Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0511

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 474 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Э, У.Х нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0244/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Анхан шатны шүүх нь “...бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт МNS ISO 3833:2010 стандартыг үндэслэсэн ба уг стандартаар автомашиныг суудлын, ачааны, автобус, тусгай зориулалтын авто машин гэж, суудлын авто машиныг ердийн бүхээгтэй, эвхэгддэг бүхээгтэй, уртасгасан бүхээгтэй, зорчигчийн, олон зориулалттай гэж тус тус ангилсан байхад энэхүү стандартад заагаагүй буюу шинэ, хуучин гэх ангилал үүсгэн хүрээг тодорхойлсон нь үндэслэлгүй” гэж дүгнэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

3.2. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3.1.1-т “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл" гэж заасны дагуу Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт МNS ISO 3833:2010 стандартыг үндэслэл чиглэл болгон авч бусад холбогдох мэдээллээр Америкийн Нэгдсэн Улсын хэрэглээний үнийн индекс буюу СРI-д шинэ тээврийн хэрэгсэл дотор шинэ автомашин гэх ангилал зэрэгт үндэслэн бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсон байдаг.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс дэвшүүлэн маргасан бараа бүтээгдэхүүний хүчийг тодорхойлолгүйгээр гаргасан нь дээрх журмын заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

3.4. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж, 5.3-т “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно” гэж тус тус заасан байна.

3.5. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа борлуулалтын орлогын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байх тул тус хуулийн 5.3-т заасан зах зээлийн хүчийг заавал үзэх шаардлагагүйгээр “Т” ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдож байгаа юм.

3.6. Анхан шатны шүүхээс зөвхөн дистрибьютер гэх 15 компанийн импортолсон гэх автомашинуудын хүрээнд судалгааг хийсэн нь учир дутагдалтай гэж үзсэн нь холбогдох бусад баримт материалыг сайн судлаагүй гэж үзэж байна.

3.7. Монгол Улс нь автомашин үйлдвэрлэгч улс биш тул импортоор шинэ автомашин оруулж ирж буй аж ахуйн нэгжийн мэдээллийг гаалийн байгууллагаас гаргасан мэдээг авч судалгааны ажилд ашигласан болно. Мөн Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу зах зээлийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг 45-60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэдэг ба судалгааг үр дүнтэй хийж гүйцэтгэхийн тулд эдийн засгийн болон цаг хугацааны хувьд боломжит байдалд хийж гүйцэтгэхийн тулд импортлогч хуулийн этгээдээс ямар зорилгоор оруулж ирсэн, хэдэн ширхэгийг оруулж ирсэн зэрэг мэдээлэл дээр ажиллах боломжгүй тул бараа бүтээгдэхүүний хүрээнд заасан хуулийн дагуу үйл ажиллагаагаа ил тод явуулдаг дистрибьютерийн компанийг сонгон авч тооцооллыг хийж гүйцэтгэсэн болно.

3.8. Мөн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзсэнийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай байна.

3.9. Иймд анхан шатны шүүх нь Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг буруу тайлбарлаж, судалгаанд хамрагдах ёсгүй хуучин автомашин импортоор оруулж ирж худалдаалсан хувь иргэнийг судалгаанд хамруулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 01 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр гаргасан тайлбартаа:

4.1. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам” (Журам)-ын 3.1.1-д “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл” гэж заасны дагуу Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт МNS ISO 3833:2010 стандартыг үндэслэл чиглэл болгон авч бусад холбогдох мэдээллээр Америкийн Нэгдсэн Улсын хэрэглээний үнийн индекс буюу СРI-д шинэ тээврийн хэрэгсэл дотор шинэ автомашин гэх ангилал зэрэгт үндэслэн бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсон гэх нь зөвтгөгдөх үндэслэлгүй юм. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нууцын зэрэглэлтэй шүүхэд гаргаж өгсөн 9 хуудас судалгаанд энэ тухай огт дурдаагүй байдаг бөгөөд хавтаст хэрэгт ч мөн үүнтэй холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй болно. Харин ч 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарт бараа бүтээгдэхүүний хүрээг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан Авто тээврийн хэрэгсэл, Төрөл, нэр томьёо, тодорхойлолт МNS ISO 3833:2010 стандартын дагуу тодорхойлсон гэсэн байдаг. Түүнчлэн хариуцагчийн үндэслэл болгосон МNS ISO 3833:2010 стандартад автомашиныг суудлын, ачааны, автобус, тусгай зориулалтын автомашин гэж, суудлын автомашиныг ердийн бүхээгтэй, эвхэгддэг бүхээгтэй, уртасгасан бүхээгтэй, зорчигчийн олон зориулалттай гэж тус тус ангилсан байхад энэхүү стандартад заагаагүй буюу шинэ, хуучин гэх ангилал үүсгэн хүрээг тодорхойлсон нь үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Журам, олон улсын болон дотоодын стандартын дагуу суудлын автомашины импортын зах зээлд “Т” ХХК нь гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа үгүйг тогтоох ёстой байсан боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өөрийн дур зоргоор шинээр бий болгосон шинэ суудлын автомашины импортын гэх нарийвчилсан зах зээлд “Т” ХХК-ийг давамгай байдалтай гэж тогтоосон нь хууль бус юм. Мөн Журмын 2.2-т заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтооход бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээл газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл болон зах зээлийн хүч гэх 4 хүчин зүйлийг харгалзан үзэх үүрэгтэй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлийн хүчийг тодорхойлох шаардлагагүй гэж маргаж буй нь энэхүү журмыг уландаа гишгэсэн шинжтэй байна.

4.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын судалгаандаа ашигласан тоо баримт нь алдаатай бөгөөд зөрүүтэй болно. Жишээлбэл, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01-2/1451 дугаартай Гаалийн ерөнхий газраас авсан тоо баримтад бусад аж ахуй нэгж байгууллага 2019 онд 2958 ширхэг, үүнээс “Т” ХХК 1809, 2020 онд бусад аж ахуй нэгж байгууллага 2496 ширхэг, “Т” ХХК 1266 ширхгийг оруулж ирсэн гэв. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нууцын зэрэглэлтэй шүүхэд гаргаж өгсөн 9 хуудас судалгааны Хүснэгт 2-т бусад аж ахуй нэгж байгууллага 2019 онд 3193 ширхэг, үүнээс “Т” ХХК 1891, 2020 онд бусад аж ахуй нэгж байгууллага 2940 ширхэг, “Т” ХХК 1342 ширхгийг оруулж ирсэн гэж Гаалийн ерөнхий газраас авсан тоон мэдээлэлтэй зөрж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн энэ тухай дурдсан бөгөөд 2019, 2020 оны гаалийн тоо мэдээ нь компаниас ирүүлсэн 2019, 2020 онд импортлон оруулж ирж, борлуулсан гэх автомашины тоон мэдээллээс зөрүүтэй байхад үүнийг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй, зах зээлийн ерөнхий тойм судалгаа, зах зээлийн төвлөрөл зэргийг нь зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу “аж ахуй эрхлэгч” гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг хэлнэ гэж заасан байхад зөвхөн дистрибьютор гэх тодотголтой 15 компанийн импортолсон автомашинуудын хүрээнд судалгааг хийх нь учир дутагдалтай бөгөөд холбогдох судалгааг 45-60 хоногийн хугацаанд хийдэг тул зөвхөн дистрибьютор гэх тодотголтой компанийг сонгон авч судалгааг хийсэн гэх тайлбар нь зөвтгөгдөх үндэслэлгүй.

4.4. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралд гаргасан “Хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх дүгнэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай гэж гомдолдоо дурдсан байна. Давж заалдах шатны шүүхээс буцаасан хэрэгт иргэдийн төлөөлөгчдийг оролцуулдаг бөгөөд иргэдийн төлөөлөгч оролцуулж байгаагийн гол зорилго нь шүүхэд итгэх итгэлийг хамгаалах, түүнийг өсгөх юм. Харин иргэдийн төлөөлөгчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэл болгон шууд шийдвэр гаргах биш болно.

4.5. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг үндэслэлтэй дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчээс “Т” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...Маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон судалгаа үндэслэл муутай, нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай” гэж дүгнэн хариуцагчид нотлох үүргийг хүлээлгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

5. Гэхдээ тэрхүү “өөр бусад үндэслэл” гэдэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад “бодит үндэслэл” байхаас бус, тухайн актын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм.

6. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянах боломжтой байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

7. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:”, 2.2.1-д “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;”, 2.2.2-т “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;”, 2.2.3-т “зах зээлийн төвлөрлийг тооцох;”, 2.2.4-т “зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж заажээ.

8. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас 0-3 жилийн насжилттай автомашиныг 2019 онд 1809 ширхэг, 2020 онд 1266 ширхэг импортолсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад 2019 онд импортоор оруулж ирсэн суудлын автомашины тоо 1891, 2020 онд 1342 гэсэн судалгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн, энэхүү нөхцөл байдлаас дүгнэн үзвэл шинэ автомашины тоог Гаалийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01-1/3336 дугаар албан бичгээр ирүүлсэн судалгааанаас харьцуулан дүгнэх нь зүйтэй байна.

9. Өөрөөр хэлбэл, дээрх судалгаанаас Монгол Улсад 2019 онд нийт 138 иргэн, аж ахуйн нэгж 2471 шинэ суудлын автомашин импортоор оруулж ирснээс “Т” ХХК нь 1370, 2020 онд нийт 82 иргэн, аж ахуйн нэгж 1638 шинэ суудлын автомашин оруулж ирснээс “Т” ХХК нь 790 шинэ суудлын автомашин оруулж ирсэн бөгөөд 2019, 2020 оны борлуулалтын нийт дүнгийн 61.2 хувийг “Т” ХХК дангаараа эзэлж байна.

10. Дээрх үйл баримтыг Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт болон “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2 дахь заалттай уялдуулан авч үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК нь нийт худалдан авалтын гуравны нэгээс дээш борлуулалт хийсэн нь тогтоогдож байх тул түүнийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

11. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг баримтлаагүй” гэж тайлбарлаж байх боловч энэ дараах байдлаар үгүйсгэгдэнэ.

12. “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:”, 2.1.1-д “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох” гэж мөн журмын 3.1-д “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:”, 3.1.1-д “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл;”, 3.1.4-д “бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл” гэж тус тус заасны дагуу мөн холбогдох бусад үндэслэлээр Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандартын ангилалд үндэслэн суудлын авто машин, ачааны авто машин, тусгай зориулалтын авто машин гэж ангилах бөгөөд эдгээр автомашинуудын шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалт нь харилцан орлох боломжгүйг харгалзан үзэж нэг хүрээ буюу бие даасан нэг зах зээл гэж үзэж шинэ суудлын автомашины тухайд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсон нь үндэслэлтэй.

13. Өөрөөр хэлбэл, MNS ISO 3833:2010 стандартын ангилалд Автотээврийн хэрэгслийг суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилсан хэдий ч импортоор үйлдвэрлэгчээс шууд орж ирсэн болон хэрэглэгдэж байсан суудлын автомашин нь харилцан үл орлох шинж чанартай гэж үзэн зах зээлийн хүрээг ялган тодорхойлж, энэхүү агуулгаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь журмын зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэхээргүй байна.

14. Түүнчлэн тус журмын 2.2.2-т заасан “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох” үе шатын хүрээнд журмын 4.1-д “Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтооход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:”, 4.1.1-д “өрсөлдөгч, хэрэглэгч, худалдан авагчийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэр;” гэж заасны дагуу суудлын авто машины импортын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн байршил, борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэрийг тодорхойлж үзэхэд “Т” ХХК нь “Toyota” брэндийн шинэ автомашин болон сэлбэгийг өөрийн албан ёсны диллер болох “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК-аар борлуулдаг тул тус зах зээлийн хил хязгаарыг тухайн бүтээгдэхүүний борлуулалтыг харгалзан Монгол Улсын нэг зах зээл гэж үзэх нь дээрх журамд нийцсэн.

15. Журмын 2.2.3-т заасан “зах зээлийн төвлөрлийг тооцох;” үе шатанд журмын 5.1-д “Зах зээлийн төвлөрлийг тооцохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:”, 5.1.1-д “аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь”, “Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно:”, 1. Биет хэмжээ, 2. Мөнгөн дүн, 3. Шаардлагатай бол үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хүчин чадал, гэж мөн “Аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг дараахь гурван аргын аль нэгээр тодорхойлно:” гэж 1-т “Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээгээр” гэж тус тус заасныг үндэслэн зах зээлийн төвлөрлийг тооцсоноор бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалт, худалдан авалт цөөн хэдэн аж ахуй эрхлэгчдэд төвлөрсөн эсэхийг тогтоох бөгөөд “Т” ХХК нь импортоор оруулж ирсэн суудлын автомашины нийт борлуулалтын 61.2 хувийг эзэлж байгаа нь төвлөрлийн түвшин өндөр буюу энэхүү зах зээлд өрсөлдөөн хязгаарлагдмал болохыг илэрхийлж байна.

16. Өөрөөр хэлбэл, 2102000392 дугаар зөрчлийн хэрэгт холбогдогчоос авсан мэдүүлэгт “тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9 (а)-д “Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол хавсралт 7-д заасан одоогийн ижил төстэй үйл ажиллагааны мэдүүлгийн жагсаалтаас бусад тохиолдолд диллер нь нутаг дэвсгэрт компаниас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараах бизнес эсвэл шууд болон шууд бус ашиг сонирхлыг бүрдүүлдэг аливаа үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох эсвэл тэдгээрт харилцан хамааралтай этгээдийг оролцуулж болохгүй: 1/ аливаа моторт тээврийн хэрэгсэл ба эсвэл тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл ба эсвэл дагалдах хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтээр худалдан авах үйл ажиллагаа болон 2/ аливаа моторт тээврийн хэрэгсэл ба эсвэл тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл ба эсвэл дагалдах хэрэгслийн жижиглэнгийн худалдаа эсвэл бусад хэлбэрээр борлуулах үйл ажиллагаа” гэж заасан байна. Энэ нөхцөлөөр “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК-иудтай гэрээ байгуулсан уу? гэхэд “Тийм энэ заалтыг гэрээндээ тусгасан” гэж хариулсан нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд уг гэрээний нөхцөлийн улмаас “Т” ХХК-ийн диллер аж ахуй эрхлэгч болон түүний харилцан хамааралтай этгээд нь дээр дурдсан үйл ажиллагааг шууд явуулах боломжгүй байх тул “Т” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр байна.

17. Түүнчлэн тус шүүхэд ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01-2/1451 дүгээр албан бичигт үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жил болсон суудлын автомашины импортын мэдээнд 2019 онд ”Т” ХХК нь 1809, 2020 онд 1266 ширхэг суудлын автомашин импортоор оруулсан бол, бусад аж ахуйн нэгжүүд 2019 онд 2958, 2020 онд 2496 ширхэг суудлын автомашин импортоор оруулсан нь харагдаж байна.

18. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас холбогдох судалгааг бүрэн хийж “Т” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь хууль болон холбогдох журмын зохицуулалтад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, “3” гэснийг “2”, “4” гэснийг “3” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

    

ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ