Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05846

 

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05846

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 86а байр, 73 тоот хаягт оршин суух, Цагаанлог овогт Хүрэлбаатарын Эрдэнэмөнх /РД: ХД76012379/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, Их барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэмөнх нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, Их барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Эрдэнэмөнх нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Их барилгын хэлтсийн даргаар 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллажээ. Улаанбаатар Төмөр замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-II-44 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн компанийн 30 дугаар зүйлийн 30.2.4, хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а заалт, Улаанбаатар Төмөр замын Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Эрдэнийн удирдан хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн шийдвэрийн саналыг үндэслэн томилолтоор ажиллах үедээ архи ууж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ни өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-II-44 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгчийг архи уусан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн талаар хэлэлцсэн Улаанбаатар Төмөр замын Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Эрдэнийн удирдан хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл дэх гарын үсэг Ц.Бат-Эрдэнийн гарын үсэг биш гэх шинжээчийн дүгнэлт гарч, эх хувиар өгсөн баримттай хуулбар нь зөрсөн, ажлаас чөлөөлөх тушаалын талаар холбогдох албадаас зөвшөөрөл авахад архи уусан баримт байхгүй гэж хууль зүйн албанаас тэмдэглэл хийсэн зэргээс Х.Эрдэнэмөнхийн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдохгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба нэхэмжлэгчийн томилолтоор ажиллахдаа архи уусан гэх зөрчил энэ хугацаанд хамаарч байгаа талаар хариуцагч нь баримтаар нотолж чадаагүй, зөрчил хэзээ гарсан нь тодорхойгүй байна.

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлийг баримтжуулаагүй, тушаал дээр ажил хүлээлцэх хугацаа заагаагүй, өөр ажилд томилсоны дараа ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан байна. Хариуцагчийн тайлбарт дурдсан Х.Эрдэнэмөнхийн гаргасан гэх зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-II-44 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалттай нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-II-44 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Эрдэнэмөнхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Их барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цалин хөлсний зөрүүг хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талаас тооцон гаргасан зөрүү цалинг зөвшөөрч байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлах шаардлагагүй гэж үзэн 2.387.968 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 53.157 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-II-44 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Эрдэнэмөнхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Их барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүнд 2.387.968 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Х.Эрдэнэмөнхөд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53.157 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ