Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 725

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-С ХХК,

Хариуцагч: БСШЖСЯ-,

Гуравдагч этгээд: СЛ ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: БСШЖСЯ-наас зарласан /цэцэрлэгийн барилгын өргөтгөл 150 ортой/ барилгын гүйцэтгэг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн хуралдааны дүгнэлт /шийдвэр/, СЛ  ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарын бичгийн дарга А.Т нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....БСШЖСЯ-наас зарласан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 100 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон СЛ  ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Харин Тендер шалгаруулалт дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тендер шалгаруулалтыг дахин зарлах асуудал цаг хугацаанаас хамааралтайгаар дахин хийгдэх боломжгүй байгаа. Мөн Төсвийн тухай хууль хүчингүй болсон учраас нэхэмжлэгчээс хамааралтайгаар шалгаруулалт дахин зарлах боломжгүй.

Манай компани  нь тендерт шалгарсан компаниас бага үнийн санал өгсөн бөгөөд манай компанийн тендерээс татгалзсан шалтгааныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гуравдагч этгээд СЛ  ХХК-тай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ...Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасныг зөрчиж хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулсан.

Өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах мэдэгдэл олгох ёстой. Гэтэл Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэхгүйгээр гэрээ байгуулах мэдэгдэл олгосноос хойш хуулийн хугацааг зөрчиж гэрээ байгуулсан байдаг.

Мөн тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байсан тул тендер өөрөө хүчингүй болсон ба үүний дагуу дахин тендер зарлах ёстой байсан. Гэтэл үүнийг баримтлахгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан.

Мөн Үнэлгээний хороо манай компанийн материалыг үнэлж тендерээс татгалзсан үндэслэлээ 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/59-76 тоот мэдэгдлээр ...Б-С ХХК нь тендерт оролцогчдын өргөдлийн хүснэгтийн 5.2-д заасан шалгуурыг хангаагүй гэсэн хариу өгсөн байдаг. Тус заалтад ижил төстэй ажлын туршлагын талаар заасан. Мөн манайхаас бусад компанийг татгалзсан үндэслэлдээ манай компаниас татгалзсан үндэслэлтэй ижил үндэслэлийг бичээгүй.

Ижил төстэй ажил гэдэг нь цэцэрлэгийн барилга барих ажил бөгөөд өмнө нь бид С******* дүүргийн 100 дугаар цэцэрлэгийг барьж ашиглалтад хүлээлгэж өгч байсан.. Ижил төстэй ажлын дагуу бид сүүлийн 3-н жил хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг гаргаж өгсөн. Тендерт оролцогчдын өргөдлийн хүснэгтийн 5.2.г-д барилгын салбарт ажилласан ерөнхий чадамжийг харсан сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг ирүүлнэ гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл дуусаагүй ажлын жагсаалтыг ирүүлсэн байхаар заасан.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2/416 тоот мэдэгдэл нь Сангийн яамнаас гаргасан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дахин үнэлгээ хийлгэх тухай шийдвэрээр хүчингүй болсон. Мөн гэрээ байгуулсан өдөр нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байдаг. Энэ нь дээр дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг зөрчсөн гэдгийг нотолж байна.

Түүнчлэн, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.2.г, 5.2.д хэсэгт тус бүрд 2 өөр жагсаалт өгсөн. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан тендерт манай компани оролцож байсан. Тухайн үед тус цэцэрлэгийн барилгыг хүлээж авсан комиссын гишүүд дунд Э.Э байсан. Мөн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.2.г дэх заалтаар барилгын салбарт хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтаа хүргүүлсэн. Гэтэл хариуцагч нь эдгээр ажлуудыг ялгахгүй, хольж тайлбар хийн түүнийгээ өөрсдөө зөвтгөж тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй.

Б-С ХХК-аас илгээсэн баримтад анх үнэлгээ хийхдээ энэ талаар дурдагдаагүй бөгөөд тухайн үед зөвхөн фото зураг шаардлагатай гэдэг асуудал яригдаж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл манайхаас илгээсэн баримтуудыг үнэлэхдээ ижил төстэй ажил ирүүлсэн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн тухайн тендерээс татгалзахдаа машин механизмын фото зураг ирүүлнэ гэсэн шаардлага байхгүй байхад тендерээс татгалзсан нь үндэслэлгүй.

Үнэлгээний хорооны тэмдэглэлээс харахад дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн. Дахин үнэлгээ хийсний дараа Ж.Г гэдэг хүн Сангийн яамны шийдвэрийг дагая гэдэг саналыг гаргасан байхад бусад гишүүд хамаагүй тайлбар хэлж, манай тендерээс татгалзсан байдаг. Манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр бидний өрсөлдөх болон өөрийгөө шударгаар үнэлүүлэх, эрх ашиг хөндөгдсөн. Уг тендер зарлагдсанаар нийт 17 компани өөрсдийн хөрөнгө мөнгөө зарлагадаж шударгаар өрсөлдөхөөр оролцсон.

Үнэлгээний хорооны гишүүд гуравдагч этгээд СЛ  ХХК-ийг ижил төстэй ажил хийсэн гэж үнэлсэн. Гэтэл гуравдагч этгээдийн хийсэн ажлын гэрээ нь хуурамч байсан. Уг тендер сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт дунд захиалагчийн тодорхойлолтоор холбоо барих хүний хаяг, утас байсаар байхад тодруулж үзээгүй үнэлгээ хийсэн.

Мөн гуравдагч этгээд нь Тендерт оролцогчдын өгөгдлийн хүснэгтийн 5.3.г дэх заалтыг хангаагүй. Өөрөөр хэлбэл ажилтны 60-аас доошгүй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх ёстой гэсэн боловч гуравдагч этгээдийн компанийн 7-н хүн Нийгмийн даатгал төлдөг. Эдгээр 7-н хүн нь бүгд инженер ажилтай бөгөөд тус компанид мэргэжилтэй ажилчид байхгүй. 60 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үндсэн ажилтан байх шалгуурыг хангаагүй. Энэ мэтчилэн Үнэлгээний хороо хууль зөрчиж шийдвэр гаргасан. Бид үргэлж ийм асуудлуудтай эвлэрээд яваад байх боломжгүй. Залуу хүмүүст шударга өрсөлдөх нөхцөлөөр хангаж өгмөөр байна. Өөрөөр хэлбэл шударга ёсны төлөө бид тэмцэх ёстой гэж үзэж байна. Мөн цаашид гуравдагч этгээдийн барьж байгаа барилгад Мэргэжлийн хяналтаар газраар хяналт, шалгалт хийлгэх бодолтой байна. 1 м.кв ашигтай талбайг 3,5 сая төгрөг, ашиггүй талбайн хэмжээгээр тооцож үзэхээр 2.8 сая төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн барьж байгаа барилгаас эхлээд уг тендерийг мөнгөний улмаас авсан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тендер зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт уг тендерийг хааж, тухайн өдрийн 10 цаг 50 минутад тендер нээсэн. Тухайн үед нийт 14-н компани оролцсон бөгөөд СЛ  ХХК-ийг шалгаруулсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тендерийн Үнэлгээний анхны хурал хийгдэж, тендерт оролцсон компани тус бүрд нь үнэлж, үнийн саналаар нь эрэмбэ дараалал үүсгэж, үүнээс тендерт оролцох шалгуур үзүүлэлтийг хангасан компанийг шалгаруулсан.

Нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан гол үндэслэл нь машин, механизм, техник тоног төхөөрөмжийн тухай фото зургийг ирүүлээгүй байсан. Үүнтэй холбоотойгоор татгалзсан гэх мэдэгдлийг компаниудад хүргүүлсэн боловч Сангийн яаманд нэхэмжлэгчээс дахин гомдол гаргасны улмаас БСШЖСЯ-наас дахин үнэлгээ хий гэсний дагуу 2 дахь шатны үнэлгээг хийсэн. 2 дахь үнэлгээг хийсний дараагаар тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2.д хэсэгт заасан ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийг тендерээс татгалзсан. Нэхэмжлэгч нь ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлсэн боловч, шаардлага хангаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ирүүлсэн ижил төстэй ажлын жагсаалтад ногоон зоорь орчмын орон сууцны гадна цэвэр усны шугам сүлжээ татах ажил, эрчим хүчний цехийн худгийн ажил, С******* дүүргийн 8 дугаар хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан хангамжаар хангах зэрэг ажлыг хийсэн гэх жагсаалтуудыг ирүүлсэн бөгөөд үүнийг бид ижил төстэй ажил гэдэгт тооцоогүй. Учир нь эдгээр ажлуудын гүйцэтгэлийг ирүүлээгүй, хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан гэсэн ямар нэгэн баримт нотолгоо ирүүлээгүй байсан учраас тендерийн Үнэлгээний хорооноос эдгээр ажлуудыг одоо ч хийж байх магадлалтай гэж үзсэн.

Иймээс бид нэхэмжлэгчээс илгээсэн ижил төстэй ажлыг одоогийн байдлаар хэрэгжүүлж байгаа, болон хэрэгжүүлээд дууссан гэх баримтыг ирүүлээгүй учраас дээрх шаардлагаар тендерээс татгалзсан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Н.Э, Ж.Г, Н.М Н.О нарын  гишүүд бүгд оролцож үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан. Гуравдагч этгээд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр барилга угсралтын ажил хийгдэж, 60 хувьтай явагдаж байна.

Шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тухайн тендерээс шаардлагатай гэж үзсэн бүх бичиг баримтыг хавсаргаж өгөх ёстой. Ижил төстэй ажлын мэдээ мэдээллүүдэд ашиглагч байгууллагаас хяналт хийсэн барилгын тодорхойлолт, гэрээ болон улсын комиссод хүлээлгэн өгсөн актыг хавсаргах тухай заасан. Хэрэв эдгээр материалаас дутуу байгаа тохиолдолд тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаагүй гэж үзсэн. 

Мөн нэхэмжлэгчээс С******* дүүргийн 8 дугаар хорооны 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга буюу 115 дугаар цэцэрлэгийг барьсан талаарх баримтыг ирүүлсэн гэх ба үүнийг нь ижил төстэй ажил гэсэн шаардлагыг хангаж байгаа. Гэтэл ижил төстэй ажил гэдэг нь дотроо 2 өөр ойлголт. Ижил төстэй ажил гэдэг нь гэрээний үнийн дүнгээс багагүй байна гэсэн заалт байдаг. Гэхдээ 5.2.д заалтаар бусад ижил төстэй, одоогоор тухайн компанийн хийж гүйцэтгэж байгаа ажлын мэдээ мэдээллүүдээр уг заалтыг хангасан эсэхэд дүгнэлт хийж тендерээс татгалзсан.

Мөн гуравдагч этгээдийн ирүүлсэн ижил төстэй ажлын жагсаалт нь болон холбогдох баримт нь Төрийн тамгатай нотариатаар баталгаажуулан ирүүлсэн материалууд байсан. Мөн Нийгмийн даатгалын хувьд тухайн дурдсан инженерүүдийн 3-аас доошгүй нийгмийн даатгалд хамрагдаж байгаа тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болохгүй ба бичиг баримтуудын бүрдлүүдэд дээрх компани бүр ижил байгаагүй учраас тендерээс татгалзсан шалтгаан оролцсон бүх компаниуд ижил байх албагүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн тендерийн баримт бичгийн 24 дүгээр хуудаст өгөгдлийн хүснэгт 5.2.д, 5.2.г нь ижил төстэй барилгын ажлын нийт мөнгөн дүнгээр харуулсан жагсаалтыг ирүүлэх шаардлагатай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 5.2.г дэх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа боловч 5.2.д хэсэгт заасны дагуу улсын комиссын акт болон холбогдох баримтыг ирүүлээгүй. Мөн өгөгдлийн хүснэгтийн 5.3.б гэх заалтаар ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал сүүлийн 3-н жилийн аль нэгэнд нь 800 сая төгрөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан баримт шаардлагыг тусгасан. Иймээс нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь хууль ёсны дагуу тендерт шалгарч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар гадна барилгын ажил дуусч, дотор барилгын ажилруу орсон байдалтай байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх нь сэргээгдэх нь тодорхой биш гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч өөрөө манайх материалаа дутуу өгсөн хэдий ч бусад байгууллагууд мөн ялгаагүй баримт бичиг дутуу өгсөн гэж тайлбар хийж байна. Энэ тайлбараар нэхэмжлэгч нь өөрөө баримт бичиг дутуу өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.

Нэхэмжлэгчээс Тендерийн Үнэлгээний хороог тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.2.д болон 5.2.г заалтуудыг хольж тайлбар хийсэн гэх мэтээр тайлбарыг хэлдэг. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.2.д дэх заалтын тухайд сүүлийн 3-н жилд тухайн байгууллага ямар ижил төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн талаарх жагсаалтыг гаргаж өгөх байсан. Харин 5.2.г заалтын тухайд сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ажил үүрэг хэрхэн биелэгдсэн эсэх, хэрэв биелэгдээгүй бол тухайн ажиллагаа ямар явцтай байгаагаа тодруулах шаардлагатай байсан. Иймээс 5.2.г дэх заалтад байгааг 5.2.д дахин бичсэн гэх үндэслэлгүй юм. Мөн тендерийн баримт бичгийг алдаатай байж болзошгүй мэтээр нэхэмжлэгчээс тайлбарлаж байх боловч уг асуудал нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хийх шаардлагатай. Мөн хэрэгт ач холбогдолгүй, нотлогдоогүй зүйлээр тайлбар хийж байгааг шүүхээс анхааралдаа авахыг хүсэж байна. Хэрэв өөр үйл баримтаар нэмж маргах байсан бол шүүх хуралдааныг эхлэх явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримт болон хүсэлт байгаа эсэхийг тодруулах үед нэхэмжлэгчээс санал хүсэлт, холбогдох баримтаа өгөх боломжтой байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан асуудлаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. 

Захиргааны хэргийн шүүхээс эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдлыг хүлээн авч хэлэлцдэг. Мөн нэхэмжлэгч нь Сангийн яаманд хандсан албан бичиг хэрэгт авагдаагүй байгаа. Нэхэмжлэгчийн тайлбар хийхдээ үзүүлж байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхээс үнэлэх боломжгүй баримтууд учраас үүнийг шүүх үнэлэхгүй гэж ойлгож байгаа.

Мөн нэхэмжлэгчээс илгээсэн баримтуудыг харгалзан үзэж татгалзах үндэслэлтэй байсан эсэхийг тодруулан авч үзэж шийдвэр гаргуулах хүсэлттэй байна. Иймээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа:

1.    БСШЖСЯ-наас зарласан /цэцэрлэгийн барилгын өргөтгөл 150 ортой/ барилгын гүйцэтгэг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 2/5976 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох,  

2.    Тендерт шалгарсан компанид гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 

3.    Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлахыг хариуцагчид даалгах,

4.    Мөн тендерт шалгарсан компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтийг тодруулахыг үүрэг болгосон.

 Улмаар нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа: 

1.  БСШЖСЯ-наас зарласан /цэцэрлэгийн барилгын өргөтгөл 150 ортой/ барилгын гүйцэтгэг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны дүгнэлт /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах,

2.  Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 2/5976 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

3.  Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэр хууль зөрчсөн байгуулсан гэрээ тул уг гэрээг хүчингүй болгох,

4.  Тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлахыг хариуцагчид даалгах гэж тус тус тодорхойлж, нэмэгдүүлсэн ба актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ирүүлээгүй болно.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн № 6866 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулахад:

1.  БСШЖСЯ-наас зарласан /цэцэрлэгийн барилгын өргөтгөл 150 ортой/ барилгын гүйцэтгэг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны дүгнэлт /шийдвэр/,

2.   СЛ  ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан ба тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулахад уг шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоод үлдэх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдийн тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

БСШЖСЯ-наас Нийслэлийн Баянгол дүүргийн 100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх БСШУСЯ20180118 нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрээр[1] гуравдагч этгээд СЛ  ХХК-ийг шалгаруулж, захиалагчид танилцуулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, улмаар БСШЖСЯ-ны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №2/4016 мэдэгдлээр[2] захиалагчтай гэрээ байгуулах эрх олгожээ.

Мөн тус яамны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №2/4001 тоот мэдэгдлээр[3] нэхэмжлэгчид тоног төхөөрөмжийг фото зургаар баталгаажуулж ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж байгааг мэдэгджээ.

Улмаар нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянаад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (в)д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэж тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн № 6-1/2800 тоот албан бичгээр мэдэгджээ[4].

Уг албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, гуравдагч этгээд СЛ  ХХК-ийг дахин шалгаруулж, БСШЖСЯ-ны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №2/5975 тоот албан бичгээр мэдэгдлээр[5] захиалагчтай гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн №2/5976 тоот албан бичгээр[6] нэхэмжлэгчид тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлжээ.

Уг албан бичигт нэхэмжлэгчийг ТОӨЗ-ийн 5 дугаар зүйлийн 5.2 (д)-д заасан Ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажил ба гэрээний үнийн дүнгийн жагсаалтад дараах 3 ажлын захиалагчийн тодорхойлолт, гэрээ, улсын комиссын акт болон одоо ажил гүйцэтгэж байгаа эсэх талаарх нотлох баримт бичиг ирүүлээгүй байна.

Үүнд: 1. Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил,

2.  Эрчим хүчний цехийн худаг №80/ВК80-аас эргэлтийн насосны станц хүртэл Ф219 мм-ийн ундны усны шугам солих,

3.  Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшилийн бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажил ЭХА-023/2017 гэжээ.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /ТОӨЗ/  5 дугаар зүйлийн 5.2 (г)-д ТШӨХ-д заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт, 5.2 (д)-д тухайн тендерт оролцогч ТШӨХ-д заасан хугацаанд төрөл болон хэмжээгээр ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг жил жилээр харуулсан мэдээлэл, одоо хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээр гэрээний талаар лавлах мэдээлэл авч болох үйлчлүүлэгч, захиалагчийн хаяг гэжээ.

 Мөн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5 дугаар зүйлийн 5.2 (г)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтын хүснэгтийг, 5.2 (д)-д Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг захиалагчийн техник, хяналт хийсэн хуулийн этгээдээс өгсөн тодорхойлолтыг /PDF хэлбэрт шилжүүлнэ/ үндэслэн гэрээг хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд харгалзан үзнэ. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргана. Дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана гэжээ.

Нэхэмжлэгчийн цахимаар хүргүүлсэн тендерийн материалын 17 дугаар хуудсанд ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлыг хүснэгтээр, 18 дугаар хуудсанд сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй буюу Нийслэлийн С******* дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдсан 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хүснэгтээр /барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, фото зураг/ зэргийг тендерийн үнэлгээний хорооноос баталсан маягтын дагуу тус тус хүргүүлжээ.

Гуравдагч этгээдийн цахимаар хүргүүлсэн тендерийн материалын  47 дугаар хуудсанд 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлыг хүснэгтээр, 48 дугаар хуудсанд ижил төстэй буюу Герман стандарт констракшн ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны зориулалттай 36 айлын барилга угсралтын ажлыг хүснэгтээр / барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, фото зураг/ зэргийг хамт хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын /барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, фото зураг/ мөн адил хүргүүлээгүй байхад ижил нөхцөл ижил хандалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийг дээрх материалуудыг хавсаргаж ирүүлээгүй гэх шалтгаанаар тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр уг тендерт нэхэмжлэгч 1.193.408.605 төгрөг, гуравдагч этгээд 1.336.292.040 төгрөгийн санал ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчингүй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэжээ.

Гэтэл хариуцагчаас гуравдагч этгээдийг БСШЖСЯ-ны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 2/5975 тоот албан бичгээр гэрээ байгуулахыг мэдэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээг байгуулсан нь мөн хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.7, тус тус баримтлан нэхэмжлэгч  Б-С ХХК-ийн нэхэмжлэлтэй  БСШЖСЯ-, тус яамны Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БСШЖСЯ-наас зарласан /цэцэрлэгийн барилгын өргөтгөл 150 ортой/ барилгын гүйцэтгэг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн хуралдааны дүгнэлт /шийдвэр/, СЛ  ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ