Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00095

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Т.Энх-Учралтын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/000289 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Энх-Учралтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Рэнцэнпилд холбогдох

“1.140.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Энх-Учралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Энх-Учралт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Энх-Учралт нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х.Рэнцэнпилд 1.140.000 төгрөний 5 тонн цемент зээлээр өгсөн юм. Тухайн үед 7 хоногийн дотор удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болж байна. Х.Рэнцэнпил нь манай 100 айлд худалдаа хийдэг Гандолгор гэдэг хүнээр хэлүүлж гуйж байгаад зээлж авсан ба өөрөө биеэр ирж авсан юм. Гандолгор манай худалдагч Батаа нар нь гэрчилж хэлэх болно. Утасдаж мөнгөө нэхэхээр би удахгүй төлнө , хүлээж бай гэсээр өнөөдрийг болгосон ба энд тэнд тегдерийн ажил хийж байгаа тэрнээс мөнгө гарахаар өгнө гэдэг. Сүүлийн үед би Рэнцэнпил рүү залгахаар миний утсыг авахгүй болсон. Иймд Х.Рэнцэнпилээс 1.140.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Рэнцэнпил шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уг материалыг манай хүү Р.Батзаяа хувийн бизнестээ хэрэглэхээр авсан. Миний бие өгөх авах үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. 2013 оноос хойш ямар нэгэн байдлаар “Зуун айл ” барилгын материалын дэлгүүрээр худалдан авалт хийж яваагүй. Миний хүү Р.Батзаяа нь тус материалыг авсан мөнгөө Энх-Учралт ахтай би өөрөө учраа олж өгнө гэж байгаад АНУ-д суралцах виз гарч мөнгөө өгч амжилгүй явсан. Өөрөө би өгнө гэдэг тайлбараа надад чатаар өгсөн. Би өөрийгөө хариуцагч болохгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Лхагвасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч биш гэж үзэж байна. Би цемент аваагүй, хүү Батзаяа авсан гэдэг. Хүүгээ бодоод өгье гэж байтал утсаар элдвээр дарамталсан тул Батзаяагаас ав гэж байгаа гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00289 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Рэнцэнпилээс 1,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энх-Учралтад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 31 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энх-Учралтад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо:

Х.Рэнцэнпил нь Гандолгортой утсаар ярьж Энх-Учралтаас цемент авч өгөөч гэсэн тухай ярьсан яриаг нотлох баримт байдаггүй. Энх-Учрал Гандолгор нар нь нэг дор олон жил ажиллаж байгаа ба Х.Рэнцэнпилийг уг цементийг өөрийн биеэр ирж авсан гэж гэрчлэн Х.Рэнцэнпилийн хүү болох Батзаяагаас авч чадаагүй мөнгөө ээжээс нь гаргуулж авах гэсэн хуйвалдаан гэж үзэж байна. Хуйвалдааны нэг илрэл бол Худалдагч гэх Дэнсмаа нь Энх-Учралтай нэг айлын хүргэн бэрүүд байж садан төрлийн ямарч холбоогүй гэж мэдүүлэг өгсөн байдлаас харагдаж байна. Мөн гэрч гэх Гандолгор нь Рэнцэнпилийг ажил дээр нь очиж хэл амаар дайрч өөрт нь хүчээр хариуцлагыг хүлээлгэх гэсэн хувийн арга хэмжээг хууль бусаар авах гэж оролдсоор байгаагаас харж болно.

Рэнцэнпилийн хүү Батзаяа нь уг цементийг өөрийн ажилдаа хэрэглэсэн бөгөөд ээжтэйгээ харилцсан цахим захианаас харахад,”Бага багаар төлнө” гэсэн болохыг эргэн харж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2014 оны 08 сард тухайн үед хамт ажиллаж байсан Бямбацогт нь /өдрийг нь тодорхой санахгүй байгаа/ Рэнцэнпилийн хүү Батзаяа нь Зуун айлаас хамт ажиллаж байсан залуугаар, өөрийн машинаар цемент авчруулж, Жаргалант суманд хийж байсан ажил дээрээ буулгуулж авч байсан тухай ярьж байгаа ба гэрч үүнийг нотлох тайлбарыг ирүүлсэн болно. Уг цементийг Батзаяа нь авч ажилдаа хэрэглэсэн нь тодорхой харагдаж байгаа ба мөнгийг нь өөрөө өгөх тухай өмнө нь ярьж байгаад гадаадад сурах виз нь гараад өгч амжихгүй явсан байдаг тул хариуцлага хүлээх чадвар чадамжтай хүний өмнөөс Х.Рэнцэнпилийг хариуцагчаар татаж холбогдох төлбөрийг төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Энх-Учралт нь хариуцагч Х.Рэнцэнпилээс 5 тн цементний үнэ 1.140.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5 тн цементийг худалдаж авах мөнгийг дараа шилжүүлэхээр тохиролцсон боловч үнийг нь төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Х.Рэнцэнпил нь цементийг би аваагүй, хүү Батзаяа авсан гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч Х.Рэнцэнпил нь 5тн цементийг худалдаж авахдаа Гандолгор гэдэг эмэгтэйгээр дамжуулан Энх-Учралтад хэлүүлэн зээлээр авахыг зөвшөөрүүлсэн болох нь гэрч Дэнсмаагийн мэдүүлгээр тогтоогдсон энэ үйл баримтанд Батзаяа гэгч оролцсон болох талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтанд хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үнпэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвсүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Рэнцэнпилийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ