 1 хоногийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж тооцов.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г ээс шүүхээс оногдуулсан торгох ялаас  105.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г    нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г  нь байгаль экологид учруулсан хохирол  325.947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 385.246 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Д.Г  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Д.Г  таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Г ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   торгох ялын нэг хоногийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

 6.  Шүүгдэгч Д.Г  нь  энэ хэргийн учир, Байгаль орчин уур амьсгалын санд  төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Г ээс унагалдай тракторын үнэ хоёр сая

 

таван зуун мянган / 2.500.000 / төгрөгийг, хуурай аргын төхөөрөмжийн үнэ наян мянган / 80.000 / төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.*******ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Г ээс гэмт хэрэг үйлдэж ашигт малтмал олборлож олсон 4 пүн алтны үнэ 152.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан унагалдай буюу Доосан трактор, түүний компьютер 1 ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож  компьютер 1 ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг зэргийг “Доосан”  тракторын хамт хураан авч хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт цахилгаан үүсгүүр нэг ширхэг, 18-18 БНА улсын дугаартай ЗИЛ-130 авто машин зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг  цахилгаан үүсгүүр, авто машин зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Х.*******ад буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хуурай аргын шороо угаах төхөөрөмж түүний жанам 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг төхөөрөмж болон жанамыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Г ийн эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин нэг ширхэг, цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Г т хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Д.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.