| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0340/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/347 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/347
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Л.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003980371 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт Л.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 4-5 тоотод өөрийн эхнэр Б.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
...2020 оны 08 дугаар сарын 20-ний өдөр манай эхнэр Б.М ын гар утсанд танихгүй эрэгтэй хүнээс мессеж ирээд түүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд тухайн шөнөө гэртээ хоноогүй маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өглөө эрт гэртээ ирээд дахин Б.М тай маргалдчихаад гарсан санагдаад байгаа юм. Тэгээд тэр өдрөө архи уусан бөгөөд тухайн үед яаж эхнэрээ цохиж зодсоноо санахгүй байгаа юм. Дараа нь манай эхнэр надад чи миний чих болон нүд рүү цохиж зодсон гэж хэлсэн бөгөөд түүний зүүн нүд нь хөхрөөд гар нь шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 70-72/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
3. Хохирогч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 08 дугаар сарын 21-ний өглөө би хүүхдийнхээ хамт гэртээ босоогүй орондоо байж байтал манай нөхөр Л.С орж ирээд цэнэглэж байсан утас авснаа ор луу шидээд чи энэ утсан дээрх мессежээ тайлбарла гээд уурласан. Тэгээд би өндийж босоод сууж байгаад чи өөрөө алга болгочихсон байна лээ шүү дээ гэхэд тэрээр шууд миний баруун чихний орчим гараараа 1 удаа цохиод, баруун талын мөр, бугалганы хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ дахиад зүүн талын нүдний орчим гараараа 1 удаа цохисон. Тэгээд би том охиндоо цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн чинь Л.С нь гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,
4.Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 08 дугаар сарын 21-нд би өглөө сэрчхээд байж байтал аав маань гаднаас архи уучихсан байдалтай архи үнэртүүлчихсэн гэрт орж ирсэн. Тэгсэн ээ гараа атгаж байгаад ээжийн баруун талын чих рүү нь нэг удаа цохиход ээж гарч бай гээд хэлэхээр нь би гараад явсан. Ингээд аавыг хашаагаар гараад явахаар нь гэртээ ороход ээжийн маань баруун талын гар нь хөхрөөд зүүн талын нүд нь хавдсан байдалтай байсан. Харин ээж болохоор аавыг зодоогүй. Ер нь манай аав ээжийг зодоод байдаггүй . Харин 2020 оны 8 дугаар сарын 21-д манай аав С манай ээж М ыг зодсон бол үнэн. Намайг бол цохиж зодоогүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
5.Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 04 дүгээр сараас одоог хүртэл Баянхонгор сумын
Гэгээн шавь 6 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. 2019 онд
Баянхонгор сумын багуудын хилийн цэс өөрчлөгдсөнөөр Дуурсах 3 дугаар багийн 1-5 дугаар гудамж нь Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багт харьяалагддаг болсон юм. Миний хувьд тэдний хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ Б.М тай уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийхэд тэрээр Л.С бид хоёр 20 гаран жил хамтран амьдарч байгаа 4 хүүхэдтэй, бид хоёр ерөнхийдөө хэвийн харилцаатай байдаг. Л.С хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Олон удаа агсан согтуу тавьж байгаагүй, нэг удаа агсан согтуу тавьж зодохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Одоо Цагдаад шалгагдаж байгаа. Миний хувьд Л.С гийн зан байдлын талаар сайн мэдэхгүй байна.
6.Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2013 оноос сараас одоог хүртэл Баянхонгор сумын Гэгээн шавь 5 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. 2019 онд Баянхонгор сумын багуудын хилийн цэс өөрчлөгдсөнөөр Дуурсах 3 дугаар багийн 1-5 дугаар гудамж -ь Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багт харьяалагддаг болсон юм. Миний хувьд тухайн багийн хүмүүстэй уулзаж, танилцаж чадаагүй байгаа. Нийгмийн ажилтан бол уулзсан байх.. гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
7.Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Л.С нь надад ярихдаа эхнэртэйгээ маргалдаад, авгайдаа гар хүрчихсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Өөр нарийн зүйл хэлээгүй. Л.С , Б.М хоёр нь хоорондоо сайн харилцаатай, их л эвсэг байдаг юм. Тэд нар олон хүүхэдтэй. Л.С нь тайван дөлгөөн зан ааштай, хүнд тусархуу хүн байгаа юм. Тэрээр зүрх муутай, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй, хааяа архи уухаараа хэвийн зан ааштай байдаг юм. Тухайн үйл явдал болоход нь би дэргэд нь байгаагүй болохоор яг яасан талаар үнэндээ мэдэхгүй байна. Ямар ч байсан одоо эхнэртэйгээ хамт хэвийн л харьцаатай байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
8.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 440 дугаартай
1...Б.М ын биед тархи доргилт, амны хөндийд шарх, зовхи, доод уруул, чих, мөр, бугалга, шуу, тохой, нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76/, депозит дансны хуулга /хх-ийн 79-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.С 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 4-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хардалтын улмаас эхнэр Б.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.М , насанд хүрээгүй гэрч *******, гэрч *******, гэрч Д.Идэр-ханд, А.Эрдэнэхуяг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 440 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.С нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.С эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 335 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 5 ханатай монгол гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.С д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.С нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Л. С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Л.С ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450,000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.С нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.С гийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг 5 ханатай монгол гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Л.С д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.