Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/345

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С  холбогдох 2014003270367 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй , урьд ял шийтгэлгүй, овогт С.С  

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.С нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын чанартай асфальтан замаар өөрийн эзэмшлийн 25-98 БНА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “...Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд *******ийн жолоодож явсан 64-00 УНҮ улсын дугаартай Тоёота ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж 64-00 УНҮ улсын дугаартай тоёота ланд крузейр 100 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч *******,******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч С.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд сумын төвийн урд талд байх жорлон хийх гэж байгаа газар луу өөрийн Приус маркийн 25-98 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвийн урд талын туслах замаар урагшаа төв зам руу орох гэж явах үедээ зүүн тийшээ буюу Баянхонгор аймаг чиглэлд харахад машин тэрэг харагдаагүй баруун тийшээ буюу Говь-Алтай чиглэлд харахад машин харагдахгүй байхаар төв зам руу орох гэнэт зүүн талаас Ланд 100 маркийн машин гэнэт гараад ирсэн авто машины хойд талын бөгс хэсэг рүү нь мөргөтөл уг машин дайвалзаж явсаар байгаад Петровис шатахуун түгээх станцын хашлага дээгүүр даваад онхолдож 2 өнхөрч дугуйн дээрээ босож ирээд цаашаа зам хөндлөн урагшаагаа замын урд талын далан хэсэг рүү ороод зогссон би машинаас буугаад яваад очсон юм. Уг зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагааны улмаас болсон учир би гэм буруугаа ойлгож байгаа учир хохирогч нарын хохирлыг бүрэн гардуулж өгсөн хохирогч нар нь надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/,

 

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

 

  1. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ах дүү нартайгаа Говь-Алтай аймаг руу хувийн машинтай явж байсан юм. Тэгээд Өвөрхангай аймаг дээр нэг хоноод маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өглөөний 07 цагийн үед гараад 11 цагийн үед санагдаж байна БаянхонгОр аймгийн Бөмбөгөр сумын хар замаар явж байхад хажуугийн туслах замаас нэг машин гэнэт орж ирээд мөргөсөн тэгээд цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй байна нэг мэдэхэд машины гадаа ******* намайг зүгээр үү гэж байсан тэгээд эмнэлэгт ухаа орсон гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 /,

  1. Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ах дүү нарын хамт Говь-Алтай аймаг руу хувийн машинтай явж байсан юм. Өвөрхангай аймаг дээр нэг хоноод маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өглөөний 07 цагийн үед гараад 11 цагийн үед санагдаж байна БаянхонгОр аймгийн Бөмбөгөр сум руу яг орох гэж байхад шатахуун түгээгүүрийн хажуугийн туслах замаас нэг машин ирж харагдсан. Тэгээд хажуугаас гэнэт машин ороод ирсэн. Яг хаанаас ирж мөргөсөн гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай машин 2,3 удаа эргэх шиг болсон. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 42-44/,

  1. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ланд 100 маркын 64-00 УНҮ улсын дугаартай автомашинаа унаад төрсөн эгч *******, түүний хүү *******, аавын төрсөн дүү*******, түүний охин Нямсүрэн, аавын ах нарын хамт Улаанбаатар хотоос орой 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Цээл сум явахаар гараад Өвөрхангай аймагт хоночихоод 07 цагийн үед явсан би жолоо барьсан харин хажуугийн суудал дээр дүү *******, арын суудалд*******, Нямсүрэн, ******* эгч нар сууж явсан бүүр арын суудал дээр ах суугаад явсан бөгөөд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу 12 цаг 30 минутын үед орж ирээд төвийн урд асфальтан замаар 40-50 километр цагийн хурдтай явж байтал замын хойд туслах замаас Приус 20 маркийн автомашин орох гэж явж байхыг харсан би зам тавьж өгөх байх гэж бодоод чагнаалдсан боловч зогсоогүй миний машины баруун талын хойд тал руу мөргөсөн тэгтэл машин бөгсөө шидээд зүүн тийшээ хазайхаар нь буруу тийшээ  дарсан тэгтэл замын хойд талын шатахуун түгээх газрын урд талын хурд сааруулагч дээр бөгсөө шидээд шатахуун түгээх станцын үнийн самбарыг дайрч онхолдож эргэсэн би сандарсандаа тоормосоо дарах гэж байгаад хаазаа дараад цаашаа зам хөндлөн гарч жалга руу орж жалгын цаад талын эрмэг дээр гарч зогссон тэгээд машинаас буугаад ирэхэд ард сууж явсан 3 эгч гэмтсэн байхаар нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Би архи уугаагүй эрүүл машинаа барьж явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 48- 49 /,

  1. Гэрч*******гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ах дүү нартын хамт Говь-Алтай аймаг руу хувийн машинтай явж б?$9^0 [Мг1 ^гээд Өвөрхангай аймаг дээр нэг хоноод маргааш нь буюу 2020 оны 06 сарын 16-ны өглөө 07 цагийн үед гараад 11 цагийн үед санагдаж байна Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу яг ороод явж байхад шатахуун түгээгүүрийн хажуугийн туслах замаас нэг машин ирж харагдсан тэгээд гэнэт хажуугаас машин ороод ирсэн яг хаанаас орж ирж мөргөсөн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай машин ямар ч байсан 2, 3 эргэх шиг болсон. Цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 42-44 /,

 

7.Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн

             ...Өглөө 07 цагийн үед Говь-Алтай аймаг руу гараад өдөр 12 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын урд талд байдаг асфальтан төв замаар явж байтал гэнэт хойд талын туслах замаас приус 20 маркийн автомашин нь манай машины баруун хойд тал руу мөргөсөн уг мөргүүлснээс болж дайвалзаж замын хойд талд байсан шатахуун түгээх газрын хашлага давж шатахуун түгээх газрын урд талд онхолдсон би хэсэг зуур манараад явсан тэгээд машинаас бууж ирсэн машины хойд талд сууж байсан Нямсүрэн, ээж *******, эмээ******* нар биедээ гэмтэл авсан харин машин эвдэрсэн машин дотор байсан эд зүйлс энд тэндгүй хэвтэж байсан. Машиныг Батмөнх жолоодож явсан би урд талын суудал дээр сууж явсан харин арын суудалд эмээ*******, ээж *******, эгч Нямсүрэн нар нь сууж байсан. харин бүүр арын суудал дээр ах сууж явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,

  1. Гэрч *******ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                  ...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би Бөмбөгөр Петровис 2 шатахуун түгээх газарт ажил дотроо тооцоо хийгээд сууж байсан чинь чимээ гарахаар цонхоор хартал машин онхолдож манай үнийн самбарыг мөргөөд цаашаа зам хөндлөн гарах хооронд арын цонхноос нэг хүн шидэгдэж байхыг харсан би гараад иртэл мөн приус машины урд тал нь эвдэрсэн манай ажлын гадаа ирээд зогсож байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /,

  1. Гэрч ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                  ...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед би ажил дээрээ ээлжээ аваад гадаа машинд бензин өгөх гээд зогсож байсан тэгтэл гэнэт аянга дуу гарахаар нь эргээд хартал цагаан өнгийн Ланд 100 маркийн машин манай шатахуун түгээх газрын урд дайвж орж ирээд манай урд талд байдаг хурд сааруулагч дээгүүр гарч ирээд онхолдож манай үнийн самбарыг мөргөсөн би машин уначихлаа гэж бодоод явж очих гэтэл уг машин цаашаа зам хөндлөн гараад цаад жалга дээр гараад зогссон байсан би машин дээр очиж хүмүүст туслахаар очсон машинаас 3 эрэгтэй 3 эмэгтэй настай хүмүүс гарч ирсэн 3 эмэгтэй нь гэмтэл авсан тэгтэл приус машины урд тал нь эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /,

 

  1. Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

     2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотоос Ланд 100 маркийн машинтай Батмөнх,*******, Нямсүрэн, *******, ******* нарын Говь-Алтай аймгийн Цээл сум руу гараад явсан Өвөрхангай аймагт хоноод өнөөдөр өглөө 07 цагийн үед Говь-Алтай аймаг руу хөдөлсөн өдөр 12 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын урд талын төв засмал замаар явж байгаад осолд орж онхолдож  би тухайн үед машины хамгийн ар талд сууж явсан учраас юу болсон  талаар сайн харж чадаагүй миний мэдэж байгаагаар нэг машин зогсох бол уу гээд чагнаалдаж  байх шиг байсан тэгтэл уг машин нь ирээд машины баруун хойд тал руу мөргөснөөс болж онхолдсон байх гэж бодож байна. Би машины хамгийн ар талд ганцаараа сууж явсан машиныг Батмөнх барьж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Приус 20 маркийн машин гэнэт туслах замаас орж ирснээс болж уг замын осол гарсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

  1. Гэрч Р.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орой 17 цагийн үед дүү Батмөнхийн  ланд 100 маркийн машинаар Батмөнх, хүү *******, эгч*******,дүү Нямсүрэн, дүү нарын хамтаар Улаанбаатар хотоос гараад явсан Өвөрхангай аймагт хоноод өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өглөө эрт 07 цагийн үед Говь-Алтай аймаг руу явсан өдөр 12 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын урд талын төв засмал явж байтал замынхаа хойд талын" туслах замаас нэг приус маркийн машин гэнэт мөргөж бид нар онхолдсон би тухайн үед миний ухаан балартаж нэг мэдсэн чинь замынхаа урд талд зогсож байсан тэгээд эмнэлэг цагдаа дуудаж Бөмбөгөр сумын эмнэлэг дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,

 

  1. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

       ... Манай төрсөн С.С нь айлын 3 дахь хүүхэд болж төрсөн
нэг эгч нэг ахтай доороо 3 дүүтэй одоо эхнэр 2 хүүхдийн хамт Бөмбөгөрт амьдарч байгаа. Манай төрсөн ах С.С нь үг дуу цөөнтэй төлөв зантай хүний зөнгөөр хүнд үгүй гэж хэлж чаддаггүй мөрөөрөө зантай ямар гаж буруу зан ааш араншин байхгүй төлөв түвшин зантай хүнд гэмт хор байдаггүй ямар нэгэн буруу хэрэглээ байхгүй урд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

       13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 339 дугаартай “...*******гийн биед хүзүүний 6-р нугалмын зүүн нум хэсгийн зөрүүгүй, сээрний 2 болон 5-р нугалмын их биеийн шахагдсан, баруун 1Ү, Ү-р хавирга эгэмний дунд болон суганы урд шугамаар, зүүн III, 1Ү-р хавирга эгэмний дунд шугамаар, мөн өвчүүний бүдэрхий хэсгийн хугарал, тархи доргилт, баруун зулай, чамархай шанаа, зовхи, хамар, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 72-73 /,

       14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаартай “...*******гийн биед сээрний 4-р нугалам болон арын сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 75 /,

       15. Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай “...Тухайн зам тээврийн осол нь 25-98 БНА улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Сосорбарамын Сүхбаатар /РД:ВА79091517/ нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д зааснаар Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна... Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт / хх-ийн 100-101 /, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол үзлэгээр тогтоосон акт / хх-ийн 24-25/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 18-23/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн эрхийн үнэмлэхийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 114-117/,  Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл / хх-ийн 28-29/, Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 30, 32-33, 35-36 /,авто тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105/, шүүгдэгч С.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

       

          Шүүхээс шүүгдэгч С.С нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын чанартай асфальтан замаар өөрийн эзэмшлийн 25-98 БНА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “...Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж *******ийн жолоодож явсан 64-00 УНҮ улсын дугаартай Тоёота ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж 64-00 УНҮ улсын дугаартай тоёота ланд крузейр 100 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч *******,******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******,******* болон иргэний нэхэмжлэгч *******,  гэрч Б.*******, ******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 338, 399,  техникийн шинжээчийн 07 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч С.С ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч С.С  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.С  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.С ын №199209 дугаартай жолооны үнэмлэх, Тоёота приус маркийн 25-98 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01412849 дугаартай гэрчилгээ, Тоyota land gruiser маркийн 64-00 УНҮ улсын дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол эзэмшигч С.С   буцаан олгож шийдвэрлэв.

Тоyota land gruiser маркийн 64-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг шүүгдэгч С.С нь нөхөн төлж барагдуулж уг авто машиныг өөртөө буцаан авсан гэх тул дээрх авто машины гэрчилгээг эзэмшигч С.С  олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч С.С  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Сүхбаатар нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  бусдад  төлөх  төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.      

    Шүүгдэгч С.С нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт С.С  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.С  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 450.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.С  оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр  болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч С.С  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.С ын №199209 дугаартай жолооны үнэмлэх, Тоёота приус маркийн 25-98 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01412849 дугаартай гэрчилгээ, Тоyota land gruiser маркийн 64-00 УНҮ улсын дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол эзэмшигч С.С  хэрэгцээний дагуу  буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.С   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.