Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 346

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Т.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга:  Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003800372 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зүүн шанд ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4

Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /1986 оны/ 08 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /2002 оны/ 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2004 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 172 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан овогт О.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Ганзүү” эмнэлгийн гадна хамтран амьдрагч Д.Э ыг зодож түүний эрүүл мэндэд баруун нүдний алимны салст болон зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч О.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           ... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Монгол хэл бичиг үсэг мэднэ. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 2-16 тоотод байх гэрээсээ эхнэр Энхжаргалын хамт машинаар гарч явсан. Би жолоо барьж явсан. Тэгээд эхнэр бид хоёр маргалдсан. Эхнэр машины рулийг мушгиж үснээс зулгаасан. Тэр үед замд дугуйтай хүүхэд таарсан тэрийг дайрангаа алдсан.Сандарсан энэ үед би уурлаж эхнэрийг толгой орчим нэг удаа цохисон. Тэгээд ахуй үйлчилгээний урд зогсоол дээр машинаа зогсоож эхнэр буугаад алхаад яваад өгсөн. Ийм зүйл болсон. Би хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар ойлголоо. Хялбаршуулж шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 54/,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

            3. Хохирогч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ... 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 2-16 тоот гэрээсээ нөхөр Бат-Эрдэнийн хамт машинаар гарч явах замдаа “Хүүхдэд машин өгч явуулсан байна” гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдсан. Баянхонгор сумын 1 дүгээр баг Ганзүү эмнэлгийн баруун талд ахуй үйлчилгээний төвийн орчим зам дээр би машины рулийг барих гэж байгаад Бат-Эрдэнийн толгой руу цохисон. Мөн машины рулийг мушгисан. Энэ үед манай нөхөр Бат-Эрдэнэ уурлаж манай ажлын үүд болох ахуй үйлчилгээний урд зогсоол дээр машинаа зогсоож миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан юм. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм. Бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна. Гэрлэлт бүртгүүлээгүй байгаа. Тийм зүйл байгаагүй Тухайн үед миний уурласнаас болж тийм зүйл болсон. Би уур хүрсэн үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог юм. Унаж явсан машины рулийг мушгисан нь миний буруу. Тухайн үед миний нөхөр машины урд хүүхэд явж байсан талаар хэлж байсан тэр нь үнэн байх миний буруугаас ийм зүйл боллоо.” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/,

                   

           4.  Гэрч Ц.Эрдэнэбатын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            ... О.Б нь нийтэч алиа хошин зантай ямар нэгэн гаж буруу зан гаргаад байдаггүй. Манай зүүн шанд ХХК-д жолооч хийдэг цаг ашиглалт сайтай ямар нэгэн илүү дутуу үйлдэл гаргаад байдаггүй. Жолооч нарын хувьд бол туслах ажилчдаас илүү цалин авдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, 

 

          5. 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 433 дугаартай шинжээчийн 

          1.Д.Э ын биед баруун нүдний алимны салст болон зовхинд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34/, депозит дансны хуулга /хх-ийн 59-62/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Ганзүү” эмнэлгийн гадна гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Э ыг зодож түүний эрүүл мэндэд баруун нүдний алимны салст болон зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь хохирогч Д.Э  , гэрч Ц.Эрдэнэбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 433 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч О.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч О.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Б ийн эзэмшлийн iPhone маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 231 дугаар тогтоолыг хүчингүй болгож, iPhone маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.Б эд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан  талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт О.Б ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  / 450,000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Б эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч О.Б ийн  эзэмшлийн iPhone маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг iPhone маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч О.Б эд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.